Ковидын үеийн инфляц дэлхийн улс орнуудын эдийн засагт тулгамдсан асуудал болж байгаа талаар эдийн засагчид, судлаачид олон сарын өмнөөс хэлж ярьж буй. Дэлхий нийтийг хэрсэн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, ханган нийлүүлэлтийн сүлжээний гацаа саатлаас хамаарсан хүндрэл, бэрхшээлүүд улс орнуудыг сорьж байна. Манай тухайд ч ялгаагүй, инфляц том асуудал үүсгэж байна.
Энэ оны тавдугаар сар гэхэд инфляцын өсөлтийн бодит эрсдэлүүд хэдийнэ үзүүлэлтүүдээр баталгаажиж эхэлсэн билээ. Түүнчлэн 2007-2008 оны дэлхийн хүнсний хямралын үеэр, бэлтгэл сул байсны улмаас инфляцын том давалгаанд цохиулж 33 хувийн инфляцтай нүүр тулж байсныг эдийн засагч Д.Ган-Очир долоодугаар сард сануулж байв. Тэрбээр “Нийлүүлэлтийн шалтгаантай инфляц зонхилох үед мөнгөний бодлогын хариу үйлдэл дээр маш төвөгтэй нөхцөл байдлыг бий болгодог. Ялангуяа, энэ шалтгаантай инфляц нь түр хугацааных уу эсвэл харьцангуй байнгын шинжтэй юу гэдэг итгэлтэй хариулт олох хэрэгтэй” гэхчлэн байр сууриа илэрхийлж байв.
Тэгвэл тавдугаар сард 6.2 хувьд хүрсэн инфляц аравдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс болон өмнөх оны эцсээс тус тус 9.7 хувь, өмнөх сараас 0.5 хувиар өссөн гэсэн мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа.
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа ирэх саруудын инфляцын төлөвийн талаар аравдугаар сард байр сууриа илэрхийлэхдээ “Инфляц 2021 оны сүүлээр зорилтоос давж байгаа ч, 2022 оны сүүлийн хагасаас буурна. Инфляцын зорилтын интервал руу буугаад ороод ирнэ гэсэн хүлээлттэй байгаа. Энэ оны төгсгөл 12 сар болон ирэх нэгдүгээр сарын инфляц интервалаас давж, 8-9 хувьтай гарах болов уу. Ирэх оны сүүлийн хагаст 6-7 хувь руу орно гэсэн хүлээлттэй байгаа. Өнөөдрийн инфляцын шалтгаан бусад улс орнуудтай ижил. Төв банкууд Бодлогын хүүн дээр тэвчээртэй хандсан төлөв байдалтай байна” гэж байсан.
Тэгвэл Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа инфляцын төлөвийн талаар түүнтэй ижил байр суурийг илэрхийлж байна. Тодруулбал, ирэх саруудад 10 хувийг давж өсөх инфляц 2022 оны дунд үеэс нэг оронтой тоонд шилжинэ гэж харж буй аж.
Аравдугаар сард инфляц 9.7 хувь гарсны 4.8 нэгж буюу 50 хувийг хүнсний бүлгийн үнийн өсөлт бүрдүүлж буй бол импортын барааны үнэ инфляцад 47.5 хувиар нөлөөлсөн гэж ҮСХ-ноос тайлбарласан.
Аравдугаар сарын инфляцад голлон нөлөөлсөн 20 барааг дараах хүснэгтээр танилцуулж байна
Б.Баярдаваа захирал хэлэхдээ “Инфляцын бүтцийг сайн судлах ёстой. Эдийн засгийн сэргэлттэй холбоотой юу, гаднаас импортлогдож орж ирж байгаа юу, нэг удаагийн нийлүүлэлтийн шинжтэй байна уу гэдэгт үндэслэн инфляцыг онилсон мөнгөний бодлогын шийдвэрүүд гарах ёстой. Наймдугаар сард Улаанбаатар хотын инфляц 9.1 хувьтай гарахад, дөөрвөн барааны үнийн өсөлт инфляцын 52 хувийг эзэлж байна. Үүний дотор шатахууны үнийн өсөлт 1.7 нэгж хувь, мах 1.7 нэгж хувь, хатуу түлш, түлээ нүүрсний үнэ 0.8 нэгж хувь, автомашины үнийн өсөлт 0.6 нэгж хувийг бүрдүүлж байна. Эдгээр барааны үнийн өсөлт инфляцын талаас илүү буюу 52 хувийг тайлбарлаж байх жишээтэй.
Инфляц бүх улс орнуудад байна. Улс орнууд инфляцтай нүүр тулж байгаа нь ижил шалтгаантай. Ихэнх улс оронд хүнс, нефтийн үнэ, тээвэр, логистик нөлөөлж байгаа нь нийтлэг дүр зураг байна.
Төв банкууд эрэлтийн буюу эдийн засгийн сэргэлттэй холбоотой инфляциа зөв таньж байж бодлогын шийдвэр гаргахад анхаарч байна. Сүүлд 31 Төв банк бодлогын хүүндээ 56 удаагийн өөрчлөлт хийгээд буйн 48 нь өсгөсөн, 8 нь бууруулсан байна. Манайд өнөөдөр эдийн засгийн өсөлт бүрэн сэргээгүй, секторуудын өсөлт жигд бус байна. Өрхийн хэрэглээ бууралттай байгаа. Хөдөлмөрийн зах зээл, үйлчилгээний салбар агшилттай байгаа” гэж байсан.
Тэгвэл эдийн засагч Д.Ган-Очирын энэ сард инфляцын талаар байр сууриа илэрхийлэхдээ “...Ковид-19 цар тахлын энэ үед инфляц “гаарч” байгааг нийлүүлэлтийн эсвэл зардлын шалтгаантай гэж тайлбарлаж байгаа. Эдийн засагчдын хувьд бол эрэлт, нийлүүлэлтийн энгийн диаграм дээр зардал өсөж, логистикийн сүлжээнд гацаа үүссэнээр нийлүүлэлтийн муруй зүүн гар тийш шилжиж, зах зээл дээр бараа, бүтээгдэхүүний хомсдол болж, үнэ өснө гэж ойлгогдоно.
Харин энгийн түвшинд нийлүүлэлтийн (зардлын) инфляц гэж юу вэ? гэсэн асуулт гарна. Үүнийг ойлгохын тулд үйлдвэрлэгчийн үнэ бүрдэлтийг авч үзэх ёстой болно. Ерөнхий хэлбэрт, бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэгчийн санал болгох үнэ нь орцуудын зардал болон ашгийн нормыг багтаах хэлбэрээр тогтох буюу дараах томъёогоор илэрхийлэгдэнэ:
Эцсийн бүтээгдэхүүний үнэ = (дотоодын завсрын бүтээгдэхүүний үнэ × нэгж гарцад шаардлагатай дотоодын завсрын бүтээгдэхүүний тоо хэмжээ)+ (импортын завсрын бүтээгдэхүүний үнэ × валютын ханш × нэгж гарцад шаардлагатай импортын завсрын бүтээгдэхүүний тоо хэмжээ) + (зээлийн хүү × нэгж бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай зээлийн хэмжээ) + капиталын рент × нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай капитал хөрөнгө оруулалтын хэмжээ) + (цалингийн түвшин × нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд шаардлагатай ажилчдын тоо) + ашгийн норм
Иймд дотоодын завсрын үнэ, импортын завсрын үнэ, зээлийн хүү, капиталын рент, цалингийн түвшин өсөхөд эцсийн бүтээхүүний үнэ өсөхөд хүрнэ. Гэхдээ энэ шалтгаанаар үнэ өссөн ч, түүнийг худалдан авах чадвар буюу эрэлт нөгөө талд нь байгаа үед л үнэ өснө.
Энэ тэгшитгэлээс харахад Ковид-19 цар тахлын үед яагаад инфляц хурдацтай өсөж байгааг ойлгож болно. Дэлхий нийтээр үнийн өсөлттэй байгаа тул манай импортын барааны үнэ өөрөө өсөж байна. Дээр нь нэмээд хил дээрх саатал, ложистикийн гацаа, тээврийн зардлын өсөлт нь дотоодод ирэхдээ нэмээд үнэ нь өсөхөд хүрсэн. Түүнчлэн манай улс 100% импортоор авдаг шатахууны үнэ өссөн нь дотоодын завсрын бүтээгдэхүүний үнэ өсөхөд хүргэв. Үүний зэрэгцээ дотоодод малын зүй бус хорогдол өндөр байж, малчдын орлого (ноолуурын үнэ өндөр, төрөөс олгох халамжийн орлого нэмэгдсэн) өссөнөөр махны нийлүүлэлт багассан нь дотоодын завсрын бүтээгдэхүүний үнэ өсөхөд хүргэсэн. Эдгээр шалтгаан нь хэрэглээний үнийн индекс (ХҮИ)-ээр илэрхийлэгдсэн жилийн инфляцын бараг талыг нь бүрдүүлж байна. Хэрэв суурь шалтгаан арилбал эдгээр шатахуун, импорт хүнс, махны үнэ тогтворжих үед инфляц эргэн буурах буюу түр зуурын байх боломжтой.
Гэхдээ инфляцын хоёрдах үеийн нөлөө гэж дараагийн том давалгаа бий. Энэ нь инфляц шатахуун, импорт хүнс эсвэл махны үнийн өсөлтөөр эхэлж, улмаар бусад бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэд шилжих, үнийн өсөлтөөс үүдэн цалин, рент өссөнөөр улам ужгирахад хүрэх явдал юм. Жишээ нь, шатахуун, махны үнэ өссөнөөр үсчний орлого нь хүнсний хэрэглээндээ хүрэхгүй болсноор бодит орлогоо өмнөх түвшинд хадгалахын тулд үс засах төлбөрөө нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлт өндөр байгаа салбар руу нөөц урсах тул эрэлтийн боломж байвал бүх салбар үнэ өсөлтийн уралдаанд оролцоход хүрнэ. Үүнийг эдийн засаг дахь харьцангуй үнийн тохируулга гэдэг. Эдгээр орцын үнэ өссөнөөр хоолны газар үйл ажиллагаагаа тогтвортой үргэлжлүүлэхийн тулд хоолны цэсний үнээ өсгөхөд хүрнэ, эс тэгвээс ажилчдынхаа цалинг цагт нь олгож чадахгүйд хүрч болно. Цалингийн орлоготой иргэдийн бодит худалдан авах чадвар муудах тул үйлдвэрчний эвлэл, бусад хэлбэрээр асуудал тавьснаар нэрлэсэн цалинг өсгөхөд хүрнэ. Эдгээр нь дээрх тэгшитгэлийн сүүлийн бүрдлүүдийг өсгөх тул бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ үргэлжлэн өсөх буюу инфляц илүү удаан хугацаанд үргэлжлэх буюу байнгын шинжтэй байхад хүргэнэ” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )