Төрийн санах ой байхгүй ч түмэн олны санах ой байгаа шүү!

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 18

Төрийн ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор бүх шатны удирдлагуудад албан даалгавар удаа дараа хүргүүлж, үүнийхээ дагуу зарим албан тушаалтнуудыг ажлаас нь чөлөөлж байв. Гэтэл төр маань хариуцлага алдсан хэмээн ажлаас нь чөлөөлж арга хэмжээ авчихаад маргааш нь дэвшүүлэн томилдог башир технологид нэгэнт шилжсэн байна. Юуны өмнө төрийн санах ой алдагдсанаас бус түмний санах ой хэвээрээ байгаа гэдгийг дурдъя.

1. Төмөр хаалгаар төрд дэвшсэн Г.Батмөнх

Замын-Үүд суманд баригдсан ариутгагч хаалга гэх “монгол дархан”-ы аргаар бүтээсэн төмөр төхөөрөмжийг уншигч та санаж байгаа байх. Ёстой л “Дархан хүн бурхан ухаантай” гэдэг үгийг санагдуулах лут зүйл байсан даа. Энэхүү “монгол дархан”-ы аргаар бүтээсэн хаалгыг урласан “бурхан ухаант” нь Замын-Үүд суман дахь Хилийн мэргэжлийн хяналтын дарга асан Г.Батмөнх байв. Ерөнхий сайд маань “монгол дархан”-ы аргаар бүтээсэн “уран хийц” бүхий хаалгыг ур хийцгүй, ашиггүй, хөрөнгө мөнгө үрсэн хэмээн огт ойлгосонгүй. Бүр хаалга урласан “бурхан ухаант дархан”-даа хариуцлага тооцон, ажлаас нь чөлөөлсөн юм. Нэгэнт Ерөнхий сайд муу дүн тавьж, “урласан” эзнийг хөөсөн учраас төмөр хаалгыг нурааж, урьд хөршөөс стандартын хаалга авчиран суурилуулах гээд зардал чирэгдэл болж байв.

Гэтэл өдгөө улсын хөрөнгө үрэн таран хийж, ард түмнээ доромжилсон “бүтээл” туурвисан Г.Батмөнхийг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Экспорт, импортын газрын даргаар дэвшүүлэн томилжээ. Уг ариутгагч хаалгыг Замын-Үүд сумын нөөц хөрөнгөөс төсөвлөж, 2020 оны гуравдугаар сараас ашиглаж эхэлсэн байна. Ингэхдээ уг ажлыг “Чандмань бадрал” орон нутгийн өмчит компани суурилуулсан нь ашиг сонирхлын зөрчилтэй байсан тухай мэдээлэл ч байдаг. Мөн “Монгол дархан” Г.Батмөнхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Т.Гантулга ажлын байрны сонгон шалгаруулалт зарлалгүйгээр томилсон нь тойргоос сонгогдсон гишүүдийн нөлөө ч гэх хүн бий. Одоо бас л “бурхан ухаан”-аа гаргах байх даа.

2.  “Камертон”-ы тайзнаас командлагчаар заларсан Р.Чингис

Хөл хориог сулруулж, 50 хувийн дүүргэлттэй халдвар хамгааллын өндөр түвшинд аливаа урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулах Улсын онцгой комиссын шийдвэр гарч байв. Гэтэл “Камертон” хамтлагийн тоглолт халдвар хамгааллын дэглэм зөрчсөн орчинд болсон гэх шалтгааны улмаас нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингисийг ажлаас чөлөөлсөн юм. Тэгвэл хотын орлогчийн албанаас чөлөөлөгдсөн Р.Чингис Дотоодын цэргийн штабын даргаар дэвшин томилогджээ. Дэвшиж дээшилсэн Р.Чингис нь Замын цагдаагийн дарга асан, хурандаа Г.Ринчиндоржийн хүү бөгөөд Цагдаагийн байгууллагад эрүүгийн төлөөлөгчөөс эхлээд ЦЕГ-ын дарга хүртэл 30 гаруй жил алба хашсан хүн. Ийнхүү арга хэмжээ авахуулсан ч тушаал дэвшээд байгаагийн цаана улс төр талаасаа том нөлөө байж таарна.

Нэгэн насыг цагдаагийн байгууллагад өнгөрөөсөн хүн яахаараа ч хотын хөгжил хариуцсан дарга болж байдаг юм. Тэгээд ч хаа байсан “Камертон”-ы тоглолт Хотын хөгжил хариуцсан орлогчид ямар ч хамаагүй зүйл. Улс төрийн томилгоо утгаа алдсаныг л харуулсан хэрэг. Эх сурвалжийн дэлгэж байгаагаас харвал тэрбээр Ерөнхий сайдын ойрын хүн гэх. Ямартай ч Ц.Мөнх-Оргил Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байхдаа Цагдаагийн ерөнхий газрын даргад хэдэнтээ зүтгүүлж байснаас харвал түүнтэй ихэд ойрын хүн болов уу.

Тухайн үед хаа хамаагүй “Камертон”-ы тоглолтоос болж чөлөөлөгдөөгүй нь тодорхой болж байна. Учир нь түүнд дэвших “нүх” байсан бөгөөд түүнийгээ хүлээх зуур Хотын орлогчоор түр ажиллажээ. Харин Хотын удирдлагууд түүнд хариуцлага тооцсон болж жүжиг тавьсан болов уу. Түүнээс бус өнөөдөр “та хариуцлага алдсан учраас төрд ажиллаж тэнцэхгүй” хэмээн явуулчихаад маргааш нь дэвшүүлэн томилдог ямар дүрэм байна вэ.

3. Хүний амиар дэнчин тавьж тушаал дэвшсэн С.Ариунболд

Өнгөрөгч долоодугаар сард Баянзүрх дүүргийн “Энэрэл” эмнэлгийн гадна цар тахлын халдвар авсан иргэн цээжиндээ рентген зургаа тэвэрч, анхны тусламж авч чадалгүй нас барсан харамсалтай хэрэг гарсан гэдгийг санаж байгаа байх. Тиймээс нийслэлийн Эрүүл мэндийн газрын эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, “Энэрэл” эмнэлгийн дарга А.Амартүвшин, Яаралтай түргэн тусламжийн төвийн дарга Ц.Пүрэвдаш, орлогч дарга С.Ариунболд нарыг ажлаас нь чөлөөлөх арга хэмжээ авсан. Гэтэл Яаралтай түргэн тусламжийн төвийн орлогч дарга С.Ариунболд Хотын даргын гаргасан шийдвэрийг үл тоон, ажилдаа дахин орохоор хөөцөлдөж байгаа тухай мэдээлж байсан. Ийнхүү тун удалгүй С.Ариунболдыг нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн төвийн даргаар дэвшүүлэн томилсон.

Энэ үеэр нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржийг хүртэл ажлаас чөлөөлөх тухай ярьж байсан ч тэр суудалдаа үлдэж, дээрх хүмүүст арга хэмжээ авч байсны цаана ямар нэгэн тохиролцоо байж таарна. Тэгээд С.Ариунболдыг дэвшүүлэн томилох ажлыг Б.Бямбадорж өөрөө удирдсан гэхээр хэнд ч хардлага төрнө.

Тэр ч бүү хэл рентген зургаа бариад тусламж авч чадалгүй газар дээрээ нас барсан залууг архичин, зоорийн давхарт амьдардаг гэх мэтээр нэр төрийг нь гутааж, өөрөөсөө холдуулахыг хичээж байсныг санаж байгаа байх. Ийнхүү тэр суудалдаа үлдэж чадсан. Тушаал дэвшин арга хэмжээ авахуулсан С.Ариунболдыг буяны компаниудтай үгсэн хуйвалдаж шарил зөөх шинэ бизнес хийдэг тухай хэвлэл, мэдээллээр цацагдаж байсан санагдана.

4. Төрийн албаны зөвлөл гэж байх хэрэг байна уу

УИХ-аар баталсан Төрийн албаны тухай хууль, түүний шинэчилсэн найруулга, Засгийн газраас гаргасан захирамж шийдвэр, бусад төрийн байгууллагын дотоод журам гээд олон зүйлд төрийн албан хаагч, тэр тусмаа ажлын хариуцлага алдсан удирдах ажилтнуудыг ажлаас нь чөлөөлж, арга хэмжээ авах тухай тамга тэмдэг дарсан нь олон бий. Гэтэл өнөөдөр чөлөөлсөн албан тушаалтнуудаа маргааш нь дэвшүүлэн томилдог технологи төрд нэвтрээд нэгэнт бууриа заслаа. Үүний зэрэгцээ Төрийн албаны зөвлөл гэж нэг байгууллага байх ёстой. Тухайлбал, ажлын хариуцлага алдан, арга хэмжээ авахуулсан алба хаагч тушаал дэвшихдээ сонгон шалгаруулалтгүйгээр орж ирж байгааг ч дурдаж байна. Үүнийг хянаж цэгцэлж байх ёстой Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг дарга чухам юу хийж явна.

Эрх баригчдын томилгоо л бол хэнийг ч хамаагүй дэвшүүлж, албанд томилж байдаг нэг ийм байгууллага хий дэмий төсөв үрж сууна. Зөвхөн энэ удаагийн асуудал ч биш, урьд өмнө эрх баригчдаас нэр цохож өгсөн удирдах албан тушаалтныг ямар нэг сонгон шалгаруулалтгүйгээр томилсон жишээ олон бий. Тун болохгүй бол Түр орлон гүйцэтгэгч нэрээр суудалд тухлуулдаг. Ингээд зогсохгүй Түр орлон гүйцэтгэгчээр таван жил ажилласан агентлагийн дарга хүртэл байдаг. Одоо бүр ил цагаандаа гарч хариуцлага тооцож байна хэмээн ажлаас нь халчихаад маргааш нь дэвшүүлэн томилдог энэ технологийг яаж зогсоох вэ. Төрийн албаны зөвлөл гэж байх хэрэг байна уу. Эрх баригчид нь, улс төрийн нам нь томилгоогоо хийгээд л явна биз.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top