Ж.Нямжав: Багш хүн хүүхдийг ялгалгүй харьцах, хайрлах сэтгэлийн гоо зүйг эзэмших ёстой

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 18

Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор Ардын багш цол хүртсэн Жигжидийн Нямжавыг “Өглөөний зочин”-оор урилаа. Тэрбээр Монголын боловсролын салбарт 50 жил үр бүтээлтэй ажиллаж, өдгөө Хөвсгөл аймгийн зарим сургуульд болон Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд зөвлөх багшаар ажиллаж байна.

-Та боловсролын салбарт 50 жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлээ Ардын багш цолоор үнэлүүллээ. Салбартаа хийхийг хүссэн, зорьсон санас­наа та биелүүлж чадсан уу?

-Багшийн дээдэд сурч байхдаа хичээлдээ сайн, амжилт гаргана даа гэж боддог байлаа. 1972 оны есдүгээр сарын 1-нээс Хөвсгөл аймгийн төвийн I сургуулиас ажлын гараагаа эхлүүлсэн. 1974 онд мөн математикийн багш Ц.Пүрэвсүрэн гэж эмэгтэйтэй гэр бүл боллоо. Гэр бүл маань ч намайг сайн дэмждэг. Энэ үед “Магадлалын онол” Орос улсад бүрэн нэвтрээгүй ч анхны элементүүд нь нэвтэрсэн. Оросын сэтгүүлүүд тус онолын талаар их бичиж, ярьдаг байлаа. Би ч “Магадлалын онол”-ыг Монголын Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт оруулах сан гэж мөрөөддөг.

Ийнхүү судалж шинжилж явсаар 18 жилийн өмнө Монголын боловсролын хөтөлбөрт “Магадлалын онол”-ыг оруулсан. 10 гаруй жилийн турш нэг, тав, 10 жил ажиллаж буй математикийн багш нарт “Магадлалын онол” зааж, нэлээд ном товхимол бичлээ. Оросын Нобелийн шагналт академич В.Л.Гинзбург “Жинхэнэ эрдэмтэн ховор, жинхэнэ багш бүр ч ховор. Энэ хоёрыг хослуулсан хүн онцгой ховор үзэгдэл болно” гэж хэлсэн байдаг. Миний хувьд жинхэнэ багш гэж айхтар ховор гэдгийг бодож тунгаасаар, овоо гайгүй багш болчих юмсан гэж зүтгэж тэмцэж иржээ. Улсын анхны 12 бүтээлч багшийн нэг болж, 14 аймагт урилгаар хичээл заалаа. Нью-Йоркт төвтэй гуравдагч орнуудын Шинжлэх ухааны академиас хэвлүүлсэн номонд Монголын математикийн багш нараас тэмдэглэгдсэн цор ганц багш болж байлаа. Энэ бүхнээ дурсан санах сайхан байна.

 Багш хүн бардам сайхан бас жаргалтай амьдардаг

 -Та өөрөө олон сайхан багштай байх. Яагаад багш болсон бэ?

-Намайг 1965 онд Хөвсгөлийн Шинэ-Идэр сумаас Мөрөнгийн арван жилд ирэхэд З.Чулуунбаатар гэж одоо 80 гаруй настай гавьяат багш маань эрдэм мэдлэгээрээ өлгийдөн авсан. Багшийн маань багш нийгмийн ухааны Д.Товуу гэж гавьяат багш байлаа. Ингэж шавь нар нь дараалж гавьяат болсон түүх бас ховор шүү. З.Чулуунбаатар багш их цэгцтэй, математикаа сайн заана, аливаад оновчтой хандана. Би “Багшид л учир байна, математикийн хүн болчихвол багш шиг ээ болох байх” гэж бодоод Багшийн дээдэд элссэн. Багшийн их сургуульд Ленинградын их сургууль төгссөн, аав нь гавьяат багш Н.Намсрай гэж багшаараа хичээл заалгалаа.

Багш маань үлгэр шиг хичээлээ заана, шрифтээр янзын уртай бичнэ. Хичээлийн сонин содон, хүүхэд мартахгүй хэсгийг “Санамж” гэж нэрлээд сануулж бичнэ. “Санамж”-ийг би ч одоо хичээлдээ ашигладаг. Ж.Баатар гэж сайхан багш байна. Тэдгээр багш надад нөлөө үзүүлсэн. Бүр тооноос салахаа байгаад өдөржин, шөнөжин хоол ундаа умартан бодож, энэ тоог л сурах сан гэж сэт­гэлээ чилээдэг. Бушуухан хичээ­лээ тараад Төв номын санд сууна. Багш нараасаа үлгэр авч математикийг гайхаж “Ийм л болох­­сон” гэж мөрөөдөж хичээдэг байлаа.  

-Сайхан багш нараа дурсаж ярихдаа таны нүд гэрэлтэж байна шүү. Одоо таны шавь нар ч олон болсон биз?

-1972 оны есдүгээр сарын 1-нд хоёр аравдугаар анги, нэг дөрөвдүгээр ангид хичээл зааж ажлын гараагаа эхэлсэн. Үүнээс хойш надад ахлах ангид хичээл заагаагүй жил байхгүй. Шавь нарынхаа тоог гаргахад хэцүү. Төчнөөн жил хичээл зааснаар баримжаалж болох юм. Замд нь Боловсрол төвийн захирал бөгөөд математикийн Тусгай сургуулийн захирал гэж хоёр ажлыг жил гаруй хавсарч хийсэн. Энэ ажлуудыг хийж байхдаа ч математикаа заана. Яг математикаар дагнаж сурсан болон амжилтад хүрсэн шавь олон бий.

Тухайлбал, Монголын дунд сургуулийн багш нараас 100 жилийн түүхэнд анх удаа дэлхийн хэмжээний нээлт буюу математикийн баталгаа хийсэн Б.Ганбилэг шавь маань улсын математикийн олимпиадын таван удаагийн аварга, хэд хэдэн удаагийн мөнгө, хүрэл медальтай. Нобелийн Энх тайвны шагналт багийн гишүүн, физикч Австри улсын Вена хотод олон улсын цөмийн шинжилгээний агентлагт эрдэмтнээр ажиллаж байсан Д.Орлох агсан шавь минь байлаа. “Хүрээгийн цуваа”-г компьютерийн тооцоолон бодох ажилд яаж хэрэглэх вэ гэдгийг санаачилсан МУБИС-ийн доктор Р.Мижиддорж шавь маань байна. Шанхайн их сургуулийн н.Билигбаатар тооны тоглоомын онолыг хөгжүүлж АНУ-д доктор хамгаалсан. Парист н.Пүрэвдорж онолын доктор, Сөүлд н.Батаа дифференциал тэгшитгэл гэж маш хүнд тэгшитгэлээр хичээл зааж байна. Энэ мэт дурдаад байвал олон шавь төрүүлжээ.

Мөн математикаар дагнан сураагүй ч математикийн хичээлийг амьдралдаа ашиглаж сурсан, миний ажиллах, хичээл заах арга барил, сэтгэх логик, хүн байх ухаанаас суралцсан шавь нар тоймгүй олон бий.

Би математикийн гэрийн даалгаварт гурван бодлого л өгдөг

-Хөвсгөл нутгийнхан таныг математикийн Нямжав гэж андахгүй юм билээ. Хөвсгөл аймагтаа таны нэрэмжит мате­матикийн олимпиад ч олон жил зохиогдож байна. Орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжөөд 100 жил болсон түүхийн тэн хагаст нь та салбартаа багшилжээ. Энэ бүх туршлага, мэдлэгээсээ дүгнэхэд математикийн хичээлийн заах арга зүй ямар байх ёстой вэ?

-Би чинь ерөөсөө математикт бүхнээ зориулсан хүн. Тоогоо бодож, тооныхоо тухай хүнд хэлж байж л сэтгэл амардаг. Гоё бодлогуудаа заах гээд нойр хүрдэггүй. Энэ жилүүдэд багшилсан туршлагадаа үндэслэн дунд сургуулийн математикийн хичээлийн гол гол арга зүйг боловсруулж бэлэн болгосон. Түүнээс хүмүүс суралцдаг, хуулж авдаг. Түүнчлэн “Заах аргын өвөрмөц оновчтой шийдлүүдийн сан”-г Хөвсгөл аймгийн Дэлгэр­мөрөн сургууль дээр байгуулж эхэлж байгаа. Бүх багш нэг нэг арга боловсруулж байна. Миний хувьд хоёр арга боловсруулсан.

Дэлхийн олон эрдэмтэн, багш нарт аргууд маань хүлээн зөвшөөрөгдсөн. Нэг нь “Тригонометрийн тэгшитгэл”. Энэ тэгшитгэлийг мэдсэн хүн бусдыг нь сурдаг гэсэн бичигдээгүй хууль байдаг. Нөгөө нь “Магадлалын онол”. Энэ хоёрыг боловсруулсан аргаа би тэр сандаа бэлэглэж байгаа юм. Энэ санг бүтээлцэхэд 150 багш ажиллаж байна. 150 багшаас хамгийн сайн гэсэн 30 арга юун түрүүнд орох болов уу. Энэ сан Дэлгэрмөрөн сургуульд хадгалагдсаны дараа Монгол Улсын аль ч сургууль хуулж аваад ашиглах боломжтой. Хэд хоногийн дараа хичээл заана гэж бэлдэх бус анхнаас нь төлөвлөгөө учир шалтгаантай бэлдээд бүрэн боловсорсон заах арга барилаар бүх сургууль ажиллавал ямар сайхан бэ.

-Онолоо мэдэхээс гадна мэд­лэ­гээ хүүхдэд хүргэх чадвар багш хүнд их чухал юм шиг. Таны бодлоор багш хүнд ямар чад­­варууд заавал байх ёстой вэ?

-Миний хувьд хичээл заахдаа ядарна гэж ерөөсөө байгаагүй. Математикаа заах үнэхээр дуртай. Жинхэнэ багш нэгдүгээрт онолын өндөр мэдлэгтэй байх ёстой. Намайг “Олимпиадын хэмжээний 1000 бодлогыг цээжээр мэддэг” гэж хүмүүс ярьдаг л даа. Тэр юу юм гэхэд дунд сургуулийн математикийг торохгүйгээр хэлж чадах ой, олон жилийн дадлага туршлага надад бий. Хоёрдугаарт, сэтгэлийн гоо зүй гэж байна. Хүнд туслах, хүнийг энэрэх, хүүхэд багачуудыг ялгалгүй харьцах, дутууг нь гүйцээж явах сэтгэлийн гоо зүй багш хүнд л байх ёстой. Өнөө цагт сэтгэлийн гоо зүй дутагдаж байна. Сэтгэлийн гоо зүйд ёс суртахуун, ёс зүй орно. Багшид ёс зүйн айхтар дүрэм байх ёстой. Гуравдугаарт, “Герман цаг”-ийг би баримталдаг. Цагийн юмыг цагт нь хийнэ. Хичээлээ цагтаа орж, цагтаа дуусгана.

-Жинхэнэ сэтгэлийн гоо зүй багш хүнд л байх ёстойг та хэллээ. Сэтгэлийн гоо зүйд ёс суртахуунтай байх ч ордог гэлээ. Таны хувьд ёс зүйн ямар хэм хэмжээг мөрддөг вэ?

-Миний ёс зүйд хэдэн дүрэм бий. Нэгт, би хэнд ч төвөг учруу­лахгүй. Дандаа сайхан үг хэлж ярина. Хоёрт, математикаар хүнийг егөөдөж болохгүй. Хоногт 30, 40-өөр нь бодлого бодуулж болохгүй. Хүний биологийн хүчин чадлын хэмжээнд даалгавар өгөх хэрэгтэй. Олон багш зэрэг даалгавар өгч байгааг тооцох ёстой. Миний хувьд математикийн хичээлийн даалгаварт гурван л бодлого өгдөг. Хоёр бодлогыг хүүхэд урамшаад бодчихно. Үлдсэн нэг бодлогыг жаахан чанга гэдгийг нь хэлж өгнө. Ер нь шинжлэх ухаанаар хүнийг доромжилно гэдэг маш ёс зүйгүй гэмт үйлдэл. Гуравт, “Тухайн сургууль надгүйгээр оршин тогтнох ч би бас энэ сургуульд хэрэгтэй хүн. Би бүр ч чухал хүн болж мэдэх юм” гэдгийг бодож явдаг.

-Таны хэлснээр онолын өндөр мэдлэгтэй, сэтгэлийн гоо зүйтэй, цаг баримталдаг байхад багш хүн заах арга зүйг эзэмшиж чадах уу. Хүссэн ч арга зүй сул, бусдад ойлгуулж чадахгүй бол яах вэ?

-Энэ бүхнийг мөрдөөд сайн багш болох хүн олон мянгаараа байгаа. Хэвэндээ байсаар тэтгэ­вэрт гарах хүн ч бий л дээ. Хичээгээд байвал их утга учиртай хүн болно. Хүнд бас аз гэж байх юм даа. Би өнөөдөр Монголд байгаа математикийн ганц Ардын багш гээд бодохоор математикийг гарамгай заадаг, тал бүрээр өвөрмөцөөр сэтгэдэг хүн бас харьцангуй цөөхөн байж магадгүй гэсэн дүгнэлт гарна. Ардын багш болсныхоо дараа бодоход энэ хүртэл их хичээж, бэрхшээлүүдийн ард гарч иржээ.

-“Багш нарын цалин хангамж бага байгаа нь ажлаа хийх болон ажиллах нөхцөлд нь нөлөөлж байна” гэж ярих хэсэг байдаг. Энэ тухайд таны бодол?

-Багш нарын цалин хангамжийн асуудал хүнд, ажиллах нөхцөлд нөлөөлнө гэдэг үнэн. Дээхэн үед бүгд ижил цалинтай байлаа. Одоо бол урамшууллын цалин гэж өгдөг болсон. Сурагч нь сайн сурвал багш нь илүү дэмжлэг авах боломжтой болоод байна.

 Хүүхдийг тэгш боловсролоор хангах нь боловсролын салбарын гол үүрэг

-Монголын боловсролын систем, сургалтын төлөвлөгөө, сурах бичгийн чанарын асуу­далд анхаарах зүйлс нэлээд бий боллоо. Жишээлбэл, бага ангид хэт их хичээлээр шахах, хичээлээ ойлгохгүй байх асуудал их үүсэх юм. Үнэндээ эцэг, эхчүүд ч хичээлийг нь зааж хүчрэхгүй байна. Мөн барууны боловсролыг шүтэх хандлага байдаг. Ингээд бодохоор манай улсын боловсролын систем зөв замаараа явж байна уу?

-Өөрөө энд тэнд явж байгаад үзсэн харсан юмаа дотоодын боловсролын салбарт хэрэгжүүлэх гээд байдаг талууд сайд нарт бий. Барууны боловсролын систем, Японы боловсролын систем гэж хэсэг ярилаа. Эндээс тухайлбал, Кембрижийн хөтөлбөрт нэг аюултай агуулга байсныг бид эсэргүүцэж байгаад болиулсан. Статистик гэж дүн бүртгэлийн хэр баргийн хүн хийхэд хэцүү хичээлийг дунд сургуульд үзье гэж байсан шүү дээ. Иймэрхүү асуудал их. Сурах бичгүүд хүртэл асуудалтай, хэт олон онол хүчээр оруулсан, алдаатай загвартай нь ч элбэг. Барууны боловсрол гэхээс илүү Монголын өвөрмөц боловсролтой болоход дэлхийн дундаж юу вэ гэдгийг тооцоолох хэрэгтэй. Ийм хөтөлбөрүүдийг хийх гэж байна л даа.

Одоогийн Боловсролын сайд эдийн засаг, удирдахуйн ухааны сайн боловсролтой, хэл сайтай зэрэг давуу талаа ашиглан боловсролын хөтөлбөрөө сайжруулах, сурах бичгийн агуул­гаа цэмцийлгэх хэрэгцээ байна. Одоо бол дунд сургуулийн сурах бичгийг эцэг, эхчүүд бол бүр ойлгохгүй, ойлгож чадах ч үгүй. Сурах бичиг, сургалтын хөтөлбөр яг Монголынхоо орчинд тохирсон, дэлхийн жишгийг харгалзсан байдлаар шинэчлэгдэх ёстой. Хэтэрхий онолоор хөөцөлдсөн, зовлонтой нэр томьёонууд өнөө­гийн сургалтын хөтөлбөрт олон байгааг хүлээн зөвшөөрч, засах шаард­лагатайг энд дахин хэлэх байна.

-Өнөөдөр Монголд байгаа математикийн ганц Ардын багш нь та. Тэр багш нь орон нутгаас төрсөнд баяртай байна. Одоо үед орон нутаг, хотын сургуулийн ялгаа, улс, хувийн сургуулийн ялгааг их ярьдаг болжээ. Ямартаа ч сайн сургуульд сайн багшид хүүхдээ даатгах хүсэл эцэг, эхчүүдэд их байна. Сургуулийн ялгааны тухайд та юу гэж боддог вэ. Боловсролыг хаанаас авах нь зөв юм бэ?

-Хүүхдийг алагчлахгүй хүн гэдэг талаас нь хандах үзэл сүүлийн үед их болсон нь сайшаалтай. Сургалтын хөтөлбөрөөрөө бол хот, хөдөөгүй ижил хөтөлбөрөөр хичээл явна. Хувийн сургууль ч ижил. Гэхдээ бидний гэнэн байдлаас алдаанууд гарсан. Зарим хувийн сургууль нэр хүнд олохын тулд арай нэг илүү англи хэл орох, математик орох байдлаар ч юм уу хичээлдээ агуулга нэмж оруулаад, тэрийгээ сурталчилдаг. Энэ тал дээр цаашдаа нарийн стандарт барьж өгөх хэрэгтэй. Хоёрдугаарт, илүү хөтөлбөр байх юм бол эдийн засгийн тооцоог нь хийгээд ил тод байлгана. Үгүй бол зарим сургуулийн хөтөлбөр хүндрэх явдал байдаг.

Монголын нөхцөлд аймгийн төвөөс алслагдсан сургуулиудад дэд бүтэц бага хөгжсөн, явуулын хүмүүс очдог үндэсний боловсон хүчин муутай байх асуудлууд тулгардаг. Гэх­дээ сүүлийн үед цахим хөгжлийн ачаар алс сум, орон нутагт мэдээлэл хурдан очдог, хөгжих боломж ихтэй болжээ. Аймгийн төвийн сургуулиуд зарим шинжлэх ухааныг хүчтэй олгож байна. Ямар ч байлаа гэсэн хүүхэд бүрийг алагчлахгүй, тэгш боловсролоор хангах нь л багш хүний боловсролын салбарын үүрэг мөнөөсөө мөн.

-Хүүхэд сургуулиас, багшаа­саа юу сурах ёстой вэ. Сайн хүн байхыг, хүмүүжил, боловсрол, мэдлэгийг бүгдийг зэрэг сурах боломж байх уу. Таны хувьд шавь нартаа юуг хамгийн их зааж сургахыг хүсдэг вэ?

-Мэдээж математикийн хичээлээ сургана. Хичээлээ сур­гахаас гадна миний нэг сайхан чанарыг, сайн үйлдлийг олж хараад хүүхэд сураасай гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Багш хүний агуу их үлгэрлэл байх ёстой. Тэр үлгэрлэл нь хүн амьдралдаа хэрэгжүүлээд аваад явах логик, учир шалтгааны их сургууль байх ёстой. Тиймдээ ч би их өөдрөг хүн. Дандаа л гэгэлзэж, дэвэлзэж явна шүү.

-Мэргэжил бүхэн сайхан л гэдэг. Гэхдээ багш мэргэжлийн сайхныг та хэзээ юунаас илүүтэй мэдэрдэг вэ?

-Багш хүн их жаргалтай амьдардаг. Шавь нар том болоод ярьж байсан мэргэжлээ эзэмшээд хүсэл мөрөөдөлдөө хүрээд ирэхээр багш хүн хаана ч явсан олонтойгоо байдаг. Энд тэнд шавь нартайгаа таарна, заримдаа телевиз, сониноос шавь нарынхаа талаар сонин дуулна. Тэднийхээ тухай сонсохоор хайр энэрэл хүрнэ, багш хүн бардам сайхан бас жаргалтай л амьдардаг даа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.70.253) 2021 оны 11 сарын 18

Таньд баяр хүргэж, аз жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе

0  |  0
Зочин(66.181.186.44) 2021 оны 11 сарын 18

Манай ерөнхийлөгч их ширүүн зантай юм шиг мөртлөө ХҮҮХДЭД бол найлна шүүдээ.их сайхан чанартай хүндээ

1  |  0
Top