Хоёр жилийн өмнө буюу 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоол”-ыг баталсан билээ.
Засгийн газар уг тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгч талуудтай 2021 оны оны дөрөвдүгээр сараас эхлэн өнөөдрийг хүртэл долоон сарын хугацаанд хэлэлцээрийн ширээнд сууж буй.
Өнгөрсөн хугацаанд талууд албан ёсны шийдвэрүүдэд хүрээгүй ч, хэлэлцээрийн явцад ахиц дэвшилтэй зүйлс гарч байгаа гэсэн мэдээллийг Засгийн газраас өгч буй.
Түүнчлэн өчигдөр (2021.11.22) Монгол Улсын Ерөнхий сайд болон УИХ-ын дарга болон албаны бусад хүмүүс Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч, менежментийг хэрэгжүүлэгчидтэй уулзалтууд хийв. Уулзалтаар манай талаас ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: ДАЛД УУРХАЙН ЗАРДАЛ ХЭТЭРЧ, ХУГАЦАА ХОЙШИЛСОН АСУУДАЛД
“РИО ТИНТО” КОМПАНИ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгой төслийн яриа хэлэлцээтэй холбогдуулж “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм болон бусад төлөөллийг хүлээн авч, уулзалт хийснийг Засгийн газраас мэдээлсэн.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, яриа хэлэлцээ тодорхой үр дүнд хүрэх шаардлагатай байгааг уулзалтын үеэр онцолжээ.
Тэрбээр мөн "Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудалд “Рио Тинто” компани хариуцлага хүлээж, шаардлагатай нэмэлт зардлыг санхүүжүүлэх ёстойг анхааруулж, төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг тэглэж, Монгол Улс тус төслөөс ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлж ажиллах хэрэгтэй"-г дурдсан байна. Мөн байгуулагдсан цагаасаа хойш маргаан дагуулдаг Дубайн гэрээ буюу “Оюутолгой” төслийн Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг ойрын үед цуцлахад “Рио Тинто” компани анхаарах, цаашид “Оюутолгой” төслийг харилцан ашигтай, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн нөхцөлөөр хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг “Рио Тинто” компанид санууллаа. Мөн Монгол Улсад ирэх үр өгөөж 2010 оны ТЭЗҮ-д үндэслэж гарах нь зөв гэж байр сууриа илэрхийлжээ.
“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмын зүгээс Монгол Улс дахь үйл ажиллагаандаа анхаарч, аль болох ил тод, нээлттэй хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж харилцан итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд бэлэн буйгаа илэрхийлсэн байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өмнө нь буюу 2020 оны арванхоёрдугаар сард Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагчийн хувиар “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирлаар тухайн үед дөнгөж томилогдоод байсан Якоб Стаусхольмтой цахим уулзалт хийж, “Оюу толгой” төсөлтэй холбогдуулж Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийг ахалж байх хугацаандаа баримталж байсан бодлого, байр суурь огт өөрчлөгдөөгүй гэдгээ илэрхийж байсан бөгөөд энэ удаагийн уулзалтаар ч мөн байр сууриа нотлон хэллээ.
Одоо Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд байгуулагдсан Засгийн газрын Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахлан ажиллаж байгаа юм.
Г.ЗАНДАНШАТАР: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭ, ЭДИЙН ЗАСГИЙН ТООЦООЛОЛД
СУУРИАР НЬ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЗЭРЭГ САНАЛ ТАВЬСАН
УИХ-ын дарга Г.Занданшатар мөн өчигдөр “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм болон тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, “Туркойз Хилл Ресурсес” компанийн гүйцэтгэх захирал Стийв Тибоу, “Рио Тинто Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал нартай уулзсан.
Манайхаас УИХ-ын гишүүн С.Даваасүрэн, Засгийн газрын Ажлын хэсгийг төлөөлж, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нар байлцжээ.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоол батлагдаад хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн байна. УИХ-ын зүгээс тогтоолын хэрэгжилтийг хангахад анхаарал тавьж ажиллаж байгаа боловч хангалтгүй байна. Тиймээс цаашид Оюутолгой төсөл энэ байдлаараа хүлээн зөвшөөрөгдөж, хэрэгжих боломжгүй. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш 12 жил, Дубайн гэрээ байгуулснаас хойш 7 жил өнгөрлөө. Энэ бол хангалттай хугацаа юм. Тиймээс “Рио тинто”компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмд нөхцөл байдлыг танилцуулж, Монголын эрх ашгийг хангуулах, харилцан ойлголцолд хүрэх, нэгдсэн гарц шийдэл хүрэх, хөрөнгө оруулалтын гэрээ, эдийн засгийн тооцоололд сууриар нь өөрчлөлт оруулах зэрэг саналыг тавьсан” гэж мэдэгдсэн байна.
Тухайлбал, "Хууль зөрчиж хийгдсэн Дубайн гэгдэх 3 гэрээ цуцлах, гэрээг дагасан өр, зээл, шимтгэлийг хүчингүй болгох, 2010 оны ТЭЗҮ-ийг баримтлах зэрэг Монголын талыг хохироосон асуудлуудыг шийдэх шаардлагатай"-г тэрбээр онцолжээ.
Харин “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм энэ үеэр "Энэхүү төслийн үр өгөөж, хамрах хүрээ үр дүн бол гайхамшигтай юм. Миний бие Оюутолгойн төслийн үйл ажиллагаатай танилцаад зарим буруу, зөрүү хийсэн асуудлыг зөвөөр шийдвэрлэх нь чухал гэж үзлээ. УИХ-аас байгуулагдсан тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих түр хорооны гишүүдтэй ч уулзлаа. Миний бие Монгол Улсын ардчиллыг тууштай дэмждэг, ард түмний хүсэл, шаардлага бол нэн тэргүүнд авч үзэх ёстой асуудал мөн. Тиймээс УИХ-ын 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахад ямар гарц шийдэл байна, ямар өнцгөөс асуудлыг харах нөхцөлийг бүрдүүлэн хамтарч ажиллана" гэсэн байр суурь илэрхийлжээ.
Тэгвэл хэлэлцээ хийж буй Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар “Рио Тинто” компанитай хийж буй хэлэлцээнд ахиц дэвшил гарсаар байна. Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон ажлын хэсгийн зарим нөхдийн хамт “Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. “Оюутолгой” төслийг харилцан ашигтай, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн нөхцөлөөр хэрэгжүүлэхэд Засгийн газар, Ажлын хэсэг зорилго, байр сууриасаа ухрахгүй” гэж байр сууриа илэрхийлсэн байна.
Тэгэхээр талуудын уулзалтын үеэр гол яригдаж буй “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын талаар тодотгон хүргэе. Уг тогтоол хоёр зүйлтэй.
Нэгдүгээр зүйлээр, Оюутолгой төслөөс Монголын талын хүртэх үр ашгийг дээшлүүлэх 8 чиглэлийн ажлыг Засгийн газарт даалгасан юм.
ЗАСАГТ ӨГСӨН ДААЛГАВАР
Сэтгэгдэл ( 2 )
Zuv shaardlaga tavisan bn bid demjij baigaa shuu
монголын засгийн газарт тарьсан элбэгдорж сайханбалаг да ганболд нарын балагт яаж ч чадахгүй байж риод том данхан толгой гаргаж байж хятадуудад энэ том төслийг өгөх лоббинд хахуулаар автаж байна даа малнууд эх орондоо тус биш ус болж байна өөр өөрсдийнхөө жижиг гуйлт шантаажаар их зовоож байдаг гэсэн шүү