Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Катрин Ивкофтой ярилцлаа.
-Та Канадаас Монголд суух Элчин сайдаар томилогдоод хоёр жил болох гэж байна. Цар тахлын улмаас манай улс өнгөрсөн хоёр жил хэд хэдэн удаа хөл хорио тогтоож харьцангуй нам жим байлаа. Таны хувьд өнгөрсөн хоёр жил хэрхэн өнгөрсөн бэ?
-Канад Улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдож, энд ажиллаж, амьдрах боломж олдсон нь миний хувьд нэр төрийн хэрэг, томоохон завшаан юм. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс хэд хэдэн удаа хөл хорио тогтоосон ч дэлхийн бусад улс орнууд ч мөн адил арга хэмжээ авч байсан шүү дээ. Гэхдээ цар тахлын улмаас тулгарч буй сорилтуудыг үл харгалзан сүүлийн хоёр жил гайхалтай байлаа.
Элчин сайдын яамны манай шилдэг хамт олон Канад болон Монголын харилцааны бүхий л чухал зорилтуудыг биелүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, хөгжлийн туслалцааны төслүүдээ үргэлжлүүлэх, худалдааны харилцаагаа өргөжүүлэх арга замыг эрэлхийлэхийн тулд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах, нийтлэг ашиг сонирхолд нийцсэн олон улсын асуудлаар харилцан дэмжлэгээ бэхжүүлэх зэргийг дурдаж болох юм. Миний бие Монголын төрийн өндөр албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн төлөөлөлтэй хамтын ажиллагаагаа ахиулах үүднээс үр дүнтэй олон уулзалт хийсэн. Түүнчлэн Хөвсгөл нуур, Эрдэнэт хот болон ойр орчмын бүс нутаг, Баян-Өлгий, Ховд, Өмнөговь аймгаар аялж, Оюу толгойн төсөлтэй танилцсан. Эдгээр аялал мартагдашгүй сайхан бөгөөд цаашид Монгол орны илүү олон газраар аялахыг тэсэн ядан хүлээж байна.
Цар тахлыг даван туулахын тулд улс орнууд үргэлжлүүлэн хамтран ажиллах ёстой. "НҮБ-ын Хүүхдийн сан дэлхийн бага болон дунд орлоготой улс орнуудад эрүүл мэндийн тоног төхөөрөмж, эм ханган нийлүүлэх зорилгоор ACT-A SFF (ACT-A Supplies Financing Facility) хэмээх санг байгуулсан. Харин Канад Улс нь уг санг дэмжсэн анхны орнуудын нэгээс гадна томоохон хандивлагч нь юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн долоодугаар сард Монгол Улс КОВИД-19-ийн эмчилгээний хэрэгсэл, эм, тариа, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат зэргийг хүлээн авсан анхны орнуудын нэг болсонд баяртай байна. Хэдийгээр сүүлийн хоёр жилийн хугацаанд хүндрэл бэрхшээл тулгарч байсан ч олон зүйл амжуулсан жил боллоо. Энэ бүх ололт, амжилтаа үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна.
-Элчин сайдаар томилогдохоосоо өмнө манай улсад ирж байсан уу?
-Элчин сайдаар томилогдохоосоо өмнө Монголд айлчлахыг хүссэн ч амжаагүй. Гэхдээ Монголын талаар маш их зүйл уншиж, энд ажиллаж, амьдарч байсан найз нөхөдтэйгээ ярилцаж байсан. Хэдийгээр би өмнө нь энд ирж байгаагүй ч Монголын ойролцоох бүс нутгаар олон удаа аялж байсан. Харин одоо энэ гайхалтай улстай танилцах, хамгийн гол нь маш олон сайхан хүмүүстэй уулзах завшаан тохиосонд туйлын баяртай байна.
-Та өмнө нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад ажиллаж байсан туршлагатай. ЗХУ-ын бүрэлдэхүүн байсан орнууд болоод манай орны ялгаа болоод адил төстэй зүйлсийг та хэрхэн харж байна вэ?
-Сонирхолтой асуулт байна. Энэ сэдвээр хэд хэдэн ном ч бичиж болох байх. Таны хэлсэнчлэн би ОХУ дахь Канадын Элчин сайдын яаманд дөрвөн жил, Казахстан дахь Канадын Элчин сайдын яаманд гурван жил ажилласан. Харин Афганистан дахь Канадын Элчин сайдын яаманд богино хугацаанд томилогдон ажиллаж байлаа. Түүнчлэн хуучнаар ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улс болгонд очиж, Орос болон Төв Азийн орнуудын олон хотоор аялсан. Харин одоо Монголтой танилцаж байна. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд болон Монголд хоорондоо ижил төстэй зүйл олон бий.
Тухайлбал, ЗХУ-ын үеийн архитектур, соёл, түүхийн дурсгалт газрууд, тэр тусмаа зарим барилга дээрх мозайк /шигтгэмэл зураг/, барималууд ихээхэн төстэй байдаг. Түүнчлэн оросоор ярьдаг олон хүн байдаг. Ялангуяа ахмад үеийнхэн ЗХУ-ын талаар сайн мэддэгээс гадна, орос хэлээр сайн ярьдаг. Энэ нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бусад орны нэгэн адил олон монгол хүн ЗХУ болон зүүн Европын их дээд сургуульд суралцаж байсантай холбоотой болов уу. Түүнчлэн хот төлөвлөлт, нийтийн тээврийн систем адил төстэй нь ажиглагддаг. Нийтийн тээврийн талаар ярихад Зөвлөлтийн харьяанаас гарсан олон оронд болон Монголд ч галт тэргээр холын зайд зорчиж, шөнийн галт тэргээр явах нь зуршил болсон байдаг. Мөн Монгол Улс бол Транссибирийн төмөр замын маршрутын нэг хэсэг. Нөгөө талаас ЗХУ-ын харьяанаас гарсан орнууд болон Монголын хооронд мөн л олон ялгаа бий.
Монгол малчдын дунд уламжлалт нүүдэлчин ахуй, соёл хадгалагдан үлдсэн бол өмнө нь нүүдэлчин соёл иргэншилтэй Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан зарим орнууд суурьшмал улс болсон. Өөр нэг маш чухал ялгаа нь 30 жилийн өмнө Монгол Улс ардчилсан тогтолцоог нэвтрүүлж, парламентын засаглалтай улс болсон. ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан олон орон харин өөр өөр засаглалын хэлбэрийг сонгосон.
-Элчин сайдаар томилогдсоноосоо хойш хэрэгжүүлсэн болон эхлүүлсэн томоохон төсөл үйл ажиллагааныхаа тухай товчхон дурдвал?
-Манай Элчин сайдын яамны хамт олон сүүлийн хоёр жилийн хугацаанд Канад, Монгол хоёр улсын харилцааг бэхжүүлэх олон чухал төсөл, арга хэмжээг хэрэгжүүлсэн. Канад сангийн орон нутгийн санаачилга хөтөлбөр нь (CFLI) нь бидний жил бүр хэрэгжүүлдэг томоохон ажлын нэг юм. Энэхүү хөтөлбөр нь 1997 оноос буюу манай Элчин сайдын яам Улаанбаатарт нээгдэхээс ч өмнө Монголд хэрэгжиж эхэлсэн. Бид жил бүр уг хөтөлбөрөөр дамжуулан орон нутгийн болон Монголын төрийн бус байгууллагуудад өөрсдийн боловсруулсан төслүүдээ хэрэгжүүлэхэд нь санхүүжилт олгодог. Бидэнд ирсэн олон зуун төслөөс жил бүр 10-12-ыг сонгодог. Нэг төсөлд дунджаар 12-15 мянган ам.долларын санхүүжилт олгодог.Сүүлийн хоёр жилийн хугацаанд олон хүнд үр өгөөжөө өгөхүйц сонирхолтой төслүүдийг санхүүжүүлсэн.
Цар тахал зарим төслийн үйл ажиллагаанд нөлөөлж, томоохон сорилт болж байсан гэдгийг дурдах нь зүйтэй болов уу. Гэсэн хэдий ч үүнийг үл харгалзан өнгөрсөн онд бүх төсөл маш амжилттай хэрэгжсэн. Тухайлбал, MGL радио 88.3-аас хэрэгжүүлсэн “Би эмэгтэй хүн” радио ток шоуны нэг төслийг онцолж болох юм. Энэхүү төслөөр Улаанбаатар хот болон нийт 21 аймагт сонгогдсон сэдвээр 13 нөлөөллийн ток шоу бэлтгэн нэвтрүүлсэн. Радио ток шоунууд нь эмэгтэйчүүдэд мэдээллийн эх сурвалжид хандах, өмгөөллийн туслалцаа үзүүлэх, сэтгэл санааны урам зориг өгөх, олон нийтийн сүлжээг ашиглахад нь туслах зэрэг олон нийтийн нөлөөллийн хүчин чармайлтыг нь нэмэгдүүлэхэд чиглэсэн. Шууд дамжуулалт болон давталтаараа уг шоу 220 мянга гаруй эмэгтэйд хүрсэн.
Миний онцолж хэлэх бас нэг төсөл бол “Нарны хүүхдүүд” ТББ болон Канадад төвтэй “Велүү сан”-тай хамтран хэрэгжүүлсэн төсөл юм. “КОВИД-19-ийн үед яаралтай тусламжийн хүнс, нүүрс хүргэх” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн амьжиргааны түвшин доогуур айлууд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, өндөр настан зэрэг 100 гаруй өрхөд хүнсний яаралтай тусламж, сайжруулсан түлш хүргэсэн. Энэхүү цаг алдалгүй шуурхай хариу арга хэмжээ авах хөтөлбөр нь эмэгтэйчүүд, хүүхэд, ахмад настнуудыг хоол тэжээлийн дутагдлын эрсдэлээс хамгаалж, жилийн хамгийн хүйтэн саруудад КОВИД-19-ийн дэгдэлтийн эсрэг бэлэн байдлыг дэмжсэн.
Түүнчлэн 2021 оны онцлох үйл явдлуудын нэг нь Канад-Монголын Засгийн газар хоорондын ес дэх удаагийн дугуй ширээний уулзалт байлаа. Монгол, Канадын Засгийн газар хооронд хоёр жилд нэг удаа болдог энэхүү уулзалт нь манай хоёр орны харилцааны төдийгүй дэлхийн болон бүс нутгийн асуудлаар харилцан санал солилцох сайхан боломж юм. Дугуй ширээний уулзалтын үргэлжлэл болгон хамтын ажиллагаагаа илүү ахисан түвшинд хүргэх зорилготой “Канад-Монголын иж бүрэн түншлэлийн замын зураглал”-ыг мөн байгуулаад байна.
Үүнээс гадна 2017 оны арваннэгдүгээр сард Ванкувер хотноо болсон НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны Батлан хамгаалахын сайд нарын бага хурлын үеэр насанд хүрээгүй хүүхдийг цэрэгт элсүүлэхээс урьдчилан сэргийлэх Ванкуверын зарчмуудыг Канад Улс танилцуулсан. Насанд хүрээгүй хүүхдийг цэрэгт элсүүлэхээс урьдчилан сэргийлэх нь НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагааг бүхэлд нь амжилттай хэрэгжүүлэх, энхтайван, аюулгүй байдлыг тогтвортой байлгах нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой.
Харин Монгол Улс энэ оны эхээр Ванкуверын зарчимд нэгдэн орсонд бид баяртай байна. Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулдаг орны нэг. Тиймээс Монгол Улс Ванкуверын зарчмыг дэмжиж байгаа нь маш чухал бөгөөд бусад улс орнуудад үлгэр дууриал болох юм. Түүнчлэн 2020 оны есдүгээр сард би Канадын санхүүжилтээр Монголд хэрэгжүүлж буй Хөгжлийн туслалцааны шинэ төсөл болох Эмэгтэйчүүдийн эдийн засгийг чадавхжуулах төслийн нээлтэд оролцсон. Энэ нь миний хувьд нэр төрийн хэрэг байсан гэдгийг онцолмоор байна.
Уг төслийг Азийн сан хэрэгжүүлж байгаа бөгөөд 2022 оныг дуустал үргэлжилж бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, Монголын иргэний нийгмийн байгууллагуудыг хөгжүүлэхэд нь туслах замаар Монгол Улсад эмэгтэйчүүдийн эрхэлж буй бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой. Одоогийн байдлаар төсөл амжилттай хэрэгжиж байгаа. Магадгүй та энэхүү төслийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн цар тахал эмэгтэйчүүдийн бизнест хэрхэн нөлөөлж буй талаарх судалгааны тухай сонссон байх. Монгол Улсын Засгийн газраас тахлын дараах эдийн засгийг сэргээх талаар санаачилга гаргаж байгаа тул уг судалгаа чухал ач холбогдолтой болов уу.
Канад эмэгтэйчүүдийн эдийн засгийг чадавхжуулах төслөөс гадна хөгжлийн өөр гурван ч төслийг санхүүжүүлж байна. Төсөл бүхэн амжилттай хэрэгжиж байгаа. Канадын Мэргэжлийн үйлчилгээний байгууллага (CESO) болон Канадын Дэлхийн их сургуулийн үйлчилгээ (WUSC) гэх хоёр төрийн бус байгууллага хамтран 2016 оноос хойш хэрэгжүүлж буй MERIT төсөл нь Монгол Улс байгалийн баялгаа илүү үр дүнтэй, тогтвортой удирдах чадавхыг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж, уул уурхайн салбарт жендэрийн тэгш байдлыг хангах, байгалийн баялгийн менежментэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.
Түүнчлэн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс 2018 оноос хойш хэрэгжүүлж буй “Иргэн төвтэй, мэргэшсэн төрийн алба” төслийн хүрээнд Монгол Улсын төрийн үйлчилгээний гол байгууллагуудтай хамтран ажиллаж, Засгийн газарт төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж байна. Олон улсын хөгжлийн хуулийн байгууллагаас (IDLO) 2019 оноос хойш хэрэгжүүлж буй “Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх нь” төсөл нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, ялангуяа охид, эмэгтэйчүүдийг эрхээ эдлэх, хамгаалахад нь туслах, чадавхжуулах зорилготой юм.
Канадаас Монгол Улсад үзүүлж буй хөгжлийн тусламжийн хэмжээ сүүлийн таван жилийн хугацаанд ойролцоогоор 25 сая ам.долларт хүрээд байна. Үүнээс гадна Канадын боловсролын систем дэлхийн ямар ч улс орныхоос дутахгүй бөгөөд дэлхийн шилдэгүүдийн нэг гэж хүлээн зөвшөөрөгдсөн.
Элчин сайдын сам нь Канад, Монголын боловсролын байгууллагуудын стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ажилладаг. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн зургаадугаар сард Канадын Ниагара коллеж Монголын Отгонтэнгэр их сургуультай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Түүнчлэн олимпын стандартад нийцсэн мөсөн ордон болох “Steppe Arena” нь Канад-Монголын хамтын ажиллагааны тод жишээ юм. Канадын HDR болон VDA гэсэн хоёр архитектурын фирм “Steppe Arena”-г зохион бүтээхэд оролцсон. Албан ёсоор нээлтээ хийгээд удаагүй байгаа “Steppe Arena” нь өвлийн спортыг Монголд цаашид хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй юм.
Мөн Канадын Торонто хотод дэлхийн уул уурхайн хамгийн том арга хэмжээ болох PDAC буюу Канадын Хайгуулчид болон хөгжүүлэгчдийн холбооны хурал жил тутам болдог. Бидний цаашдын зорилго бол Монголын уул уурхайн салбарыг ногоон болгоход дэмжлэг үзүүлэхийн тулд PDAC платформыг ашиглахаас гадна уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, тухайлбал, "Тогтвортой уул уурхайн хүрээ" гэх мэт санаачилгуудаар дамжуулан сурталчлах юм.
-Яг одоогийн байдлаар хоёр орны Засгийн газар хооронд ямар төсөл, хэлэлцээ яригдаж байгаа юу?
-2021 оны тавдугаар сард ес дэх удаагаа зохион байгуулагдсан Канад-Монголын дугуй ширээний уулзалтаар “Иж бүрэн түншлэлийн төлөөх Монгол, Канадын хамтын ажиллагааны замын зураглал”-ыг баталсан тухай дээр дурдсан. Харин одоо уг зураглалтын дагуу хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байна. Удахгүй хоёр талын албан айлчлалуудыг хийж, манай хоёр оронд зохион байгуулагдаж буй олон улсын арга хэмжээнд холбогдох төлөөлөгчид оролцох боломж бүрдэнэ гэж бодож байна. Түүнчлэн бид Канад, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хэрхэн тэмдэглэх талаар ярилцаж байгаа. Энэхүү ойн баярыг 2023 онд тэмдэглэх бөгөөд бид бүгд энэ үйл явдлыг тэсэн ядан хүлээж байна.
-Монгол дахь Канадын хөрөнгө оруулалтын багагүй хэсэг нь уул уурхайн салбарт тэр тусмаа Оюу толгойн төсөлд зарцуулагддаг. Харин одоогоор Рио Тинто болон Монголын Засгийн газар харилцан тохиролцоонд хүрч чадахгүй байна. Энэ талаар та ямар байх суурьтай байна?
-Ил тод, шударга тогтолцоотой байж, хүний эрх, шүүхийн хараат бус байдлыг дээдэлдэг байх, урьдчилан таамаглахуйц тогтвортой орчинг бүрдүүлэх нь гадаадын хөрөнгө оруулалт тогтвортой байх гол түлхүүр юм. Оюу толгой төсөл нь Монголын эдийн засагт цаашид олон жилийн турш үр өгөөжөө өгөх төсөл. Түүнчлэн Оюу толгой Монголын олон иргэнийг ажлын байраар хангасан. Би өнгөрсөн онд уг төслийн талбайд зочлох үеэрээ Оюу толгойд ажиллаж буй олон хүнтэй уулзсан. Тиймээс миний хувьд бүх талууд харилцан ашигтай, эерэг үр дүнд хүрээсэй хэмээн хүсэж байна.
-Манай хоёр орны эдийн засгийн харилцааг бодитой хангах нөөц бололцоотой хоёр талын гол салбаруудыг нэрлэнэ үү. Өөрөөр хэлбэл, бид Канадаас юу авч, юугаа өгөх нь эдийн засгийн харилцаа бодитоор сэргэхэд илүү ач холбогдолтой вэ?
-Канадаас Монголд санал болгох маш олон зүйл бий. Бид олон салбарт хамтран ажиллах боломжтой. Тухайлбал:
Ногоон уул уурхай: Канадын уул уурхайн ханган нийлүүлэлт, үйлчилгээний (MSS) шинэлэг экосистемийн нэг хэсэг болох байгаль орчинд ээлтэй компаниудын технологи, үйлчилгээ нь ашигт малтмалын үйлдвэрлэлийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулахад тусалдаг. Эдгээр компаниуд уурхайн талбайнуудад тулгарч буй нийгэм, байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэх шинэлэг шийдлүүдийг боловсруулж, нийлүүлэхээс гадна уурхайн операторуудад Канад болон гадаадад нүүрстөрөгчийн хийг бууруулах зорилтоо биелүүлэхэд нь туслах технологиудыг боловсруулан хүргэж байна.
Байгаль орчин: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нь Монголын нэгэн адил Канадын хувьд ч нэн тэргүүний зорилт бөгөөд манай улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд чиглэсэн цэвэр технологийн шийдлүүдийг боловсруулахад ихээхэн хөрөнгө оруулалт хийж байгаа. Энэ тал дээр манайх Монголд маш их зүйлийг санал болгож болох бөгөөд Канадын зарим шинэлэг шийдлүүдийг Монголд нэвтрүүлэх боломжтой.
CO2 ялгаралтыг бууруулах: Нүүрстөрөгчийг ашиглах, хадгалах (CCUS) технологийг нэвтрүүлэх нь үйлдвэрлэлийн олон салбарт CO2 ялгаралтыг бууруулах юм.
Хог хаягдлыг дахин боловсруулах: Канадын компаниуд хог хаягдлаас эрчим хүч гаргах (WTE) салбарт гайхалтай технологи нэвтрүүлсэн. Канад Улс төрөл бүрийн хог хаягдлыг үйлдвэр, хөдөө аж ахуйн хэрэглээний цэвэр эрчим хүч, бордоо, түлш болгон хувиргах туршлагаа хөгжүүлсээр байна. Түүнчлэн Канадын компаниуд нар, ус, хог хаягдлаас эрчим хүч хуримтлуулж эхэлсэн бөгөөд Монголд мөн л ашиглах боломжтой юм.
Ногоон байгууламж: Бидний хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэж найдаж буй бас нэг салбар бол ногоон байгууламж юм. Ирээдүйн төслүүдээс гадна шинэ бүтээн байгуулалт хийгдэж байгаа энэ үед Канадын ногоон барилга байгууламж барих туршлагаас Монгол ашиглаж эхлэх цаг нь болсон. Канадын ногоон барилгын компаниуд эрчим хүчний хэмнэлтийг нэмэгдүүлэх, усны хэрэглээг бууруулах, дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад туслах бүтээгдэхүүн, технологи боловсруулж, үйлдвэрлэж, суурилуулж байна.
-Ойролцоогоор хэчнээн канад хүн Монголд амьдардаг бол. Монголд амьдардаг канадчуудын олонх ямар салбарт ажилладаг хүмүүс байдаг вэ?
- Одоогоор Монгол Улсад байнга оршин суудаг Канадын 200 орчим иргэн байдаг. Тэд уул уурхай, боловсрол, барилга, хөдөө аж ахуйн салбарт голдуу ажиллаж байна.
-Канадын Элчин сайдын яам визний мэдүүлэг хүлээж авдаггүй. Харин виз мэдүүлэх төвөөр дамжуулан визний мэдүүлэг авдаг. Жилд яг хэчнээс хүн монгол хүн виз мэдүүлдэг бол энэ талаар танд тодорхой мэдээлэл байна уу?
-Хэдийгээр цар тахал дэгдээд байгаа ч жил бүр олон зуун монгол хүн Канадад түр оршин суух виз мэдүүлсээр байна.
-Виз мэдүүлж буй хүмүүсийн олонх нь ямар төрлийн виз мэдүүлдэг бол?
-Канадад виз мэдүүлж буй монголчуудын олонх нь түр оршин суух виз мэдүүлдэг.
-Боловсрол бол аль ч улсын хамгийн чухал, орхиж болшгүй салбар гэдэгтээ та санал нийлэх байх. Канадын Засгийн газрын тэтгэлгийн хэчнээн монгол хүн сурах боломжтой байдаг вэ?
-Тийм ээ, боловсрол бол Канадын хамгийн чухал салбаруудын нэг. Монголчууд ч гэсэн боловсролын салбартаа ихээхэн ач холбогдол өгч байгаа нь ажиглагдаж байна. Бид илүү олон монгол оюутан Канад Улсыг суралцах газраараа сонгоосой гэж хүсэж байна.
Оюутнууд Канадын боловсролын үндсэн портал болох “www.educanada.ca” сайтаас боловсролын талаарх ерөнхий мэдээлэл, боловсролын байгууллагууд, тэр дундаа тэтгэлэгт хамрагдах боломжуудын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Мөн монгол оюутнууд Канадын Засгийн газраас олгодог бүх үндэстэнд нээлттэй тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг “www.scholarships.gc.ca” вэб сайтаас мөн авах боломжтой юм.
Нэмж дурдахад, Канадын их, дээд сургууль, коллежууд олон улсын оюутнуудад санхүүгийн тусламж, тэтгэлэг олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг мөн л Канадын их, дээд сургуулиудаас шууд авах боломжтой.
Түүнчлэн би Канадын нэр хүндтэй, олон улсын оюутнуудад нээлттэй, Ваниер, Бантинг гэсэн дараах хоёр тэтгэлэгт хөтөлбөрийг онцолмоор байна. Монгол оюутнуудыг “www.vanier.gc.ca” болон “www.banting.fellowships-bourses.gc.ca” цахим хуудсаар зочлоорой гэж урьж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )