Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 73 дугаар бүлэг

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 24

Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

ХАР ХУЙ ЛИ КҮЙ БЭЭР ТҮЙТГЭР ШИМНУСЫГ ДАРСАН ХАТАН ЦАЙЗ ЛЯН ШАНЬ-Д ХОС ТЭРГҮҮНИЙГ ӨРГӨСӨН

Өгүүлэх нь тэр өдөр Ли Күй буудлын газраас дэвхрэн гарч, хос сүхийг дээр далайн хотын хаалгыг цавчихаар эчсүгэй хэмээтэл Янь Чин нэгэнт ухасхийж дундуур нь тэврэн аваад хүчтэй хавсран хөсөр унагаагаад, яаран гараас татан босгож бага замаар явахуйяа Ли Күй арга буюу дагаж эчив. Ли Күй ямар учир Янь Чин-ээс эмээмүй хэмээвээс Янь Чин хэмээгч угаас хорвоо ертөнцөд хосгүй тэргүүн зэргийн сайн бөх тул Сүн Жян түүнийг үлдээж Ли Күй-г харуулжээ, Ли Күй үгэнд орохгүй болбоос Янь Чин бөхийн мэх юүгээ улируулж гар өргөмөгц газар унагах тул дотроо бишрэн баахан эмээдэг бөлгөө. Төдийд Янь Чин, Ли Күй нэхэх цэрэг ирвээс хариуцан тулахуйяа бэрх хэмээн аймшиггүй их замаар явсангүй, зам тойрон Чэнь Лю Сянь-ийг чиглэн ирэв. Замын гудас Ли Күй дээлээ өмсөж, саран сүхээ хувцасны дотор нуув. Байлдах зуур малгайгаа гээсэн тул шар гэзгээ хоёр хагалж мэвэр мэт эвхэн ороогоод, зам хороон гэгээ орсон хойно, Янь Чин- ий гар үзүүр зоос байх тул тусахын зах дахь дарсан пүүснээ орж архи мах авч зооглоод алхам тавин аянаа хөөв. Түүнээс үүр гийж өглөө болсон хойно эзэн хот Дунжин-д үзүүргүй их хөл үймээн болж, Гао Тайюй цэрэг аван нэгэн зэрэг нэхэмжлээд гүйцэж чадсангүй хойш эгэв. Ли Ши Ши мэдэхгүй хэмээн марган түлхэж, Ян Тайюй ордондоо эгж бие юүгээ сувилан суув. Хот доторх хохирсон хүмүүнийг байцааваас дөрөв таван зуун хүмүүн автаж, шархтаж гэмтсэн цэрэг иргэнийг тоолбоос барахгүй. Төдийд Гао Тайюй бээр цэргийн яамны эрхин түшмэл Түн Гуань лугаа тайшийн яаманд ирж нэгэн зэрэг зөвлөөд эрхтэн цэрэг байгуулан хулгайг хураамжлахаар эзэн хаанд айлтгал өргөв.

Жич өгүүлэх нь Ли Күй, Янь Чин өлмий сунган өндөлзөн алхсаар дөрвөн удат Сэ Лю Зүнь хэмээх тосгонд хүрэхүйеэ хэдийн бүрий тасарч харанхуй болсон тул нэгэн их хүрээний өмнө ирж хаалга тогшин дотогш орвоос гэрийн эзэн Ди Тай Гүн угтан авч үзвээс Ли Күй хэдий үсийг хагалан эвэр мэт эвхсэн боловч биедээ номын дээл өмссөнгүй бөгөөд төрсөн байдал этгээд муухай тул ямар хүмүүн болохыг мэдэхгүй, яаран Янь Чин-ээс асууруун: - Энэ багш ямар газраас ирэв? хэмээхэд Янь Чин инээн өгүүлрүүн: - Энэ багшийг хэлбээс үнэхээр сонин хүмүүн болой. Таны зэргийн хүмүүн учрыг хэрхэн мэдмүй. Чиний гэрт нэгэн цагийн хоол идэж, нэгэн хоногийг өнгөрөөгөөд жич маргаадар эртлэн мордсугай хэмээвээс Ли Күй огт дуу гарсангүй, өвгөн Тай Гүн энэ үгийг сонсоод Ли Күй-ийн өмнө түсхийтэл сөгдөөд тэргүүн даран мөргөж өгүүлрүүн: - Өршөөлт багш өчүүхэн хүмүүнийг аврах болов уу хэмээхүйеэ Ли Күй өгүүлрүүн: - Би чиний юуг авармуй, нуухгүй үнэнээ хэлэгтүн хэмээхүйеэ өвгөн Тай Гүн өгүүлрүүн: - Миний гэрт хэдий зуу илүү ам хүмүүн байвч эмгэн бид хоёулын өвдөг доор нас хорь гарсан үрийн ганцхан охинтой бөлгөө. Хагас жилийн өмнө муу юмд адлагдаад өдөр дуусан гэрээс гарахгүй боловч цай хоол хэмээн огт хэрэгсэхгүй болов, хүмүүн эчиж түүнийг дуудваас чулуу тоосго бялуудан эрий хурийгүй занчих гэрийн хүмүүнийг нэг арвин гэмтээв. Эрдэмт багш увдист тойныг олон залсан боловч энд чөтгөрийг дарж чадсангүй хэмээхэд Ли Күй өгүүлрүүн: - Настай Тай Гүн- ээс нуухгүй, би хэмээгч Жижо Фү-ийн нэрт хувилгаан Ло Жэнь Рэнь-ий гар доорх шавь болох тул салхи урьж үүл хөлөглөн, түйтгэр шимнусыг тухайлан дармуй. Өвгөн Тай Гүн эдээ хайрлахгүй болбоос энэ шөнө чөтгөрийг барьсугай. Ийнхүү хонь гахайг нэжгээд алж хувилгаан сахиусыг тахисугай хэмээвээс өвгөн Тай Гүн өгүүлрүүн: - Хонь гахай байх л буян, архи дарсыг нэн юун өгүүлмүй хэмээхүл Ли Күй өгүүлрүүн: - Ийн бөгөөс аль тарганаас сонгож алаад сайн чанаж шалзартал болгоод, хэдэн малуу сайн архитай авч ирсэн хойно мөн шөнийн гуравдугаар жинд түйтгэр чөтгөрийг барьсугай хэмээснээ өвгөн Тай Гүн өгүүлрүүн: - Эрдэмт багш пү тарни бичсүгэй хэмээвээс миний гэрт цаас бийр бэлэн баймуй хэмээхэд Ли Күй өгүүлрүүн: - Тойн надад ганц увдис баймуй. Тарни энэ тэрийг хэрэгсэхгүй, суух гэрт бие хүрмэгц самуун шимнусыг барьж авмуй хэмээсэнд Янь Чин тэсгэлгүй пүсхийтэл инээд алдав. Өвгөн Тай Гүн түүний үгийг нэгмөсөн итгэж хагас шөнө мунгинан яарч хонь гахайн махыг болгоод танхимын дунд өрж тавьсанд Ли Күй арван аяга ацруулж халуун архи дүүргээд дугараа барихаар бэлтгэж, ширээний үзүүр гэрэлт лавыг асааж, мөнгөн хүлст ариун хүжийг шатаасан хойно шатаасан хойно хажуу дахь сандлыг шүүрэн авч, ширээний дунд лаглайн суугаад, ном уншин залбирахгүйгээр саран сүхийг суга татан авч бүхэл шүүсийг эвдэж хэсэг хэсгээр үмхэж идэх зуур Янь Чин-г дуудаж: - Сяо И дүү нааш ирж мах зоогло хэмээсэнд Янь Чин жихүүнээр инээж түүнийг хэрэгссэнгүй. Ли Күй тарган махыг цадтал идэж сайн архинаас тав зургаан аяга уусанд өвгөн Тай Гүн үзсээр байгаад нэгмөсөн мэлрэв. Төдийд Ли Күй гэрийн ардыг дуудаж: - Тахилын идээнээс амсаж үзэгтүн хэмээгээд нүд ирмэх зуур мах шүүсийг түгээж бараад олны зүг ийн өгүүлрүүн: - Нэгэн суулга халуун ус авчрагтун, нүүр гараа рашаалан угаасугай хэмээгээд ус ацруулан угаан ариулаад хэдэн аяга цай уусан хойно Янь Чин-ээс асууруун: - Эрхин дүү цав барив уу? хэмээхүл Янь Чин: - Нэгэнт цадтал идэв хэмээхэд Ли Күй өвгөн Тай Гүн-ий зүг өгүүлрүүн: - Архи дарсыг согттол ууж, мах шүүсийг дэгдийтэл идэв, эргэх өдөр зам хөөх тул эцэг чинь нойрсохоор одмуй хэмээхүйеэ Тай Гүн өгүүлрүүн: - Гашуун болой, тэр чөтгөрийг хэзээ дармуй? хэмээвээс Ли Күй өгүүлрүүн: - Чи надаар буг даруулсугай хэмээвээс нэгэн хүмүүнээр зам удирдуулан намайг охиныхоо гэрт хүргэгтүн! хэмээхүл өвгөн Тай Гүн өгүүлрүүн: - Хувилгаан онгод гэрт аж чулуу тоосгоор нүдгүй занчих тул ямар хүмүүн аймшиггүй эчмүй хэмээв.

Түүнээс Ли Күй хос саран сүхийг гартаа барьж, бамбар барьсан хүмүүнээр зам удирдуулан их алхмаар гэрийн үүдэн өмнө хүрч ирвээс зулын гэрэл бүдэг бадаг харагдмуй, Ли Күй нүд орхин үзвээс нэгэн залуу эр гоо хүүхнийг тэврэн үг хэлэлцэж байсан тул үүдийг нь балба өшиглөж сүх өргөн нэгэнт цавчсанаа галын гэрэл дуаласхийж, аянгын дуу нирхийсэнд нүд тавин шинжин үзвээс ширээн дээрх бүрхүүлт зулыг няц цавчсан ажгуу. Тэр залуу хиртхийн цочиж дутаасугай хэмээтэл Ли Күй зандан бархирч сүх өргөмөгц түүнийг цавчин унагав. Хүүхэн мэндүүрч орын доор шурган орохуйяа, Ли Күй тэр залуусын тэргүүнийг цавчин авч орон дээр байлдаад саран сүхээр орны ирмэгийг тогшиж зандан өгүүлрүүн: - Хүүхэн чи хурдан гарч ир, үг сонсохгүй болбоос орын хамт няц цавчмуй хэмээхэд тэр хүүхэн гуйн өгүүлрүүн: - Амийг хэлтрүүлбээс би гарсугай хэмээгээд тэргүүнээ бултайлган гарч ирсэнд Ли Күй гэзэгнээс шүүрэн аваад үхсэн хүүрийн хажууд чирэн аваачаад: - Миний алсан энэ боол ямар хүмүүн болов? хэмээхүйеэ хүүхэн өгүүлрүүн: - Энэ болбоос доорд шивэгчний ханилсан эр Ван Сяо Эр болой хэмээвээс Ли Күй бас асууруун: - Чулуу тоосго цай хоол чинь хаанаас ирэв хэмээхүйеэ хүүхэн өгүүлрүүн: - Миний өгсөн алтан мөнгөн засал зэмсгээр сольж аваад шөнө дүлийн үеэр хэрмийн дээгүүр зөөж ацармуй хэмээвээс

Ли Күй өгүүлрүүн:

- Чиний мэт садар амьтныг үлдээж яамуй хэмээгээд орын тушаа чирэн аваачиж тэргүүнийг нь тас цавчиж хоёр хүмүүний толгойг хэлхэн уяад садан хүүхэн самуун эрийн хүүр биеийг зэрэгцүүлэн тавьж: - Идсэн хоолыг шингээх газар үгүй баймуй хэмээгээд дээлээ тайлж хаяад хос сүхийг шүүрэн авч дохиур эргүүлэн хэнгэрэг дэлдэх мэт нэгэн зэрэг нүд нүүргүй цавчсан хойно инээн өгүүлрүүн: - Санаваас энэ хоёр гайхал эдгэж чадахгүй болов хэмээгээд саран сүхээ суйрч, хүмүүний тэргүүнийг авч их танхимд хүрч ирээд өндөр дуугаар өгүүлрүүн: - Хоёр чөтгөрийг барьж авав хэмээгээд хүмүүний толгойг хөсөр бялуудсанд хүрээний ард дуу алдан цочиж, урагш давшиж үзвээс нэгэн хүмүүн нь өвгөн Тай Гүн-ий охин, нөгөө нэгэн тэргүүнийг таних хүмүүн нэг ч үгүй, нэгэн хүмүүн зэргээс дэвшиж царайг нь лавлан шинжээд: - Энэ хүмүүнийг ажваас зүүн айлын Ван Сяо Эр бололтой хэмээхэд Ли Күй өгүүлрүүн: - Энэ хүмүүний нүд нуга гярхай хэмээвээс өвгөн Тай Гүн асууруун: - Эрхин багш хэрхэн олж мэдэв? хэмээхүйеэ Ли Күй өгүүлрүүн: - Орон доор орж нуусан охиныг чинь чирэн гаргаж асуухад: “энэ болбоос миний ханилсан эр Ван Сяо Эр болох бөгөөд идэж уух аливаа зүйлийг цөм энэ хүмүүн зөөж авчирмуй” хэмээн хариулсанд би сая гар хөдөлж тэргүүнийг нь цавчив хэмээхүл өвгөн Тай Гүн уйлан өгүүлрүүн: - Багш өршөөж охины амийг хэлтрүүлсэн болбоос сайн болой хэмээснээ Ли Күй хараан өгүүлрүүн: - Зөнөг туссан зөрүү малыг үз. Хүмүүнтэй ханилсан муу өлөгчнийг үлдээж яамуй! Энэ мэт уйлан унжиж тал хийхгүй булхайлбаас маргаадрын өдөр хоёул хэлэлцсүгэй хэмээгээд Янь Чин-ий хамт нэгэн гэр олж бие амрав. Өвгөн Тай Гүн гэрийн ардаар дэн бариулан охины гэрт орж үзвээс толгойгүй хоёр хүүрийг арваад анги болгон цавчиж хөсөр хаясан тул өвгөн эмгэн хоёул дуу тавин уйлж хүмүүн дуудан хүүрийг гаргаж шатаалгав. Ли Күй үхширэн унтсаар гэгээ орсон хойно ховх үсрэн босоод өвгөн Тай Гүн-ий зүг өгүүлрүүн: - Өчигдөр шөнө өвгөн чамд түйтгэр шимнусыг дарж өгсөн атал юун хэмээн хариу тал хийхгүй аж? хэмээсэнд өвгөн Тай Гүн арга буюу ширээ засаж хүндлэн дайлахуйяа Ли Күй, Янь Чин идэж уусан хойно салж эчив. Өвгөн Тай Гүн гэрийн адлаа төвхнүүлэхийг түр өгүүлэхгүй.

Жич өгүүлэх нь Ли Күй, Янь Чин хоёул Сэ Лю Зүнь тосгоноос салж аяны замаа хөөхүйеэ өвс хувхайрч навч унаад газар уудам уул хоосон цаг асан тул замын гудас явдал үгүй, хоёул тойруу замаар явсаар уулан цайзаас дал нян газрын алс хүрч, Жин Мэнь Жэнь балгасны ойр ирээд наран ташиж орой болсон хойно нэгэн их хүрээний өмнө эчиж хаалгыг нь тогшихуйяа Янь Чин өгүүлрүүн: - Бид хоёул нэгэн буудлын газар эрж буусугай хэмээхэд Ли Күй өгүүлрүүн: - Энэ их баян өрхөд бууваас дянь буудалд бууснаас түмэн хувь дээр бус уу! хэмээн өгүүлж дуусахын урьд гэрийн ард гарч ирээд: - Гэрийн эзэн настай Тай Гүн сэтгэл бухимдаж байх тул та хоёул өөр газар эчиж буугтун хэмээхэд Ли Күй бээр Янь Чин-ий хориглохыг сонсохгүйгээр шууд дотогш алхаж их танхимд орж эчээд өндөр дуугаар өгүүлрүүн: - Аяны хүмүүн нэгэн шөнө хоноход ямар харъяа байх аж, настай Тай Гүн сэтгэл бухимдмуй хэмээн дэмий шалтаглах нь юун! Би тэр сэтгэл бухимдах хүмүүн лүгээ ёс хэлэлцэхээр ирэв хэмээв. Төдийд Тай Гүн дотоод өрөөнөөс үзвээс Ли Күй-ийн төрсөн байдал асар аймар тул гэрийн ардыг дуудаж ирсэн зочныг танхимын хажуу дахь чихэн гэрт буулгаж хоол цай хийж дайлагтун хэмээсэнд тэд хоёулыг Тай Гүн-ий захисан ёсоор чихэн гэрт буулгаж хоол будаа идүүлэн амруулав.

Тэр орой Ли Күй архи олж уусангүй тул нойр хулжиж шороон ханзан дээр урван хөрвөн цухалдаж атал өвгөн Тай Гүн эр эм хоёул дотоод өрөөнөө эхэр татан уйлан гаслахуйяа Ли Күй улам илүү бачимдаж нээн шөнө нүд дарсангүй. Үүр гийж гэгээ ормогц хэвтэн орноос ховх үсрэн босоод танхимын өмнө ирж асууруун: - Чиний гэрийн ямар хүмүүн шөнө дуустал гаслан уйлж, энэ эцгийнхээ нойрыг саатгав? хэмээсэнд өвгөн Тай Гүн үүнийг сонсоод арга буюу гарч ирээд" Өвгөн эмгэн би хоёулын арван наймтай охиныг хүмүүн булааж аваачсан тул сэтгэл уяран гашуудаж баймуй хэмээхэд Ли Күй өгүүлрүүн: - Бас ч сонин болой! Ямар хүмүүн чиний охиныг булаав? хэмээвээс өвгөн Тай Гүн өгүүлрүүн: - Түүний нэрийг чамд хэлбээс сүнс чинь зайлж сүлд чинь тонилмуй! Тэр хүмүүн болбоос Лян Шань уулын их дайван Сүн Жян хэмээгч болой. Цэргийн ардыг бодохгүйгээр нэгэн зуу бөгөөд найман сайн эр баймуй хэмээхэд Ли Күй өгүүлрүүн: - Би чамаас нэгэн үг асууя, тэд хэдүүл чиний энд ирэв? хэмээвээс өвгөн Тай Гүн өгүүлрүүн: - Хэдэн өдрийн өмнө тэр хүмүүн нэгэн залуу хөвүүний хамт морь унаж ирэв хэмээхэд Ли Күй хойш хандан Янь Чин-г дуудаж: - Дүү чи өвгөн Тай Гүний үгийг сонсогтун. Үзвээс манай ах угт өчих үйлдэх нь нэг бус муу хүмүүн аж! хэмээхэд, Янь Чин өгүүлрүүн: - Хүмүүнийг битгий ийн гүжирлэгтүн, ийм хэрэг магад байхгүй буй за! хэмээхэд Ли Күй өгүүлрүүн: - Дунжин хотноо байх цагт дууч эхнэр Ли Ши Ши-ийн гэрт хүрсэн хүмүүн энд ирээд ийм хэргийг үйлдэхгүй ёсон баймуй уу! хэмээгээд өвгөн Тай Гүн-ийн зүг өгүүлрүүн: - Бэлэн будаа байваас бид хоёулд идүүлтүгэй, өвгөн чамд үнэнээ хэлье. Би болбоос Лян Шань уулын хар хуй Ли Күй хэмээгч болой. Энэ дүү болбоос ганган эр Янь Чин хэмээгч мөн. Сүн Жян чиний охиныг булааж аваачсан болбоос Ли Күй би эгүүлэн илгээсүгэй хэмээсэнд Тай Гүн тал өгч ёслов.

Түүнээс Ли Күй, Янь Чин тосгоноос мордон уулан цайз Лян Шань Фү-доо ирж шударга журмын танхимд орохуйяа Сүн Жян угтан авч ийн асууруун: - Хоёр дүү хаанаас ирэв? Санаваас зам төөрч сая ирсэн буй за хэмээсэнд Ли Күй хариу өчсөнгүй, барсын нүдээ дүгрэглэж, саран сүхээ суга татаж гүйлсэн шар тугийг тас цавчиж, "Тэнгэрийн төлөөнөө ёсыг явуулмуй" хэмээх дөрвөн үсгийг урж хаясанд олон хүмүүн их л цочив. Сүн Жян зандан асууруун: - Хар мал хэрхэж баймуй? хэмээсэнд Ли Күй хос сүхийг дээр далайн хормой хийсгэн дэвхэрч Сүн Жян-г цавчин оров.

Шүлэгт өгүүлсэн нь:

 

Чиг өндөр Лян Шань уулнаа зальхай хүмүүн үгүй,

Чигч журамт тэнгисийн дотор аруухан сайд үлэмж.

Чин зоригт Ли Күй-ийн сүхийг үлдээж асан цагт

Чухамхүү үнэн ёс учрыг ертөнцөд дэлгэрүүлж болмуй.

Төдийд Гуань Шэн, Линь Чүн, Чинь Мин, Хү Яньжуо, Дүн Пин зэрэг таван барсын жанжин мэндэн сандан тосож аваад, далайсан сүхийг нь булаан авч индэр уруу чирч аваачсанаа Сүн Жяних л хилэгнэж зандан өгүүлрүүн: - Энэ адгуус юун хэмээн бас ийнхүү самуунаар үйлдмүй! Би чамд ямар осол хийв? хэмээвээс Ли Күй огт дуу гарахгүй шүд хавиран занахад Янь Чин урагш давшиж өгүүлрүүн: - Аян замын үйлийг ах чамд айлтгасугай, Ли ах Дүнчин хотын гаднах буудлын газраас сүх барин гүйж гараад хотын хаалгыг цавчсугай хэмээсэнд дүү би тэврэн авч хавсран унагаагаад хөсрөөс чирэн босгож: “ах нэгэнт эгсэн атал чи ганцаар ийн солиорох нь юун? хэмээсэнд сая миний үгийг итгэж их замаар айж явсангүй, өмссөн малгайгаа гээсэн тул үсээ хагалан эвэр мэт эвхэн ороогоод дөрвөн удат Сэ Лю Зүн хэмээх тосгоны Ди Тай Гүн-ий гэрт бууж шимнус дарах бумба хэмээн өчиж өвгөн Тай Гүн- ий садар охин жич ханилсан эрийг барьж махан жян болтол цавчсан хойно дүү би их замыг барьж баруун биеэс уулнаа гарсугай хэмээвээс Ли ах үг зөрүүлэн тойруу явсаар Жин Мэнь жэнь балгаснаа ойр болохуйяа наран унаж бүрий тасарсан тул Лю Тай гүн-ий гэрт хоног гуйн бууснаа өвгөн Тай Гүн эр эм хоёул шөнө дуусан уйлж Ли ахыг унтуулсангүй. Өглөө болж учрыг асууваас Лю Тай Гүн өгүүлрүүн: “Хэдэн өдрийн өмнө Лян Шань уулын Сүн Жян хэмээх хүмүүн нэгэн залуу хөвүүн лүгээ мориор ирсэнд өвгөн би түүнийг тэнгэрийн төлөөнөө ёсыг явуулах сайн хүмүүн хэмээн сонсоод, арван наймтай охиноо дуудаж дарс хэмнүүлэн шөнө дүл өнгөртөл уулгасан хойно тэр хоёул миний охиныг булааж аваачив хэмээсэнд Ли ах үгийг нь итгэж хилэн төрсөнд дүү би:

“Манай ах ийм хүмүүн бус, санаваас цуу тавин сүр мандуулж, хүмүүний нэр овгийг зээлэх муу хүмүүн үйлдсэн буй за” хэмээн дахин давтан ятгахуйяа Ли ах өгүүлрүүн: “Дунжин хотноо эчсэн тэр удаа дууч эхнэр Ли Ши Ши лүгээ найрлан салан ядаж асныг нь би нүдээрээ олж үзэв, тэр бус өөр хэн ингэмүй? хэмээгээд огт хүлээхгүй хэрүүл хийхээр ирэв хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Энэ мэт хилс хэргийг хэлэхгүй болбоос хэрхэн олж мэдмүй хэмээвээс Ли Күй өгүүлрүүн: - Энгийн үед би чамайг сайн эр хэмээн бодсон бөлгөө. Санасангүй энэ мэт муу үйлийг үйлдэх адгуус байсан аж! хэмээхүйеэ Сүн Жян зандан өгүүлрүүн: - Чи түр миний үгийг сонсогтун. Миний бие тэр өдөр хэдэн мянган цэргийн хамт ирсэн тул хоёр хүмүүн хойно хоцорсон бөгөөс олны нүдийг хэрхэн халхалж чадмуй. Тэр ч байтугай хэрвээ хүмүүний охиныг уулгалан авчирсан болбоос эрхгүй цайзад баймуй. Чи эчиж миний гэрийг нэгжиж үз! хэмээхүл Ли Күй өгүүлрүүн: - Ах чи арвин үг хэлэх хэрэггүй! Цайзын ард болбоос цөм нь чиний гар доорх хүмүүн болох тул чамайг өмгөөлөх нь олон, хаана нууж болохгүй буй! Анх чамайг өнгөнд тачаахгүй сайн эр хэмээн үнэн сэтгэлээс биширч асан бөлгөө. Санасангүй өнгө дарсанд шунасан муу гавал аж, Янь По Си-г алсан нь нэгэн бага дүрэм болой. Дунжин-д эчиж Ли Ши Ши лүгээ ханилсан нь нэгэн их дүрэм болой. Чи битгий булхай гаргагтун, Лю Тай Гүн-ий охиныг эртхэн эгүүлэн өгвөөс чамд найр тавьсугай. Хэрвээ хүмүүний охиныг эс буцааваас эрт оройгүй чиний амьтай хэлэлцмүй хэмээхэд

Сүн Жян өгүүлрүүн:

- Чи дэмий л бархирах хэрэггүй. Лю Тай Гүн амьд сэрүүн бөгөөд гэрийн ард ч эрүүл энх асаар тул бид хамт эчиж ам тулган асуусугай, хэрвээ намайг мөн хэмээвээс хүзүү тавин чиний сүхийг хүлээсүгэй. Хэрвээ бус хэмээвээс чиний ийн дээр дооргүй бусармаглан аашилсныг ямар ялаар шийтгэвээс зохимуй? хэмээхэд Ли Күй өгүүлрүүн: - Хэрвээ чамайг эс барьж чадваас үст тэргүүнээ огтлон өргөсүгэй хэмээхүл Сүн Жян өгүүлрүүн: - Ийн бөгөөс их л сайн, таны олон ах дүү нар цөм гэрч болтугай хэмээгээд үнэнийг баригч Пэй Сюань- ийг дуудан цэргийн цаазыг хоёр хуудас сийрүүлэн бичүүлж тус бүр өөрийн нэрийг бичээд, Сүн Жян-ын бичгийг Ли Күй-д өгч, Ли Күй-ийн бичгийг Сүн Жян-д гардуулсан хойно Ли Күй өгүүлрүүн: - Залуу хөвүүн хэмээгч өөр хүмүүн бус, чив хэмээн Чай Жинь мөн болой хэмээвээс Чай Жинь өгүүлрүүн: - Тийн бөгөөс би бас хамт эчсүгэй хэмээхүйеэ Ли Күй өгүүлрүүн: - Чиний эчихгүйгээс би айхгүй, тэнд хүрч ам тулган мөн хэмээсэн хойно чи ноён байтугай, ван ноён байсан ч миний саран сүхнээс зайлж чадахгүй хэмээснээ Чай Жинь өгүүлрүүн: - Тэр ч гайгүй болой, чи урьд эчиж хүлээгтүн, хэрвээ бид урьдаар хүрвээс салаа үүсгэн сэжиглэх буй за хэмээхэд Ли Күй: - Зүй болой хэмээгээд Янь Чин-г дуудаж бид хоёул анхны ёсоор урьд эчсүгэй, тэд хэрвээ эчихгүй болбоос гэм хийсний тэмдэг болох тул эгж ирсэн хойно хэрхэвч зүгээр тавихгүй хэмээв. Энэ үнэхээр:

Осол цалгайг шүүмжлэн чадваас дээд хүмүүнд тооцогдмуй

Ухуулан ятгахыг ачаар санах нь түүний дэд болмуй.

Өөрийн биеийг зөв болгогчид огоот мунхгийн туйл,

Унтууцан хилэгнэхээс өөр үгээр өгүүлж эс чадмуй.

Түүнээс Янь Чин, Ли Күй хоёул эгж Лю Тай Гүн-ий гацаанаа ирсэнд өвгөн Тай Гүн угтан аваад ийн асууруун: - Сайн эрийн эчсэн үйл ямар болов? хэмээхэд Ли Күй өгүүлрүүн: - Удалгүй манай тэр Сүн Жян бие юүгээ таниулахаар ирэх тул өтгөс та эр эм хоёул жич гэрийн ард бүгдээр ирж нарийвчлан шинжиж охиныг чинь булаасан хүмүүн мөн болбоос эмээхгүйгээр үнэнээ хэлэгтүн, Ли Күй би таны олныг өмгөөлсүгэй хэмээвээс гэрийн ард гүйн ирж мэдүүлрүүн: - Арван хэдэн морьт хүмүүн айлын өмнө хүрч ирэв хэмээхүйеэ Ли Күй: - Түв хэмээн тэд мөн хэмээгээд хүмүүн морийг нэгэн этгээдэд хүлээлгэж ганц Сүн Жян, Чай Жинь-ийг танхимд дуудан оруулж саран сүхийг гартаа барин хажууд нь зогсоод өвгөн Тай Гүн мөн хэмээн дуугармагц гар хөдлөхөөр базаав, төдийд Лю Тай Гүн урагш давшиж Сүн Жян-д амар айлтгасан хойно Ли Күй өвгөнөөс асууруун: - Чиний охиныг булаасан хүмүүн энэ мөн үү? хэмээсэнд тэр өвгөн бүдэг нүдээ нээж, нэгэн зэрэг нарийвчлан шинжээд: - Бус болой хэмээхүйеэ Сүн Жян бээр Ли Күй- ээс асууруун: - Чи одоо юуг өчмүй хэмээвээс Ли Күй өгүүлрүүн: - Та хоёул урьд нүд ирмэсэн тул энэ өвгөн нэгмөсөн айгаад мөн хэмээн өчихгүй болов хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Тийн бөгөөс тосгоны ардыг цөм дуудаж үзүүлэгтүн хэмээсэнд Ли Күй яаран гэрийн ардыг цөм ацарч үзүүлбээс олон хүмүүн нэгэн зэргээр:

-Бус болой хэмээхүл Сүн Жян өгүүлрүүн: - Өвгөн Тай Гүн-д үнэнээ хэлсүгэй, би болбоос Лян Шань уулын Сүн Жян болой. Энэ дүү болбоос Чай Жинь хэмээгч мөн. Чиний охиныг манай нэрийг зээлсэн муу хүмүүн хууран аваачив. Охиноо сураглан чимээг нь олж уулан цайзнаа эчиж мэдүүлбээс охиныг чинь би тэнхрүүлэн гаргасугай хэмээгээд Ли Күй-ийн зүг өгүүлрүүн: - Энд чам лугаа хэлэлцэхгүй, уулан цайзнаа эгсэн хойно учрыг тоочин ёсыг хэлэлцсүгэй хэмээгээд Чай Жинь-ий хамт нэгэн багийн морьтныг авч урьд цайздаа эгэв. Янь Чин өгүүлрүүн: - Ли ах минь одоо хэрхвээс сайн? хэмээхэд Ли Күй өгүүлрүүн: -Би зан түргэн уур их тул ийн осол гаргав. Мэлзээ тавьж тэргүүнээ шүүгдсэн тул өөрийн гараар тас цавчсугай. Дүү чи миний тэргүүнийг авч Сүн ахад өгвөөс барав хэмээхэд Янь Чин өгүүлрүүн: - Хэрэг үгүйгээр үхлээ эрж яамуй? Би чамд нэгэн арга сургасугай. Үүнийг “шавширга үүрэн ял хүлээх” хэмээмүй хэмээвээс Ли Күй асууруун: - Шавширга үүрмүй хэмээгч юун? хэмээхүйеэ Янь Чин өгүүлрүүн: - Өөрөө өмссөн дээлийг тайлан, олс дээсээр биеийг хүлж ар нуруунаа шавширга үүрээд, шударга журмын танхимд мөлхөн ороод: - Өршөөлт ах өөрийн дураар занчигтун хэмээн мөргөн гуйваас тэр хэрхэн түвдэж чамайг занчмуй, үүнийг “шавширга үүрэн ял хүлээх” арга хэмээмүй хэмээснээ

Ли Күй өгүүлрүүн:

- Энэ арга хэдий сайн боловч асар ичингүйрэлтэй тул тэргүүнээ огтлон өргөхөд хүрэхгүй хэмээхүл Янь Чин өгүүлрүүн: - Цайзын хүмүүн цөм чиний ах дүү болох тул хэн чамайг доог баримуй? хэмээсэнд Ли Күй арга буюу үгийг дагаж Янь Чин-ий хамт цайзнаа ирээд шавширга үүрэн ял хүлээхээр эчив.

Түүнээс Сүн Жян, Чай жинь урьд шударга журмын танхимдаа эгж ирээд олон хүмүүний зүг Ли Күй-ийн явдлыг хэлж атал Ли Күй бие юүгээ нүцгэлэн ардаа шавширга үүрч танхимд мөлхөн орж тэргүүн даран сөгдөөд огт дуу гарахгүйд Сүн Жян тэсгэлгүй инээн өгүүлрүүн: - Энэ муу хар гайхал юуны учир шавширга үүрч ирэв? Ингэвээс ялаас олж хэлтэрмүй хэмээн санав уу! хэмээхэд Ли Күй өгүүлрүүн: - Дүү би осолдсон тул өршөөлт ах шавширга сонгож хэдэн арван зэрэг занчигтун! хэмээхүйеэ Сүн Жян өгүүлрүүн: - Бид хоёул тэргүүн цавчих мэлзээ тавьсан атал чи юунд шавширга үүрч ирмүй? хэмээхүл Ли Күй өгүүлрүүн: - Ах намайг өршөөхгүй болбоос хутга ацран тэргүүнийг цавчивч гомдолгүй хэмээсэнд бүгдээр Ли Күй-г төлөөчлөн буруу хүлээхүйеэ Сүн Жян өгүүлрүүн: - Хэрвээ ялаас хэлтрэхийг хүсвээс тэр хоёр хуурмаг Сүн Жян-г барьж, Лю Тай Гүн-ий охиныг олж өгөх үгүй болбоос болохгүй хэмээсэнд Ли Күй ховх үсрэн босоод: - Би эчвээс уутны доторх юмыг авахад адил гар хүрмэгц барьж чадмуй! хэмээвээс Сүн Жян өгүүлрүүн: - Хурдан морь унасан хоёр сайн эрд чи ганцаар хэрхэн халдаж чадмуй? Дүү Янь Чин лүгээ хамт эчигтүн хэмээхүйеэ Янь Чин өгүүлрүүн: - Өршөөлт ахын захиаг дагаж өчүүхэн дүү дуртайяа эчсүгэй хэмээгээд гэртээ орж холховч нумаа авч, алд шийдмээ бариад хар хуй Ли Күй-г дагаж Лю Тай Гүн-ий гацааг чиглэн мордов.

Түүнээс Янь Чин бээр ирсэн хүмүүний учрыг нарийвчлан асуусанд Лю Тай Гүн өгүүлрүүн: - Наран таших үед ирээд, гуравдугаар жингийн үеэр мордсон тул хааш одсоныг мэдэхгүйн дээр айж хойноос нь дагасангүй. Тэргүүлсэн хүмүүн нь бие богино нүүр хар царай туранхай, нөгөө нэгэн нь бие бузгай, сахал охор, нүд их хэмээсэнд хоёул ийн өгүүлрүүн: - Агширга Тай Гүн амар суугтун, хэрхэвч чиний охиныг олж өгсүгэй! хэмээгээд борц чануулан боорцог жигнүүлж, таарцагтаа савлаж ардаа үүрээд Лю Тай Гүн- ий гацаанаас салж эчив. Хоёул урьд ас хойш явж эрвээс хүмүүн үгүй ээрэм цөл асан тул хэдэн өдөр явсан боловч чимээ сураг хэмээн огт сонссонгүй. Дахин ас зүүнш явж хэдэн өдөр эрсээр Линжоу Фү-ийн Гао Тан Сянь-ий зурагт хүрсэн боловч мөн огт сураг үгүй учраас Ли Күй их л цухалдаж, хойш эгэн баруун зүгт эчиж хэдэн өдөр эрснээ бас ч огт чимээ үгүй. Ийнхүү хоёул нэгэн шөнө уулан хормой дахь хуучин хийдэд орж тахилын ширээнээ гарч хөл амран хэвтвээс Ли Күй хэрхэвч нойр хүрэхгүй тул гүйн босоод хөсөр сууж атал сүмийн гадна хөлийн чимээ гарсанд, Ли Күй ховх үсрэн босоод сүмийн хаалгыг нээж үзвээс нэгэн илд барьсан их эр сүмийн хойнох хөтлийг даван эчих тул Ли Күй түүний араас дагаж эчив. Янь Чин бас чимээг сонсоод холховч нумаа авч, охор шийдмээ шүүрэн бариад хойноос нь нэхэж ирээд:

- Ли ах битгий нэх, надад өөр арга баймуй хэмээгээд барьсан шийдмээ Ли Күй-д өгөөд, сарны гэрэлд лавлан үзвээс тэр хүмүүн алсын үзүүр тэргүүн даран урагш явмуй. Янь Чин нэхсээр ойртож эчээд зэв сугалан онилоод: - Эрдэнийн зэв минь, эзний үйлийг битгий үтээрэгтүн! хэмээгээд сүрхийтэл харвасанд тэр эрийн баруун хөл оногдож түсхийтэл савж унахуйяа Ли Күй шаламгайлан эчиж дээлний заамнаас шүүрэн авч сүмийн хүрээнээ чирэн авчраад их дуугаар зандан асууруун: - Лю Тай Гүн-ий охиныг ямар газар булаан аваачив? хэмээхэд тэр хүмүүн гуйн өгүүлрүүн: - Сайн эр амийг хэлтрүүлмүү, өчүүхэн хүмүүн энэ хэргийг мэдэхгүй. Лю Тай Гүн хэмээгчийн охиныг булаасан учир огт үгүй, өчүүхэн хүмүүн энэ хавиар зам тосож бага сага ашиг хайхаас бус, их хэрэг үйлдэн хүмүүний охиныг ямар аймшиггүй булааж аваачмуй! хэмээсэнд Ли Күй дээс гарган түүнийг атиртал хүлээд сүх далайж зандан өгүүлрүүн: - Үнэнээ хэлж өчгөө өгөхгүй болбоос махан жян болтол цавчмуй хэмээхэд тэр хүмүүн гуйн өгүүлрүүн: - Намайг босгосон хойно жич зөвлөсүгэй хэмээхүл Янь Чин өгүүлрүүн: - Хөлд хатсан зэвийг би сугалан авсугай хэмээгээд зэвийг сугалан түшиж босгоод: - Лю Тай Гүн-ий охиныг ямар хүмүүн булааж аваачив. Чи үүр энэ хавиар зам тосох тул сураг чимээ сонсохгүй ёс баймуй уу? хэмээвээс тэр хүмүүн өгүүлрүүн: - Үнэн худлыг мэдэхгүй, чүүхэн хүмүүн дагаж үзвээс эндээс баруун хойш арван таван газрын үзүүр үхрийн толгойт Ню Тоу Шань хэмээх нэгэн уулнаа эрт язгуураас нэгэн сүм баймуй. Орчмын өдөр Ван Жян, ДҮн Хай хэмээх хоёр хулгай долоо найман хүмүүн дагуулж ирээд бумба шавь нарыг цөм алж сүм дуганыг эзлэн тухайлан тоноо дээрэм хийж, хүрсэн газар бүхэнд өөрийн биеийг Сүн Жян хэмээх тул магад энэ хоёр хүмүүн булаасан буй за хэмээснээ

Янь Чин өгүүлрүүн:

- Энэ үг нэлээд ортой, авгай чи айх хэрэггүй. Би болбоос Лян Шань уулын сайн эр Янь Чин, энэ хүмүүн болбоос уулан цайзын хар хуй Ли Күй хэмээгч болой. Би чиний зэвийн шархыг засаж өгье. Бид хоёрыг тэр ууланд дагуулж эчигтүн хэмээхүйеэ тэр хүмүүн: - Өчүүхэн хүмүүн дуртайяа эчсүгэй хэмээв.

 

Төдийд Янь Чин зэвийн шархыг нь эм түрхэн боож, илдийг нь эгүүлэн өгөөд, Ли Күй лүгээ сугадан түшиж сарны гэрэлд явсаар арван таван газрын үзүүр гарснаа, үхрийн толгой мэт нэгэн намхан уул харагдав. Гурвуул дэш мацаж гэгээ орохоос өмнө уулан орой дээр гарч үзвээс шороогоор цогцолсон хүрээн дотор хориод тасалгаа гэр баймуй. Ли Күй өгүүлрүүн: - Бид хоёул хэрэм даван дотогш орсугай хэмээхэд Янь Чин өгүүлрүүн: - Түр хүлээлцэж тэнгэр гэгээрсэн хойно мэдсүгэй хэмээсэнд Ли Күй огт хүлцэж чадахгүй хэрмийн дээгүүр харайн оронд хүрээн дотор хашхирах дуун мандаж нэгэн хүмүүн үүд түлхэн илд эргүүлсэн Ли Күй-ийн зүг цавчин ирсэн тул Янь Чин хэрэг эвдрэх болуузай хэмээн шийдмээ тулж хэрэм даван дотогш үсрэн орсноо, суманд оногдсон тэр хүмүүн хэдий бараа үгүй болов. Янь Чин нүд өргөн үзвээс угтаж ирсэн тэр сайн эр чив хэмээн Ли Күй лүгээ шаламгайлан байлдаж асан тул мигуй мэт мярж могой мэт гулбалзахаар сэмээр гэтэж ирээд шийдэм далайн нэгэнт занчсанд түүш нь оногдож Ли Күй-ийн өмнө элэг түрүүл унасанд Ли Күй сүх өргөн гол нурууг нь тас цавчихуйяа гэр дотроос нэг ч хүмүүн өмөглөхөөр ирсэнгүй.

Янь Чин өгүүлрүүн:

- Тэр амьтан ар үүдээр буруулсан буй за, би эчиж хойд үүдийг сахисугай. чи эчиж өмнө хаалгыг тосогтун, хэрхэвч дураар дотогш орж болохгүй хэмээгээд хойд хэрмийн харанхуй газар бүгж атал нэгэн хүмүүн ар үүдийг нээн түлхүүр барин гарч ирээд хойд хүрээний хаалгыг нээхээр ирснээ Янь Чин бие эргэн угтаж эчтэл тэр хүмүүн олж үзээд гэрийн саравчийг барин өмнө хаалганы зүг гүйн эчив. Янь Чин өндөр дуугаар: -Өмнө хаалгыг сайн сахь! хэмээсэнд Ли Күй угтан ирж нэгэн сүхэнд өвчүү цээжийг нь тас цавчиж, хоёр хүмүүний толгойг огтлон авч холбон уяад мөн халамшсан хүчинд дотогш цавчин ороод шавар бурхдыг цөм түлхэн унагаав. Ли Күй бээр тогоон гэрт орж нуусан хулгайн хоршоо болох хэдэн цавчин алаад суух гэрт нь ирж үзвээс нэгэн хүүхэн ор ширээнээ дуу тавин уйлмуй. Тэр хүүхний төрсөн байдлыг шинжвээс үүлний санчин цэцгийн зүс, үнэхээр хувиас хэтэрсэн үзэсгэлэн гоо аж.

Шүлэгт өгүүлсэн нь:

Эртгэр шаахай нахис нахис хаврын сэтгэлийг хөдөлгөж,

Өвчүү цээжний анхилуун үнэр нэгэн эвгэр хас.

Үзэсгэлэн зүс үүл салхины гуниалыг эс зогсоон,

Уйтгар зовол түмэн давхар намрын долгио будангуй.

Янь Чин урагш давшиж асууруун: - Чиний бие Лю Тай Гүн-ий охин бус уу?" тэр хүүхэн өгүүлрүүн: - Энэ хоёр самуун хулгай хагас сарын өмнө шивэгчин намайг булаан ацраад өдөр бүр ээлжээ халаагаар бузарлан дарлах тул доорд шивэгчин нүд юүгээ хавдтал уйлж биеэ хорлон үхсүгэй хэмээхүл чөлөө зав гаргахгүй чандлан сахимуй. Эрхин жанжин энэ өдөр доорд шивэгчнийг тэнхрүүлж авсан нь эгж төрүүлсэн эцэг эх мэт хэмээхүл Янь Чин өгүүлрүүн: - Тэдний унах хоёр морь нь хаана баймуй? хэмээвээс хүүхэн өгүүлрүүн: - Зүүн хүрээнд уяж баймуй хэмээсэнд Янь Чин эмээл тохон хөтлөн гаргаад гэрт нь ирж хадгалж асан дөрөв таван мянган лан алт мөнгийг багцлан авч нэгэн моринд хүүхнийг унуулж, нэгэн морин дэлт мөнгө, хүмүүний тэргүүнийг ганзагалсан хойно, Ли Күй өвс баглан зулд ноцоож улалжин гэрт гал тавиад хоёул сүмийн хаалгыг нээж явганаар хүүхнийг хүргэж Лю Та Гүн-ий гацаанаа ирэхүйеэ өвгөн эмгэн хоёул элэг зүрх мэт охин юүгээ үзээд цээж дэлбэртэл баярлаж хоромхон зуур сэтгэл онгойж, хоёр дайванд тал өгч мөргөхөд Янь Чин өгүүлрүүн: - Бид хоёулд тал засах хэрэггүй, уулан цайзнаа эчих ах Сүн Жян-д талархаж мөргөгтүн хэмээгээд архи хоол ч зооглохгүйгээр тус тус нэжгээд морийг унаж нисэх мэт довтолсоор улаан наран уулнаа жаргах үеэр уулан цайзнаа хүрч гурван боомтыг шурган, агт хүлгээс бууж, алт мөнгийг авч хүмүүний тэргүүнийг дүүжлэн шударга журмын танхимд орж, цайзын эзэн Сүн Жян-д ёслон золгож, эчсэн үйлийг зүй зүйгээр гаргаж мэдүүлсэнд Сүн Жяних л баярлаж, хүмүүний тэргүүнийг булуулж, алт мөнгийг сан хөмрөгт хураалгаж, агт

 

хүлгийг адуун сүрэгт тавиулсан хойно, жич өдөр ширээ засаж Янь Чин, Ли Күй-г хуримлаж атал, Лю Тай Гүн бас алт мөнгөний бэлгийг авч уулан цайзын танхимд ирж Сүн Жян-д талархан мөргөсөнд Сүн Жян бэлгийн юмыг марган түлхэж, өвгөн Тай Гүн-д дарс бариад өрх гэрт нь үдэж илгээснийг түр өгүүлэхгүй. Уулан цайз Лян Шань Фү-д явдал үгүй, өдөр сарын өнгөрөх нь харвасан сум мэт түргэн аж:

Уд найлзуур үзэж атал шарангуй ногоон болоод, урсах ус удсангүй номин давалгаа татав. Тоор жимс сэжлэн ганхаж улаан гэрэл нэмэгдээд, гүйлс цэцэг ишбэлзэн нахилзаж улбар цоморлогоо дэлгэв. Уулан бэлийн цэцэг, уудам хөндийн мод, хөврөл нахиагаа яраад, олмын хөвөөний зэгс, усан доторх хулс, хөх хаврыг тэмцжээ. Хур усын улирал өнгөрмөгц, дулаан амьсгал мэр мэр сайхан хүмүүн мэт, утаа тоос түр намхармагц урин хаврын гурван сар өнгө үзэмжээ бүртгэв.

Түүнээс цайзын эзэн Сүн Жян танхимдаа тавтай сууж атал олон лүлү нэгэн бүлэг хүмүүнийг хөөж ацраад: - Нэгэн бүлэг эрийг баривчилж, долоо найман хөсөг тэрэг, хэдэн баглаа бялуу шийдмийг олзлов хэмээхэд Сүн Жян нүд орхин үзвээс барс ирвэс мэт сүрлэг биет нэгэн бүлэг их эрс индрийн өмнө горойтол сөгдөөд гуйн өгүүлрүүн: - Манай зэргийн өчүүхэн хүмүүн эдүгээ Тай Ань Жоу-д хүж өргөхөөр Фэн Сян фү-ээс мордож ирэв. Энэ жилийн гурван сарын хорин наймны өдөр болбоос тэнгэр лүгээ сацуу богдын мэндлэн заяасан өлзийт өдөр болох тул бид хэдүүл тайзнаа гарч шийдмийн эрдэм мөчөөрхсүгэй хэмээмүй. Гурван өдрийн их найрт хослон тэмцэх баатар эрс хэдэн мянгаар зогсохгүй болой. Энэ жил Тай Юань фү-ээс зан завдуу биетэй, “тэнгэрийн тулгуур” хэмээх цолтой, Рэнь Юань хэмээх нэртэй нэгэн сүрхий бөх ирээд: “хослон барилдахуйяа хорвоо ертөнцөд тэнцэх хүмүүн үгүй, харгалдан мөчөөрхөхүйеэ дэлхий дахинд түмэн эрийг манлайлмуй” хэмээн их үг хэлж хүмүүнийг айлгамуй. Сонсохул энэ хоёр жилийн бөхийн найрт бүгдийг хаяж манлай болоод шангийн юмыг ганцаар залгив хэмээмүй. Энэ жил бас зар бичиг тархааж энэ дэлхийн сайн эрийг өдөөн хорсгох тул өчүүхэн хүмүүн бид хэдүүл өндөр хийдэд хүж өргөн мөргөх зуур Рэнь Юань-ий мэхийг үзэж түүний зэвсгийн эрдмээс хэдэн зүйлийг хулууж сурахаар ирэв. Ийнхүү их дайван нигүүлсэн өршөөж тавин илгээх болов уу хэмээхэд Сүн Жян цэргийн ардыг дуудаж ийн захируун: - Эдгээр хүмүүнийг уулнаас үдэж буулга, үсэн төдий халдаж болохгүй. Үүнээс хойш мөргөлийн ардыг цочоохгүйгээр тавьж илгээгтүн хэмээсэнд амь хэлтэрсэн аяны хүмүүн талархан мөргөж уулнаас бууж эчив. Төдийд Янь Чин суудлаас босож цайзын эзэн Сүн Жян-д алгуураар хэдэн үг айлтгахуйяа, Тай Ань Жоу-д үймээн шуугиан дэгдэж, Сянь Пү сянь-д хөл түйвээн болмуй. Энэ үнэхээр дорно хайрхны их хийдэд хоёр барс тэмцэж, догшдын харш Жя Нин дянь-д хос луу мөчөөрхмүй. Эгнэгт Янь Чин бээр ямар хэдэн үгийг хэлж гаргахыг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top