ОХУ-аас нууцаар бараа оруулагчдын мэдээлэлд 30 мянган юань амлав

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 15

Хятадын ОХУ-тай хил залгаа мужуудад ковидийн халдварын тоос нэмэгдэж байна. Хэйлунцзян мужийн Хэйхэ хотын захиргаанаас өнгөрсөн Бямба гарагт хүнсний агуулах, складад хадгалагдаж байгаа орос бараанд шинжилгээ хийхэд ОХУ-аас оруулж ирсэн шоколад вафли KONTI (8-р сарын 4-нд үйлдвэрлэсэн тэмдэгтэй), печенье KONTI (мөн 8-р сарын 4), чихэр KONTI (8-р сарын 17), хуурай сүү (2020 оны 10-р сарын 8) бараануудын боодол, хайрцагнаас халдвар илэрсэн талаар бид мэдээлсэн.

Тиймээс Засгийн газраас ОХУ-аас импортоор оруулж ирсэн ачаа барааг лацдаж, нарийн шинжилгээнд оруулахаар ажиллаж байгаа юм. Гэвч нууцаар хил давуулан бараа нэвтрүүлэх, наймаачид хил зөрчих асуудал гарсаар байна.

Тиймээс Дуннин хотын захиргаанаас ОХУ-аас хууль бусаар буюу контрбанд бараа нэвтрүүлсэн, хил байнга зөрчдөг, хил орчмын ойд ан хийж, самар, мөөг, жимс түүсэн хүмүүсийн талаарх мэдээллийг худалдан авч эхэлжээ. Контрбандын үнэн бодитой мэдээлэлд 2000-30 мянган юанийн шагнал, анчид, жимс түүгчдийн мэдээлэлд 500-5000 юанийн шагнал амлаад байна.

Хотын захиргааны мэдэгдэлд “Цар тахлын байдал хүнд байна. Гадаадаас коронавирус орж ирж байна. Мэдээлэл өгсөн хүмүүст өндөр шагнал гаргах болсноо мэдэгдье. Мэдээллийн нууцыг чандлан хамгаалж, бүх мэдээллийг шалгана” гэж дурджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top