Дэлхийн улс орнууд Омикрон хэмээх КОВИД-19-ийн шинэ хувилбартай тэмцэхийн тулд өмнөд Африкийн орнуудад зорчихыг хориглох, хилээ хаах зэрэг арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. Өмнөд Африкаас Амстердамд ирсэн KLM нислэгт зорчиж явсан зорчигчдын 61-ээс нь КОВИД-19-ийн шинэ хувилбар илэрсэнтэй холбоотойгоор дэлхийн улс орнууд яаралтай арга хэмжээ авч эхлээд байгаа юм. Омикрон гэх шинэ хувилбар анх энэ сарын 24-нд Өмнөд Африкт илэрч, Ботсвана, Бельги, Хонконг, Израильд бүртгэгдсэн.
Түүнчлэн өнгөрсөн бямба гарагт Герман, Чех зэрэг хэд хэдэн оронд сэжигтэй тохиолдол илэрчээ. Өмнөд Африк, Намиби, Зимбабве, Ботсвана, Лесото, Эсватини зэрэг улсаар аялсан хүмүүсийг Их Британийн оршин суугч л биш бол хүлээн авахгүй гэдгээ Лондон мэдэгдээд байна. Их Британиас гадна Өмнөд Африк, Ботсвана, Зимбабве, Намиби, Лесото, Эсватини, Мозамбик, Малави зэрэг орнуудтай хийх шууд нислэгээ АНУ зогсоожээ.
Улс орнуудын хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд
Австрали: Өмнөд Африк, Намиби, Зимбабве, Ботсвана, Лесото, Эсватини, Сейшелийн арлууд, Малави, Мозамбик зэрэг улстай хийх нислэгээ 14 хоногийн хугацаанд түр зогсоохоор болсноо бямба гарагт мэдэгдсэн. Түүнчлэн сүүлийн хоёр долоо хоногт эдгээр улсаар аялсан өөрийн улсын иргэн биш хүмүүсийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгджээ.
Япон: Тус улс Африкийн өмнөд хэсгээр аялсан хүмүүсийг бямба гарагаас эхлэн хүлээж авахгүй гэдгээ мэдэгджээ.
Энэтхэг: Өмнөд Африк, Ботсвана, Хонконгоос ирсэн аялагчдаас илүү нарийн шинжилгээ авч, шинжилгээний хариу гарсны дараа улсдаа нэвтрүүлнэ гэв.
Иран: Өмнөд Африкийн зургаан орноор аялахыг хориглосон бөгөөд тус бүс нутгаас ирсэн иранчуудыг хоёр удаа шинжилгээнд хамруулсны дараа шинжилгээний хариунд үндэслэн нэвтрүүлэх эсэхээ шийдэх юм байна.
Бразил: Африкийн орнуудад зорчихыг хориглож, сүүлийн 14 хоногт Өмнөд Африк, Намиби, Зимбабве, Ботсвана, Лесото, Эсватини, Мозамбикээр аялсан бүх иргэнийг дотооддоо нэвтрүүлэхийг хориглов.
Тайланд: Өмнөд Африкийн найман орноос ирсэн аялагчийг нэвтрүүлэхгүй гэдгээ мэдэгджээ. Анх B.1.1.529 гэж нэрлэсэн уг шинэ хувилбар Өмнөд Африкийн бараг бүх оронд дэгдсэн байж болзошгүй талаар ДЭМБ -аас мэдэгджээ. Эрдэмтэд уг шинэ хувилбар хэр дамжих магадлалтайг тогтоохоор ажиллаж байгаа тул шинэ хувилбарын хор нөлөөг бүрэн судлахад хэдэн долоо хоног шаардлагатай гэж ДЭМБ -аас мэдэгдсэн байна.
Вакцин шинэ хувилбарын эсрэг үр дүн багатай
Их Британийн Эрүүл мэндийн яамнаас КОВИД-19-ийн вакцин нь шинэ хувилбарын эсрэг үр дүн багатай гэдгийг анхааруулсан байна. Харин Оксфордын их сургуулийн биологич, профессор Жеймс Нейсмит "Аялал жуулчлалын салбарын хориг үндэслэлгүй. Өмнөд Африкийн хүн амын дөнгөж 24 орчим хувь нь вакцинд хамрагдсан бөгөөд энэ нь тус бүс нутагт халдварын тархалтыг хурдасгах гол хүч болж байна” гэжээ. Өмнөд Африкийн Эрүүл мэндийн сайд Жо Фаахла шууд нислэгээ хориглож байгаа нь үр дүнгүй хэмээсэн байна.
“Энэ хувилбар нь маш олон мутацитай бөгөөд одоогоор тодорхой болоод буй мэдээллээс үзэхэд дахин халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлэх магадлалтай байна” гэж ДЭМБ мэдээлжээ.
Лондоны их сургуулийн коллежийн генетикч, профессор Франсуа шинжлэх ухаанд “B.1.1.529” хэмээн нэрлээд буй уг хувилбарыг дархлаа нь дарангуйлагдсан, эсвэл ДОХ-той ч хараахан оношлогдоогүй хүнд удаан үргэлжилсэн халдварын улмаас үүссэн байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлжээ. АНУ-ын халдварт өвчин судлалын мэргэжилтэн, доктор Энтини Фаучийн хувьд шинэ хувилбарын талаарх мэдээллүүд нь “аюулын дохио”-г хангинуулж байгаа ч вакцинууд хүнд хэлбэрээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх боломж байгаа гэдгийг хэлсэн байна. "Энэ талаар нарийвчлан судлах хүртэл хувилбар биднийг вирусээс хамгаалж буй эсрэг биетүүдээс зайлсхийх чадвартай эсэхийг нь хэлж мэдэхгүй шүү дээ" гэж тэрбээр “CNN” сувагт мэдээлжээ.
Шинэ хувилбар хаанаас үүссэн нь тодорхойгүй байна
Хэдийгээр Өмнөд Африкт анх бүртгэгдсэн ч өөр газраас зөөвөрлөгдөн ирсэн байх магадлал өндөр ажээ. Модерна шинэ хувилбарын эсрэг вакцин хэрхэн үйлчлэхийг судалж байгаа бол “AstraZeneca” нь эсрэг биеийн хавсарсан эмчилгээг шинэ хувилбарын эсрэг туршиж байгаа юм байна. "AstraZeneca” уг хувилбар бүртгэгдсэн газруудад, тухайлбал Ботсвана, Эсватинид судалгаа хийж байгаа бөгөөд энэ нь шинэ хувилбарын эсрэг бодит мэдээлэл олоход дөхөм болно гэж үзэж байгаа аж. Түүнчлэн “Johnson & Johnson” шинэ хувилбарын эсрэг вакцинаа туршиж байгаа тухайгаа мэдэгджээ.
Тедрос Адханом Гебрейесус: Одоогоор ямар ч улс цар тахлыг ялаагүй байна
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус олон оронд вакцин хийлгэсэн хүмүүс бусад урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах шаардлагагүй гэсэн ойлголт газар авч байгаад ихэд санаа зовниж буй талаараа Европ дахь КОВИД-19-ийн хямралын талаарх хэвлэлийн бага хурлын үеэр онцолжээ.
Тэрбээр "Ямар ч улс орон цар тахлыг ялаагүй. Тодруулбал, дэлхий дахин төөрөөд буй ширэнгэн ойгоосоо гарч чадаагүй яваа" гэдгийг анхааруулаад "Ирээдүйн аливаа хамгийн муу үр дагавраас урьдчилан сэргийлэхийн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ авах нь чухал” гэдгийг онцолсон байна. ДЭМБ-ын тэргүүн мөн "шинжлэх ухааны үр жимс"-ийг зөв зохистой хуваалцахыг уриалжээ.
ДЭМБ-аас энэ өвөл Европт хоёр сая гаруй хүн КОВИД-19-ийн улмаас нас барж магадгүй гэсэн таамаг дэвшүүлсэн. Европын Өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах төв тус бүс нутагт халдварын тоо өсөж байгаатай холбоотойгоор нэмэлт тунг бүх насанд хүрэгчдэд хэрэглэхийг зөвлөж байна. Бусад улс орнууд тухайлбал ХБНГУ хязгаарлалтын шинэ арга хэмжээ авч эхэлсэн бол Австри 10 хоногийн хөл хорио тогтоогоод байна. Энэ долоо хоногт АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) Герман, Дани руу аялахаас зайлсхийхийг америкчуудад анхааруулсан аялал жуулчлалын зөвлөмжийг гаргажээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )