Д.Сумъяабазар: Нийслэлийн НОГООН БАЙГУУЛАМЖИЙГ нэмэгдүүлнэ

2021 оны 11 сарын 30

“Нээлттэй Улаанбаатар” ээлжит хэвлэлийн бага хурал өчигдөр боллоо.

Хэвлэлийн хурлын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр, “2021 он гарснаас хойших 11 сарын хугацаанд бид “Ковид-19” цар тахлын хүндрэлийг хэрхэн даван туулах, онцгой нөхцөл байдалд иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого боловсруулахад анхааран ажиллаж байна. Нийслэл хотын ажил гэдэг бол цаг наргүй, хүндхэн алба байдаг. Гэсэн хэдий ч бид Монгол Улсын нийт хүн амын 50 хувь нь оршин сууж буй Улаанбаатар хотыг хууль, эрх зүйн болон эдийн засгийн хувьд бие даасан хот болгоход хүчин чармайлт гарган ажиллаж ирлээ. Яг одоогийн байдлаар нийслэл Улаанбаатар хотын төсвийг НИТХ-ын хороодоор хэлэлцэж байна.

Улаанбаатар хотод 150 мянга гаруй жижиг, том нийлсэн аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанд саад, төвөг болдог зүйлс олон бий. Ялангуяа цар тахлын хүндрэл, бэрхшээл ар араасаа гарч ирж буй энэ цаг үед бид бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой. Иргэд III тундаа  хамрагдаж, халдварын дараах эдийн засгийн сэргэлтэд бэлдэх шаардлагатай байна. Нэмэлт III тун бол бидний дараа дараагийн хийх ажлын үндэс суурь байх болно. Нөгөөтээгүүр, арванхоёрдугаар сарын 15-нд гэхэд зорилтот бүлгийн 50 хувь нь нэмэлт тундаа хамрагдчихвал шар түвшинд шилжиж, хорио цээрийн хязгаарлалтыг сулруулна.

Ингэснээр хотын нийгэм, эдийн засгийн амьдралыг хэвийн түвшинд шилжүүлэх боломж бүрдэх юм.  Аж ахуйн нэгжүүдэд таатай орчин бүрдүүлж, төрийн дарамтаас ангижруулах, хүнд суртлыг арилгах, хувийн хэвшлийнхнийг дэмжих бодлогыг гаргахаар бэлдэж байна.

Мөн Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй ажлуудын нэг нь нийтийн эдэлбэр газрыг чөлөөлөх юм.  Өмнө нь С.Амарсайхан даргын үед цуцалсан газруудыг эргүүлэн олгосон мэт ташаа мэдээлэл санаатай тарааж байна гэж ойлгосон. Залруулж хэлэхэд, цуцалсан газрыг дахин олгоогүй. Үүнийг баталгаажуулж, Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” хөтөлбөртэй уялдуулан ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулж, ая тухтай байдлыг нэмэгдүүлэх нь удирдлага баг хамт олны эрхэм зорилго юм.

Шүүхийн шийдвэрүүд эхнээсээ бидний талд гарч байгаа. Тиймээс нийтийн газрыг нүдний цөцгий мэт хамгаалах үүрэгтэй. Нийтийн эдэлбэр газар бол нийтийнх байх ёстой. Тэнд ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж, ая тухтай орчныг бүрдүүлж, иргэдийн амьдрах орчныг сайжруулна. Бид сөөм газрыг ч алдахгүй.

Үүнээс гадна нийслэлд хороо нэмж байгуулах асуудал яригдаж байна. Төрийн захиргааны анхан шатны нэгж болох хороод иргэддээ төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүрэгтэй.

Одоогийн байдлаар Улаанбаатар хот 171 хороотой. Хуульд нэг хороонд 10  мянга орчим иргэдтэй байхаар заасан. Гэтэл зарим  хорооны иргэдийн тоо 30 мянгад хүрээд байна. Тэдгээр хорооны иргэд төрийн үйлчилгээ авч чадахгүйд хүрлээ. Зөвхөн Сонгинохайрхан дүүрэг 340 мянган хүн амтай. Баянзүрх дүүргийн иргэдийн тоо мөн 400 мянгад дөхөж байна. Хэт ачаалалтай дүүргээ хуваах гэхээр УИХ-ын хэмжээнд шийдэх асуудал болдог. Жил тутамд 35 мянган гаруй иргэн Улаанбаатар хотод шилжин ирж байгаа.

Нэг аймгийн төвийн хүн ам тэр чигээрээ нүүдэллэн суурьшиж буй энэ үзэгдэл хотын ачааллыг нэмэгдүүлж байна. Жил тутамд орж ирж буй 35 мянган иргэн огт төсөвгүйгээр Улаанбаатарт ирдэг гэсэн үг. Энэ бүхнээс үүдэн нэг хорооны иргэний тоог 14-15 мянгаас хэтрүүлэхгүйгээр тоонд нь барих бодлого хэрэгжүүлэх шаардлага үүсээд байна. Бид иргэндээ үйлчлэх, иргэн төвтэй удирдлагын баг бүрдүүлэн ажиллаж байгаагаа дахин илэрхийлье.

Мөн нийтийн тээврийн хүрэлцээг нэмэх хэрэгтэй. 2021 онд 60 автобус  авахаар тендер зарласан боловч одоог хүртэл шийдэгдээгүй байна. Нэг ч автобус авч чадаагүй. Шалтгаан нь Тендерийн тухай хууль,  аж ахуй нэгж хоорондын маргаанаас үүдэлтэй. Цаашид 500 автобусны тендер зарлавал юу болох бол. Эрх мэдэлтэй хүмүүс нь дарамтлаад, парк шинэчлэлтэд саад учруулдаг.

Тиймээс Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд 500 автобусны талаарх асуудлаа оруулж, шууд гэрээ хийх боломж бололцоог судалж байна. Мөн УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай Тендерийн тухай хуулиа эргэн харж, ойлгомжтой болгох талаар зөвлөлдөнө. Тендерийн тухай хуулиас болж төлөвлөсөн ажил, төсөл хөтөлбөрүүд дандаа хугацаа алдаж, гацдаг. Одоо байгаа нөөцөөр 537 автобусны ашиглалтын хугацаа дуусаж, стандартад нийцэхээргүй болж байгаа. Нэг ёсондоо, 2009 оноос хойш автобусны парк шинэчлэл хийгээгүй гэхэд болно.

Хяналт, шалгалт, хэмжилт хийхэд автобуснуудын ашиглалтыг дахин нэг жилээр сунгах боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Бид ч гэсэн автобусны парк шинэчлэлтээ аль болох хурдан хиймээр байна. Гэвч хуульдаа баригдаад, хуулиар тоглосон зарим аж ахуй нэгжээс болж энэ ажил гацаанд ороод байгаа” гэлээ.

Д.МЯГМАРЗАЯА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.55.188.97) 2021 оны 11 сарын 30

Наадах чинь харин ТОМ ЛАЙК шүү. Модон дотор 2 сая жил амьдарч хүн болчихоод бетонон дотор Зуу хан жил болоод дээд төрөлтөн болно гэж юу байхав. Шат дараатай дээд төрөлтөн рүүгээ шилжих байлгүй дээ. Эхлээд бетонон дотроо амьдарч байгаад метал хийцийн өндөр технологио олох, сансар нисэх, нисээд сансартаа төөрөх, төөрөөд цаашаа юу ч болоо билээ. Ямар ч байсан модноос амьсгалынхаа нүдэнд харагддаггүй хоололтоосоо салахаар хэмжээнд очтолоо ногоон байгууламжаа хийж байсан нь дээр байлгүй дээ

0  |  0
Top