БНХАУ-ын Эмийн бүтээгдэхүүний хяналтын улсын газар ирэх сард ковидын эсрэг эм хэрэглэх зөвшөөрөл олгохоор ажиллаж байна гэж тус улсын Шинжлэх ухаан, технологийн яамны “Кэжи Жибао” сонинд мэдээлжээ.
Ковидын эсрэг эмийг Бээжингийн Чинхуа их сургууль, Шэньжэнь хотын гуравдугаар ардын эмнэлэг, Хятад, Америкийн хамтарсан “Brii Bio” компанийн эрдэмтэн, судлаачид хамтран бүтээжээ. BRII-196/BRII-198 нэршил авсан уг эмийг ковидын халдвар авч, эдгэрсэн хүмүүсийн цуснаас гаргаж авсан хоёр төрлийн эсрэг биетийг ашиглан бүтээсэн байна.
Эмнэлзүйн туршилтаар уг эм халдварын хүндрэл, нас баралтаас 78 хувь сэргийлдэг болох нь батлагджээ. Хятад улсад 700 өвчтөний эмчилгээнд энэхүү эмийг ашиглаад байна.
Хүний биед олон эсрэг биет үүсдэг ч бүгд вирусний эсрэг тэмцэх чадвартай байдаггүй. Тиймээс эм бүтээхдээ хамгийн хүчтэй, вирустэй тэмцэх чадвартайг нь сонгож авсан гэж Чинхуа их сургуулийн профессор Жан Линьчи ярьжээ.
Судлаачид BRII-196/BRII-198 эмийг дотоодын зах зээлд гаргах зөвшөөрөл олгох хүсэлтийг аравдугаар сарын 9-нд холбогдох байгууллагад хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Merck -ийн бүтээсэн эм Коронагийн нас баралтыг 50 % бууруулж байна гэсэн. Манай сайд дарга нар тэр эмийг оруулж ирвэл өнөөдрийн нас баралтын тоо 10-аас ядахдаа шууд 5 болох боломжтой. гэвч манай олиггүй дарга сайд нар дандаа бурууг нь сонгож байдаг хойно хужаагийн эмийг сонгоод нас баралтыг улам ихэсгэх байх даа.