УОК-ийн дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяраас коронавирусний эсрэг вакцины III тунд хамрагдалт болон нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Манай улсын хэчнээн хүн коронавирусний эсрэг вакцины III тунд хамрагдаад байна вэ?
-Өнөөдрийн /арваннэгдүгээр сарын 25/ байдлаар 604.813 хүн III тунд хамрагдсан байна. Энэ нь нийт хүн амын 18 орчим хувь болж байгаа. Үүнтэй холбоотойгоор тохиолдлын тоо есдүгээр сар, аравдугаар сартай харьцуулахад бараг 60 хувиар буурлаа. Жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөлийн байдал сүүлийн долоо хоногт л гэхэд 40 хувиар буурсан байна. Жирэмсэн эмэгтэйчүүдийн маань 90 орчим хувь нь одоог болтол вакцин хийлгээгүй байгаа. Гэсэн хэдий ч тэдний өвчлөл буурч байгаа нь гэр бүлийн бусад хүмүүсийн вакцинд хамрагдалт нэмэгдэж, III тунд хийлгэсэнтэй холбоотой. Энэ чинь шууд бус мөртлөө маш эерэг үзүүлэлт юм.
-“Ор зохицуулах баг”-ийн ачаалал мөн буурсан гэсэн?
-Хүнд өвчтөний ачаалал маш их байсан учраас тэднийг эрэмбэлэх, нэг удирдлагаар зохион байгуулах шаардлага үүссэн. Тийм болохоор Эрүүл мэндийн яамны дэргэд “Ор зохицуулах баг” гэж ажиллаж эхэлсэн. Энэ багийнхан өнгөрсөн хоёр сарын хугацаанд нэг өдөрт 500-600 хүнийг зохицуулж байсан. Харин одоо бол өдөрт 30 хүнийг л зохицуулж байна. Үүнээс харахад л III тун маш үр дүнтэй байгаа нь харагдаж байна. Зарим хүмүүс III тунг нэмэлт тун гэж яриад байгаа. Гэтэл зарим улс орнууд үүнийг зайлшгүй хийлгэх шаардлагатай вакцинжуулалтын нэг хэсэг гэж үзэж байгаа юм билээ. Яагаад гэхээр I болон II тунг хийсний дараагаар дельта хувилбар гарч эхэлснээр өвчлөл нэмэгдсэн. Дээрээс нь хийлгэснээс хойш 4-5 сарын дараа вакцины үр нөлөө, хамгаалалт 60-70 хувиар буурч эхэлсэн. Тиймээс л улс орнууд III тунг ард иргэддээ хийж эхэлсэн юм.
-Гадаадын улс орнуудын III тунд хамрагдалт манай улстай харьцуулахад хэр байгаа вэ?
-Манай улс нийт хүн амынхаа 18 хувийг хамруулаад тохиолдлын тоог 60 хувь бууруулсан. Харин Изрейль улс хүн амынхаа 30 хувийг хамруулснаар тохиолдлын тоо нь 80 хувиар буурсан. Ингээд харахад манай улсын хувьд харьцангуй хурдтай буурч байна. Гэтэл Европын холбооны улсуудад вакцины хамрагдалт тааруу, өвлийн улирал эхэлсэнтэй холбоотойгоор энэ өвчний маш том давалгаа үүсэж байна. Тэгэхээр манай улс зөв тактикаар энэ өвчинтэй тэмцэж байгаа нь харагдаж байгаа юм. Манай улс энэ том давалгаа үүсэхээс аль болох урьтаж хийхийг хичээсэн. Тийм ч болохоор халдварын тохиолдол, нас баралтын тоо буурч байна.
Мөн нас баралтын үзүүлэлтийг өвчилсөн хүмүүсийн хэдэн хувь нь нас барав гэдгээр үздэг. Манайд энэ үзүүлэлт дэлхийн өндөр хөгжилтэй Герман, Их Британи зэрэг улсуудтай адил 0.3 хувь байгаа бол ОХУ-д энэ үзүүлэлт бүр дөрвөн хувьтай байгаа юм билээ. Энэ бүхэн манай Засгийн газар маш сайн ажилласантай шууд холбоотой. Дээрээс нь вакцины хангалтыг сайн хийсэн. Дэлхийн нийтэд III тун хийж эхэлсэнтэй холбоотойгоор вакцины хомсдол дахиад үүссэн.
Засгийн газраас вирусний эсрэг эмчилгээг эрт эхэлж, цус шингэлэх, витаминуудыг гэрээр нь тарааж эхэлсэн нь маш зөв алхам болсон. Хүндэрсэн тохиолдолд орыг хангалттай бэлдэж чадсан нь ч томоохон давалгаануудыг хохирол багатай даван туулахад нөлөөлсөн. Манай улс нийт 23 мянган ор бэлдэж, хэвтүүлэн эмчилсэн. Гэтэл манайхаас 3-4 дахин их хүн амтай улсууд оргил үедээ 2-3 мянган ор л бэлдсэн байсан. Гуравдугаарт, манай улс вакцинжуулалтаа эрчимжүүлж, дельта вируснээс урьтаж хийсэн. БНХАУ гэхэд бараг манай улсаас суралцаж байх шиг байна. Одоо Хятад улс III тунгаа эрчимжүүлж, синофармын хоёр тунгийнхаа араас синофармд үйлдвэрлэсэн уураг дээр суурилсан арай өөр вакцин хийх гэж байна.
-Вакцины нөөц хэр байгаа вэ?
-Вакцины нөөц хангалттай байгаа. Синофармын 600 мянган тун, файзерийн сая гаруй тун бий. Ер нь манай улс нөөцөө маш сайн бэлдсэн. Үүн дээр БНХАУ, АНУ, Япон, Европын холбоо, Энэтхэг гээд дэмжлэг үзүүлсэн улсуудад талархах ёстой. Файзер компани хасах 60-90 градуст хадгалахад хадгалалтын хугацаа асуудалгүй гэсэн албан ёсны захиа ирүүлсэнийг хэлэх нь зүйтэй байх.
-III тун хийлгэхийн давуу талыг манай уншигчдад ойлгомжтойгоор тайлбарлаж өгөөч?
-Вакцины нэг болон хоёрдугаар тун хийсний дараа 42 дахь хоногоос цусан дахь эсрэг биет байгалийнхаа хуулиар буурч эхэлж байгаа. Харин бид тасралтгүй гурван тун хийж байгаа нь санамжийн эсүүдийг дархлааны санамжтай болгож байгаа юм. Дээрээс нь дельта хувилбар шинэ вирус шахуу болчихсон. Хүний дархлааны систем бүрэн танихгүй байгаа учраас эрдэмтэд бараг шинэ вирус гэж нэрлээд байгаа юм. Харин сулруулсан вирусээр хийсэн хоёр тун вакцины араас сэртэнгийн уургийг сонгомолоор агуулсан тийм вакциныг хийх нь маш үр дүнтэй байна. Одоо манай улсад вакцинд хамрагдчихсан байгаа 600 мянга гаруй иргэнээс 14-өөс дээш хоносон хүмүүсийн 98 хувь нь халдварт өртөөгүй гэсэн мэдээлэл байна. Дээрээс нь энэ өвчнөөр хүнд өвчилсөн хүмүүсийн амин эрхтэнүүдийн чухал эд, эсүүд үхжиж байгааг дэлхийн эрдэмтэд нотолчихсон болохоор ингэж эрүүл мэндээрээ хохирохгүйн тулд III тунгаа хийлгэх хэрэгтэй.
-Манай улс хэдий хэр хугацаанд зорилтод хүмүүсээ вакцины III тунд хамруулж чадах вэ?
-Нийт хүн амын 30 хувь буюу зорилтод бүлгийн 50 хувийг вакцинд хамруулсан тохиолдолд хөл хорио хийхгүй, сургууль, цэцэрлэгээ танхимаар хичээллүүлэх, бизнесүүдээ хаахгүй хэвийн амьдралдаа шилжих боломжтой гэж үзэж байгаа. Одоогийн өдөрт 15 мянган хүн хамрагдаж байгаа эрчээрээ явах юм бол ердөө 20 хоногийн л ажил юм шүү дээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
Юу ТЭНЭГТ ГЭЖ ВАКЦИНД ХАМРАГД БАЛАЙТАА ЧИ Л ӨӨРӨӨ БАЛАЙТАЖ БАЙНА
Битгий тэнэг балай минь
тэнэгт