Тэртээ 1929 онд их зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх нар үүсгэн байгуулсан Монголын зохиолчдын эвлэл энэ сарын 12 буюу өнгөрсөн баасан гарагт ээлжит XVII их хурлаа зохион байгууллаа.
Хурал Хүүхдийн урлан бүтээх төвийн хурлын танхимд болсон бөгөөд энэ удаагийн хуралд 260 гаруй төлөөлөгч мандатын эрхтэйгээр оролцжээ. Хэдийгээр цар тахалтай байгаа ч УОК-оос гаргасан зөвлөмжийн дагуу зохион байгуулж байгаа гэдгийг ажлын албаныхан онцолж байсан. Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас тэр бүр уулзалдаж, инээж наргиж, уран бүтээлээ ярилцаж суугаагүй зохиолчдын нар нь гарсан өдөр байлаа.
Зохиолчдын эвлэлийнхээ Их хуралд өдгөө 96 насыг зооглож буй ахмад зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цогт-Очир, Ардын уран зохиолч П.Бадарч, Ш.Дулмаа, Б.Догмид, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, Дарь.Сүхбаатар, Ай.Төмөр-Очир нар ирсэн байсан юм. Ардын уран зохиолч П.Бадарч “Тэнхээ тааруу байгаа болохоор уг нь ирэхгүй гэж бодож байлаа. Даанч биеэ сэтгэл маань дийлж тэмүүлээд хүрээд ирлээ” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан.
Үнэхээр ч дөрвөн жилд нэг болдог болохоор ахмад зохиолчдын хувьд бие биентэйгээ уулзах, сэтгэлээ сэргээх нэгэн чухал өдөр байдаг ажээ. Хуралдааны эхэнд өнгөрсөн дөрвөн жил МЗЭ-ийг удирдсан Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Долгорын Цэнджав хийж хэрэгжүүлсэн ажлынхаа тайланг тавьсан юм. Түүний араас Хяналтын зөвлөлийн дарга яруу найрагч Б.Урангоо мөн гишүүддээ тайлан тавьж, хуралдаанд оролцогчид санал шүүмжлэл хэлсэн. Энэ дотроос ахмад зохиолчид “Өнөөгийн нийгэмд уран зохиолыг орхигдуулсан.
Төр засаг нь тэр бүр тоож үзэхээ больсон. Үүний илрэл нь зуу шахам жилийн түүхтэй, монголын үе үеийн шилдэг зохиолчид төрөн гарсан МЗЭ-ийн Их хурал болж байхад Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Соёлын сайдын жижигхэн ч гэсэн мэндчилгээ байхгүй байгаа явдал” хэмээн хэлж байлаа.
Монголын зохиолчдын эвлэл нь яруу найраг, хүүрнэл зохиол, шүүмж судлал, кино жүжиг, шог хошин баримтат зохиол, хүүхдийн зохиол, орчуулга гэсэн долоон үндэсний төвтэй. Эдгээр долоон төвийн гишүүдээс Удирдах зөвлөлд сонгогддог юм. Тиймээс хуралдааны дараагийн үйл ажиллагаа дээрх төвүүдийн гишүүдийг сонгох байлаа. яруу найргийн үндэсний төвд хамгийн олон гишүүн багтдаг бол хүүхдийн зохиол, орчуулгын үндэсний төвд хамгийн цөөхөн зохиолч ордог ажээ. Ингээд үндэсний төвүүдээрээ хуваагдан тусдаа хуралдан Үндэсний төвийн гишүүдээ сонгосон. Улмаар Үндэсний төвийн есөн гишүүнд хамгийн олон саналаар сонгогдсон хүмүүс шууд Удирдах зөвлөлийн гишүүн болдог дотоод дүрэмтэй аж.
МЗЭ-ийн XVII их хурлаар Удирдах зөвлөлийн даргад хоёр хүн нэр дэвших нь хурлын өмнө нэгэнт тодорхой болсон байсан. Эдгээр нь шүүмж судлаач, доктор П.Батхуяг, “Болор цом”-ын эзэн яруу найрагч, Үндэсний төв номын сангийн захирал Б.Ичинхорлоо нар юм. Харин нэр дэвшигчдийг санал болгож эхлэхэд тэдэн дээр Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, зохиолч Б.Сарантуяа, яруу найрагч Л.Хасар, А.Лхагва нар нэмэгдсэн ч зарим нь нэрээ татаж, эцсийн мөчид Б.Ичинхорлоо, Б.Сарантуяа, П.Батхуяг, Л.Хасар нарын хооронд санал хураалт явахаар болсон.
МЗЭ-ийн дүрмэнд “Удирдах зөвлөлийн даргын сонгуулийг Их хурлын гишүүдийн дунд нууц санал хураалтаар явуулна” гэж заасны дагуу санал хураалтыг явуулсан. Тооллогын комиссын дарга, зохиолч Б.Цоожчулуунцэцэг мандатын эрхтэй гишүүдийн нэрийг дуудаж, гишүүд саналын хуудас дээр бичигдсэн дөрвөн нэр дэвшигчийн урд талын тоог дугуйлан хуйлаад саналын хайрцагт хийсэн юм. Санал хураалтад энэ удаад нийт 233 хүн саналаа өгчээ.
Ингээд Их хурлаас сонгогдсон Тооллоыг комиссын гишүүд, шинээр сонгогдсон Хяналтын зөвлөлийн гишүүдийн хамтарсан тооллогын санал гарахад “Болор цом”-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо нийт гишүүдийн 58.8 хувийн санал авч МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн даргаар сонгогдлоо.
Харин судлаач П.Батхуяг 57, зохиолч Б.Сарантуяа 34, яруу найрагч Л.Хасар гурван хүний санал авсан бол хүчингүй саналын хуудас хоёр гарсан юм. Хуралдааны төгсгөлд шинээр сонгогдсон Удирдах зөвлөлийн дарга Б.Ичинхорлоо “Надад итгэл хүлээлгэсэн та бүгддээ маш их баярлалаа. Мөн надтай хамт өрсөлдсөн хүмүүстээ ч талархаж байна. та бүхнийхээ итгэлийг алдалгүй, цуг өрсөлдсөн хүмүүсийнхээ чухал санал санаачилгыг ч гэсэн тусгаж, зохиолчдынхоо төлөө хичээн ажиллах болно” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан.
Их хурал болох зар гарснаас хойш МЗЭ-ийн гурван давхар ногоон байр хөл хөсөөн болж, гишүүд татвараа төлөн мандатаа авч хэсэгтээ л бужигнадаг нь энэ жил ч давтагдсан. Зохиолч, яруу найрагчид гэдэг үгийн урлагаар шид бүтээн олон хүний зүрх сэтгэлд үүрд үлдэх бүтээл туурвилыг бий болгодог ч цагаа тулахаар бүрэг ичимхий, хүүхдэрхүү зантай байх нь элбэг. Биесэ харан хөөрцөглөж, тамхи угзарч, зуу татацгаан, шинэ уран бүтээлээ сонирхуулцгаана.
Хэн, хэнийхээ занг ч андахгүй. Ямар сайндаа л МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Мягмарсүрэн тайзны өмнө халамцуухан очиж, өөрийн сэтгэгдлээ чанга дуугаар хэлсний дараа Төрийн шагналт зохиолч Д.Төрбат “За, одоо л нэг хурал шиг хурал боллоо” гэж байхав дээ. Товлосон хугацаанаасаа даруй хоёр цагаар сунаж дууссан МЗЭ-ийн Их хурлын гишүүд хэдий орой болсон ч хэн, хэнээсээ холдохыг, явахыг яаралгүй, эргэн хурган байх нь элэг сэтгэлээ “дэвтээж”, дэлгэж дуусаагүйг нь харуулна. Ийнхүү М.Ядамсүрэн, С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, С.Удвал, Л.Түдэв нарын “аваргууд”-аар удирдуулсаар өнөөдөртөө золгосон МЗЭ хэмээх их айл ирэх дөрвөн жилийнхээ өрхийг татаж, үүд, цуургыг нь додомдон, өндөр хоймрийг нь өргөн тэтгэх удирдлагуудаа сонголоо.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )