Шатахууны үнэ өссөнд хэн буруутай, үүнд хэн хяналт тавих ёстой вэ. Энэ асуултад монголчууд бид тун төвөггүй хариулна. Шууд л Засгийн газар буруутай, Засгийн газар хяналт тавих ёстой гэж хариулж байна. Хэдийгээр Засгийн газар шатахууны асуудалд анхаарал тавих ёстой ч, юм л болбол хойд талын хар овоохой гэдэг шиг бүгдэд Засгийн газрыг буруутгаж болдоггүйг нь Орост болж буй үйл явдлаас харж болох юм. Тус улсад манайхтай адил шатахууны хомсдол, үнийн өсөлт үүссэн. Үнэ өсгөлөө гэж Орост жолооч нар нефтийн компаниудынхаа эсрэг жагсч, тэднийг буруутгаж байна. Харин Монголд хувийн бизнест нь хөндлөнгөөс оролцоод байх боломжгүй Засгийн газраа буруутгах юм. Шатахууны хомсдолыг арилгах, үнэ өсгөсний шалтгааныг тодруулах, үнийг бууруулах тал дээр Орост Монополийн эсрэг алба нь эрч хүчтэй шуурхай, хэрэглэгчдийн төлөө ажиллаж чадаж байна. Тус албанаас томоохон нефтийн компаниуд болох "ЛУК ойл", "Газпром-нефти" болон "Роснефть" компаниудыг үнийн хөөрөгдөл бий болгосон гэж өндөр торгууль тавихаа мэдэгдэж энэ тухайгаа зарлажээ. Хуулиа мөрддөг улс орон, хийх ёстой ажлаа мэддэг хүмүүс гэж өөр юм аа. Монгол Улсад ч ийм үүрэг зорилготой, монополийг хянадаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газар гэж бий шүү дээ. Гэтэл энэ бүтэц харин ч нефть импортлогчдоо өмгөөлдөг, хариуцлага тооцлоо гэхэд том компаниудыг 250 мянган төгрөгөөр торгож, эрх ашгийг нь хамгаалах ёстой хэрэглэгчдээ доромжлох юм. Энэ тухай болон оросууд шатахууны хомсдол, үнийн өсөлттэй хэрхэн тэмцэж байгаа талаар Оросын хэвлэлд ингэж бичжээ. Эндээс жолооч нар, нефть импортлогчид санаа авч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрынхан ажлаа шударгаар, хэрэглэгчдийн төлөө хийх гэж ганц удаа ч болов оролдоод үзээсэй. Энэ оны эхний таван сарын хугацаанд газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үнэ ОХУ-ын 80 бүс нутагт нэмэгдсэн байна. Нэг литр А-92 авто бензины үнэ 23-37 рубль байна. Оны эхнээс бензиний үнэ 8.7 хувиар өссен. Үнэ өсгөсөнтэй холбогдуулан ОХУ-ын Монополийн эсрэг алба /ФАС/ томоохон нефтийн компаниудад өндөр торгууль тавихаа мэдэгдэж сануулга өгсөн байна. Оросын статистикийн газрын судалгааны дагуу 2011 оны тавдугаар сард бензиний үнэ дөрөвдүгээр сарын үнэтэй харьцуулбал зургаан хувиар өссөн байна. Ер нь энэ онд авто тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн хувьд газрын тосны бүтээгдэхүүний үнэ 13.5 хувиар өсчээ. Өнгөрсөн тавдугаар сард Аи-80, А-92 6.3 хувь, Аи-95 болон өндөр октантай бензин 5.2 хувь, дизель түлш 3,5 хувиар тус тус өссөн байна. Газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн үнэ ОХУ-ын 80- 83 бүс нутагт нэмэгдсэн бөгөөд хойд бүсэд хамгийн ихээр буюу 14.2 хувиар өсчээ. Москва болон Санкт-Петербург хотуудад 7.3 ба 3.4 хувиар тус тус өссөн байна. Өөрөөр хэлбэл, хэрвээ 2010 оны эцсээр Аи-80 бензиний үнэ 20,09 рубль байсан бол таван сарын дараа түүний дундаж үнэ гурван рублиэр нэмэгдэн 23.21 рубль болсон байна,2010 оны аравдугаар сарын байдлаар А-92 бензины үнэ 23.42 рубль байсан бол 2011 оны тавдугаар сард 25.11 рубль болж өссөн. Мөн Аи-95 бензины үнэ 25.29 рублиэс 26.89 рубль болж өссөн байна. Дизельтүлшийн үнийн хувьд 23,10 рублиэс 24,43 рубльд хүрсэн байна. Жижиглэнгийн худалдаанаас гадна боловсруулах үйлдвэрээс гарч байгаа үнэ бас л нэмэгдсэн байна. 2010 онд газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид А-92 бензиныг 12,33 рублиэр санал болгож байсан бол энэ оны тавдугаар сард 13.36 рублиэр зарж байгаа юм байна. Нөгөөтэйгүүр газрын тосны бүтээгдэхүүний жижиглэн худалдааны дундаж үнэ боловсруулах үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүний үнэтэй харьцуулбал 1.8-2, (2010 оны тавдугаар сард 1.8-1.9) дахин үнэтэй байсан байна. Тавдугаар сард Чукоткийн шатахуун түгээх станцад газрын тосны бүтээгдэхүүний үнэ хамгийн өндөр байсан бөгөөд А-92 бензины үнэ 37.70 рубль байжээ. Дараа нь хойд бүс нутаг орж байгаа бөгөөд нэг литр бензины үнэ 31,69 рубль, Камчаткад 31,69 рубль байв. Оросын Алс дорнодын газрын тосны зах зээлийн хувьд бензины жижиглэнгийн худалдааны үнэд тээвэрлэлтийн зардал нэмэгддэг бөгөөд тээвэрлэлтийн зардал өндөр байдаг байна. Учир нь энэ бүс нутагт томоохон гэгдэх нэг боловсруулах үйлдвэр байдагтай холбоотой. Оросын дотоодын зах зээлийн жижиглэнгийн худалдааны үнийн харьцангүй их хувийг шатахуун түгээх станцын нэмэгдэл эзлэж байдаг. Ялангуяа Москва хотын шатахуун түгээх станцуудын нэмэгдэл их байдаг. Москва хот руу тээвэрлэх зардал бага байдаг. Учир нь, гурван томоохон боловсруулах үйлдвэр Москва хотын ойролцоо байдаг. Оросын Монополийн эсрэг албаны дарга Игорь Артемьев хэлэхдээ ОХУ-ын хуулийн дагуу компанийн борлуулалтын орлогын нэгээс доошгүй хувиар торгууль тавина гэж заасан байдаг гэхдээ энэ үнийн хөөрөгдлийн асуудал давтагдаж байгаа тул илүү өндөр торгууль тавина гэв. Үүнээс гадна хэрэв ийм асуудал дахин гарвал тус компанийн удирдлагуудыг эрүүгийн хуулиар шийтгэнэ гэжээ. Мөн Оросын авто тээврийн хэрэгсэл эзэмшигчид дахин эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Үндэсний шуудан сонин
Сэтгэгдэл ( 0 )