Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 74 дүгээр бүлэг

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 25

Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

ЯНЬ ЧИН МЭХ ХЭРЭГЛЭЖ ТЭНГЭРИЙН ТУЛГУУРЫГ ХАЯСАН ЛИ КҮЙ ШОГ ГАРГАЖ НОЁНЫ СУУДАЛД ЗАЛАРСАН

Өгүүлэх нь Янь Чин бээр хэдий гучин зургаан Тянь Ган одны чив сүүлд тооцогдох боловч ухаан санаа сэргэлэн, үзсэн сонссон үлэмж, арга бодлого арвин, учир явдлыг төсөөлж мэдэхэд нөгөө гучин таван одон хувилгаанаас хэтэрмүй. Төдийд Янь Чин урагш давшиж Сүн Жян-д айлтгаруун: - Сяо И миний бие хараахан багаас Лу Юаньвай-г дагаж бөх барилдах эрдмийг сурснаас хойш мөрөн тэнгист над лугаа хүч тэнцсэн хүмүүн таарсангүй. Эдүгээ нэгэн тохиол харгаж гурван сарын хорин наймны өдөр ойртсон тул дүү би нэг ч хүмүүн дагуулахгүйгээр эрдэм шалгах өндөр тайзнаа гарч тэр хүмүүн лүгээ эрэгчин эмэгчнийг ялгаруулсугай, хэрвээ хүч дарагдаж амь юугаа алдваас хэзээ үүр гомдохгүй. Зол таарч түүнийг дийлбээс ахын нүүрт бас ч сайхан бус уу, тэр өдөр эрхгүй тэмцээн болох тул хүндэт ах хүмүүн илгээж өмөглөн авах болов уу хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Мэргэн дүүд нэгэн үг сануулсугай. Сонсохул тэр хүмүүний биеийн өндөр хос алд, төрсөн байдал махранз мэт, уул хадыг өргөх баатар хүчтэй хэмээмүү. Ийнхүү бие бага бөгөөд эцэнхий дүү чи хэдий уран мэхтэй хэмээвч түүнд хэрхэн тэнцэж чадмуй хэмээвээс Янь Чин өгүүлрүүн: - Тэр хүмүүний бух мэт бузгай биеэс айхгүй, ганц гарын эшээр таарахгүй болуузай хэмээн зовнимуй. Эртний үгэнд: “Барилдах хүмүүн ид байваас ид юүгээ хэрэглэж, ид үгүй бөгөөс мэхээр мөчөөрхмүй” хэмээсэн бөлгөө. Янь Чин би их үг хэлэх бус, тухайг үзэж дэм хэрэглэн, байдалд нийлүүлэн мэх гаргаваас тэр муу тэнэг эрд арай хаягдахгүй буй за хэмээхүл Лү Жюнь И өгүүлрүүн: - Миний энэ Сяо И хараахан багаас барилдах эрдэмд зэргээс цагаарсан тул түүний санааг дагаж нэгэн удаа илгээтүгэй, найр болох тэр өдөр би өөрийн биеэр өмөглөж ацарсугай хэмээснээ Сүн Жян асууруун: - Тийн бөгөөс хэзээ мордмуй?" хэмээх хэмээхэд Янь Чин өгүүлрүүн: - Энэ өдөр болбоос гурван сарын хорин дөрвөний өдөр болсон тул жич маргаадар ахаас салан уулнаас бууж, аяны гудас түр хүлээлцэж, хорин зургаанаа сүм дээр хүрч, хорин долооны өдөр байдал төлөвийг ажиж, хорин наймны өдөр тэр гайхал лугаа чадал шалган хүчээ мөчөөрхсүгэй хэмээсэнд, жич өдөр Сүн Жян хурим тавин Янь Чин-г үдэв. Төдийд олон хүмүүн Янь Чин-г үзвээс биедээ сул дээл хэдэрч, шивсэн цэцгийг оломтойгоор халхалж, Шаньдун газрын дамнуурын наймаачнаар засаад, сүүжиндээ дамар суйрч, янзын юм дүүргэсэн өндөр дамнуурыг дамнаж ирсэнд олон хүмүүн тэсгэлгүй инээд алдан хөөрөхөд Сүн Жян өгүүлрүүн: - Дүү чи дамнуурчин наймааны хүмүүн болж зассан тул Шаньдун газрын дамнуурчны дууг нэгэн анги дуулж үз хэмээсэнд Янь Чин нэгэн гартаа дамар барьж, нэг гартаа царгил атгаж, дамнуурчны амгалан дууг дуулах нь Шаньдуны хүмүүн лүгээ огт ялгаа үгүй тул олон хүмүүн бас нэгэн зэрэг инээлдэж, дарс хэмнэн халстал уулцсан хойно Янь Чин олон дайван нараас аяарлан салж уулнаас буугаад Жинь Ша Тань олмоор усыг гэтлэн Тай Ань Жоу-г чиглэн эчив.

Мөн өдрийн орой болохуйяа Янь Чин буудлын газар эрж буусугай хэмээтэл гэнэт арын хойноос нэгэн хүмүүн дуудруун: - Дүү Сяо И намайг хүлээгтүн хэмээсэнд Янь Чин дамнуураа тавиад нүд өргөн үзвээс хар хуй Ли Күй байсан тул ийн асууруун: - Чи юуны учир энд ирэв? хэмээхэд Ли Күй өгүүлрүүн: - Чи надад хань болж жин Мэнь Жэнь балгаснаа хоёр удаа эчсэн бөлгөө. Эдүгээ чиний ганцаар мордсоныг үзээд анаанд түвдэхгүй тул Сүн ахад хэлсэнгүй уулнаас сэмээр бууж чамайг туслахаар ирэв хэмээвээс Янь Чин өгүүлрүүн: - Чамайг хэрэглэх газар огт үгүй, мөн даруй цайзнаа эгэгтүн хэмээхүл Ли Күй ундуй хүрч өгүүлрүүн: - Чи хэдий хялбар бус сайн эр хэмээвч сайн санаагаар туслахаар ирснийг муу санаагаар аваачих нь юун? Юун боловч би заавал эчмүй! хэмээсэнд Янь Чин ах дүүгийн хуучин найрыг эвдэх болуузай хэмээн Ли Күй-ийн зүг өгүүлрүүн: - Хоёул эчихэд харъяа үгүй, ганц богдын мэндэлсэн баярт дөрвөн уул таван хайрхны хүмүүн хар хурж цуглах тул чамайг таних нь үлэмж олон. Ийнхүү миний дурдах гурван зүйлийг дагаваас чам лугаа хамт эчсүгэй хэмээхүйеэ Ли Күй: - Дуртайяа дагасугай хэмээснээ Янь Чин өгүүлрүүн: - Өнөө хоёул өмнө хойно орж аян замыг хөөж, гийчний буудалд хүрч буусан хойно ах чи хэрхэвч гадагш гарч болохгүй, энэ нь миний хэлэх тэргүүн зүйл болмуй. Жичид болбоос их хийдийн гийчний буудалд хүрсэн хойно ах чи амаргүй болсноор шалтаглаж хөнжлөөр толгойгоо ороож дуу гаргахгүйгээр хамар татан унтагтун. Гуравдугаарт болбоос найр үүгэх тэр өдөр ах чи олны сүрэгт шахалдан бөх барилдахыг үзэхэд гайхаш алдан бархирч болохгүй. Энэ гурван зүйлийг ах чи дагамуй уу? хэмээхэд Ли Күй өгүүлрүүн: - Түвэгшээлтэй газар огт үгүй, цөм дагаваас барав! хэмээгээд мөн орой хоёул дянь буудал эрж хоноод жич маргаадрын таван жинд босож гэрийн зоосыг бодож өгөөд өмнөш эчиж цай хоолоо бэлтгэн идсэн хойноо Янь Чин бээр Ли Күй-г дуудаж: - Ах урьд хагас газар тэргүүлж явагтун. Би чиний хойноос эчсүгэй хэмээгээд хараахан явж атал нааш цааш зөрөлдөн цуврах мөргөлийн ард Рэнь Юань-ий эрдэм чадлыг магтаж түрүү хоёр жилийн хоёр удаагийн их мөчөөрхөнөө тэнцэх хүмүүн гарсангүй. Эдүгээ нэгэнт гурван жилийн нүүрийг үзэв хэмээн түрхэртэл хэлэлцэхийг өвчүү цээжиндээ тогтоож аваад бичин цаг өнгөртөл явсан хойно сүмийн өмнө хүрч ирэв. Янь Чин тэргүүнээ өргөж үзвээс олон хүмүүн хийдийн хажууд багларан зогсож дээш хандан нэгэн юмыг үзмүй. Янь Чин дамнуураа нэгэн тийш тавьж, олны дунд чихэлдэн орж нүд орхин үзвээс зээлийн үзүүр дэх улаан ширт хос баганын хөндлөн пайз дээр: - Тайюань газрын тэргүүтэн бөх тэнгэрийн тулгуур Рэнь Юань хэмээн дурайтал бичээд хоёр талын улаан багана дээр: - Өмнө уулын галзуу барсыг нударгадаж, умар далайн омогт лууг өшиглөмүй хэмээн бичсэн тул хулсан дамнуурыг шүүрэн авч илэрхийлэлт пайзыг балба цохиод юу ч хэмээн дуугарсангүй, юмаа дамнан сүмийн зүг алхан эчсэнд үзсэн олны доторх үг зөөх дуртай хүмүүн нь нисэх мэт гүйж ирээд Рэнь Юань-д хэлрүүн: - Нэгэн хүмүүн ирж барилдсугай хэмээн пайзыг балбачив хэмээснийг түр өгүүлэхгүй.

Жич өгүүлэх нь Янь Чин урагш эчиж Ли Күй лүгээ уулзаад бие амрахын дянь буудал эрэхээр эчив. Угт энэ хийд хэмээгч их л хөл үймээнтэй газар болох тул зуу хорин зүйлийн арилжаа наймааны асар пүүсээс гадна дөрвөн зүгийн мөргөлчдийг зочлох гийчний буудал ч мянга таван зуу шахам байх аж, бурхан бодисатва-ын мэндэлсэн баяр болох шахсан тул буух газар олдохгүй болж, эл дянь буудалд хүмүүн дүүрснээ Янь Чин, Ли Күй арга буюу зээлийн зах дахь нэгэн буудлын газар эчиж буугаад дамнуураа нэгэн тийш тавьсан хойно Ли Күй-д хөнжил нөмрүүлэн хэвтүүлэв. Буудлын зарц Сяо Эр ирж өгүүлрүүн: - Ах та Шаньдун газраас ирсэн дамнуурын наймаачин болох тул гэрийн зоосыг өгч ялгуумуй уу? хэмээхэд Янь Чин нутгийн аясыг татаж: - Хүмүүнийг юун учир ийн басмуй! Нэгэн тасалгаа бяцхан өрөө хэдий зоос хүрмүй, ахадваас нэгэн тасалгаа их өрөөний хөлс авах буй за, бус хүмүүн хэдий өгвөөс би бас төдий өгсүгэй хэмээхэд буудлын зарц өгүүлрүүн: - Ах битгий муу санагтун, хүмүүн цуглах шахар цаг болсон тул учрыг гаргаж тодорхой хэлбээс зүй болой хэмээвээс Янь Чин өгүүлрүүн: - Би хэмээгч наймаа хийх хүмүүн тул хаана буувч ямар хамаа баймуй, санасангүй замын гудас агсаа өвчинд баригдсан нэгэн нутгийн садан лугаа учирсан тул арга буюу чиний дянь-д ирж буув. Урьд чамд таван хэлхээ гуулин зоос өгсүгэй, чи эчиж нэгэн цагийн хоол зууш бэлтгэн ацрагтун. Явахын үед жич ачийг чинь хариулсугай хэмээсэнд Сяо Эр зоосыг авч хоол хийхээр эчсэнийг түр өгүүлэхгүй.

Удсангүй үүдэн гадна хүмүүн хар бархиран үймэлдэж, хорь гучин их эр буудлын гэрт орж ирээд зарц хөвүүн Сяо Эр-ээс асууруун: - Бөх барилдахаар пайзыг балбачсан сайн эр аль өрөөнд сууж баймуй? хэмээхэд Сяо Эр өгүүлрүүн: - Манай энд тийм хүмүүн байхгүй хэмээвээс олон хүмүүн өгүүлрүүн: - Түүнийг энд буув хэмээн хүмүүн хэлэлцэж баймуй хэмээхүйеэ Сяо Эр өгүүлрүүн: - Манай буудалд хоёрхон өрөө байх бөгөөд нэгэн нь хүмүүн үгүй хоосон аж. Нэгэн өрөөнд Шаньдун газраас ирсэн дамнуурын наймаачин нэгэн өвчтэй хүмүүнийг түшиж ацраад хөлслөн суув хэмээхүл олон хүмүүн өгүүлрүүн: - Түв хэмээн тэр дамнуурын наймаачин бөх барилдахаар пайзыг балбачсан болой хэмээснээ Сяо Эр өгүүлрүүн: - Хүмүүнээр доог барьж яамуй! Энд буусан дамнуурын наймаачин хэмээгч бие богино бөгөөд эцэнхий залуу хүмүүн тул ямар хэргийг бүтээж чадмуй! хэмээхэд олон хүмүүн зэргээр өгүүлрүүн: - Чи биднийг удирдан аваачиж үзүүлбээс ямар хэмээвээс Сяо Эр хуруугаар зааж: - Тэр булангийн наад гэрт сууж баймуй хэмээсэнд олон хүмүүн эчиж үзвээс үүдээ яв цав түгжиж байх тул цонхон завсраар шагайн харахул хоёр хүмүүн ор ширээнээ хөл зөрүүлэн хурхиран унтмуй. Олон хүмүүн гайхаш төрөгдөн гөлөрч атал нэгэн хүмүүн ураг давшиж өгүүлрүүн: - Аймшиггүй пайзыг балбачиж тэргүүлсэн бөх лүгээ мөчөөрхсүгэй хэмээснээс үзвээс магад зэргийн хүмүүн бус буй за, санаваас бус хүмүүнд хорлогдох болуузай хэмээн өвчнөөр шалтаглаж баймуй хэмээснээ олон хүмүүн өгүүлрүүн: - Түв хэмээн тийн буй за, ийн тийн хэмээн дагах хэрэггүй, цаг болбоос даруй олж мэдмүй хэмээгээд гарч эчив. Наран унаж бүрий тасрах болтол хорь гучин бүлэг хүмүүн хойно хойноосоо ирж сураглахуйяа зарц хөвүүн Сяо Эр хариулан өчсөөр хэл нь хөшив. Мөн орой хоол будаа хүргэж ирэхэд Ли Күй тэргүүнээ хөнжлөөс гаргаснаа Сяо Эр үзээд их л цочиж дуу алдаж өгүүлрүүн: - Аяа! Бөхөд орох хар аав энд баймуй! Хэмээхэд Янь Чин өгүүлрүүн: - барилдах хүмүүн энэ бус, өвчинд баригдаж энэлж баймуй. Миний бие чив чиг барилдахаар ирэв хэмээвээс Сяо Эр өгүүлрүүн: - Чи надаас нуух хэрэггүй. Тэр Рэнь Юань хэмээгч чамайг залгивч бардаагаар ялгуумуй хэмээхэд Янь Чин өгүүлрүүн: - Чи намайг битгий басагтун. Би арга үүсгэн таны зэргийн хүмүүнийг сайн инээлгэж, хойш эгсэн хойно найрын шанг илүүхэн өгсүгэй хэмээсэнд Сяо Эр тэд хоёулыг идэж ууж дууссан хойно аяга савхаа хураан аваад тогоон гэртээ угаахаар эчээд дотроо мөн итгэхгүй эргэлзмүй.

Маргаадрын өдөр эртийн цай хоол идсэн хойно Янь Чин бээр Ли Күй-д ийн захируун: - Ах чи үүдээ түгжээд сайн нойрсогтун хэмээгээд олныг дагаж сүмд ирж үзвээс үнэхээр хорвоо ертөнцөд хосгүй тэргүүн зэргийн их хийд ажгуу. Үзвээс:

Эртний хийд үүлэн гадна сүндэрлэж, өндөр уул орчлон дэлхийд сөхийжээ. Таван хайрхны дээд шүтээн нь, түмэн сахиусны тэргүүн болжээ. Оройд босгосон урт хэрсэг, урталжин суналзсаар Бодалангийн орныг бараалаад, оргилд ургасан ороонго нарс, үргэлжлэн нэтийсээр үүлэн униарыг шувталжээ. Асар тагт давхар давхар, алтан хараацай жигүүр дэлгэн нисэх мэт, харш дуган дэгтэр дэгтэр, хас туулай хүзүү сунган дэвхрэх адил. Сийлбэрт багана шигтгэрт тулгуур, шижир дээвэр шунхан саравч. Гардийн хаалга гэрэлт гэгээвч шаргал сиймхийг эвхэн, мэлхийн нуруут хатгамал орхиул хэмэрлэг санжлага унжуулжээ. Хувилгаадын хөргийг холоос бараалбаас, хас титэм зүүсэн Яо Шүнь хааны нүд гэгээн тод, сахиусдын дүрийг ойроос ажваас, шар луут магнаг хэдэрсэн Тан, Юй богдын хувилгаан цогц илхэн. Есөн тэнгэрийн элч хувилгаан, цацагт титэм улаан дээл өмсөж, гэрэл цахилгааны эзэн сахиус, шар магнаг хасын бүсийг бүсэлжээ. Хас хатгуур сувд махайтан зүүн этгээдэд зогсон, бор бүс алтан тамгатан баруун биед жагсжээ. Хурлын дуган сүрлэг ихэмсэг, гурван мянган алтан хуягт жанжин хаалгыг сахин, хоёр жигүүр сүр ихтэй, арван түмэн төмөр нумт цэрэг зэвсэг далайжээ. Ү Юай Лоу асар зүүн ордноо залгаж, Рэнь Нин Дянь ордон умар харшид тулжээ. Эрлэг тамын оронд, далан хоёр яамыг засаж, цагаан луст сүмд, хорин дөрвөн улирлыг захирчээ. Галт нуурыг сахисан төмөр нүүрт сахиус, сар сар шидийг улируулан, үхэж төрөхийг захирах таван өрлөг догшид, он он ридийг үзүүлмүй. Ариун хүжис тасрахгүй, агаар хурмастын сахиус нисэх зарлигийг довтолгон, тахил тавиг мөхөстөхгүй, таван тивийн хөгшин залуус буяны хутгийг олмуй. Бэлгэтүүл Дянь Нин Ян харшнаа туналж, өлзийт уур Жэн Ян Мэнь-ийн хаалгыг бүрхэв. Түмэн иргэн өглөө үдэш бурхан шүтээнд даатган, дөрвөн далай өдөр бүр богд сахиусанд наманчилмуй.

Төдийд Ян Чин энгүүр тэргүүр баахан зугаацаад Цао Шэнь Тин харшид орж дөрвөн зэрэг наманчлан мөргөсөн хойно хүж өргөх мөргөлийн хүмүүнээс асууруун: - Бөхийн багш Рэнь Юань ямар газар буув? хэмээхэд хоншоор хурдан нэгэн хүмүүн: - Тэр багш Ин Энь Чяо гүүрний хажуу дахь их буудалд буугаад хоёр гурван зуун сайн эрийг шавь болгон сургаж баймуй хэмээсэнд Янь Чин урагш алхан их гүүрний ойр ирвээс гүүрэн дээрх модон хэрсэгт хорь гучин бөхийн шавь суулцаж, өмнө этгээдэд алтан үсэгт хиур хатгаж, мөнгөн хатгамалт хөшиг татаж, түшлэгт суудал тавьсан ажгуу. Янь Чин буудлын хүрээнээ орвоос бөхийн багш Рэнь Юань танхимын төв дунддад залраад, үнэхээр чойжингийн шинж махранзын дүр төгс бүрдсэн аж. Энгэр өвчүүгээ сул тавиад баатар Ли Цүнь Сяо-ын барс алсан сүрийг мандуулж, хөшигт ширээнээ хажуулан суугаад, уулыг өргөх идэрхэг ба вангийн байдлыг гаргаж олон шавь нарын барилдан ноцолдохыг үзмүй. Төдийд анх өдөр Янь Чин-ий пайз балбачсаныг үзсэн хүмүүн сэмээр ирж Рэнь Юань-д мэдүүлснээ бөхийн багш суусан орноосоо суга үсрэн босож нударга зангидан гар эргүүлж их дуугаар хашхиран өгүүлрүүн: - Аль нэгэн үхлээ эрсэн эргүү амьтан аавынхаа гарт амь юугаа хүргэж ирэв! хэмээсэнд Янь Чин тэргүүнээ даран мэндэн сандан хүрээнээс гарахуйяа олон хүмүүн доог барин түрхэртэл инээлцмүй, Янь Чин яаран буудалдаа эгж, архи зууш хоол будаа хийлгэж Ли Күй-ийн хамт идсэн хойно Ли Күй өгүүлрүүн: - Өдрийн чинээгээр ийн унтах нь үнэхээр бухимдалтай болой! хэмээхэд Янь Чин өгүүлрүүн: - Энэ шөнийг хүлцэж өнгөрөөвөөс эргэх өдөр эрэгчин эмэгчнийг ялгамуй хэмээн бие амран унтсаныг түр өгүүлэхгүй.

Мөн шөнийн гуравдугаар жин болохуйяа олон мөргөлчид хэнгэрэг дэлдэн хөгжим үүсгэж, богдын өлзий хутаг бат оршихыг ерөөн наманчлан залбирмуй. Дөрөвдүгээр жингийн үеэр Янь Чин, Ли Күй босоод зарц хөвүүн Сяо Эр-ээр ус ацруулан нүүр гараа угааж үс гэзгээ самнасан хойно дотор уужаа тайлж, өвдөгч ороолтоо чангалан уяж, зөөлөн хэмэрлэгийн огтор өмдөө өмсөж дээгүүрээ хантааз хэдэрч, дундуураа өргөн бүс бүслэв. Хоёул өглөөний хоол идсэн хойно зарц Сяо Эр-ийг дуудаж: - Бид хоёулын ор дэвсгэрийг нүд хаян үзэж байгтун хэмээхэд Сяо Эр өгүүлрүүн: - Хэрхэвч гээхгүй, эртхэн ялгуугаад эгж ирэгтүн хэмээсэнд бага дянь-д буусан хорь гучин мөргөлийн ард урагш ирж Ян Чин-ий зүг өгүүлрүүн: - Залуу дүү сайтар болгоомжил. Битгий талаар амь юугаа хүргэгтүн хэмээхүйеэ Янь Чин өгүүлрүүн: - Барилдах тайзнаа өчүүхэн хүмүүн дуун гаран хашхирах үед таны зэргийн ах дүү нар найрын шанг надад булааж өгөгтүн хэмээсэнд олон хүмүүн урьд эчив. Ли Күй өгүүлрүүн: - Би бас хос сүхээ авч одвоос сайн бус уу хэмээвээс Янь Чин өгүүлрүүн: - Ингэж хэрхэн болмуй, бус хүмүүнд сэрэгдвээс их үйлийг саатгамуй хэмээгээд буудлын гэрээс салж олны дунд чихэлдэн ороод сүмийн саравчны доор хүрч далд газрыг эрэн бие нуун хүлээв. Хүж өргөх мөргөлийн ард тэр өдөр шоргоолж мэт хуран цуглаж, хуруу чихэх зайгүй шахалцан уудам их хийдийг агшин зуур пид дүүргэж, гэрийн орой модон салаа хүртэл цөм үзэх хүмүүнээр дүүрэв. Жя Нин Дянь харшийг эсэргүүлэн өндөр саравч цогцлоод түүний дээр алтан мөнгөн эд эрдэнэс, таж мана тана сувдын зүйлийг дэлгэн тавьж, эмээл хазаартай таван сайн морийг үүдэн өмнө уяв. Төдийд жоу-ын яамны эрхэлсэн түшмэл цааз зарлиг хөл хориод богдын гэгээнд даншиг мандал өргөх ерөөлийн бөхийн найр эхэлмүй хэмээв. Нас ахисан нэгэн жасааны түшмэл гартаа хулсан хавтас барин тахилын тайзанд авиран гараад богдын хөрөгт наманчлан мөргөсөн хойно захиа уламжлан бие сайтай бөх нарыг тайзанд гарч барилдму хэмээсэнд далай цалгин давалгаа түлхэх мэт үймээн шуугиан дэгдэхүйеэ шийдэм барьсан арван хэдэн хос хүмүүн өмнөө дөрвөн хатгамалт туг өргөн гарч ирэв. Бөхийн багш сүйхнээ сууж, өмнө хойноо эрээн бугуйт хорь гучин хос сайн эрийг дагуулан тайзны ойр хүрч ирснээ жасааны түшмэл сүйхнээс залан буулгаж ерөөл сайшаалын хэдэн үг хэлсэн хойно, Рэнь Юань өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн өндөр хийдийн ерөөлийн найрт хоёр жил дараалан барилдсангүйгээр бөхийн тэргүүн шанг булааж аль олон шан хишиг хүртэв. Энэ жил эрхгүй бөхөд орж биеийн чилээ гаргасугай хэмээсэнд нэгэн хүмүүн суулга барин дээш гарав. Рэнь Юань- ий олон шавь нар тайзыг тойрон жигдлэн зогсмуй. Төдийд Рэнь Юань бүсээ тайлж малгайгаа авч Шу газрын хэмэрлэг дээлээ нөмрөөд, богдын хөрөгт залбиран мөргөөд, рашаан авч ам хүрсэн хойно хэмэрлэг дээлээ тайлан хаясанд тайзан доорх зуун түмэн хүмүүн нэгэн дуугаар шагшин хашхиралдав. Рэнь Юань-ий хувцасласан байдлыг үзвээс:

Улаан өнгөт хивээр тэргүүний гэзгийг тэвхчилэн зангидаад, хөх санжлагат бор өнгийн хэмэрлэг бүсийг бэлхүүсэндээ бүсэлжээ. Зургаан хос хас эрвээхий дэвдэрсэн товчоор гурван давхар бүсийг атиртал товчилж, нэгэн зүйрэй урин хажин бүжиглэсэн алтан шар өнгөт зодгийг ардаа хэдэрчээ. Гуулин халхавчит өвдөгчөөр хөлөө ороон, төмөр гархит бүсээр тахимаа халхалжээ. Гарын тохойгоо чанга ороож, хөлийн өлмийгөө нягт бэхэлжээ. Орчлон дэлхийн далайг юүлэн тэнгэрийг тулгуурлах баатар бус боловч, эрлэг хааны бугийг дарангуйлж шимнусыг цавчих жанжин болой.

Түүнээс жасааны түшмэл Рэнь Юань-ий зүг өгүүлрүүн: - Энэ хоёр жилийн их найрт эрхин багш лугаа тэнцсэн хүмүүн үгүй, эдүгээ нэгэнт гуравдугаар жил болсон тул дөрвөн зүгийн мөргөлчин ардыг амуулах үг баймуй уу? хэмээхэд Рэнь Юань өгүүлрүүн: - Дөрвөн зуун жюнь жоу-ын хязгаар, долоон мянган сянь балгасны газраас ирсэн сүсэг бишрэлт мөргөлийн ард богдын гэгээнд сүсэглэж, бэлгийн нэмэр хайрлан шагнасныг Рэнь Юань миний бие хоёр жил дараалан хугасаар хүртсэн тул энэ жил богдын гэгээнээс мөргөн салж төрсөн нутагтаа хариад хэзээ үүр уулнаа ирэхгүй. Наран мандах дорно хязгаараас наран унах өрнө тивд хүртэл, наран саран ээлжлэн эргэх нармай уудам хорвоо ертөнц, өмнө хязгаар энэ ман газраас умар зүгийн Ү Янь-ий зураг хүртэл аймшиггүй над лугаа шан булаалдах хүмүн баймуй уу? хэмээсэнд Янь Чин хоёр хажуугийн хүмүүний мөрийг дарж: - Баймуй, баймуй! хэмээн хашхирсаар хүмүүний мөрөн дээгүүр дэвхрэн харайж өндөр тайзан дээр үсрэн гарсанд үзсэн олон газар доргитол сайшаан хашхиралдав. Төдийд жасааны түшмэл угтан эчиж асууруун: - Сайн эр чиний овог юун нэр хэн, аль нутгийн хүмүүн болов, ямар газраас энд ирэв? хэмээхэд Янь Чин өгүүлрүүн: - Би болбоос Шаньдун газрын дамнуурын наймаачин болой. Эдүгээ тухайлан түүн лүгээ найрын шанг булаалдахаар ирэв хэмээвээс жасааны түшмэл өгүүлрүүн: - Чи агшин зуур амь юугаа алдахыг мэдмүй үү, чиний амийг батлах хүмүүн баймуй уу? хэмээхүйеэ Янь Чин өгүүлрүүн: - Би өөрөө баталбаас барав, хэдий үхэвч хэнээс амь нэхмүй? хэмээхүл жасааны түшмэл өгүүлрүүн: - Тийн бөгөөс дээл малгай юугаа тайчиж үзүүлэгтүн хэмээсэнд Янь Чин малгайгаа авч, гөлийтөл самнасан эвэр гэзгээ ил гаргаж, өвсөн шаахайгаа тайлж хөл юүгээ нүцгэлээд өндөр тайзны өнцөг дээр оцойн сууж өвдөгч юүгээ алдраасан хойно тавхийтэл дэвхрэн үсэрч бөс дээлээ тайлж хаяад сүр байгуулан нэгэн зэрэг магшсанд үзсэн олон далай хөрвөн мөрөн урвах мэт түрхрэлдэн шагшилдаж нүд бүлтийлгэн гайхаш төрөн ширтмүй.

Рэнь Юань бээр Янь Чин-ий бие дээрх шивсэн цэцэг, бяралхаг хүчит бие байдлыг үзээд хэдийн таван хувь эмээн зүрхшив. Их харшийн үүдэн өмнөх хэрсэгт индэр дээр Жоу-ын яамны эрхэлсэн түшмэл залран саатаж, эргэн тойрон дал наян албан ардыг тойруулан зогсоогоод хүмүүн илхэн Янь Чин-г хажуудаа дуудан ацарч үзвээс бие дээр шивсэн цэцэг нь хасын баганад оюун хуарыг шигтгэсэн мэт үзэсгэлэн сайхан тул өвчүү дүүрэн баярлаж ийн асууруун: - Залуу эр чи аль газрын хүмүүн, ямар учир энд ирэв? хэмээхэд Янь Чин өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүний овог Жан, эцэг эхийн ууган хөвүүн, Шаньдун газрын Лайжоу Фү-ийн хүмүүн. Рэнь Юань-ий зар гарган дэлхий дахины сайн эрийг бөх барилдсугай хэмээн өдөөснийг сонсоод тухайлан түүн лүгээ чадал шалгахаар ирэв хэмээвээс Тайшоу түшмэл өгүүлрүүн: - Тэр баганад уяж байх эмээл хазаартай морь болбоос миний гаргасан найрын шан болой, түүнийг Рэнь Юань-д шагнасугай. Саравчит тайзнаа дэлгэж байх эд эрдэнэси йг та хоёулд тэн хагасаар хуваан өгсүгэй. Тухайд чамайг биеийн шадар авч үлдээсүгэй хэмээхүл Янь Чин өгүүлрүүн: - Мэргэн сянгүн гэгээндээ толилму. Шангийн эд харъяа үгүй, ганц түүнийг нэгэн удаа хаяж олон хүмүүнийг инээлгэн, аяарлан сайшаах дууг сонсъюу хэмээсэн болой хэмээхүйеэ Тайшоу түшмэл өгүүлрүүн: - Тэр хэмээгч махранз мэт бузгай эр тул санаваас чиний мэт эцэнхий хүмүүн ойртож чадахгүй буй за хэмээвээс

Янь Чин өгүүлрүүн: - Хэдий үхэвч гомдохгүй хэмээгээд дахин бөхийн тайзнаа үсрэн гараад Рэнь Юань лугаа барилдан ноцолдохоор ирснээ жасааны түшмэл урьд Янь Чин-ээс гэрч бичиг аваад бөхийн зуршлыг өврөөс гаргаж нэгэн зэрэг уншсан хойно ийн өгүүлрүүн: - Хор хүргэж эс болохыг чи мэдмүй үү? хэмээхэд Янь Чинь жихүүнээр инээн өгүүлрүүн: - Тэр хэдийн бэлтгэж амжив, миний биед огтор өмднөөс бус юм үгүй тул хор хүргэх ёсон баймуй уу? хэмээсэнд Тайшоу түшмэл бас жасааны түшмэлийг дуудаж ийн захируун: - Энэ мэт сайхан төрсөн залуу хөвүүн үнэхээр хайран болой, чи эчиж шангийн эдийг хоёр хүмүүнд хувааж өгөгтүн хэмээхүйеэ жасааны түшмэл яаран тайзан дээр гарч Янь Чин-ий зүг өгүүлрүүн: - Залуу хөвүүн амь юугаа үлдээж уг нутагтаа эгэгтүн. Шангийн юмнаас чамд нэгэн хувь шагнасугай хэмээхэд Янь Чин өгүүлрүүн: - Чи юунд ийн үгийг өчмүй. Миний дийлэн дийлэгдэхийг чи мэдмүй үү? хэмээсэнд олон хүмүүн мөн хэмээн сайшаан хашхиралдав. Төдийд хэдэн түмэн мөргөлийн ард бөх барилдахыг олж үзэхгүйгээс эмээн өндөр тайзны хоёр этгээдээр загасан хайрс мэт шахалдан, саравчны хонгил гэрийн оройд хүртэл зай заваргүй суулцсан ажгуу. Рэнь Юань хөмхий юүгээ зууж Янь Чин-г шүүрэн аваад няц савсугай хэмээн хорсмуй. Жасааны түшмэл өгүүлрүүн: - Энэ жилийн их найрт та хоёул барилдах тул хувь хувийн эрдмээ гаргаж тус тусдаа сайтар хичээгтүн хэмээв. Төдийд өндөр тайзнаа гурван хүмүүнээс бус хүмүүн үгүй. Удсангүй манан арилж шүүдэр эгшээд өглөөний наран дорноос мандахуйяа жасааны түшмэл хулсан хавтсыг дээр өргөн хоёр бөхөд цааз зарлан: - бөх тавь! хэмээн хашхирав.

Угаас хослон тэмцэх хоёр бөх олир харван цахилгаан гялбах, эрслэн тоглон барс дүүлэх мэт хөнгөн шаламгай магшин орж, хэн хэндээ найр тавихгүй бөлгөө. Төдийд Янь Чин барилдах талбарын баруун этгээдэд бөхийн зогсож орноос огт хөдлөхгүй, Рэнь Юань өндөр тайзын зүүн этгээдэд хөндийн зогсоод, тус тус нэгэн талыг эзэлж, тайзны голд ноцолдон барилдахаар болов. Рэнь Юань бээр Янь Чин-ий орноос огт хөдлөхгүйг үзээд урагш магшин ойртон эчсэнд Янь Чин ганц түүний хөдөлж барихыг нүд тавин шинжихүйеэ Рэнь Юань дотроо санаруун: - Энэ амьтан магад намайг хөлдөн авах санаатай буй за, би чамайг гар хөдлөхгүйгээр тайзнаас ганцхан өшиглөж унагасугай хэмээгээд бие бөхийн ухасхийн ирж зүүн хөлөөр хий хавсарснаа Янь Чин их дуугаар: - Битгий ойрт! хэмээхүйеэ Рэнь Юань чив хэмээн гар хөдөлсүгэй хэмээтэл Янь Чин хэдийн зүүн суганы доогуур шурган орсонд Рэнь Юань хилэн төрөн бие урваж шүүрэн атгасугай хэмээтэл Янь Чин дээш дэвхрээд хий үсэрч баруун суганы доогуур шурган оров, Рэнь Юань бие бузгай тул ийш тийш эргэхэд ог хөшүүн учир хэдэн зэрэг эргэлдэн урвамагц хөл алдан явдал самуурсанд Янь Чин харвах сум мэт харайн эчиж баруун гараар Рэнь Юань-ий дундуур тэвэрч, зүүн гараар өмд алнаас шүүрэн авч өвчүү цээжийг нь мөрөөр тулж тэргүүнийг нь дорогш хандуулан дээр өргөж хэдэн зэрэг хий эргүүлсэн хойно тайзан ирмэг дээр ирж: - Хурдан тонил! хэмээн нэгэнт бялуудан илгээсэнд бүдүүн бөх Рэнь Юань толгойгоороо хөсөр гадаж унав. Янь Чин-ий энэхүү барилдах мэхийг "хөхөөний дэвэлт" хэмээмүй. Хэдэн түмэн мөргөлийн ард үүнийг үзээд нэгэн дуугаар бархиран магталцав! Төдийд Рэнь Юань-ий шавь нар өөрийн багшийн хөсөр хаягдсаныг үзээд тайзны саравчийг түлхэн унагаж шангийн эдийг булаан авсанд олон хүмүүн занч хэмээн зэргээр хашхирахуйяа тэр хорь гучин шавь нь тайзын зүг гүйлдэн ирэв. Тайшоу түшмэл хэдий дуу гаран зандавч огт хориглож чадахгүй байтал, санамсаргүй нээн эрлэгийн уурыг хүргэв. Хэн хэмээвээс үзвээс хар хуй Ли Күй ийн ёсгүй аашлахыг олж үзээд тасын нүдийг дүгрэглэн, барсын сахлыг сөхийлгөж, гар үзүүр өөр зэвсэггүй тул чөхүүрс шивээг булга татан аваад нүдгүй занчин үүсгэв.

Төдийд Ли Күй-г таних мөргөлийн ард нэрийг нь хэлж гаргаснаа хүрээн гаднах албан хүмүүн цугаар дотогш орж их дуугаар: - Лян Шань уулын хар хуйг гаргаж болохгүй! хэмээсэнд Тайшоу түшмэл хиртхийн цочиж ууган сүнс нь оройгоор нь гарч, отгон сүлд нь бөгсөөр нь гарч, мэндэн сандан харшийн хойгуур орж буруулав. Олон хүмүүн дөрвөн зүгээс хумин ирэхүйеэ мөргөлийн ард зүг зүг сарнин эчив. Ли Күй бээр Рэнь Юань-ийг үзвээс тайзны доор унаж манараад мар мар амьсгаж асан тул хажуугаас нэгэн чулуу шүүрэн авч гавалыг нь хага цохиод Янь Чин-ийн хамтаар хаалган зүг занчин ирвээс самуун зэв бороо мэт цацлан буух тул арга буюу гэрийн оройд авиран гараад ваар авч хариу занчихыг түр өгүүлэхгүй.

Удсангүй сүмийн гадна хашхирах дуу мандаж, нэгэн багийн хүмүүн алан орж ирэв. Тэргүүлсэн хүмүүн нь тэргүүндээ өргөн саравчит цагаан эсгий малгай дарж, биедээ цагаан торгон дээл хэдэрч, ташаандаа охор илд суйран, гартаа дам илдийг барьжээ, үзвээс Бээжин хотын бодь цагаан гөрөөс хэмээх цолтой Лү Жюнь И бээр Ши Жинь, Мү Хүн, Лу Жи Шэнь, Ү Сүн, Се Жэнь, Се Бао-ын хамт мянга илүү хүмүүнийг дагуулан сүмийн хаалгыг цавчин нээж өмөглөхөөр ирсэн тул Янь Чин, Ли Күй гэрийн оройгоос үсрэн буугаад их цэргийг дагаж явав. Ли Күй яаран буусан буудалдаа хүрч хос сүхээ шүүрэн аваад сүмийн зүг гүйн эчив. Фү-ийн түшмэл цэрэг дайчлан нэхэж ирвээс уулан цайзын олон сайн эрс хэдийн хол явсан ажгуу. Лян Шань уулын цэрэг олон жанжин арвин тул ойр эчихүйеэ бэрх хэмээн албан цэрэг айж нэхсэнгүй. Лү Жюнь И ирсэн даруй Ли Күй-г юм хүмээ багцлан хурдан хойш эгэгтүн хэмээн захиад хараахан цэргийг шаардан явж атал замын гудас Ли Күй гэнэт бараа үгүй болсонд Лү Жюнь И инээн өгүүлрүүн: - Тэр бас гай татаж барцад өдөөхөөр явсан буй за, хүмүүн илгээж уулнаа аваачихгүй болбоос болохгүй хэмээхэд Мү Хүн өгүүлрүүн: - Дүү би түүнийг эрж цайзнаа аваачсугай хэмээвээс Лү Жюнь И: - Ийн бөгөөс их л сайн хэмээв.

Түүнээс Лү Юнь И-ийн цэрэг авч уулнаа эгснийг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь Ли Күй хос сүхээ барьж Шоу Жан сянь-д ирвээс үд болж танхимд хүмүүн үгүй тул Ли Күй яамны хүрээнээ ороод өндөр дуугаар хашхиран өгүүлрүүн: - Лян Шань уулын хар хуй хэмээх цолт эцэг чинь хүрч ирэв! хэмээсэнд яамны хүмүүн хяргуй үзсэн болжмор мэт хөл нь чичирч гар нь салганан хөдлөх тэнхээгүй болов. Угт энэ Шоу Жан сянь болбоос Лян Шань уулаас хамгийн ойр байхуй тул "хар хуй Ли Күй" хэмээх нэрийг сонсвоос уйлж байсан хүүхэд боловч уйлахаас зогсмуй. Эдүгээ нэгэнт өөрийн биеэр ирсэн тул айхгүй ёс баймуй уу! Төдийд Ли Күй сянь-ий мэдэгч түшмэлийн түшлэгт суудалд залран суугаад: - Мөн даруй хэдэн хүмүүн ирж захиаг сонсохгүй болбоос гал тавьж яамыг чинь галдмуй хэмээхэд жигүүрийн гэр дэх олон ийн зөвлөрүүн: - Хэдэн хүмүүн эчиж аяыг нь дагах гүй болбоос түүнийг хэрхэн залж илгээмүй? хэмээсэнд хоёр түшмэл зэргээс гарч танхимд ороод дөрвөн зэрэг ёсолсон хойно: - Эрхин дайван морилж ирсэн тул эрхгүй захих үг амуй хэмээвээс Ли Күй өгүүлрүүн: - Миний бие яамны ардыг цочоохгүй, учир таарч өнгөрөх ташрамд уйтгараа сэргээсүгэй хэмээн энд ирэв. Чи сянь-ий мэдэгч ноёныг залж надад учруулагтун хэмээхүйеэ хоёул захиаг хүлээн эчээд удсангүй эгж ирээд "Сянь-ий мэдэгч сянь гүн их дайвангийн ирэхийг үзээд хойд хаалгыг нээж гараад хааш одсоныг мэдэхгүй хэмээсэнд Ли Күй итгэсэнгүй, өөрийн биеэр хойд танхимд орж эрвээс төрийн дэлийг ахуулах авдрыг нэгэн этгээдэд тавьж асан тул төмөр оньсыг балба мушгиж, төрийн малгайг гаргаж чихийг нь хатган тэргүүндээ дараад, ногоон өнгөт магнаг дээлийг биедээ хэдэрч, хасын бүсийг дундуураа бүсэлж, олсон шаахайгаа тайлан хар гутлыг нь өмссөн хойно, захианы пайзыг гартаа бариад их танхимд алхан орж өндөр дуугаар: - Албан хаагчид хурдан ирж надад учрагтун! хэмээсэнд олон хүмүүн арга буюу танхимд ирж ёслон золгохуйяа Ли Күй асууруун: - Таны үзэхэд миний ийн хувцасласан нь ямар зэрэг? хэмээхэд, олон хүмүүн: - дайвангийн засал давуу зохиров хэмээвээс Ли Күй өгүүлрүүн: - Таны зэргийн бичээч түшмэл жич албан ард бүгдээр ирж учирсан хойно эчсүгэй. Эс бөгөөс өрөө ордныг үнсэн товрог болгож хаямуй хэмээсэнд олон хүмүүн их л эмээж, мөн даруй албан ардыг цуглуулж удирдах бялуу хэмхт бэрээ өргөлцөж гурван зэрэг хэнгэрэг дэлдээд урагш давшиж ёслон золгосонд Ли Күй тачигнатал инээж: - Таны зэргийн олон хүмүүн хоёр хүмүүнийг гаргаж зарга хийлгэгтүн хэмээхэд албан хүмүүн өгүүлрүүн: - Их дайван яманд заларсан тул ямар хүмүүн аймшиггүй зарга хөөмүй? хэмээхүл Ли Күй өгүүлрүүн: - Зарга хийх хүмүүн үгүй болбоос олны дотроос хоёр хүмүүнийг сонгож зарга хийх хүмүүнийг дуурайн заалдуулагтун. Би хэрхэвч түүнийг хөнөөхгүй, ганц шог гаргаж нэгэн зэрэг наадсугай хэмээсэнд олон хүмүүн нэгэн зэрэг зөвлөн хэлэлцээд, гяндан сахих хоёр хуягийг хэрүүл хийж занчилдсан хүмүүн болгон зарга хийлгэж, яамны гаднах зуун овогт иргэнийг цөм дуудан оруулж, таслан шийтгэхийг үзүүлэв. Төдийд хоёр хуяг ширээний өмнө горойтол сөгдөөд нэгэн нь заалдаж өгүүлрүүн: - Эрхин сянь гүн өршөөлдөө багтаамуу. Өчүүхэн намайг энэ хүмүүн занчив хэмээхэд, нөгөө нь ийн мэдүүлрүүн: - Өчүүхэн хүмүүнийг гутаан хараасан учир уур хүрч түүнийг занчсан болой хэмээвээс

Ли Күй асууруун: - Хэн нь занчигдсан хүмүүн болов? хэмээхүл заалдсан хүмүүн өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн занчигдсан болой хэмээснээ Ли Күй бас асууруун: - Хэн нь хүмүүнийг занчив? хэмээхэд заалдагдсан хүмүүн өчрүүн: - Тэр намайг урьд хараасан тул, өчүүхэн хүмүүн сая түүнийг занчив хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн: - Хүмүүнийг занчсан нь сайн эр болох тул түүнийг урьд тавьж илгээ. Энэ муу өөдгүй амьтан юун хэмээн бус хүмүүнд занчигдав. Хүзүүнд нь хүнд дөнгө зүүлгэж яамны үүдэн өмнө аваачиж гэсгээл цээрлэл үзүүлэгтүн хэмээгээд суусан орноос босож зогсоод магнаг дээлний хормойг бүсэндээ хавчуулж, хулсан хавтсыг өвөртөө ахуулж, хос сүхийг гартаа бариад, заалдсан хүмүүнийг дөнгөлж яамны үүдэн өмнө хөөж аваачсан хойно дээл малгайгаа өмссөн хэвээр их алхмаар цааш одоход яамны өмнөх зуун овогтон тэсгэлгүй инээлцэн үүсгэв. Ли Күй яамны гадна зүүнш баруунш алхаж атал гэнэт сургуулийн хүрээнээс бичиг унших дуу сонстсонд орхиулыг өргөн дотогш орвоос багш нь эмээн цонхоор гарч дутаахуйяа бяцхан шавь нар уйлах нь уйлж, бархирах нь бархирч, дутаах нь дутаан, нуух нь нууснаа Ли Күй хадганатал инээсээр гарч ирэхүл чив хэмээн Мү Хүн-д учрав. Мү Хүн их дуугаар: - Олон хүмүүн чамайг үгүйлэн зовниж атал чи харин энд ирж түйвээж баймуй, хоёул хурдан хойш эгсүгэй! хэмээгээд толгой мэдүүлэхгүйгээр ханцуйгаас татаж явахуйяа Ли Күй арга буу Шоу Жан сянь-аас салж Лян Шань уулыг чиглэн эчив. Шүлэгт өгүүлсэн нь:

Ардыг засах сянь-ий яам түрэмгийлэн харгислах нь,

Анх багад багшийн сургаал мэт болохын учраа,

Хар хуй Ли Күй-г томилж цагдан байцаалгаваас зохимуй,

Хангинах хөгжмийн танхимыг үймүүлэн бичгийн гэрийг түйвээжээ.

Түүнээс хоёул Жинь Ша Тань олмоор усыг гэтэлж, их цайзнаа хүрч ирсэнд олон хүмүүн бээр Ли Күй-ийн хувцасласан байдлыг үзээд элгээ хөштөл инээлцэв. Шударга журмын танхимд орвоос Сүн Жян чив хэмээн Янь Чин-г тохруулан найрлаж асан тул Ли Күй ногоон магнаг дээлний хормойг буулгаж, саран сүхээ нэгэн тийш тавиад гэлбэн халбан алхсаар танхимын голд хүрч хулсан хавтсыг барьж Сүн Жян-ын зүг мөргөн ёсолж дэмий хоёр зэрэг болсонгүй дээлний хормойг гишгэж хөл ороогдон хөсөр унасанд олон хүмүүн их л инээлцэв. Сүн Жян хараан өгүүлрүүн: - Энэ муу амьтан үнэхээр цөс их, урьд надад мэдүүлэхгүйгээр уулнаас оргож эчсэн нь үхэх ял болохын дээр хаана эчивч хэрэг гаргаж яршиг татаж явмуй! Үүнээс хойш ийн үйлдвээс хэрхэвч уучлахгүй хэмээн энэ өдөр олон ах дүү нарт зарласан болой! хэмээсэнд Ли Күй мөн хэмээсээр ухарч гарав. Түүнээс Лян Шань уулын цэрэг морь амар төвшин болсон тул өдөр бүр уулан цайзнаа цэргийн эрдэм боловсруулж, жанжин цэргийг сургуулилж, ус чадагсдыг онгоцоор байлдахыг сургав. Цайз бүрд зэр зэвсэг, хуяг дуулга, жад сэлэм, нум сум, туг хиур зэргийг нэмж үйлдсэнийг түр өгүүлэхгүй. 

Жич өгүүлэх нь Тай Ань Жоу-ын яамаар урьдах хэргийг эзэн хот Дунжинд айлтгал өргөн мэдүүлэв. Эл жоу эл сянь бас илтгэл өргөх яаманд айлтгал бичиг довтолгож Сүн Жян нарын урван тэсэргүүлж газар орныг түйвээн самууруулах учрыг заалдав. Төдийд бомбын шашинт эзэн Дао Жюнь хаан сар илүү бараалхалд залагдсангүй, нэгэн өдрийн эртийн бараалхал болж, чив чиг гурван зэрэг ташуурын дуу хааны ордонд дуугарахуйяа бичиг цэргийн зуун түшмэл хас индэрт жагсмуй хэмээсэнчлэн олон түшмэл үүл мэт хурсан хойно харшийн түшмэл зандан өгүүлрүүн: - Хэрэг байваас хурдан айлтга, хэрэг үгүй бөгөөс цуу тархагтун хэмээхэд айлтгал өргөх яамны эрхэлсэн түшмэл зэргээс гарч айлтгаруун: - Түшмэлийн яамнаа эл жоу эл сянь-ий удаа дараа өргөсөн айлтгалаас шүүж үзвээс Сүн Жян нар хулгайн сүргээ дагуулж, фү жоу-ын хотонд дөтлөн орж, сан хөмрөгийг уулгалан булааж, амуу хүнсийг дээрэмдэн хураамжилж, цэрэг иргэнийг алан хөнөөж, шунахай санаа нь туйлд тулж, хүрсэн газар хариуцах хүмүүн үгүй тул хэрвээ эрхтэн хураамжлахгүй болбоос хожмын өдөр эрхгүй их зовлон болмуй хэмээхүйеэ тэнгэрийн хөвүүн айлдруун: - Анх эдгээр хулгай арван тавны өлзийт шөнө улсын нийслэлийг түйвээв. Эдүгээ бас эл газрыг үймүүлэн тэвчилмүй. Ийнхүү түүний ойр хавийн Жоу жюнь-ийг нэнд юун өгүүлэх аж! Цэрэг дайчлан хулгайг дартугай хэмээн мөхөс хүмүүн цэргийн яамнаа олонтоо захисан боловч эдүгээ болтол хариу айлтгаагүй асаар болой хэмээснээ шадар дайфү Цүй жин зэргээс гарч айлтгаруун: - Доорд түшмэл сонсохул Лян Шань ууланд “тэнгэрийн төлөөнөө ёсыг явуулмуй” хэмээх үсэгтэй их тугийг хатгасан хэмээх бөгөөд энэ нь иргэнийг хуурах арга болой. Иргэний сэтгэл нэгэнт дагаваас цэрэг хөдөлгөн дарж болохгүй. Эдүгээ Ляо улсын цэрэг хязгаарыг халдаж, эл газрын цэрэг морь халхалж чадахгүй байх тул цэрэг байгуулан дайлахаар эчвээс их л ашиггүй болой. Түшмэл миний мунхаг санаагаар болбоос амь юугаа цөлсөн аглаг хээрийн эдгээр дээрэм цаазыг тэсэргүүлэн ялд унагаад явах зам үгүй болсноо уул шугуйд бөөмнөрөн цуглаж, ёс бусаар самууран аашлах тул хэрвээ нэгэн хуудас жуу бичиг буулгаж дотоод орны яам Гуан Лу Сэ-ээс эзний хишгийн дарс шагнаж, Лян Шань уулнаа нэгэн түшмэлийг илгээж сайн үгээр тохруулан ухуулж, илбэн дагуулж оруулан аваад түүний хүчийг ашиглаж Ляо улсын цэргийг дийлбээс улс гүрэн амь хувийн алинд ч ашигтай болой. богд эзэн гэгээндээ толилму хэмээхүйеэ тэнгэрийн хөвүүн айлдруун: - Сайдын үг их л зүй, түв хэмээн мөхөс миний санаанд нийлэв хэмээгээд дотоод ордны Тайюй түшмэл Чэнь Зүн Шань-ийг элч болгож жуу бичиг жич хааны хишгийн дарсыг өгч Лян Шань уулын их бага дайван нарыг илбэн дагуулахаар зарлиг буулгаснаа мөн өдрийн бараалхал тарсан хойно Чэнь Зүн Шань хааны зарлигийг хүлээн авч юм хүмээ багцлахаар гэртээ харив. Чэнь Тайюй зарлигийг хүлээн илбэн дагуулахаар эчсэнээр, нэгэн малуу амтат дарс бие хөнөөх хор хувилаад, нэгэн хуудас жуу бичиг байлдаан өдөөх бичиг болов. Эгнэгт Чэнь Тайюй бээр Сүн Жян-г хэрхэн илбэн дагуулахыг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top