Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ЧАЙ ЖИНЬ ЦЭЦЭГ ХАТГАЖ ДОТООД ОРДОНД ОРСОН ЛИ КҮЙ ӨЛЗИЙТ ШӨНӨ ДУНЖИН ХОТЫГ ТҮЙВЭЭСЭН
Өгүүлэх нь мөн өдөр Сүн Жян бээр шударга журмын танхимд дэнлүүний найрт эчих хүмүүнийг дайчлан салгаж өгүүлрүүн:
-Чай Жинь бид хоёул нэгэн зам, Ши Жинь, Мү Хүнхоёул нэгэн зам, Лу Жи Шэнь, Ү Сүн хоёул нэгэн зам, Жү Түн, Лю Тан хоёул нэгэн зам, ганц ийн дөрвөн замын хүмүүн одмуй, үлсэн бус хүмүүн уулнаа хоцорч цайзыг сахитугай хэмээхэд Ли Күй өгүүлрүүн: - Сонсохул эзэн хот Дунжин-ий цэцэгт дэнлүү адбиш сайхан хэмээх тул би бас нэгэн удаа эчихийг хүсмүй хэмээхүл Сүн Жян өгүүлрүүн: - Чи эчиж хэрхэн болмуй? хэмээсэнд Ли Күй үг дагахгүй хэрхэвч одсугай хэмээх тул Сүн Жян өгүүлрүүн: - Чи хэрвээ тэнд эчвээс хэрэг татаж яршиг гаргаж болохгүй, ганц зардасны ёсоор засаж хувцаслаад намайг дагаж явагтун хэмээгээд Янь Чин-г дуудаж Ли Күй-д хань болж явагтун хэмээв.
Сүн Жян хэмээгч нүүрээ шивүүлсэн хүмүүн тул эзэн хот Дунжин-д эчиж хэрхэн болмуй? Хэдий тийн хэмээвч үзэх мэргэдэд толилуулах нь угт амьд оточ энэ Дао Чуань уулан цайзнаа ирснээс хойш нүүрт нь эм түрхэж шивсэн үсгийг идүүлээд сайн эмээр шивж сорви гаргаад алтыг хэмхчиж хасыг нунтаглан өдөр дараалан түрхсэнээр улаан сорви оргүй болов. Эртний эмийн бичигт "цул хас цоохрыг засмуй" хэмээсэн нь чив хэмээн үүнийг өгүүлсэн бөлгөө. Мөн өдөр Ши жинь, Мү Хүн аяны хүмүүнээр засаж урьд мордов, хойно Лу Жи Шэнь, Ү Сүн бадарчин тойноор хувцаслаж хөдлөв, түүний дараа Сүн Жян, Чай Жинь, Жү Түн, Лю Тан нар бас аяны хүмүүнээр чимэглэж, охор илдээ суйрч дам илдээ барьж, биедээ зэвсэг нууж залгаа залгаагаар мордсоныг түр өгүүлэх үгүй.
Жич өгүүлэх нь Сүн Жян, Чай Жинь хоёул түшмэлийн ёсоор зассан хойно Дай Зүн-г гочигийн дүрээр хувцаслаж эчээд бачим хэрэг тулгарваас нисэх мэт хойш эгж чимээ хүргэтүгэй хэмээв. Төдийд Ли Күй, Янь Чин зардасны янзаар засаж юм хүмийг дамнан уулнаас буухуйяа олон дайван нар Жинь Ша Тань оломд хүргэж ирээд үдэх дарс барьсан хойно цэргийн багш Ү Юн бээр Ли Күй-ийн зүг ийн захируун: - Дүү чи энгийн үед уулнаас бууваас явдал гаргаж яршиг татдаг бөлгөө. Эдүгээ ахын хамт Дунжин хотноо дэнлүү үзэхээр эчих нь урагш өдөр лүгээ үлгэрлэж болохгүй. Аяны замд архийг цээрлэж, элбэг хэрэгт болгоомжтой яв. Анхны аашаа хэрхэвч гаргаж болохгүй. Хэрвээ цөлт мөлтөөр үйлдэж хэрэг түвэг татваас ах дүү нар лугаа дахин уулзахуйяа бэрх болмуй хэмээхүйеэ, Ли Күй өгүүлрүүн: - Цэргийн багш сэтгэлээ сул тавь. Дүү би энэ удаа хэрхэвч хэрэг гаргахгүй хэмээгээд салах ёсыг хийж, аяны замыг өлгөн аваад Жижоу фү-г ороон, Тэнжоу фү- ээр өнгөрч, Шаньжоу фү-г дайрч, Цаожоу фү-г чиглэн явсаар нэгэн өдөр Дунжин хотын түмэн өлзийт хаалга Вань Шоу Мэнь-ий гадна ирээд нэгэн буудлын газар эрж буув.
Тэр өдөр чив хэмээн цагаан сарын арван нэгэн болох тул Сүн Жян бээр Чай Жинь-ий зүг зөвлөрүүн: - Миний бие маргаадрын өдөр аймшиггүй хотод орж болохгүй, цагаан сарын арван дөрвөний шөнө хөл үймээнтэй болох тул тэр цагт хотод орвоос сая болмуй хэмээхэд Чай Жинь өгүүлрүүн: - Дүү би маргаадрын өдөр Янь Чин лүгээ хот орж зам үзсүгэй хэмээвээс Сүн Жян: - Тийн бөгөөс их л сайн хэмээв. Жич өдөр Чай Жинь цэвэр хувцсыг сольж, шинэ малгай даран, оймс шаахай халж өмсөв. Янь Чин бас оройгоосоо аваад улд хүртэл засаж хувцаслав. Түүнээс хоёул буудлын газраас гарч хотын гаднах айл өрхийг ажваас гэр бүхэнд хөөр бялхаж, өрх бүхэнд баяр болж арван тавны өлзийт шөнийн найрыг бэлтгэж энх цагийн үлэмж цэнгэлийг угталцан яаралдмуй. Хотын хаалганаа хүрч ирвээс хориглон байцаах хүмүүн нэг ч үгүй, нүд өргөн үзвээс Дунжин хэмээгч үнэхээр хосгүй сайхан хот ажгуу. Үзвээс:
Жоу-ын нэрийг Бянь Шүй хэмээж, Фү-ийн цолыг Кай Фэн хэмээмүй. Ү, Чү газрын захад залгалдан, Чи Лү улсын хязгаарт үргэлжилжээ. Уул усны үзэмж гайхалтай, усан хуурайн бартаа үлэмж. Эрт цагийн Юй хаан Юйжоу-д зураглаж, язгуур галавын Жоу хаан Жэн-ийн газар хэмээн өргөмжилжээ. Уул орой хэвтээ үхрийн хэлбэртэй, агаар тэнгэрийн эсэрваа хүйсийг тулгуурласан мэт, хад чулуҮ Сү угаа барсын байдалтай, хурмаст тэнгэрийн хорин найман од жагсаасан адил. Жинь Мин нүүрийн дээрх гурван хаврын уд, Сяо Юань хотын доторх дөрвөн улирлын цэцэг. Арван түмэн бээрийн хөгжил жаргалтай нутаг, дөрвөн зуун жюнь жоу-ын гол хүйс болсон орон. Эвгэр эвгэр бэлгэт үүл бор харшийг ороож, хөвгөс хөвгөс өлзийт уур хас асарт тунармуй.
Төдийд Чай Жинь, Янь Чин хоёул хотод орж хааны ордны зээлээр нааш цааш эргэлдэн дуудсаар Дүн Хуа Мэнь хаалганы гадна гарваас магнаг дээл хэдэрч цэцэгт малгай дарсан хүмүүн хойш урагш зөрөлдөн Чай Жинь пүүс, дарсны асарт орж суумуй. Чай Жинь төдийд Янь Чин-г дагуулан нэгэн бяцхан дарсан асар дээр гарч зээлийн зүг хандсан нэгэн өрөөнөө орж хэрсгийг түшин дорогш харваас магнайвч малгайнаа хөх навчит цэцэг хатгасан жасааны хиа нар хүрээнээс гадагш дотогш орж гарах тул Янь Чин-г дуудаж чихэнд нь ийм тийм хэдэн үг шивнэсэнд Янь Чин хэмээгч тэргүүн дохимогц учир мэдэх сэргэлэн хүмүүн тул ямар учрыг ухчлан асуухгүйгээр мэндэн сандан асраас бууж пүүсийн үүднээс гарч эчтэл нас ахисан нэгэн жасааны түшмэл түүний өөдөөс алхаж ирсэнд Янь Чин бие мөхийн амар асууваас тэр хүмүүн өгүүлрүүн: - Анх өдөр авгай лугаа ер уулзсангүй хэмээхэд Янь Чин өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүний өршөөлт эзэн угаас ноён таны хуучин нөхөр болох тул тухайлан намайг зарж эрхин таныг залуулж баймуй хэмээгээд тэр хүмүүний чухам овог хэдий ван хэмээвч Янь Чин зоримгоор: - Эрхин авгай Жан овогт ноён бус уу? хэмээхэд тэр хүмүүн:
- Би болбоос Ван овогт болой хэмээхүйеэ Янь Чин амны аяар ийн өгүүлрүүн: - Чив хэмээн Ван овогт ноёныг залагтун хэмээсэн боловч өчүүхэн хүмүүн яарсаар байгаад умартав хэмээгээд тэр хүмүүнийг асар дээр дагуулан авчирч орхиулыг өргөн дотогш ороод Чай Жинь-ий зүг өгүүлрүүн: - Ван овогт ноёныг залж ацрав хэмээгээд түүний гар дахь жасааны тэмдгийг тосон авахуйяа Чай Жинь өрөөнөө урьж харилцан ёслон золгосон хойно Ван овогт жасааны түшмэл бээр Чай Жинь-ийг нэгэн зэрэг шинжээд ийн өгүүлрүүн: - Доорд хүмүүн нүд хагархай тул эрхин авгайг ташааран умартав, хүмүүн илгээж дуудуулсан учир хүндэт алдрыг сонсохыг хүсмүй хэмээхэд Чай Жинь инээн өгүүлрүүн: - Дүү би хараахан багаас авгай лугаа зузаан нөхөрлөсөн бөлгөө. Би түр хэлэхгүй эрхин ах сайтар бодож үзэгтүн хэмээгээд пүүсийн зарцыг дуудаж архи мах, алим жимс ацруулснаа Янь Чин дарс хэмнэж найр тавин уулгаж нэлээд халамшсан хойно Чай Жинь асууруун: - Эрхин ноён энэ цэцгийг зүүх учир юун? хэмээвээс Ван овогт түшмэл өгүүлрүүн: - Эдүгээ тэнгэрийн хөвүүн арван тавны өлзийт шөнийн өвтэгш найрыг үүсгэхээр дотоод ордны хорин дөрвөн багийн зургаан мянга шахамхүмүүнд тус бүр нэжгээд хөх навчит алтан цэцэг хайрлав. Энэхүү цэцгийн дээр “иргэн лүгээ хамт цэнгэлдмүй” хэмээх дөрвөн үсэг сийлсэн алтан пайз байх тул өдөр бүр захиа буулган байцааж үзмүй. Ордны цэцгийг зүүж хэмэрлэг дээлийг өмсвөөс асуух үгүйгээр дотоод ордонд оруулмуй хэмээхүл Чай Жинь өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн үүнийг харин мэдэхгүй хэмээгээд дахин бас хэдэн хундага уулцсан хойно Чай Жинь бээр Янь Чин-ий зүг өгүүлрүүн: - Чи эчиж нэгэн хувин дарсыг халуулж ацрагтун хэмээсэнд Янь Чин гарч эчээд удсангүй дарс халуулан ацарснаа Чай Жинь суудлаас босож нэгэн хундага архи хэмнээд: - Өчүүхэн дүүгийн өргөн барих нэгэн хундага халуун дарсыг тогтоосон хойно овог нэрээ гаргаж хэлсүгэй хэмээхүйеэ Ван овогт түшмэл өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн үнэхээр бодож олохгүй болов. Эрхин таны их алдрыг сонсохыг хүсмүй хэмээгээд хундагыг аваад нэгэнт хөнтөрсөнд завжнаас шүлс цувирч суудал дээр араараа саван унаснаа Чай Жинь дээл малгай ойм шаахайгаа яаран тайлж, Ван овогт жасааны түшмэлийн хэмэрлэг дээл, магнаг өвдгөвч, угалзт шаахай зэргийг тайлж өмсөөд цэцэгт малгайг тэргүүндээ дарж, жасааны тэмдгийг гартаа барьсан хойно Янь Чин-д ийн захируун: - Пүүсийн зарц ирж асууваас энэ ноён дарс ууж согтов. Нөгөө ноён харьж ирээгүй хэмээн өчигтүн хэмээснээ Янь Чин өгүүлрүүн: - Захиж хэлэх хэрэггүй, надад хариулах үг баймуй хэмээв.
Төдийд Чай Жинь дарсан пүүсээс салаад Дүн Хуа Мэнь хаалганы дотор орж дотоод ордныг үзвээс үнэхээр хүмүүний орчлонгийн диваажин байсан ажгуу:
Бэлгэт үүл гардийн асрыг ороож, өлзийт уур луун харшийг бүрхжээ.
Усан болор ваар уран хачин саравчинд гэрэлтэж, яст мэлхийн орхиул индранил үүдийг илбэжээ. Шар зам Гэн Ян Мэнь-д залган, бор хэрэм Чан Чао Дянь-д тулжээ. Тэнгэрийн зүйн мандал одон гарагийг дэлгэж, мөч тэмдэглэх яамнаа бичиг цэргийн түшмэд жагсжээ. Будагт хэрэм зурагт хүрээ, бут бут ногоон найлзуур нисэх дээврийг илбэн, угалзт багана улаан хэрсэг, гүйс гүйс бор цэцэг нян сүйхийг угтжээ. Бодалангийн оронд залран саатаж диваажингийн оронд зорчих мэт.
Түүнээс Чай Жинь тэмдэгт дээл өмсөж цэцэгт малгай зүүсэн тул ордонд орж хаалга дамжин явахад хориглох хүмүүн нэг ч үгүй, шууд явсаар Ци Чэнь Дянь харшаар өнгөрч, Вэнь Дэ Дянь харшид орохуйяа үүд хаалгыг алтан оньсоор оньсолсон тул дотогш орж болохгүй. Цааш эргэж Нин Хүй Дянь-д орж харшийн хажуугаар явсаар "Рүй Сэ Дянь" хэмээх алтан илэрхийлэлт жигүүрийн харшид хүрэв. Энэ хэмээгч эзэн хааны бичиг үзэх ордон бөлгөө. Чай Жинь хажуу талын улаан үүдийг нээн дотогш орж үзвээс төв дунддад эзний суудлыг засаж хоёр этгээдийн ширээнээ зааны соён бийр, цэцэгт цаас, луут зууруул, алтан үсэгт бэх зэргийн бичгийн гэрийн дөрвөн эрдэнийг жагсааж тавьжээ. Ясан шигжүүрт янз бүрийн бичиг судрыг бичгийн тавиур дүүртэл зэрэглэж, цэх дундах ташаалавчийн дээр улс гүрний уул усны зургийг өнгө ялгартал зуржээ. Ташаалавчийн хойно орж үзвээс цагаан бөсийн ташаалавч дээр дөрвөн их хулгайн нэрийг богд эзэн өөрийн гараар сийрүүлэн бичсэн нь:
Шаньдун газрын Сүн Жян
Хуайси газрын Ван Чин
Хэбэй газрын Тянь Ху
Жяннань газрын Фан Ла
Чай Жинь бээр дөрвөн их хулгайн нэрийг үзээд дотроо ийн санаруун: - Улс гүрэн бидэнд түйвээгдэн хөнөөгдсөн учир үүр хүүдэг цээжнээ ахуулж, ийн сийрүүлэн бичсэн ажгуу хэмээгээд хувцасны дотроос нууц зэвсгийг гаргаж "Шаньдун газрын Сүн Жянь" хэмээх хэдэн үсгийг ухаж аваад мэндэн сандан харшаас гартал хэдийн гаднаас хүмүүн орж ирсэн тул Чай Жинь дотоод ордноос гарч Дүн Хуа Мэнь хаалгаар шурган дарсан асар дээр ирж Ван овогт жасааны түшмэлийг үзвээс хараахан сэргээгүй асан тул хэмэрлэг дээл, цэцэгт малгай зэргийг тайлж өрөөнөө тавьж, өөрийн дээл малгайг авч өмсөөд Янь Чин-д захиж дарсны зоосыг бодож өгөөд үлдсэн арван хэдэн хэлхээ зоосыг пүүсийн зарцад шагнасан хойно түүний зүг ийн захируун: - Миний бие энэ Ван овогт ноён лугаа сайн ах дүү болой. Өнөөхөн дарс ууж согтсон тул би түүнийг төлөөчлөн ордноо ороод нэр мэдүүлж иртэл тэр бас хараахан сэргээгүй. Миний бие хотын гадна суух тул цаг удваас хаалга дарах магад үгүй, үлсэн зоосыг цөм чамд шагнасугай. Түүний дээл малгай, тэмдэг зэргийг энд үлдээсүгэй хэмээхэд пүүсийн зарц өгүүлрүүн: - Өршөөлт ноён сэтгэлээ сул тавь, өчүүхэн хүмүүн энэ ноёныг асран сувилсугай хэмээсэнд Чай Жинь, Янь Чин даруй асраас бууж Вань Шоу Мэнь хаалгаар гарч эчив. Ван овогт жасааны түшмэл нойрссоор бүрий тасрах үеэр сэрж үзвээс хэмэрлэг дээл цэцэгт малгай нэгэн этгээдэд байх тул чухам хэрхсэнийг мэдэхгүй гайхаж атал пүүсийн зарц орж ирээд Чай Жинь-ий үгийг зүй зүйгээр гаргаж хэлсэнд Ван овогт жасааны түшмэл зүүд зэрэглээ мэт анагдаж яаран гэртээ эгэв. Жич өдөр хүмүүнээс сонсвоос: - Рүй Сэ Дянь харшийн “Шаньдун газрын Сүн Жян” хэмээх хэдэн үсэг үгүй болсон учир энэ өдөр дөрвөн этгээдийн үүд хаалгыг төмөр суулга мэт бэхлэн сахиж орж гарах хүмүүнийг чандлан байцааж баймуй хэмээсэнд Ван овогт жасааны түшмэл учрыг хэдийн барагласан боловч ямар аймшиггүй дуу гармуй.
Түүнээс Чай Жинь буудлын газартаа эгээд Сүн Жян-д уулзаж дотоод ордноос хаан эзний сийрүүлэн бичсэн их хулгай "Шаньдун газрын Сүн Жян" хэмээх хэдэн үсгийг ухаж авсан учрыг тоочин хэлсэнд Сүн Жян авч үзээд тэсгэлгүй сүүрс алдав. Цагаан сарын арван дөрвөний шөнө тунгалаг саран зүүнээс мандаж, өндөр огторгуйд үүл үгүй цэлмэг асан тул Сүн Жян, Чай Жинь сул түшмэлийн ёсоор хувцаслаж, Дай Зүн гочигийн янзаар засаад, Янь Чин-г зарц хөвүүнээр чимэглээд ганц Ли Күй-г үлдээж гэр сахиулаад дөрвүүл дэнлүүний найр үзэхээр эчих хүмүүний дунд шахалдаж Фэн Чю Мэнь хаалгаар шурган ороод зургаан зээл гурван гудамжаар дуустал тойрвоос шөнө дулаан цаг эевэргүү тул наадаж цэнгэхүйеэ асар тааламжтай ажгуу. Тэндээс урагш явж хөсөг тэрэг зорчих Ма Син Же зээлд ирвээс өрөө бүхэн үүдэн өмнөө өнгөт саравч цогцлон байгуулж цэцэгт дэнлүү бүрхүүлт зул асаасан тул эргэн тойрон өдөр мэт гэгээн тунгалаг, чив чиг асар тагтны дээр доор дэн зул гялбалзаж, уудам зээлийн хоёр захаар хүмүүн морь зорчмуй. Түүнээс дөрвүүл ордны зээлээр хэсэж атал эндээ тэртээ хоёр этгээдэд үүл сарны пайзыг дүүртэл өлгөсөн ажгуу. Түүний дунд эчиж үзвээс нэгэн өрх нь үүдэн гадна хар хөшиг татаж, үүдэн дотор цоохор хулсан орхиул өлгөсөн бөгөөд хоёр талын гэгээвчийг ногоон шаагаар бүрхэж, хоёр этгээдийн өлгөмөл пайзанд тав таван үгийн хос уянга бичсэн нь: - Уянга бичгийн эрдэм хосолсон дагина, урин нисваанисын өнгө бүрдсэн авхай хэмээжээ. Сүн Жян үүнийг үзсэн хойно Чай Жинь пүүст орж цай уух зуур пүүсийн зарцыг дуудаж: - Өмнөх тэр гэр ямар дуучийн гэр болов? хэмээхэд пүүсийн зарц өгүүлрүүн: - Тэр болбоос Дунжин хотын тэргүүн зэрэгт тооцогдох дууч Ли Ши Ши хэмээгчийн гэр болой хэмээвээс Сүн Жян өгүүлрүүн: - Эдүгээх эзэн лүгээ янаг болсон тэр дууч бус уу? хэмээхүл пүүсийн зарц өгүүлрүүн: - Их дуугаар өгүүлж болохгүй, чих нүд нь адбиш, үлэмж буй за хэмээсэнд Сүн Жян бээр Янь Чин-г дуудаж сэмээр захируун: - Миний бие дууч эхнэр Ли Ши Ши лүгээ нүүр учирч дотуур нэгэн бодлого хийсүгэй. Дүү чи арга үүсгэн түүний гэрт эчигтүн. Би энд цай ууж чамайг хүлээсүгэй хэмээгээд Чай Жинь, Дай Зүн лүгээ Чай Жинь пүүсэнд хүлээн суув.
Түүнээс Янь Чин шууд Ли Ши Ши-ийн үүдэн өмнө хүрч ирээд хар хөшгийг сөхөж, хулсан орхиулыг өргөн гол үүдээр дотогш орвоос уран хачныг сийлсэн бүрхүүлт зулыг дээр өлгөж хэрсийн арьсаар бүрсэн өнгөт ширээнээ Пошань уулын гуулин хүлсийг тавьж, түүний дотор үнэрт хүжийг асааж, хоёр этгээдийн цагаан тутарганаа дөрвөн эвхмэл нэрт хүмүүний уул усны зургийг өлгөж, хэрсийн арьсан түшлэгт дөрвөн суудлыг хэрэм дагуулан тавьжээ. Янь Чин үзвээс гэр дотор нэг ч хүмүүн үгүй тул дахин дотогш алхаж орохул харин зочин дайлах их өрөө байсан ажгуу. Өрөөний хаяанд өнгийн шитгэрт агар модны гурван бяцхан ор ширээ тавьж, түүний дээр цэцэг дэлгэж ус мяралзсан хэмэрлэг дэвсгэрийг дэвсэж, хас бүрхүүлт үзэсгэлэн дэнлүү өлгөж, эрт үеийн эд эдлэлийг ил гартал жагсаажээ. Төдийд Янь Чин хоолойгоо засаж дохио өгсөнд ташаалавчийн араас нэгэн шивэгчин гарч ирээд, Янь Чин-д амар асууж ёсолсон хойно ийн асууруун: - Эрхин ахын овог юун нэр хэн, ямар газраас морилон ирэв? хэмээвээс Янь Чин өгүүлрүүн: - Эгч та настай эхийг дуудаж өгмүй, өчүүхэн хүмүүн өчих үг баймуй хэмээсэнд Мэй Сян дотогш ороод дэмий удсангүй Ли эмгэн гарч ирснээ Янь Чин угтан авч суулгаад дөрвөн зэрэг ёслоход эмгэн асууруун: - Залуу хөвүүний овог юун нэр хэн болов? хэмээхэд Янь Чин өгүүлрүүн: - Санаваас настай эх намайг умартсан буй за, өчүүхэн хүмүүн болбоос Жан И-ийн хөвүүн Жан Сянь хэмээгч мөн бөгөөд хараахан багаас гадагш гараад өнөөхөн сая эгжирэв хэмээв. Угт хорвоо ертөнцөд Жан овогт Ли овогт үлэмж олон байхын дээр зулын гэрэлд царай нь сайхан харагдахгүй тул, хөгшин эмгэн нэгэн зэрэг бодлого болсон хойно гэнэт сэхэсхийж: - Хөвүүн чи Тай Пин Чяо гүүрний дэргэдэх бяцхан Жан Сянь бус уу? Хаана эчээд өдий удтал ирсэнгүй буй за? хэмээхэд, Ян Чин өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн энэ орчим гэртээ байсангүй тул үзэхээр ирж чадсангүй, би эдүгээ Шаньдун газрын нэгэн худалдааны хүмүүнийг дагаж баймуй. Энэ хүмүүний эд агуурсыг хэдий тоочивч барахгүй, Янь Нань, Хэбэй газрын тэргүүн зэргийн нэртэй баян, юуны учир энд ирэв хэмээвээс тэргүүнд өлзийт шөнийн дэн зулын найрыг үзэхээр ирэв. Жичид эзэн хотын элгэн саднаа эргэхээр ирэв. Гуравдугаарт Дунжин хотноо наймаа хийхээр ирэв. Дөрөвдүгээрт авхайн нүүрт уулзахаар ирэв. Ямар аймшиггүй дээд ордноо орж гарахыг хүсэмжилмүй. Ганц хамт сууж нэгэн зэрэг найрлаваас сэтгэл ханаж санаа гүйцмүй. Өчүүхэн хүмүүн гайхуулах бус, энэ хүмүүн үнэхээр мянга түмэн лан алтан мөнгө аж дээд ордонд өргөн барьсугай хэмээж баймуй хэмээсэнд энэ эмгэн хэмээгч угаас эд мөнгөнд ховдог, ашиг зоосонд шунахай хүмүүн тул Янь Чин-ий өгүүлснийг сонсоод тэсгэл үгүй сэтгэл хөдөлж, яаран Ли Ши Ши-г дуудаж Янь Чин-д учруулав, Янь Чин бээр Ли Ши Ши-г үзмэгц тэргүүн даран ёслов. Дэнгийн гэрэлд үзвээс үнэхээр гоо үзэсгэлэн бүрдсэн ажгуу. Шүлэгт өгүүлсэн нь:
Эрхэм хээнцэр залуу авхай хөх асрын манлай,
Эвлэг есөн цэцэг мэт олдохуйяа бэрх хань.
Эзэн хаан ч амраглан янаглахыг игтлэн бишрэх атал,
Эрэмгий баатар толгой бөхийв хэмээн ичингүйрэх нь юун?
Төдийд зууч эмгэн Янь Чин-ий ирсэн санааг зүй зүйгээр хэлсэнд, Ли Ши Ши асууруун:
-Тэр Юаньвай эдүгээ хаана баймуй? хэмээхэд, Янь Чин өгүүлрүүн: - Замын өмнөх цайн пүүст сууж баймуй хэмээвээс Ли Ши Ши өгүүлрүүн: - Богино саравчинд залж нэгэн аяга цай барьсугай хэмээхүл Янь Чин өгүүлрүүн: - Авхайн захиа үгүй тул аймшиггүй дураар ирж болмуй уу хэмээхүйеэ зууч эмгэн: - Хурдан эчиж нааш залагтун хэмээсэнд Янь Чин яаран цайн пүүснээ эчиж Сүн Жян-ы чихэнд энэ учрыг шивнэн хэлсэнд, Дай Зүн зоос гарган цайн мөнгийг бодож өгсөн хойно, гурвуул Янь Чин-г дагаж Ли Ши Ши-ийн гэрт ирвээс гийчин дайлах их өрөөнөө угтан оруулж суулцсан хойно Ли Ши Ши гараа зөрүүлэн ёслоод: - Жан авгай залран ирж гийчин таны гэгээн алдрыг ихэд магтав, биеийг хөнгөлөн морилон ирсэнд богино саравчийг асар гэрэлтүүлэв хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Буйд газрын болхи эр, хөдөө гацааны гүдэг ард, өнгөт авхайд олж уулзсан нь үнэхээр цаглашгүй хишиг болой хэмээсэнд, Ли Ши Ши дээш урьж суулгасан хойно Чай Жинь-ийг зааж асууруун: - Энэ ноён чиний ямар хүмүүн болов? хэмээхүйеэ Сүн Жян өгүүлрүүн: - Энэ болбоос миний бөл дүү Е овогт байцаагч түшмэл болой хэмээгээд Дай Зүн-г дуудан Ли Ши Ши-д учруулав. Сүн Жян, Чай Жинь зүүн этгээдийн зочны суудалд сууж Ли Ши Ши баруун этгээдийн гэрийн эзний суудалд суусан хойно Ли Ши Ши ерөөс эхнэрээр цай ацруулж өөрийн гараар Сүн Жян, Чай Жинь, Дай Зүн, Янь Чин-д барьснаа үнэрт цайн сайхан амтыг үнэхээр өгүүлж баршгүй. Цай ус уусан хойно ширээ хавчин зоог хэлэлцсүгэй хэмээтэл зарц эхнэр ирж мэдүүлрүүн: - Хааны гэгээн хойд өрөөнөө хүрч ирэв хэмээхэд Ли Ши Ши өгүүлрүүн: - Хүндэт зочныг хүчлэн үлдээж чадахгүй, эзний бие эргэх өдөр Шан Чин Гүн хийдэд залрах тул энд ирэхгүй, эрхин гийчид маргаадрын өдөр морилон ирж хэдэн хундага дарс ууваас ямар хэмээсэнд Сүн Жян мөн мөн хэмээн тэргүүн дохиж гурван хүмүүнийг дагуулан Ли Ши Ши- ийн гэрээс гарч, хааны ордны зээлээр дайран мэлхийн уул Ао Шань-ийг үзэхээр Тянь Хань Чяо-г чиглэн явсаар Фань овогтны дарсан асрын урдуур өнгөрөхүйеэ бялар хөгжим эгшиглэн дуурьсаж, харанга хэнгэрэг түчигнэн дуугарч, дэн зул дуалан гэрэлтээд, зугаалах хүмүүн зөгий мэт цуглах тул Сүн Жян, Чай Жинь хоёул бас дарсан асар дээр авиран гарч нэгэн сэлүүн өрөөг эзлэн суугаад архи зууш алим жимс дуудаж өлзийт шөнийн үзэмжит зулыг шагшин уулцаж атал гэнэт хажуугийн өрөөн дэх нэгэн хүмүүн ийн дуулруун:
Эрэлхэг санаа өндөр тэнгэрийн ударасад одноо тулав
Эрэмгий баатрын ахуй үйл хараахан тусыг олоогүй
Алтан урт эрдэнийн сэлмийг гартаа атгаад,
Атаатныг арилган эс дуусваас амалдан зогсохгүй.
Сүн Жян сонсоод мэндэн сандан ирж үзвээс харин Ши Жинь, Мү Хүн асрын өрөөнөө согттол уугаад амны таваар дэмий чалчих тул Сүн Жян урагш давшиж зандан өгүүлрүүн: - Хоёр дүү намайг цөс цалгитал айлгав! Дарсан зоосоо даруй өгөөд хурдан түргэн хойш эгэгтүн! Надаас бус албан хүмүүнд таарсан бөгөөс аминд хүрэх аюул гай тулгарах болой. Та хоёулыг ийн цүлс бүдүүлэг ёс мэдэхгүй хэмээн санасангүй! Бушуухан хотоос гарагтун, хэрхэвч удаж болохгүй. Маргаадар шөнө гол найрыг үзсэн хойно шөнө дүлээр уулнаа буцагтун. Хэсгээр хэрэг гарсангүй, живдрээ гаргаж сэрэгдвээс наадам бус! хэмээсэнд Ши Жинь, Мү Хүн үг дуугүйгээр пүүсийн зарцыг дуудаж архины зоосыг бодож өгөөд өндөр асраас буун өлмий сунган алхаж хотноос гарч эчив. Сүн Жян, Чай Жинь нар архи дуудан хэдэн хундага ууж баахан халамшсан хойно Дай Зүн дарсны мөнгийг бодож өгөөд дөрвүүл ханцуй сэгсрэн асраас бууж Вань Шоу Мэнь хаалгыг чиглэн буудлын газартаа хүрч ирээд үүдийг тогшсонд Ли Күй зүүрмэглэсэн нүдээ завсарлаж, Сүн Жян- ын зүг өгүүлрүүн: - Ах намайг авч ирсэнгүй бөгөөс юуг өгүүлмүй, нэгэнт дагуулж ирсэн атал юунд гэр сахиулж өөрөө эчиж наргилдмуй. Дотор уйдаад тэсэж чадахгүй болов! хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Дүү чиний зан долгин дүрс муухай тул хотон дотор дагуулан орвоос хэрэг гарган уршиг татах магадгүй хэмээхүйеэ Ли Күй өгүүлрүүн: - Дагуулах дургүй хэмээвээс нэг л үг, ийн олон шалтаг хэлж яамуй! Хүмүүний гэрийн хөгшин залууг Ли Күй би санаан таваараа цочоож айлгасан удаа баймуй уу! хэмээхүл Сүн Жян өгүүлрүүн: - Жич маргаадар арван тавны өлзийт шөнө болох тул чамайг дагуулан дэн зулыг үзсэн хойно шөнө дүлээр хойш эгсүгэй хэмээсэнд Ли Күй сэтгэл уужирч хадганатал инээв.
Түүнээс нэгэн шөнө өнгөрөхүйеэ маргаадар нь чив хэмээн арван тавны өлзийт шөнийн баяр болох тул өдөр тунгалаг тэнгэр цэлмэг, наран унаж бүрий тасарснаа өвтэгш найрыг үзэхээр ирсэн хүмүүн үнэхээр тоолшгүй олон ач, эртний хүмүүний нэгэн анги Жян Дү Чүнь хэмээх дууллыг зохиож өлзийт шөнийн үзэмж байдлыг уянгалсан нь:
Дулаан амьсгал хацрыг илбэн, дорно огторгуй цэлмэн тунгалагшаад, Дунжин хотын хавар эрт. Биндэрьяа хөшиг нисэн тэмүүлж, билгийн хээр харайн довтолж, Ао Шань уулын ороомол санжлага Бодалангийн оронд залгав. Харанхуй шөнийн үзэмж гойд, хос луу дуалан гэрэлтмүй. Улаан асрын өлзийт саравчнаа,угалзт дуаз өнгө тэмцэн, огторгуйн оёдлыг өнгийн бараалмуй. Цээлхэн салхи ордны эгшгийг чихнээ сонордуулж, Чин Юй Дянь харшнаа хамтаар цэнгэж, цэвэр хээнцэр арш бумба цугаар заларчээ. Анхилуун үнэр хамар нэвт, алтан дэлхий дүүрэн хөөр инээд. Одон гэрэл анивалзан гялалзахуйяа, уд найлзуурын сажлах чимээ аясын салхинаа мэр сэр. Мөнгөн саранд зорчих хүмүүн эгэн буцахуйяа, агуйн тэнгэр хараахан гийгээгүй.
Мөн шөнө Сүн Жян, Чай Жинь хоёул анхны ёсоор сул түшмэл болж хувцаслаад, Дай Зүн, Ли Күй, Янь Чин-г дагуулан Вань Шоу Мэнь хаалгыг чиглэн ирэв. Тэр шөнө хэдий хүмүүний хөлийг хорихгүй боловч хаалга сахих харуулын цэрэг дуулга даран хуяг өмсөж, хөвчит нумыг онилон татаж, илд сэлмийг гартаа барьж, цэргийн жагсаал цэгц чанга, төдийд Гао Тайюй өөрийн биеэр таван мянган морьт цэргийг авч хот тойрон сэргийлэн цагдмуй. Сүн Жян зэргийн таван хүмүүн олны дунд чихэлдэн хот дотор орсон хойно Сүн Жян бээр Янь Чин-г дуудан чихэнд нь шивнэн өгүүлрүүн: - Энэ шөнө ийм тийм ёсоор үйлдсэн хойно Чай Жинь пүүсэнд нүүр уулзсугай хэмээсэнд Янь Чин салж эчээд Ли Ши Ши-ийн үүдийг тосгонд зууч эмгэн, дууч эхнэр угтан оруулж ийн өгүүлрүүн: - Эрхин Юаньвай-г гомдоох нь бус, эзний гэгээн үүр ирэх тул ямар аймшиггүй хөнгөнөөр аваачмуй хэмээсэнд Янь Чин өгүүлрүүн: - Эзний захиаг настай эхэд өргөн айлтгасугай, эзний нутаг Шаньдун хэмээгч буйд газар болох тул сонин сэвүүн эд таваар байхгүй. Хэдий нутгийн гаралтаас ацарч барьсугай хэмээвч эхийн санаанд суугдахгүй болуузай хэмээн өнгөт авхайг чилээн зүдээсний хариу болгож өчүүхэн хүмүүнээр урьд зуун лан шижир алт илгээв, хожим хэрвээ ховор чухаг юм олбоос, настай эхэд өргөн барьсугай хэмээмү хэмээвээс зууч эмгэн асууруун: - Юаньвай эдүгээ хаана баймуй? хэмээхэд Янь Чин өгүүлрүүн: - Бэлгийг барьсан хойно хамт эчиж дэн зул үзсүгэй хэмээн зээлийн үзүүр хөвүүн намайг хүлээж баймуй хэмээсэнд мөнгөнд шунахай зууч эмгэн Янь Чин- ий өврөөс гаргасан нүд гялсхийм хоёр хэсэг шижир алтыг үзээд тэсгэлгүй сэтгэл хөдөлж ийн өгүүлрүүн: - Эх охин бид хоёул өлзийт шөнийн баярт нийлүүлж ширээ засан дарс барьсугай хэмээхийн тул өршөөлт Юаньвай голохгүй бөгөөс эмгэн миний богино саравчийг гэрэлтүүлэн бууваас ямар? хэмээвээс Янь Чин өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн эчиж залбаас ирэхгүй ёсон баймуй уу хэмээгээд гэдрэг буцан гадагш гарч Чай Жинь пүүснээ ирж Сүн Жян-д учрыг хэлээд хамтаар Ли Ши Ши-ийн гэрт ирсэн хойно Сүн Жян бээр Дай Зүн, Ли Күй-г үүдэн гадна хүлээлгэв.
Төдийд гурвуул зочин дайлах их өрөөнөө орохуйяа Ли Ши Ши угтан авч харамж өгөн өгүүлрүүн: - Эрхин Юаньвай анх уулзмагц олдой надад ийм хүнд бэлэг шагнасныг марган буцааваас ёс алдаж, хүлээн авбаас хирээс хэтэрмүй хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Алс буйд уулан тосгонд сонин эд үгүй тул бага бага бэлэг барьж үнэн сэтгэлээ илтгэсэн болой, өнгөт авхай үүний тул харамж өгч яамуй хэмээсэнд Ли Ши Ши тэд гурвуулыг нэгэн бяцхан өрөөнөө урьж гэрийн эзэн зочны ёсоор суулцсан хойно зарц эхнэр, бага шивэгчин сонин жимс сэвүүн идээ, амтат ногоо алдарт зууш зэргийг алтан таваг мөнгөн тэвшид хийж ширээ дүүртэл өрж тавьсанд Ли Ши Ши дарс хэмнэн мэхийн ёслоод: - Анх төрлийн тавилгаар энэ шөнө эрхэм хүндэт хоёр авгай лугаа учирсан тул бага сага дарсыг бэлтгэж ахас захсыг хүндэлсүгэй хэмээхэд, Сүн Жян өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүний аглаг тосгонд хэдий хэдэн хэлхээний эд ашиг байх боловч энэ зэргийн баян эрхмийг олж үзсэнгүй. Өнгөт авхайн ариун нэр орчлон ертөнцөд мандаж дуурссан тул хасын нүүрт нэгэнт золгох нь тэнгэрт гарахаас бэрх, нэн ч өөрийн гараар дарс хайрлахыг юун өгүүлэх аж хэмээхүл Ли Ши Ши өгүүлрүүн: - Юаньвай-н магтсан нь асар хэтэрсэн тул ямар аймшиггүй хүлээж чадмуй хэмээгээд хундагатай дарсыг дуусган уулцсан хойно зарц эхнэрийг дуудаж алтан хундаганд архи хэмнүүлэн дугараа бариулав, Ли Ши Ши наалинхай зан гаргаж уран үгс өчвөөс цөм Чай Жинь аргацан хариулахуйяа Янь Чин бээр ширээний үзүүр зогсож хөөр нэмэн хүмүүнийг инээлгэмүй.
Дугараа эргүүлж хэдэн зэрэг болсон хойно Сүн Жян нэлээд халамшиж ханцуй шамлан нударга эргүүлж энэ тэрийг зааж дохин, Лян Шань уулнаа байх мэтээр авирлахуйяа Чай Жинь инээн өгүүлрүүн: - Миний энэ бөл ах дарс ууваас ийн авирлах тул эрхин авхай битгий элэглэ хэмээвээс Ли Ши Ши өгүүлрүүн: - Төрөлх зан ийм учир ямар харъяа баймуй хэмээхүйеэ бяцхан шивэгчин орж ирээд: - Үүдэн гаднах хоёр гочигийн шар сахалтай хүмүүн нь дүр байдал аймар муухай, хөндийж зогсоод хүмүүнийг харааж баймуй хэмээвээс Сүн Жян өгүүлрүүн: - Тэр хоёулыг дуудаж оруул хэмээсэнд удсангүй Дай Зүн бээр Ли Күй-г дагуулан орж ирэхүйеэ Ли Күй угаас таван хувь тавгүй байсны дээр Сүн жян, Чай Жинь-ий Ли Ши Ши лүгээ ширээ хавчин архи ууж байсныг олж үзээд барсын нүдийг дүгрэглэж гурван хүмүүнийг хялайн харахад Ли Ши Ши асууруун: - Энэ ямар хүмүүн болов? Чив чиг савдагийн сүм дэх чөтгөрийн элч мэт санагдмуй хэмээхүйеэ олон хүмүүн түргэтэл инээлцэхүйеэ Ли Күй учрыг олохгүй дэмий л гөлөрч атал Сүн Жян өгүүлрүүн: - Энэ хэмээгч зарц ардын хөвүүн Сяо Ли болой хэмээхэд Ли Ши Ши инээн өгүүлрүүн: - Надад хэдий харъяа үгүй хэмээвч бичгийн эрдэмтэн Ли Тай Бай-г гутаамуй хэмээвээс Сүн Жян өгүүлрүүн: - Энэ гайхал зэвсгийн эрдэмд цагаарч, гурав дөрвөн зуун жингийн хүнд юмыг дамнаж ялгуух бөгөөд тавь жаран хүмүүнийг захдаа халгаахгүй баатар хүчтэй хэмээсэнд Ли Ши Ши нударган чинээ мөнгөн хундага гаргаж Ли Күй, Дай Зүн-д тус бүр гурван хундага дарс шагнав. Янь Чин бээр Ли Күй-г солиу үг гаргах болуузай хэмээн сайн үгээр аргадаж Дай Зүн-д дагуулан үүдэн гадна илгээв. Сүн Жян өгүүлрүүн: - Их эр дарс уухад бяцхан хундага хэрэглэх ёс баймуй уу! хэмээгээд их хундагыг сольж нэгэн дараагаар хэдэн хундага хөнтөрсөнд Ли Ши Ши бээр Сү Дүн По-ын зохиосон "Их мөрөн зүүнш урсмуй" хэмээх нэгэн анги дууллыг доор дуугаар гиншихэд Сүн Жян архины халуунаар бийр цаас ацруулж бэх зууран бийрийг идүүлээд цэцэгт цаасыг дэлгэж Ли Ши Ши-ийн зүг өгүүлрүүн: - Эрдэм үгүй олдой хүмүүн санааны аяар нэгэн анги дуулал бичиж өвчүү цээжний гуниалыг тоочиж өнгөт авхайн сонорыг сэргээсүгэй хэмээмү хэмээгээд гарын аяар бийрийг довтолгон Юай Пү хэмээх нэгэн анги дууллыг сийрүүлэв. Дуулалд өгүүлсэн нь:
Тэнгэрийн доор газрын дээр, тэнэгэр орчлонд хуумгай зочмодыг хаана ахуулбаас зохимуй? Гашуун утаат Шаньдун газрыг түр зээлэн, гардийн хотын хаврын өнгийг арилжихаар ирлээ.Ногоон ханцуйгаар анхиламыг ороон, нолмон цээжмэгээр цасыг бүтээж, нэгэнт иш бэлзвээс үнэ мянган лан. Нахилзан алхахуйяа сахиус мэт, нимгэн найртан хэрхэн ухаж чадмуй? Санахуйяа хулсан навчит оломд, салбарах цэцэгт нуурын хөвөөнөө, сарны гэрэл номин тэнгэрийг царцуулжээ. Галууны сүрэг зургаан зургаагаар цувран найман есөөр холболдож, ганц алтан тахианы донгодох чимээг хүлээмүй. Өвтэгш журам тэнгэр тулж, үнэнч санаа газрыг бүрхсэн ч, орчлон дэлхийд сэтгэлийг мэдэгчид үгүй. Гуниал зовол түмэн эвгэр гацаанд өнжин согтуурахуйяа тэргүүний үс цайжээ.
Сүн Жян бичиж бараад Ли Ши Ши-д өгснөө авхай бээр нэгэн зэрэг нягтлан уншсан боловч дууллын санааг мэдсэнгүй, Сүн Жян шүлгийн утгыг ухчлан асууваас сэтгэлийн учрыг нарийвчлан тоочсугай хэмээж атал зарц эхнэр орж ирээд: - Эзний гэгээн нүхэн замаар хойд үүднээ хүрч ирэв хэмээхэд, Ли Ши Ши яаран өгүүлрүүн: - Эрхин гийчнийг үдэж чадахгүй болсныг уучлан аваачих болов уу хэмээгээд хойд үүднээ эчиж, нянь сүйхийг угтсанд зарц эхнэр, шивэгчин охин мэндэн сандан аяга савхыг цэвэрлэж ширээ суудлыг төвхнүүлэн, гэр хүрээг шүүрдэв. Сүн Жян нар гэрээс гарсангүй, харанхуй булангаар бие далдлан үзвээс Ли Ши Ши хөсөр тэврэн сөгдөөд: - Богд эзний луун бие алжаан зүдсэн буй за хэмээсэнд тэргүүндээ зөөлөн шаагийн хөнгөн малгай дарж, биедээ алтан луут магнаг дээл хэдэрсэн тэнгэрийн хөвүүн ам нээж өгүүлрүүн: - Энэ өдөр мөхөс хүмүүн Шан Чин Гүн хийдэд эчиж өнөөхөн сая эгж ирэв. Зуун овогт иргэнд ордны дарсыг түгээлгэхээр тайзи-ийг эрдэм дэлгэрүүлэх асар Сюань Дэ Лоу-д илгээв. Арилжаа наймааны үйлийг захируулахаар дүү Ванг мянган алхмын саравч Чянь Пү Лан-д зарав. Ян Тайюй лугаа болзоод удтал хүлээсэн боловч ирсэнгүй тул мөхөс хүмүүн ганцаар ирэв. Янаг хүмүүн нааш ирж мөхөс хүмүүн лүгээ зоог хэлэлцэгтүн хэмээсэнд Сүн Жян харанхуй буланд нууж ийн өгүүлрүүн: - Энэ тухайг алдваас эгж олохуйяа бэрх тул бид гурвуул урагш эчиж ялыг хэлтрүүлэн илбэн дагуулах зарлигийн бичгийг айлтган гуйхад болохгүй ёс баймуй уу хэмээхүйеэ Чай Жинь өгүүлрүүн: - Ийн үйлдэж хэрхэн болмуй? Өнөө хэдий таалан зөвшөөвч хойч өдөр эрхгүй үгнээс буцмуй хэмээн гурвуул нэгэн зэрэг сэмээр зөвлөн хэлэлцэв.
Түүнээс Ли Күй бээр Сүн Жян, Чай Жинь-ий өнгөт авхай лугаа ширээ хавчин архи ууж, Дай Зүн тэр хоёулыг үүд сахиулсан учир оройн үс бостол тачаадаж хэвлий дүүрэн зангирсан уураа гаргах газар олохгүй цухалдаж атал Ян Тайюй хөшгийг сөхөж үүдийг түлхэн шууд дотогш орж ирээд Ли Күй-г олж үзээд зандан асууруун: - Энэ боол хэн болов, ямар аймшиггүй энд ирэв? хэмээсэнд Ли Күй хариу өчсөнгүй. Түшлэгт суудлыг тавхийтэл шүүрэн аваад орой руу нь занчин илгээсэнд Ян Тайюй хиртхийн цочиж гар хөдөлж завдсангүй бүнтэрсэн сандалд оногдож хөсөр савж унаснаа Дай Зүн урагш давшин тэнхрүүлсүгэй хэмээсэн боловч хэрхэн хориглож чадах аж. Төдийд Ли Күй нэгэнтээгүүр туурганы хөргийг шаалан авч, лавын галд золгуулж ноцоогоод дөрвөн этгээдэд гал тавин нэгэнтээгүүр хүжийн ширээ түшлэгт суудлыг үлдээлгүй балбачин хэмхчихүйеэ Сүн Жян зэргийн гурван хүмүүн түрчигнэх дууг сонсоод гүйн ирж үзвээс хар хуй Ли Күй цээжин биеийг шоодоглон их л түйвээж үүсгэсэн тул дөрвүүл сандран үүдэн гадна гарснаа Ли Күй зээлээс нэгэн шийдэм булаан аваад ордны зээл зүг нүдгүй занчин эчив. Сүн Жян түүний муу авир хөдөлснийг үзээд хаалга дарваас бие мултарч чадахгүй хэмээн яаран Чай Жинь, Дай Зүн-ий хамт урьд хотноос гарч, ганц Янь Чин-г үлдээн Ли Күй-г харуулав. Төдийд зуу хааны бие Ли Ши Ши-ийн гэрт гал орсныг үзээд сэмээр шолдрон оргов, айл зэргэлдээн олон хүмүүн нэгэнтээгүүр галыг унтрааж, нэгэнтээгүүр Ян Тайюй-г тэнхрүүлэн аварсныг түр өгүүлэхгүй.
Түүнээс хот дотор алах дуу мандаж тэнгэр түрхрэн газар доргихуйяа ар хаалгыг цагдахаар эчсэн Гао Тайюй чимээг олж сонсоод, цэрэг морийг авч нисэх мэт нэхэхээ ирэв, Янь Чин зэвсэг эргүүлэн Ли Күй-г өмөглөн байлдаж атал Мү Хүн, Ши Жинь лүгээ учраад дөрвөн жанжин хүч хамтатган жад бүжиглэн шийдэм эргүүлж хотын захад алан ирснээ хаалга сахих харуулын цэрэг их үүдийг дарсугай хэмээтэл Лу Жи Шэнь төмөр шийдэм далайн, Ү Сүн хос илдийг өргөн, Жү Түн, Лю Тан дам илдийг эргүүлэн гаднаас алан орж ирээд дөрвөн хүмүүнийг өмөглөн авч чив хэмээн хаалга шурган гартал Гао Тайюй цэрэг дайчлан нэхэж ирэв. Төдийд найман дайван нүд орхин үзвээс Сүн Жян, Чай Жинь, Дай Зүн үзэгдэхгүй тул дотор бачимдан тэсгэлгүй цухалдан үүсгэв. Үзвээс цэргийн багш Ү Юн энэ хэргийг хэдийн мэдэж Дунжин хотыг ихэд түйвэх буй за хэмээн өдөр хугацан цаг болзож, таван их барсын жанжинд нэг мянган морьт цэрэг өгч илгээснээ мөн шөнө түв хэмээн Дунжин хотын ойр өмөглөхөөр ирээд Сүн Жян, Чай Жинь, Дай Зүн гурвуулд учирч хөтлөн авчирсан сул морийг өгч унуултал олон хүмүүн дагалдахаар цөм хүрч ирсэн боловч ганц хар хуй Ли Күй ирсэнгүй. Гао Тайюй-н цэрэг морь удсангүй дайран ирсэнд Сүн Жян-ын гар доорх таван барсын жанжин Гуань Шэн, Линь Чүн, Чинь Мин, Хү Яньжуо, Дүн Пин тосон авч хотноо ортол нэхэж алаад унуул гууны хөвөөнөө зогсож их дуугаар хашхиран өгүүлрүүн: - Лян Шань уулын сайн эр бүгдээр энд ирэв, эртхэн хот юугаа өргөвөөс үхэх амийг чинь хэлтрүүлсүгэй! хэмээсэнд Гао Тайюй аймшиггүй хотноос гарсангүй. Цэргийн ардыг зандан унууль гүүрийг тавиулсан хойно олон цэргийг авч хотын хайсанг бэхлэн сахив. Сүн Жян яаран Янь Чин-г дуудаж ийн захируун: - Дүү чи тэр хар гайхал лугаа зузаан найртай тул түр хүлээлцэж хамт харигтун. Энд удваас зам зуур өөр саатал гарах магадгүй тул би урьд цэрэг морийг авч шөнө дүлээр уулан цайзнаа буцсугай хэмээгээд цэрэг морийг шаардан мордсоныг түр өгүүлэхгүй.
Түүнээс Янь Чин нэгэн гэрийн саравчны доор зогсож нүд тавин үзэж атал Ли Күй буудлын газраас үүрэг боодлоо аваад, хос сүхээ эргүүлэн аянгын дуугаар бархирсаар буудлын үүднээс үсрэн гарч ирээд ганц биеэр Дунжин хотыг байлдахаар эчив. Энэ үнэхээр аянгын дуугаар нэгэнт хашхирч буудал дянь-аас гараад, алмасын сүхийг дээр далайн хотын хаалгыг цавчмуй. Эгнэгт хар хуй Ли Күй их хотыг хэрхэн байлдахыг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.
Сэтгэгдэл ( 0 )