С.Баттулга: Соёлын яам “Утгын чимэг”-ийг анхаарч байгаа нь том дэмжлэг

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 19

Монголын зохиолчдын  эвлэл /МЗЭ/-ээс жил бүр  уламжлал болгон зохион  байгуулдаг  богино  өгүүллэгийн  “Утгын  чимэг” наадам энэ сарын  22-нд  УДЭТ-т  болох  гэж байна. Өдгөө 24 дэх  удаагаа зохиогдож байгаа  тус наадмын зорилго нь  Монголын утга зохиолын  нэгэн өвөрмөц төрөл болох  богино өгүүллэгийн урын  санг баяжуулах, шинэлэг  хэлбэрээр туурвисан, шинэ  үеийн уншигчдын оюуны  таашаалд  нийцэхүйц  шилмэл бүтээлийг олны  хүртээл болгоход оршдог.  Мөн  сэдвийн  хувьд  чөлөөтэй, утга зохиолд шинэ  туурвил зүйг бий болгоход  чиглэсэн богино хэмжээний  хүүрнэл зохиол, өгүүллэг  өрсөлддөг  билээ.  МЗЭ- ийн Удирдах зөвлөлийн  гишүүн, МЗЭ-ийн шагналт  зохиолч С.Баттулгатай тун  удахгүй болох “Утгын чимэг”  наадмын талаар товчхон  ярилцлаа.


-Энэ удаагийн “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам С.Удвал ахайтны 100 жилийн  ойг таширдуулан хийж байгаа  билээ. Энэ жилийн наадмын  онцлог нь юу байх вэ?

-МЗЭ-ээс жил бүр оны шилдэг  богино өгүүллэг шалгаруулах  “Утгын чимэг” наадмыг зохион  байгуулдаг болсноос хойш багагүй  хугацаа өнгөрсөн байна. Хамгийн анх “Шувуун саарал” нэртэйгээр  1990 онд зохиогдоход Л.Түдэв гуай  “Эрхий дарам зай” өгүүллэгээрээ  тэргүүн байр эзэлж байсан. Дараа  нь 1993 оноос нэрийг нь “Утгын  чимэг” болгон өөрчилсөн түүхтэй. Зарим жилүүдэд зохиогдолгүй  өнжиж байсан ч үргэлжлэн явагдсаар өдгөө 24 дэх удаагаа  зохиогдох гэж байна.

Энэ удаагийн  наадмын онцлог гэвэл Ардын  хувьсгалын 100 жил, ХХ зууны төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн  шагналт зохиолч Сономын Удвал  ахайтны мэндэлсний 100 жилийн  ойтой таширлаж байгаагаараа  онцлогтой юм.

-Наадамд нийт хэдэн бүтээл ирсэн бэ. Зохиолчдын чанар чансаа, ур хийц, шидээвэр санаа илэрхийлэх тал дээр шүүмжлэлтэй болоод магтууштай нь юу байна вэ?

-Нийтдээ  50  гаруй  бүтээл  ирсэн. Тэдгээрээс шилдэг 10  бүтээлийг нь авч үлдэхийн тулд шүүгчдийн бүрэлдэхүүн тодорхой хугацаанд уйгагүй уншиж шалгарууллаа.

Зохиолчид маань бүтэн жилийн турш зохиол бүтээлээ урлаж, дотор сэтгэлдээ битүүхэн догдлон хүлээдэг нэр хүндтэй наадамдаа муу бүтээл ирүүлэхгүй нь тодорхой шүүдээ. Тийм болохоор энд алдаа оноо, ур хийцийн талаар дүгнэж  яримааргүй байна.   

-Энэ жилийн наадамд хэн, хэний бүтээл шалгарч үлдсэн бэ, шалгарсан бүтээлийн юуг нь онцолж харсан бэ?

-Д.Цэнджавын “Хийлч”,  П.Батхуягийн “Агь нүдэлж  байлаа”,  М.Эрдэнэбатын “Зүүдэлсэнгүй яв аа”, С.Пүрэвсүрэнгийн “Шаазгай үр”,  Г.Болормаагийн “Сэтгэлийн  амь”,  Т.Дарханхөвсгөлийн  “Тэнгэр дуугаргадаг хүн”, Г.Даваасүрэнгийн “Нохойны нулимс”,  О.Энхжавхлангийн “Тэмдэгт  нэгэн ово ”, Б.Цоожчулуунцэцэгийн “Ах”, Х.Эрдэнэцэцэгийн “Уулын  зөрөг” гэсэн нийт 10 зохиолчийн өгүүллэгүүд шалгарч үлдсэн. Бид уг 10 өгүүллэгийг аливаа уран бүтээлийг яаж шалгаруулдаг билээ тэр л дүрэм журмын  дагуу мэргэжлийн ур чадвар, утга найруулга, онцлог шинж  зэргээс гадна өмнө бичигдсэн сэдвийг давтсан эсэх гэхчилэн олон шалгуур үзүүлэлтээр шүүж шалгаруулсан.

-Таны хувьд өмнө нь тус наадамд хэдэн удаа орж байсан. Ямар амжилт үзүүлж байсан бэ?

-Миний хувьд үргэлжилсэн үгийн зохиол бичиж эхэлснээсээ  хойш цөөнгүй удаа шилдэг аравт үлдэж, түрүүгээс бусад байруудыг эзэлсэн гэхэд нэг их буруудахгүй шүү /инээв/.

-“Утгын чимэг” наадмын шилдэг өгүүллэгүүдийг болон зохиолчдын ном бүтээлийг Зохиолчдын эвлэлээс хэвлүүлэх зэрэг шагнал урамшуулал бий юу. Соёлын  яамнаас ямар оролцоотой  ажиллаж байгаа вэ?

-Өмнө нь МЗЭ-ээс “Утгын чимэг”  наадмын түрүү өгүүллэгүүдийг  нэгтгэн ном, цомог бүтээж уншигч,  сонсогчдодоо хүргэсэн нь тухайн  үедээ  нэлээн  эрэлттэй  ном  товхимолын тоонд орж байсан.  Харин түрүүлсэн зохиолчийн ном  бүтээлийг хэвлүүлэх тал дээр бол  компани, хувь хүмүүсийн зүгээс  тухайн зохиолчийн уран бүтээлийг дэмжих байдлаар амлалт өгч  байгаа нь харагддаг л даа.

Ер  нь Зохиолчдын  эвлэл  мөнгө  санхүүгийн асуудалтай байлаа ч  жилийн жилд “Болор цом”, “Утгын  чимэг” хоёроо тасалдуулалгүй  зохион байгуулахаас гадна зохиолчдынхоо гал голомтыг  өдий зэрэгтэй бадрааж ирсэнд  нь үе, үеийн удирдлагууддаа  талархах хэрэгтэй. Энэ жилийн хувьд гэвэл “Утгын чимэг” наадмыг Соёлын яам тодорхой хэмжээгээр санхүүжүүлж байгаа нь бидэнд  маш том дэмжлэг болж байна.

-Наадамд шалгарсан  өгүүллэгүүдийг хүнд хүргэж унших үүрэгтэй уран уншигчид  гэж бий. Тэднийг хаанаас сонгон шалгаруулж байна вэ, эсвэл  зохиолчид нь өөрсдөө сонгож байна уу?

-Шалгарсан өгүүллэгүүдийг тайзан дээрээс үзэгч сонсогчдод өөрсдийн дуу хоолойгоор хүргэдэг уран уншигчид гэдэг бол маш  чухал хүмүүс шүү дээ. Зохиолчид маань өөр өөрсдийнхөө сонгосон  уран уншигчдадаа өгүүллэгээ өгч тодорхой хугацаанд бэлдүүлдэг.  Харин уран уншигчаа олж, сонгож  чадахгүй байгаа зохиолчидтойгоо зөвлөлдсөний үндсэн дээр уран уншигч олж өгч туслах зэрэг тохиолдлууд бий л дээ.

Жилийн жилд СУИС-ийн Тайзны урлагийн тэнхимийн багш нар, Үндэсний телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгчид зэрэг чадварлаг, авьяаслаг жүжигчдээс эхлээд Гавьяат жүжигчид өгүүллэгүүдийг уншиж амилуулдаг.

“Утгын  чимэг” наадмын тайз бол зөвхөн  зохиолчдын бүтээлүүд өрсөлддөг төдийгүй уран уншигчид маань ч авьяас чадвараараа өрсөлддөг тийм л алтан тайз юм. Тэр ч утгаараа хамгийн шилдэг гэсэн нэг уран уншигчийг шалгаруулж  шагнадаг уламжлалтай.

-МЗЭ энэ  жил  Удирдах  зөвлөлийн даргаа сонгож, Үндэсний төвүүдийнхээ бүрэлдэхүүнийг шинэчилсэн. Шинээр бүрдсэн Хүүрнэл  зохиолын үндэсний төв ирэх дөрвөн жилийн хугацаанд  ямар, ажил хийж бүтээх төлөвлөгөөтэй байна вэ?

-МЗЭ-ийн нийт гишүүд өнгөрсөн  дөрвөн  жилээ  дүгнэж,  ирэх  дөрвөн жилийнхээ удирдлагуудыг сонгох хариуцлагатай бөгөөд түүхэн цаг мөчүүдийг хамтдаа бүтээлцлээ. Энэ удаагийн ХVII  их чуулганаар МЗЭ-ийн болон  Д.Нацагдоржийн шагналт яруу  найрагч Б.Ичинхорлоо сонгогдлоо.

Үндэсний төвийн гишүүд ч мөн  шинэчлэгдэн сонгогдоод хэдхэн хонож байна. Тэгэхээр бидний  хамгийн түрүүнд хийх ажил бол энэ удаагийн “Утгын чимэг-2021”  наадам болоод байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(202.126.89.26) 2021 оны 11 сарын 19

Жинхэнэ гоё мэргэжлийн түвшинд бичдэг зохиолчид нь яагаад бүтээлээ өгдөггүй юм бол гэж гайхдаг.Хэдэн бүтэхгүй хүмүүс жил бүр л албаа хааж байгаа юм шиг байж байх юм.балай зохиолчид дандаа танил тал ичмээр санагддаг шүү

0  |  0
Зочин(192.82.67.140) 2021 оны 11 сарын 19

Нутгийн дүүд амжилт. Хамгийн эхний уралдаанд шударгыг эрхэмлэвээс дараагийн ажилд тань хүндрэл бага гармой

1  |  0
Top