Д.Баярболд: Дельта хувилбартай тэмцэх хамгийн чухал зэвсэг бол III тун

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 24

-Коронавирусний халдварын нийт эерэг сорьцын 90 гаруй хувийг дельта хувилбар эзэлж байна-

Өвлийн улирал эхэлж хүйтэрч байгаатай холбогдуулж томуу, томуу төст өвчлөл дэгдэж эмнэлгийн ачаалал нэмэгддэг. Цар тахалтай байгаа энэ үед хүмүүс амны хаалт тогтмол хэрэглэж заншсан нь дээрх төрлийн ханиадны дэгдэлтийг тодорхой хувиар бууруулсан билээ. Мөн үүний зэрэгцээ иргэдийг ковидын эсрэг  III  тундаа идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа. Иргэд коронавирусний халдвараас сэргийлж, III тундаа хэр идэвхтэй хамрагдаж байгаа талаар болон томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлтийн талаар Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболдтой ярилцлаа.

-Улсын хэмжээнд III тунд хэдэн хүн хамрагдсан бэ, мөн хөдөө орон нутгийн иргэд хэр идэвхтэй хамрагдаж байна вэ?

-Улаанбаатар хотод явуулын 23, суурин 52, түр 25 цэгт дархлаажуулалтын цэг ажиллаж байгаа. Томоохон зах, худалдааны төвүүдэд 25 түр цэг ажиллаж дархлаажуулалтанд хамруулж байгаа нь иргэддээ ойртож үйлчилж буй хэлбэр юм. Коронавирусний халдварын тоо өдөрт 500 хүртлээ буурч байгаа нь вакцины үр дүн гэж харж байна. Коронавируст халдварын эсрэг дархлаа сэргээх III тунд улсын хэмжээнд нийт 561,338 хүн хамрагдсан. Үүнээс нийслэлд 291.029, хөдөө орон нутагт 270.309 хамрагдаад байна.

-Нэмэлт тунд ямар насны хүмүүс идэвхтэй хамрагдаж байна вэ?

-Коронавируст халдварын эсрэг дархлааны түвшнийг нэмэгдүүлэх зорилгоор 18-аас дээш насны иргэдийг нэмэлт III тунгаар вакцинжуулж байгааг хэн хүнгүй мэдэж байгаа. Эрүүл мэндийн сайдын тушаалд зааснаар нэмэлт тун хийлгэх иргэнд коронавируст халдварын эсрэг вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан, хоёр дахь тунг тарьснаас хойш гурван сар өнгөрсөн байх шалгуур тавьж байгаа юм. Шалгуурт нийцсэн иргэнийг "Файзер" үйлдвэрийн “Комирнэти”, Синофарм үйлдвэрийн “CorV” вакцинаас дархлаа сэргээх тунгаар вакцинжуулна.

Иргэд дээрх вакцинаас сонголтоор хийлгэх боломжтой. Коронавируст халдварын эсрэг дархлаа сэргээх III тунд 70-74 насныхан хамгийн их 18.405 хүн буюу 50 хувьтай хамрагдаж байна. Дээрх насныханд архаг суурь өвчтэй, дархлаа сэргээх шаардлагатай зорилтот бүлэгт хамаардаг учраас иргэд ухамсартайгаар өөрийн эрүүл мэнд, амь насаа хамгаалж дархлаажуулалтанд хамрагдаж байгаа нь сайшаалтай. Тэгвэл дараагийн дугаарт 75-79 насныхнаас 11.139 хүн буюу 49 хувьтай хамрагдаж байна. Түүнээс доош насныхан маш идэвхгүй байна. Жишээ нь,  хамгийн бага хамрагдаж буй насны бүлэг нь 18-29 насныхан буюу хамрагдалт 19 хувьтай л байна даа.

-Коронавирусний халдвар авсан хүмүүсийн хэдэн хувь нь вакцинд хамраагүй байна вэ?

-Монгол Улсад нийт 378.862 хүн ковидын халдвараар өвчилсөн тоон мэдээлэлтэй байна. Үүнээс 1875 хүн нас барсан. Коронавируст халдвар авсан хүмүүсийн  319.586 нь буюу 52 хувь нь  вакцинд хамрагдаагүй байна. Тэгэхээр вакцинд хамрагдсан иргэд халдвар авахаас сэргийлэхээс гадна халдвар авсан ч хөнгөн тусаж байгаа юм. Мөн амь нас эрсдэхээс хамгаалж байгаа гэдгийг давхар хэлмээр байна.

-Тэгвэл ковидын халдвараар нас барагсдын хэдэн хувь нь вакцинд хамрагдсан байсан бэ. Үүнээс хэдэн тундаа хамрагдсан байсан гэдэг мэдээллийг өгөх боломжтой юу?

-Нийт нас барсан 1875 хүнээс 1044 хүн нь вакцинд хамрагдсан байсан. Үүнээс II тун хийлгээд 14-өөс дээш хоносон 822 хүн, III тунг хийлгээд 14-өөс дээш хоносон 15 хүн буюу 0.9 хувь байсан.

-Вакцины үр дүнд халдварын тоо буурч байна гэж та ярианыхаа эхэнд хэллээ. Хөдөө орон нутагт халдварын бууралт ямар үзүүлэлттэй байна вэ?

-Улсын хэмжээнд 8.759 хүн эмнэлэг, тусгаарлан эмчлэх байранд хэвтэн эмчлэгдэж байна. Мөн тархвар судлалын 45 дугаар долоо хоногийн байдлаар 19.212 шинэ тохиолдол бүртгэгдэж, долоо хоногт бүртгэгдсэн тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад буурсан ба долоо хоногийн хөдөлгөөнт дундаж ч мөн буурч байна. Лабораторид суурилсан тандалтаар 34.730 эерэг, түргэвчилсэн оношилгоогоор 40.018 эерэг шинжилгээ хийгдсэн байна.

Долоо хоногийн эерэг илэрсэн хувийн хөдөлгөөнт дундаж 44 дүгээр долоо хоногт 20.8 хувь байсан бол 45 дугаар долоо хоногт 17.3 хувь болж буурсан үзүүлэлттэй. Коронавируст халдварын  өвчлөлийн түвшин аймгуудад нийтдээ буурч байгаа ч 100 мянган хүн ам тутамд авч үзвэл Өмнөговь аймагт 1303, Дорноговь аймагт 1055, Говьсүмбэр аймагт 1032, Дундговь аймагт  1004 тохиолдол бүртгэгдэж, өвчлөлийн тархалт өндөр үзүүлэлттэй байгаа.

-Нийт халдварын хэдэн хувь нь дельта хувилбар эзэлж байна вэ. Ер нь манайд вакцины нөөц хэр байгаа вэ?

-Нийт эерэг сорьцын 90 гаруй хувийг дельта хувилбар эзэлж байна. Коронавирусний дельта хувилбар нь богино хугацаанд хүндрэх хоруу чанартай бөгөөд вакцины идэвхийг сулруулах сөрөг талтай.  Тиймээс III тундаа хамрагдах нь энэ төрлийн вируснээс хамгаалах хамгийн чухал зэвсэг болоод байна. Үүнийг нийгмийн эрүүл мэндийн бусад арга хэмжээтэй хослуулах хэрэгтэй. Коронавирусний халдварын эсрэг вакцины нөөц хангалттай байгаа. Зорилтот бүлгийн иргэдийг III тунд бүрэн хамруулах нөөц бий. Иргэд өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгт очоод вакцинаа хийлгэх боломжтой.

 -Хүйтний улиралд ямар төрлийн томуу дэгдэж байна вэ, хүүхдүүд бөөлжиж халуураад байна гэсэн дуудлага их ирж байна шүү дээ

-Яг энэ цаг үед, гадаа цас орж, эрс хүйтэрч байна шүү дээ. Өвлийн томуу томуу, төст өвчний дэгдэлтийг үе эхэлж байна. Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин амбулаторийн үзлэгийн 4.3 хувийг эзэлж, “Идэвхжилийн түвшин”-д байна. Томуу томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 56 хувийг 16 хүртэлх насны хүүхэд, үүнээс 33.8 хувь нь дөрөв хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Мөн амьсгалын замын цочмог хүнд халдварын улмаас эмнэлэгт хэвтэлт 16.3 хувь нь зургаа хүртэлх насныханд тохиолдож байна. Лабораторид суурилсан тандалтаар хүн амын дунд аденовирус, риновирус эргэлтэд байгаа ба томуугийн вирус орчилд ороогүй байна. ЭХЭМҮТ-д бөөлжиж, суулгасан шинж тэмдэгтэй хүүхдүүд маш их ирж эмчлэгдэж байна. Эмнэлзүйн шинж тэмдгээр ротавирусний халдвар гэж оношлогдсон ба лабораторийн шинжилгээ хийгдэж байна. Ротавирусний гаралтай суулгалт халдвараар зургаан сараас 11 сартай хүүхдүүд зонхилон өвчилдөг.

ХӨСҮТ-ийн томуугийн үндэсний төвөөс хийгдэж байгаа тандалтаар 20 гаруй төрлийн томуу, томуу төст өвчний үүсгэгчийг илрүүлэх лабораторийн шинжилгээ хийгддэг. Хүн амын дунд томуу төст өвчний үүсгэгч болох респиратор синтициаль вирус, хүний метапневмовирус, риновирус, иж томуугийн вирус, хүний бока вирус, короно вирус, аденовирус зэрэг 20 гаруй төрлийн үүсгэгч хүн амын дунд эргэлтэд  ордог.

-Дээрх шинж тэмдэгтэй ротавирусын гаралтай суулгалт халдвараар үүсгэгдсэн ханиадыг хэрхэн дарж байна вэ?

-Ротавирусээр үүсгэгдсэн суулгалт өвчнийг ихэвчлэн гэрээр эмчилнэ. Гэрийн эмчилгээнд шингэн зүйл ердийн үеэс их уулгах, эмчийн заавраар цайрын бэлдмэл өгөх, ойр ойрхон илчлэг сайтай хоол идүүлэх хэрэгтэй. Мэдээж, эмчид хандаж мэргэжлийн зөвлөгөө авч эм эмчилгээ бичүүлж эмчилнэ.

-Хүүхдүүд томуугийн вакцинд хэдэн хувь хамрагдсан байна вэ?

-Зорилтот бүлгийн хүүхдүүдийн томуугийн вакцинд хамрагдалт улсын хэмжээнд 96 хувьтай байна.

-III тун томуугийн вирусээс давхар хамгаалах уу?

-Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын III тун нь томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхгүй коронавирусний халдварын хүндрэл, нас баралтаас сэргийлнэ. Коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдсан хүн хамрагдаагүй хүнээс хоёр дахин бага эмнэлэгт хэвтэж, нас баралт долоо дахин бага байгааг судалгаагаар тогтоосон байна. Эцэст нь хэлэхэд, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төвтэй хамтарсан судалгаагаар вакцины хийлгэснээс 60-90 хоногийн дараа дархлааны түвшин буурч байна гэсэн дүгнэлт гарсан. Вакцин хийлгээд, гурван сарын дараанаас ковид туссан 200 гаруй мянган иргэн бий. Эдгээр хүний эхний тун үйлчлэхгүй болсон тул дахин вакцинд хамруулах шийдвэрийг Эрүүл мэндийн сайд гаргасан. Ковидоор өвдөөд, эдгэсэн хүмүүс 21 хоногийн дараа III тунг хийлгэх боломжтой.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Халтар(66.181.169.70) 2021 оны 11 сарын 24

Коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдсан хүн хамрагдаагүй хүнээс нас баралт долоо дахин бага байгааг судалгаагаар тогтоосон байна. Нийт нас барсан 1875 хүнээс 1044 хүн нь вакцинд хамрагдсан байсан. Үүнээс II тун хийлгээд гэсэн байхын юу гэж ойлгох вэ

1  |  0
Glmga(66.181.169.70) 2021 оны 11 сарын 24

1875 хүнээс 1044 хүн нь вакцинд хамрагдсан байсан. гэж мэдээлээп тэгээд араас нь Коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдсан хүн хамрагдаагүй хүнээс хоёр дахин бага эмнэлэгт хэвтэж, нас баралт долоо дахин бага байгааг судалгаагаар тогтоосон байна. гэдэгийг юу гэж ойлгох вэ Еэвэнгийн нэг тал нөгөө тал гэдэг шиг юм ярих юмаа Халдвар буурсан уу нгн зөвхөн ПСР шинжилгээний дүн гэтэл өрхийн эмнэлгээр гэрээр маш их хүн түргэвчилсэнээр илэрч хавтгай л байна шүү дээ Ард иргэд К бараг зогссон мэтээр йолгодлт авч улам халвар хавтгайрч байна шүү дээ Зөв мэдээлэх шаардлагатай

1  |  0
Top