Малчдын хүүхдэд боловсрол эзэмшүүлэхэд хамгийн чухал зүйл бол дотуур байрны үйлчилгээний чанар юм. Улсын хэмжээнд жилд дунджаар ЕБС-ийн 522 дотуур байранд 34.7 мянган хүүхэд амьдарч, 623 дотуур байрын багш ажиллаж байгаа гэх мэдээлэл бий.
Дотуур байранд амьдарч байгаа нийт хүүхдүүдийн 82 хувь нь малчин өрхийн хүүхдүүд байна. Хүүхэд бүр эрүүл аюулгүй, ая тухтай орчинд сурч боловсрох эрхтэй гэж амтай болгон тунхагладаг. Төр засгийн хэмжээнд ч "Дотуур байр-Хүүхдийн хөгжлийн орчин" үндэсний зөвлөгөөн, “Тогтвортой хөгжил-Ерөнхий боловсрол” улсын чуулган зэрэг уулзалт арга хэмжээнүүдийг зохион байгуулж иржээ.
Үнэндээ хэдэн арван арга хэмжээ зохион байгууллаа гээд бодит байдал дээр хэрэгжилт нь чухал. Харамсалтай нь сүржин нэртэй хөтөлбөр баталж, зөвлөгөөн зохион байгууллаа гээд бодит байдал дээр нөхцөл байдал дээрдэв үү. Нөгөө л хайнга хариуцлагагүй алба хаагчид, хөдөөгийн сургуулийн бүрхэгхэн байдал. Энэ бүхнийг тодоор гэрчлэх аймшигт жишээ ч саяхан болов.
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч дотуур байрнаасаа гараад олон хоног сураггүй байсны эцэст амиа алдсан байдалтай олдсон байдаг. Талийгаач охин бусдын дарамтад орж, хүндхэн байдалтай байсныг байрны багш ажилчид аль нь ч анзаараагүй. Анзаарах нь бүү хэл оройн цагаар гарч явсныг нь ч мэдээгүй байдаг. Уг нь дотуур байрны багш, ажилчид гэдэг хүүхдүүдийн ээж аавыг нь орлох асран хамгаалагчид байх үндсэн үүрэгтэй.
Гэвч бодит байдал дээр дотуур байрны ажилчид үндсэн үүргээ умартсан байна. Байрны жижүүрүүдийн хайнга байдал ганцхан Зүүнбаян-Улаан суманд ч буй зүйл биш. Орон нутгийн ихэнх сумдын дотуур байрны төрх байдал ижил. Байрны хүүхдүүдээр ар гэрийнхээ ажлыг хийлгэх, ажлын байран дээрээ байнга байдаггүй гэх зэрэг нийтлэг хандлагууд “бичигдээгүй хууль” мэт оршсоор байна. Дотуур байранд ужгирсан гажиг тогтолцооноос үүдэж, урьд өмнө нь хүүхдүүд алга болох тохиолдлууд гарч байв. Заримаас нь дурдья.
16 НАСТАЙ ОХИН АЛГА БОЛСОН ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ ЦАГДААД ИРЭВ
Цагдаагийн газарт гурав хоногийн өмнө дотуур байрны хүүхэд алга болсон тухай дуудлага мэдээлэл иржээ. Тодруулбал, Төв аймаг дахь Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-ийн дотуур байранд амьдардаг 16 настай охин сураггүй алга болсон байна. Тус аймгийн Зуунмод сумын зургаадугаар багт байрлах МСҮТ-ийн дотуур байранд амьдардаг охин энэ сарын 20-ноос хойш сураггүй болоод байсныг Төв аймаг дахь цагдаагийн газраас охиныг эрэн сурвалжилж, эсэн мэнд олсон байна.
РАШААНТ СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ОХИН АЛГА БОЛСОН НЬ
Бага насны охин сураггүй алга болсон тухай дуудлага хоёр жилийн өмнө ОБЕГ-ын хоногийн мэдээнд бүртгэгдсэн байдаг. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Рашаант сумын Цэнгэл багт тус сумын харьяат иргэн Б-гийн охин Х алга болжээ. Алга болсон охин 11-хэн настай, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дотуур байрнаас 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 19:00 цагийн орчимд гараад сураггүй болжээ. Рашаант сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчөөр ахлуулсан орон нутгийн 80 иргэн явганаар дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 21:00 цагаас эхлэн тавдугаар сарын 1-ний өдрийн 21:00 цагийн хооронд эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч олоогүй байна. Эрлийн ажиллагааг улам эрчимжүүлсний эцэст олон хоногийн дараа олдсон байдаг. Хэрвээ охины амьдарч буй дотуур байр хараа хяналт сайтай, хариуцлагатай алба хаагчидтай байсан бол жаахан охин ийм хүнд байдалд орохгүй байв.
Боловсролын салбарын нэн тэргүүнд анхаарах учиртай сургуулийн дотуур байрны нөхцөл байдал ямархан байдалтай байгааг дээрх жишээнүүд харуулаад өгөх биз ээ.
Дотуур байрны хүүхдүүд алга болохоос гадна эрх нь зөрчигдөж байгаа хамгийн тод жишээ бол бие засах газрын асуудал. Хөдөөгийн сумдын ихэнх дотуур байр гаднаа нойлтой. Хүүхдүүд оройн цагаар бие засахад маш хүнд бөгөөд 21 цагаас хойш жижүүр нь хаалгаа түгждэг. Хаалга түгжихээс өмнө амжиж бүгд бие засах шаардлагатай гэсэн нийтлэг дүрэм журам хэрэгждэг байна.
Энэ мэт сургуулийн дотуур байранд тулгамдаж буй асуудлуудыг дурдаад байвал дуусахгүй ээ. Иймээс энэ тал дээр салбарын сайд нь сайн анхаарах цаг болсныг сануулахад гэмгүй биз ээ.
С.БАЯР
Сэтгэгдэл ( 1 )
Ёстой стрeсст орох юм байна даа. Давсаг султай бол яах юм болж байнаа. Дотроо жорлонтой дотуур байр байдаггүй юм уу. Арай ч дээ. хүний нялх хүүхдүүдийг харах эзэнгүй малаас дор юм байна даа