Л.Оюун: Зөв хэрэгжүүлбэл 2022 оны төсөв сэргэлт авчирна

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 24

2022 оны төсвийн талаар эдийн засагч, шинжлэх ухааны доктор Л.Оюунтай ярилцлаа.


-2022 оны төсөв батлагдаад удаагүй байна. Түүхэнд байгаагүй өндөр орлого, зарлагатай төсөв болсон гэж төсвийг шүүмжлэх судлаачид байна л даа. Таны хувьд 2022 оны төсвийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-2022 оны улсын төсвийн зардал орлогоосоо давсан. Үүнийг байх ёсгүй юм шиг тайлбарлах онолын хувьд буруу. Ямар ч улсад төсөв тэнцэнэ эсвэл ашигтай гарна гэж байхгүй. Төсвийн зардал давж байгаа нь нэг талаас хөгжил, хөрөнгө оруулалтын том үзүүлэлт болно. Жирийн айлаар төсөөлөөд бодоход ч айл өрх олсон орлогынхоо хэмжээнд зарцуулалт хийдэг. Зардал гаргаж ирээдүйн орлогодоо хөрөнгө оруулалт хийгээд явбал өмнө нь оруулсан хөрөнгө оруулалтууд шинэ орлого бүтээдэг. Үүнээсээ хэрэглээ өснө. Оюуны, боловсролын, эрүүл мэндийн бүхий л хэрэглээ өсөхөд шинэ боломжууд үүснэ. Аливаа улсын ялангуяа хөгжиж буй улсын төсвийг аваад үзэхэд төсвийн алдагдал буюу зөрүү их байдаг.

Тиймээс төсвийн алдагдал гэж ярихаас илүү зөрүү гэвэл эдийн засгийн агуулга талаасаа зөвдөнө. 2022 оны төсөв эдийн засгийг сэргээх боломжийг хангасан төсөв болсон. Гэхдээ цаасан дээр хэчнээн сайхан байгаад хэрэгжилт дээрээ алдвал үр ашиггүй болно. Яг энэ төсвөө хэрэгжүүлэхэд зөв арга ашиглаж, үйл ажиллагаа жигд, тасалдахгүй явбал 2022 онд манай улсын эдийн засагт сэргэлт ажиглагдана гэж найдаж байна.

-Төсвийн үр ашгийн хувьд ямар хүлээлт байна вэ?

-Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, ажлын байрыг өсгөх, хүмүүсийг орлоготой байлгах, үүнийг дагаж эдийн засагт мөнгө орох, мөнгөний эргэлт сайжрах гэсэн төсвийн ерөнхий үзүүлэлтүүд боломжийн хэмжээнд гарахаар харагдаж байна. Аливаа зүйл заавал тэлж өргөжиж байх ёстой. Хумих биш. Энэ талаас нь харахад 2022 оны төсөвт нааштай төлөвлөлтүүд олон байна. Орлогууд өсвөл аяндаа эдийн засаг тэлнэ.

-Нааштай төлөвлөлт гэдэг дээр жишээгээр тайлбарлавал?

-Жишээлбэл, төрийн сангуудыг хагас бие даасан байдалтай, үр дүн дээр суурилсан санхүүжилттэй болгох нь зөв. Зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд хамгийн их нийцсэн зарчим бол энэ. Сангууд хагас бие дааж явах ёстой. Үр дүн дээр суурилж санхүүжүүлнэ гэдэг нь хөгжлийг тэлэх эрмэлзлэлийг бий болгоно. Ирээдүйн өв санд нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас төсөвт төвлөрүүлэх нь чухал ч шилэн дансгүй бол хэрэгжиж байгаа эсэхэд хяналт тавих боломж тэр болгон гарахгүй. Мөн хүүхдийн хуримтлал гэж шинэлэг санаа төсөвт орж ирсэн. “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг ирэх оноос эхлүүлж, 2022 онд хүүхэд бүр Ирээдүйн өв сангаар баталгаажсан сар бүр 100 мянган төгрөгөөр арвижих хуримтлалын данстай болно гэж байгаа. Эцэг, эхчүүд хүүхдийн мөнгийг хүүхдэдээ зориулна, зориулахгүй янз бүр байна. Хүүхдэд зориулахын тулд хуримтлуулах санаа зүйтэй. Гэвч хуримтлуулахаас илүү хүүхдийг мөнгө удирдах чадварт суулгахад анхаармаар байна.

-Тэгвэл хүүхдийг мөнгө удирдах чадварт яаж сургах вэ?

-Хүүхдийг санхүүгийн боловсролтой болгоход хадгаламжийн мөнгийг зориулж болно. Өөрт нь зориулсан мөнгийг өөрт нь хэрэглүүлэхгүй хадгалаад байвал мөнгө удирдах чадварт хүүхэд суралцахгүй. Тийм болохоор эцэг, эхчүүд хүүхдэд мөнгөө зарцуулах боломжийг олгож, ирээдүйд нь сургах ёстой. Орлого хязгаартай, хэрэгцээ хязгааргүй гэдгийг мөнгийг удирдаж байж хүүхэд ойлгоно.

-Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Ирээдүйн өв сангийн төсөвт анхаарал татсан өөрчлөлт орсон уу?

-Тухайн сангуудын санхүүжилтийн зарчим өөрчлөгдсөн нь шинэлэг гэдгийг дахин тодотгомоор байна. Жишээлбэл, Нийгмийн даатгалын сан дээр тэтгэврийн доод хэмжээний асуудал яригдаж байна. Тэтгэврийн доод хэмжээг өсгөх, тэтгэвэрт даатгуулагчдын тоог багасгах зэрэг асуудлыг шийдэх ёстой. Олон улсын хувьд тэтгэвэрт гарах насыг нэмсэн. Насыг нэмэхэд даатгуулагчдын тоо багасаад төсөвт учрах ачаалал багасна. Олон улсын байгууллагаас тэтгэвэрт гарах насны ангиллыг ч өөрчилсөн. Монголд тэтгэвэрт гарах нас хэд байвал тохиромжтой вэ гэдэгт анхааралтай хандаж, тусгай судалгаа хийх ёстой. Үр дүнд суурилсан санхүүжилтийн зарчмын хувьд төрийн сангууд идэвхтэй ажиллах, үр дүнгээ сайжруулахад эерэг өөрчлөлтүүд гаргана. Өөрөөр хэлбэл, сайн ажиллавал ихийг авдаг болгох юм. Сайн, муу яаж ч ажилласан адилхан үнэлэх нь эдийн засаг, улс орны хөгжилд идэвх санаачилгатай байх, хувь хүн сайн ажиллахад татаас болно. Солонгосын жишээн дээр авч үзэхэд үр дүнд суурилсан зарчмыг хэрэгжүүлж улс нь хөгжсөн. Ургац арвин авч байгаа тосгонд илүү хөрөнгө төлөвлөж өгдөг. Ургац муу авсан бол дэмжлэг бага үзүүлдэг. Энэ бодлогын ачаар Солонгос улс хурдацтай хөгжсөн.

-Ирээдүйн өв санд хуримтлал үүсгэж чадаж байгаа юм болов уу. Энэ сангийн үр ашигтай байдлын тухайд та юу гэж боддог вэ?

-Ирээдүйн өв санг бүрдүүлж, зөв зүйлд хуваарилж чадаж байна уу гэдэгт хяналт тавихад шилэн дансны систем хэрэгтэй. Монголын гол нэрийн түүхий эдийн үнэ өсөхөд өссөн дүнгээс нь сандаа суулгаад, дэлхийн зах зээлийн үнэ буурахад алдагдал хүлээхгүйгээр зарцуулж байх нь зүйтэй. Ирээдүйн өв сан шилэн данстай болсон тохиолдолд л хуримтлал,  зарцуулалт, үр ашгийн асуудлыг ярих ёстой.

-Төсвийн хамгийн гол үүргийн нэг хөдөлмөр эрхлэлт, ажлын байрыг дэмжих шүү дээ. Энэ тал дээр төсөвт ямар дэмжлэгүүд тусгасан бол?

-Төсөвт тусгасан шинэ хөрөнгө оруулалтууд хийгдэж эхлэхээр ажлын байр дагаж бий болно. Хөрөнгө оруулалтууд ямарваа нэг барааны борлуулалтад нөлөөлж, тэр салбарт нь хүмүүс ажиллана зэргээр ажлын байрыг нэмэгдүүлдэг. Тийм болохоор ямар ч хөрөнгө оруулалтыг сайн, муу, болно, бүтэхгүй гэж ярьмааргүй байна. Төсөвт сум болгонд урлаг, соёлын төв байгуулах асуудал яригдаж байгаа нь болмоор санагдаж байгаа. Хүний соёлын хэрэгцээг хангаж байж улс орон хөгжих хүчин зүйл бүрдэнэ. Харанхуй бүдүүлэг хүмүүстэй улс хөгжихгүй шүү дээ. Соёлтой, боловсролтой иргэдтэй байж улсын хөгжил хурдасна. Үүнийг олон улсын жишээнээс ч харж болно.

-2022 оны төсөвт томоохон бүтээн байгуулалтуудаа дэмжих чиглэл тусгагдсан. Сүүлийн үед 32 тэрбумаар бурхны хөшөө барих асуудал шүүмжлэл дагуулж байна. Хэрэгцээтэй зүйлд хөрөнгө оруулах хэрэгтэй шүү дээ?

-Аливаа төслийн үр дагаврыг харах хэрэгтэй. Бурхан шашны үйл ажиллагааг өргөжүүлэх гэж байгаа нь нийгмийн ёс зүйг төлөвшүүлэхэд хэрэгцээтэй байвал хөрөнгө оруулалт зарцуулахаас өөр аргагүй. Энэ үүргээ биелүүлж чадахгүй бол шүүмжилж таарна. Эдийн засгийн асуудлыг ярихад заавал хоёр тал байдаг. Энэ хоёр талыг дэнсэлж үзээд аль тал давамгайлж байна гэдгээс хамаарч төслийн зөв, бурууг ярьдаг. Ирэх жилийн төсвийн хувьд хөгжлийн төслүүдийг эхлүүлж, экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих замаар эдийн засгийг сэргээх тухайд голчлон яригдсан. Мэдээж цэцэрлэг, сургууль гээд боловсролд хөрөнгө оруулах нь зайлшгүй. Ирээдүйдээ шууд өгөөжөө өгдөг, онцгой салбарууддаа анхаарч хөрөнгө оруулалт хийх болов уу.

-Халамжаас хөдөлмөрт шилжих нь Засгийн газрын нэг зорилт болж байгаа. Хавтгайрсан халамжийг бууруулах чиглэлээр хэрхэн анхаарах ёстой вэ?

-Халамжид хамрагдах хүний тоо, шалгуур ихсэх тусам улс, нийтээрээ бэлэнчлэх сэтгэлгээтэй, ажил хийх сонирхолгүй болно. Халамжлах хэсгээ зөв тодорхойлох ёстой. Хөдөлмөрлөх чадвартай хүмүүсийг халамжлаад байвал ажлын байр байхад ажиллах хүн олдохгүй нөхцөл байдал цаашдаа ч Монголд байна. Халамж авах хүмүүсийн шалгуурыг оновчтой тогтоож өгөх хэрэгтэй. Энэ тухайд төсөвт тусгагдсан асуудлууд байсан.

-Цар тахлын үед эдийн засгаа сэргээх, иргэдээ дэмжих чиглэлээр тусгайлсан бодлого төсөвт суугдсан болов уу. 2021 ондоо цар тахлын үеийн зарим дэмжлэгүүд дуусна шүү дээ?

-Өнгөрсөн хугацаанд цар тахлын үед эдийн засгаа унагаахгүйн тулд боломжоороо арга хэмжээнүүд авч байсан. Асуудал ганц төрөөс хамаарахгүй. Аж ахуйн нэгжүүдээс хамаарах зүйл ч бий. Төр харж үзэж, заавал дэмжих ёстой гэдэг үзлээр харвал хэчнээн дэмжээд, хэчнээн мөнгө өгөөд нэмэргүй. Өнгөрсөн хугацаанд аж ахуйн нэгжүүд сургамж авч, үйл ажиллагаагаа шинэчлэн сайжруулж байгаа байх. Ингэж чадсан бол төрөөс багахан дэмжлэг өгөхөд аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа сайжраад явна. Цар тахал учраас Засгийн газраас дэмжлэг өгөх хэрэгтэй л дээ. Гэхдээ идэвхтэй ажиллаж чадах аж ахуйн нэгжүүдээ л дэмжих ёстой. Зүгээр сууж байгаад мөнгө авбал тэр мөнгө юм болохгүй. Цар тахлын үеийн эдийн засгийн байдал ганц төрөөс хамаарахгүй гэдгийг ойлгоосой.

-Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө үр ашигтай байв уу?

-Мөнгөний зарцуулалтын үр дүн тодорхой цаг хугацааны дараа хэмжигддэг. “Мөнгөний зарцуулалтын цаг хугацааны үр дагавар” гэдэг онол хүртэл байна. Аж ахуйн нэгж, иргэдэд зээл өгөх шаардлага байсан. Зээл банкуудаар дамжсан учраас төр банктай л тооцоогоо хийх ёстой. Санхүүжилт авсан банкууд төрдөө тайлангаа тавих ёстой болно. Үүний дараа үр дүнг ярина.

-Хотын түгжрэлийг бууруулахад 2022 оноос 420 гаруй тэрбум төгрөгийг зарцуулахаар болсон. Түгжрэлийг бууруулахад анх удаа энэ их хэмжээний хөрөнгийг нэг жилд зарцуулна. Зарцуулалт хэр өгөөжтэй байх бол?

-Замын түгжрэл олон асуудлын тээг болж байна. Үүнийг нэг жилийн дотор шийдэж чадахгүй. Гэхдээ зөв эхлээсэй гэж бодож байна. Зөв эхлэх юм бол цаашид үргэлжилнэ. Судалгаанд үндэслэж асуудлыг эхлүүлээсэй. Судалгаанд суурилаагүй хийгдээд үр дүнд хүрээгүй төслүүд аж үйлдвэрийн паркаасаа эхлээд Монголд байна. Үүнээсээ сургамж аваад төслүүдээ зөв явуулаасай.

-Сүүлийн жилүүдэд зарлага нь орлогоосоо давсан төсөв батлагдсаар 2022 онд төсвийн алдагдал түүхэн өндөр хэмжээнд хүрч өслөө. Та аливаа улсын төсөв тэнцэнэ, үр ашигтай гарна гэж байхгүй гэлээ. Гэхдээ төсвийн алдагдлыг нөхөх тухайд ямар шийдэл байна вэ?

-Төсвийн алдагдал хуримтлагдсаар улсын өр болдог. Энэ зөрүү жил жилийн бүтээн байгуулалтын орлогоос нөхөгддөг ёстой. Өнөөдрийн бүтээн байгуулалтыг зарим хүмүүс үзэхдээ хойч үедээ өр үлдээж байна гэж ярьдаг. Гэтэл үе үеийн бүтээн байгуулалт нь хөгжлийн нэг үндэс суурь болсон байна. Зориг гаргаж, ирээдүйгээ хөгжүүлэхийн тулд өнөөдөр бүтээн байгуулалтын төсвийг өндөр тавьж байгаа нь сайн. Алдагдлаа дараа дараагийн жилүүдийн бүтээн байгуулалтаасаа нөхнө. Алдагдлыг санхүүжүүлдэг бас нэг том хэрэгсэл бол гадны санхүүжилт. Зээл гэж манайхан ярьдаг. Өнгөрсөн хугацаанд авсан Засгийн газрын зээлүүд эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн үү гэдгийг судлаад үзэхэд эдийн засгийг өсгөсөн байсан. Эдгээр зээл олдоогүй бол бид байсан түвшиндээ л үлдэх байсан.

Өнөөдөр Монгол Улс хөгжиж байгаа. Хөгжлийг дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөөр хэмжихгүй юм аа гэхэд нүдэн дээр бүтээн байгуулалтууд өрнөж байна. Барилга байгууламжууд өдрөөс өдөрт нэмэгдэж баригдсаар байна. Үүнийг ухралт гэж хэлэхгүй. Гаднаас авч байгаа зээл орлого бүтээж, тэр орлогоороо буцааж төлөгдөх ёстой гэвэл төсвийн алдагдлыг нөхөж болно. Хоёрдугаарт, янз бүрийн койн гарч хүмүүс олон сая, тэрбумаар худалдаж авч байна гэдэг нь Монголд дотоодын зах зээл дээр хөрөнгө босгоход хүмүүст мөнгө нь байна. Тийм учраас Монголд гаднаас болон дотоодоос хөрөнгө босгож болно. Босгосон хөрөнгө ирээдүйдээ өөрөө төлөгдөж орлого бүтээх ёстой.

-Төсвийн эдийн засагт гүйцэтгэх үүрэг яг ямар байх ёстой вэ. Энэ үүргээ биелүүлж чадаж байна уу. Цар тахлын жилүүдэд Монголын эдийн засгийн сэргэлт хэзээнээс ажиглагдах бол?

-Томоохон уналтын дараа эдийн засаг хурдан сэргэдэг нь олон улсын хөгжлийн түүхээс харагддаг. Эрэлттэй байгаа газар бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг нь хангаад өгвөл шууд сэргэдэг. Тийм болохоор цар тахлын дараа сэргэлт гарна. Дэлхийн банкны болон бусад орны судалгаанаас харахад ямар ч байсан дэлхийн эдийн засагт сэргэлт гарна. Монголын хувьд ч адил. Үүн дээр төр бизнес эрхлэх орчин нөхцөлийг бүрдүүлдэг, хөгжлийг бий болгох үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлж, төсвөөрөө дамжуулж оновчтой дэмжлэг олгож явбал Монголын эдийн засаг хурдан сэргэх боломжтой.

-Тэгвэл Монголын эдийн засгийн үзүүлэлтүүд унаагүй гэж ойлгож болох уу?

-Эдийн засгийн гол үзүүлэл­түүд болох хадгаламж нэмэгд­сэн, хүмүүсийн амьжиргаа өсөж байна. Гэвч эдийн засаг хүнд байдалд орсон, ажлын байргүй, орлогогүй болсон бүлгүүд байна л даа. Энэ үед ажилгүй хүмүүсийг ажилд авч байгаа компаниудад янз бүрийн хөнгөлөлт үзүүлэх, татвараас ямар нэг хэмжээгээр чөлөөлөх зэргээр эдийн засгийн олон аргаас хэрэглэж болно. Компаниуд тэр хөнгөлөлт, чөлөөлөлтөд орохын тулд ажлын байраа нэмэгдүүлнэ. Нийтээрээ хөгжиж байж хөгжил явагдана.

Нэг хэсэг нь хөгжихийг хөгжил гэж үзэхгүй. Жишээлбэл, Солонгост хүмүүсийг тогтвортой ажлын байраар хангасан компаниудад ажилгүйдлийн татвар төлөхийг нь багасгадаг. Ажилгүйдлийн татварыг багаар төлөхийн тулд компаниуд ажлын байраа тогтвортой хангадаг. 2022 оны төсвийн хувьд хувийн хэвшил гүйцэтгэх боломжтой чиг үүргийг төр хэрэгжүүлдэг байдлаас татгалзаж стандарт, чанар, өрсөлдөөнд суурилсан үйлчилгээг төр худалдан авдаг тогтолцоонд шилжих тухай чухал асуудал тусгагдсан байсан.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
LISA MONGOL(172.107.194.166) 2022 оны 01 сарын 14

Хөөх би бол Эрдэнэсийн хатагтай Лиза би эцэст нь ийм банктай танилцсандаа үнэхээр их баяртай байна.\nМиний бизнест 230,000 доллараар хөрөнгө оруулалт хийсэн\nхувьцаа эзэмшигчид мөн тэд мөн нэмэгдүүлэхийн тулд сайн бизнесийн санаа хайж байна\nтүнш SUPPORT@ECTBANKS.COM ECTBAN.KS@OUTLOOK.COM хаягаар холбогдоно уу\nWWW.ECTBANKS.COM whatsapp 6788559641

0  |  0
Top