Үндсэн хуулийг товчхоноор нийгмийн гэрээ хэмээн тодорхойлох нь бий. Тэгвэл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байна гэдэг нь нийгмийн гэрээгээ шинэчилж буй хэрэг болно. Монгол Улсын язгуур эрх ашиг ямар байх, төрийн эрх байгууллага аль нь болох, хүний эрх, эрх чөлөөг ямар хүрээнд хамааруулан ойлгох, байгалийн баялагтайгаа хэрхэн харилцах зэргийг зохицуулж тунхагласан энэ ерөнхий хуулийг 1992 оны Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг голлон боловсруулсан Б.Чимид агсан “Алганд багтах эх орон” хэмээсэн байдаг.
Тэгвэл Г.Занданшатар даргатай парламент 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний хуралдаанаар баталсан Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хоёр жилийн ой өдгөө тохиож байна. Уг өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны морин цагт буюу 11.40 цагаас хойш улс даяар даган мөрдөж эхэлсэн билээ.
Шинэ Үндсэн хууль батлагдсан 1992 оны нэгдүгээр сарын 13-наас хойш цаг үеийн өөрчлөлт, нийгмийн шаардлагыг даган нэмэлт, өөрчлөлт оруулах оролдлого цөөнгүй гарсан боловч хоёр нь л амжилт олсон байдаг. Тодруулбал, 2000 онд долоон зүйлд өөрчлөлт оруулсан нь “дордуулсан долоо” гэсэн хоч зүүж байлаа. Түүнээс хойш Үндсэн хуульд нэмэлт оруулах төслийг боловсруулах ажлын багийг 2008-2019 онд долоон удаа байгуулж, 2011, 2012, 2015 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барьж байсан ч хэлэлцээгүй юм.
Харин хамгийн сүүлд буюу 2019 оны зургаадугаар сарын 6-нд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын өргөн мэдүүлсэн. Уг төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн болон Байнгын хороодын хуралдаанаар нийтдээ 36 удаа 105.9 цаг хэлэлцэж, 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд эцэслэн баталсан билээ. Ингэхдээ Үндсэн хуулийн 28.5 хувь буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн байдаг. Эдгээр өөрчлөлт “Засаглалын хяналт, тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлж, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэж, 2000 оны долоон өөрчлөлтийн зургааг нь засаж сайжруулсан” гэдэг дүгнэлттэйгээр үлдсэн юм.
Тухайн үед Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ажлын хүрээнд УИХ-ын гишүүд төслийн танилцуулах хэлэлцүүлгийг 21 аймаг есөн дүүрэгт зохион байгуулж, 306 мянган иргэний санал хүлээн авчээ. Төрийн ордонд олон өдөр үргэлжилсэн хэлэлцүүлгээр төрийн болон төрийн бус байгууллага, улс төрийн нам, эрдэмтэн судлаачдаас 600 гаруй санал гарч байв. Улмаар УИХ-ын гишүүдийн өргөн барьсан төсөл болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг нэгтгэх Зөвшилцлийн ажлын багийг тэр үеийн Ерөнхийлөгч Х.Баттулгаар ахлуулан байгуулж байлаа. Уг ажлын баг таван удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, долоон удаа хуралдсан тоон үзүүлэлт бий. Үндсэн хуулийн өөрчлөлтийг даган цөөнгүй реформын шинжтэй өөрчлөлт бий болсон.
Тухайлбал, Үндсэн хуулийн 6.2-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн” гэснийг дэлгэрүүлж “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн. Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрт эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ” хэмээн заасан юм. Ингэснээр Үндэсний баялгийн санд баялгаас төрд ногдох хувийг хуримтлуулан өнөөгийн болон ирээдүйн иргэдэд тэгш хуваарилах зарчмыг зааж өгсөн хэрэг болов. Байгалийн баялгийг нэгдмэл бодлогогүйгээр ашиглаж ирсэн дутагдлыг арилгаж, цаашид төрөөс тодорхойлсон урт хугацааны хөгжлийн бодлогыг баримтлана гэсэн үг.
Үүнээс гадна Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын сахилга, хариуцлагыг дээшлүүлэхийг зорьж, 10 заалтад өөрчлөлт оруулсан байдаг. УИХ-ын ээлжит чуулганы хугацааг 50 хоног байсныг 75 болгон нэмэв. Мөн УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг шүүхээр тогтоосон тохиолдолд эгүүлэн татдаг байсан бол өөрчилж УИХ-ын гишүүн өргөсан тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн тохиолдолд эгүүлэн татах заалтыг нэмсэн юм. Дээр нь жил бүрийн улсын төсвийг батлах үед УИХ-ын гишүүд тойрогтоо бүтээн байгуулалтын болон бусад ажил өрнүүлэх зорилгоор Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын төсвийг өөрчлөн их хэмжээний зарлага нэмдэг байлаа. Тэгвэл Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засгийн газраас өргөн мэдүүлсэн улсын төсвийн зарлага болон алдагдлыг нэмэхгүй байх зохицуулалтыг тусгасан билээ. Энэ мэтчилэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд ээлжит сонгуулиас өмнөх нэг жилийн хугацаанд өөрчлөлт оруулахгүй байхыг тодорхой зааж өгсөн, улс төрийн нам байгуулах босгыг өндөрсгөсөн, Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүн байж болох хатуу хязгаар тогтоосон (давхар дээлийг хязгаарласан), Ерөнхий сайд өөрийн дураар танхимаа бүрдүүлэх боломжтой болгосон, Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа зургаан жилийн хугацаатай томилдог болсон гэх мэтээр тоочоод байвал олон зүйл бий.
Үүнээс гадна “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Уг тогтоолын дагуу 40 гаруй хуулийг Үндсэн хуульд нийцүүлэх шаардлагатай болов. Энэ ажил одоо ч үргэлжилж байна. Тухайлбал, Шүүхийн хараат бус байдлыг хангаж, шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн сахилгын хорооны тухай хуулийн төсөл, Шүүхийн захиргааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг УИХ батлаад байна. Энэ нь шүүх байгууллагад аливаа эрх мэдэлтэн, бүлэглэлийн нөлөөнөөс ангижрах, шүүх бие даан ажиллах дорвитой шинэчлэл болсон юм.
Мөн Нутгийн удирдлагыг бэхжүүлэхтэй холбоотой нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ батлаад байгаа. Эдгээр хуулийн хүрээнд орон нутаг, нийслэлийн асуудлыг бүгдийг УИХ дээр татаж авчирч шийддэг байдлыг болиулсан гэдгээрээ онцлог.
Ганцхан жишээ хэлэхэд Улаанбаатар хот жил бүр өөрийн бүрдүүлдэг 420 тэрбум төгрөгийн төсвийнхөө хүрээнд авто замын түгжрэлтэй тэмцэх ажлыг эхлүүлээд байна. Энэ бол Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт хийгээд түүнийг дагаж гарсан хуулиудын хүрээнд бий болсон эрх юм. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсныг баталсны хоёр жилийн ойн дээр товчхон сануулахад ийм байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )