“Pfizer” КОВИД-19-ийн “Паксловид” эм үйлдвэрлэж, худалдаалахыг дэлхийн 95 оронд зөвшөөрчээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 19

АНУ-ын “Pfizer” компани КОВИД-19-ийн “Паксловид”  эмээ хөгжиж буй 95 оронд зориулан үйлдвэрлэж, худалдаалахыг зөвшөөрөх гэрээ байгуулжээ. НҮБ-ын дэмжлэгтэй “Medicines Patent Pool” байгууллагатай байгуулсан энэхүү гэрээ нь эмийг дэлхийн хүн амын 53 хувь буюу  Сахарын цөлөөс өмнөх Африкийн бага болон дундаас доош орлоготой бүх улс, дундаас дээш орлоготой зарим улсад хүртээх боломжийг бүрдүүлэх аж. 

Гэхдээ КОВИД-19 өргөн тархаад буй Бразил гэх мэт хэд хэдэн орныг оруулаагүй байна. “Pfizer”-ын мэдэгдсэнээр, энэхүү эм нь халдвар хүндрэх эрсдэлийг бууруулж байгаа нь туршилтаар батлагдсан аж. “Pfizer”-ийн хөгжүүлсэн вакцин дэлхийд даяар хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа бөгөөд халдвараас сэргийлэхэд 89 хувийн үр дүнтэй нь батлагдсан. Харин тус компанийн КОВИД-19-ийн  эмийг ХДХВ-ийн эсрэг эм болох ритонавиртай хослуулан хэрэглэх бөгөөд хэрэглээнд нэвтрүүлэхэд ерөнхийдөө бэлэн болоод байгаа аж. 

“Pfizer” бага орлоготой орнууд дахь борлуулалтаас роялти авахгүй бөгөөд ДЭМБ КОВИД-19-тэй холбогдуулан онцгой байдал тогтоосон хэвээр байгаа цагт гэрээнд орсон орнуудыг роялтинаас чөлөөлнө гэдгээ мэдэгджээ.  “Medicines Patent Pool” байгууллагын тэргүүн Чарльз Гор лицензийн талаар хэлэхдээ, ууж хэрэглэдэг энэхүү эм нь бага, дунд орлоготой орнуудын хувьд ихээхэн ач холбогдолтой бөгөөд өвчтөнүүдийн амь насыг аврахад амин чухал үүрэг гүйцэтгэнэ гэжээ. Гэрээнд Африк, Азийн орнууд голчлон багтсан ч Бразил, Хятад, Орос, Аргентин, Тайланд зэрэг халдвар өргөн тархсан орнууд ороогүй байна. “Pfizer”-ийн  бүтээсэн уг эм эрэлттэй байхаар байгаа бөгөөд ирэх сарын эцэс гэхэд 180 мянга,  2022 оны сүүлчээс эхлэн 50 сая таблетикийг үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. Түүнчлэн “Pfizer” КОВИД-19-ийн эсрэг эмнийхээ үнийг улс орон бүрийн орлогын түвшинд үндэслэн өөр өөр  тогтоохоор төлөвлөж байгаа ажээ.

Тухайлбал, АНУ-д нэг курс эм ойролцоогоор 700 ам. доллароор борлуулагдах аж. “Pfizer” тэргүүтэй эмийн компаниуд нь КОВИД-19-ийн вакцинуудынхаа патентыг цуцлах уриалгыг хүлээн авахаас цааргалсаар ирсэн юм. Хил хязгааргүй эмч нарын нийгэмлэгийн зүгээс дээрх гэрээгээр “Pfizer”-ын эмийг дэлхий даяар хэрэглэх боломжийг нээгээгүйд сэтгэл дундуур” байгаагаа илэрхийлжээ.“Цар тахлыг хяналтад авахын тулд КОВИД-19-ийн тархалтыг хумих эмнэлгийн хэрэгслүүдийг хүн бүхэнд хүртээмжтэй байлгах хэрэгтэй гэдгийг дэлхий дахин мэддэг болсон” гэж тус нийгэмлэгийн хуулийн бодлогын зөвлөх Юаньчион Ху мэдэгдсэн байна. Өнгөрсөн аравдугаар сард Америкийн “Merck” эмийн компани КОВИД-19-ийн “Молнупиравир” эмээ үйлдвэрлэхийг эм үйлдвэрлэгчдэд зөвшөөрөх гэрээг “Medicines Patent Pool” байгууллагатай байгуулсан билээ. Америкийн “Merck” болон “Ridgeback Biotherapeutics” эмийн компанийн хамтран бүтээсэн “Молнупиравир” эм халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барах эрсдэлийг 50 хувиар бууруулж буйг судалгаагаар тогтоожээ. АНУ-ын Хүнс, эмийн газар /FDA/ вирусний эсрэг үйлчилгээтэй Молнупиравир хэмээх энэхүү эмийг яаралтай журмаар ашиглахыг зөвшөөрвөл халдварын эмчилгээнд ашиглах анхны  ууж хэрэглэх эм болно.

“Merck” судалгааны үр дүндээ тулгуурлан Хүнс, эмийн чанарын хяналтын газраас аль болох ойрын хугацаанд зөвшөөрөл хүсэхээр төлөвлөж байгаагаа мэдэгджээ. “Airfinity” судалгааны байгууллагын мэдээлснээр одоогийн байдлаар дэлхийн  10 улс уг эмийг худалдаж авахаар хэлэлцээр хийж, гэрээнд гарын үсэг  бөгөөд үүний найм нь Ази, Номхон далайн бүс нутгийн орон байгаа аж. Мэргэжилтнүүд “Молнупиравир вакцины талбар дахь  тоглоомын дүрмийг өөрчлөх шинэ гарц байж магадгүй. Гэхдээ коронавирусийн эсрэг  вакцин дээр гаргасан алдаагаа давтахгүй байх ёстой" гэж үзэж байна.

Өвчтөн КОВИД-19-өөр халдварласан гэж  оношлогдсоны дараа молнупиравирын эмчилгээг эхлүүлж болох бөгөөд таван өдрийн турш, нийт 40 шахмал эм ууна. “Merck” судалгааны үр дүнгээ хүлээх хугацаандаа эмийн тунгуудыг үйлдвэрлэж байсан бөгөөд энэ оны эцэс гэхэд 10 сая тунг үйлдвэрлэх төлөвтэй байна. АНУ-д одоогийн байдлаар КОВИД-19-ийн эмчилгээнд хэрэглэх вирусний эсрэг нэг эмэнд зөвшөөрөл олгоод байгаа нь Ремдесивир  юм. Гэхдээ энэ эмийг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд судсаар хийх тул өргөн хүрээгээр хэрэглэх боломжгүй байна.

Вакцин эм хоёрын аль нь илүү үр дүнтэй вэ?

Вакцин бол хамгийн сайн хамгаалалт хэвээр байгаа гэдгийг холбогдох мэргэжилтнүүд анхааруулсаар байна. Учир нь, вакцин КОВИД-19-өөр халдварлах магадлалыг  бууруулж чадна. Гэхдээ вакцины хүртээмж дэлхийн улс орнуудад харилцан адилгүй байгаа юм.  Сиднейн их сургуулийн дэд профессор Ниал Вийт "Вакцинд хамрагдах боломжгүй олон хүмүүс байсаар байна. Тэгэхээр эм нь нэгэнт вирусээр халдварласан хүмүүсийн хамгийн зөв шийдэл байх болно" гэжээ.

Гэхдээ эм нь зарим хүний  вакцинд итгэх итгэлд  хүндрэл учруулж болзошгүй  нь Австрали зэрэг хэд хэдэн оронд ажиглагдсан байна. Учир нь, хүмүүс  тариа тариулахаас илүүтэйгээр эм уухыг илүүд үздэг аж. Гэхдээ ямар ч  эм вакциныг орлохгүй гэдгийг мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top