“Туркойз Хилл”-ийн мэдээллээр Оюутолгойн далд уурхайн үйл ажиллагаа эхлэх хугацаа 2022 оны аравдугаар сараас хойшилж 2023 оны нэгдүгээр сар болоод байсан. Тэгвэл уг хугацаа дахин хойшилж, 2023 оны эхний хагас жилд багтаж эхлэхээр яригдаж байна.
Далд уурхайн үйл ажиллагаа эхлэх хугацаа хойшлох тусам өртөг зардал нэмэгдэнэ гэдгийг “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан манай сайтад өгсөн ярилцлагадаа хэлж байсныг дашрамд сануулъя.
Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллароор хэтэрсэн, ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон асуудал нь геотехникийн нөхцөлөөс шалтгаалаагүй гэсэн дүгнэлтийг энэ оны наймдугаар сард хөндлөнгийн шинжээчид гаргасан.
Харин төслийн менежментийг хэрэгжүүлэгч “Рио Тинто” компанийн зүгээс зардлын хэтрэлтийн талаарх шинжээчдийн дүгнэлттэй холбоотой тов тодорхой буюу өөрсдийн менежментээс шалтгаалсан болон шалтгаалаагүй эсэх талаар хариултыг өгөхгүй байгааг Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүн Б.Солонгоо манай сайтад өгсөн ярилцлагадаа хэлж байсан.
Түүнчлэн далд уурхайн зардлын хэтрэлтийн талаар талууд нэгдсэн ойлголцолд хүрээгүй байгаатай зэрэгцэн хугацаа нь дахин дахин хойшилж байна.
Харин Оюутолгойн далд уурхайн улаар огтлох ажил энэ ондоо багтаж эхлэх болов уу гэсэн тал талын хүлээлт байгааг “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Э.Баясгалан хэлж байна. Гэхдээ уг ажлыг эхлүүлэхээс өмнө хөрөнгө оруулагч талуудын тавьсан хэд хэдэн техникийн бус шаардлагууд байгаа аж.
Тухайлбал, Өвөрмонголтой хийсэн эрчим хүчний гэрээг сунгахгүй бол найдвартай эрчим хүчний эх үүсвэргүйгээр улаар огтлох ажлыг гүйцэтгэж хүдрийн биеийн нуралтыг эхлүүлэх нь эрсдэлтэй, хүнд нөхцөл байдал үүсч болзошгүй гэж тайлбарлаж буй юм байна.
Тиймээс эрчим хүчний гэрээ удахгүй зурагдаж, эрчим хүчний найдвартай эх үүсвэр нь бий болчихвол, улаар огтлох ажил энэ ондоо багтаж эхлэх аж.
2023 оны эхний хагас жил хүртэл хойшилсон гэж буй үйл ажиллагаа бол “Хюго Дамметын хойд бүсийн Лифт/Давхарга 1”-ийн Панел 0 хэсгийн олборлолт бүрэн хүчин чадалдаа буюу өдрийн 30 мянган тонн хүдэр гаргах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа байх юм байна.
2015 оны ТЭЗҮ-гээр бол энэ оны нэгдүгээр сардэнэ хүчин чадалдаа очих ёстой байсан ч, 2022 оны аравдугаар сар болоод хойшилсон байсан бол “Туркойз Хилл”-ийн мэдээллээр 2023 оны эхний хагас болж дахин хойшлоод буй юм.
Сэтгэгдэл ( 0 )