-2022 ОНЫ СҮҮЛИЙН ХАГАСТ Ч ҮНИЙН ӨСӨЛТ ХЭВИЙН ТҮВШИНД ОЧИХГҮЙ-
Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, үнийн өсөлтийн асуудлаар СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.
-Монгол Улсын эдийн засаг 2021 оны эхний есөн сарын байдлаар 3.6 хувийн өсөлттэй байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байсан. 2021 оны хувьд энэ хүлээж байсан үр дүн мөн үү?
-Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувьд оны эхний таамаглалаас буурсан дүнтэй гэж үзэж байна. Учир нь оны эхэнд “ДНБ-ийг оны төгсгөлд 2020 оны ухралтыг давж өсөлтийн суурьт хүрнэ” гэсэн таамаглал өндөр байсан. Миний хувьд ч энэ оны эдийн засгийн өсөлтийг тав орчим хувьтай байх боломжтой гэж харж байлаа. Өөр нэг өнцөг гэвэл бид 2021 оны эхний улирлыг амжилттай эхлүүлж эдийн засгийн өсөлт 15 орчим хувьтай гарсан нь энэ оны эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр харахад нөлөөлсөн байх. Одоогийн эдийн засгийн өсөлт бидний хүлээж байсан үр дүн биш боловч харамсалтай нь бодит байдал ийм байна. Үүнд, гадаад нөхцөл байдлыг буруутгаад суух боломжгүй. Эдийн засаг бидний өөрсдийн үйл ажиллагаанаас ихээхэн хамааралтай. Ялангуяа Улсын онцгой комиссын зүгээс хэрэгжүүлсэн цар тахлын эсрэг арга хэмжээ үнэхээр сул дорой, мэргэжлийн бус, оновчгүй байлаа.
ИРЭХ ОНД ВИРУСНИЙ ШИНЭ МУТАЦ ЭДИЙН ЗАСАГТ ЭРСДЭЛ ХЭВЭЭР БАЙНА
-Цаашдаа ч 2021 оны эдийн засгийн төлөв байдалд нэг их өөрчлөлт орохгүй байх. 2022 оныг харин хэрхэн дүгнэж байна вэ?
-2021 оны эдийн засгийн өсөлт нэгэнт бидний хүлээж байсан үр дүнд хүрэхгүй нь тодорхой боллоо. Цар тахлын үед эдийн засгийн өсөлтийн бүтэц нь уул уурхай, худалдаа, бүтээгдэхүүний цэвэр татвар гэсэн байдлаар тодорхойлогдож байгаа нь бидний гол эрсдэл. Тодруулбал, уул уурхайн салбарын гарц, үнэ түүнээс шалтгаалсан татварын нөлөөлөл нь эдийн засгийн өсөлт, бууралтыг тодорхойлж байна. Тэгэхээр цар тахалтай хийх тэмцэл сул байгаа үед бидний эдийн засгийн өсөлт нааштай байх боломжийг хязгаарлах нөхцөл болно. Засгийн газрын зүгээс хандаж байгаатай адил цар тахлын буюу онцгой байдлын хэллэгээр “ногоон” нөхцөлтэй байна гэж улсын төсвийн баримтад дурдсан.
Хамгийн сонирхолтой нь Улсын онцгой комиссын зүгээс Засгийн газрын энэ байр суурь, таамаглалыг батлах, няцаах ямар нэгэн үйлдэл хийхгүй байгаа нь их эргэлзээтэй байна. Өнөөдөр бидний хамгийн гол эрсдэл бол УОК-ын ур чадвар, чадамжийн асуудал болчихлоо. Хийж байгаа зүйлс нь оновчгүй, юу хийх нь таамаглашгүй байгаа нь тодорхойгүй нөхцөл байдлыг улам даамжруулж хүлээлтийг эвдэж байна.
2022 оныг миний хувьд нэлээд хүндхэн жил болох магадлалтай гэж харж байна. Учир нь бидний хувьд цар тахлын эрүүл мэндийн сөрөг нөлөөллөөс гаралгүй энэ онтой золгох нь тодорхой бөгөөд цааш хэдэн сар, улирал үргэлжлэх нь тодорхойгүй байна. Нөгөө талаас бид цар тахлын дэгдэлтийг 2022 оны эхний хагаст зогсоож чадсан ч гадаад зах зээлээс шалтгаалсан хэрэглээний болон үйлдвэрлэлийн орцын хомсдол хязгаарлалт богино хугацаанд арилахад хэцүү.
Иймд бид ямартай ч цар тахал, түүний үлдээсэн үр дагаврын нөхцөлд 2022 оныг өнгөрөөх нь тодорхой. Нийт эдийн засгийн хүрээнд тийм ч их өөдрөгөөр харах нь алдаа болж болзошгүй. Бидний гол эерэг нөлөөлөл бий болгох томоохон хүчин зүйл нөгөө л уул уурхай. Тиймээс голлох бүтээгдэхүүний гарцыг төлөвлөсөн хэмжээндээ хүргэх талаар бүх арга хэмжээг авч чадвал өнөөгийн эдийн засгийн өсөлтөд үзүүлэх гол нөлөөг эерэг байлгаж болох юм. Энэ нь эдийн засаг дахь сөрөг нөлөөг саармагжуулах бидний гол боломж.
-Өнөөдөр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүнс, барилгын материал гээд бүхий л хэрэглээний үнэ өсөж байна. Үүнд, цар тахлын нөлөө, шатахууны үнийн өсөлт, Эрээний хил хаасан зэрэг хүчин зүйл нөлөөлж байгаа байх. Юмны үнийн өсөлтөд хамгийн их юу нөлөөлж байна вэ?
-Үнийн өсөлт өнөөгийн эдийн засгийн гол асуудлын нэг болчихлоо. Цаашид үнийн өсөлт эдийн засагт ихээхэн дарамтыг бий болгох хандлагатай байна. Үүнийг олон улсын хүрээнд болон манай зарим байгууллагын хувьд нийлүүлэлтийн шалтгаантай гэж үзэж байгаатай тодорхой хэмжээнд санал нийлж байна. Үүнд, таны дурдсан цар тахал шатахууны нөлөөлөл бий. Дээр нь дэлхий нийтийг хамарсан нийлүүлэлтийн сүлжээний доголдлоос шалтгаалсан бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээ, хугацаа, үнийн нөлөөлөл бас байна. Гэхдээ нэг тал нь 100 хувь гэвэл эргэлзээтэй. Үнийн өсөлтийг зөвхөн нийлүүлэлтийн шалтгаантай, түр зуурын гэсэн байдлаар тайлбарлаад суух нь буруу юм.
Учир нь дээрх нөхцөлүүдээс гадна улс орон бүрийн цар тахалтай тэмцэх бодлогын хүрээнд бий болсон мөнгөний нийлүүлэлтийн өсөлт ч нөлөөлж байгаа. Манай улсын хувьд ч эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, эдийн засгийн чиглэлд ихээхэн мөнгө зарцуулсан, нөгөө талд нь эдийн засгийн идэвхжил суларснаас мөнгө бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд нөлөөлсөн гэж би хувьдаа үзэж байгаа.
Ерөнхийдөө дүгнээд хэлэхэд, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт нь нийлүүлэлтийн шалтгаан давамгайлсан боловч дотоод нөхцөл байдлаас давхар хамаарч байна гэж үзэж байна. Үүнд, дээр дурдсан УОК-ын үйл ажиллагаа, цар тахалтай хийх тэмцэл хамгийн голлох нөлөөтэй юм.
ҮНИЙН ӨСӨЛТ ЭМЗЭГ ДАВХАРГЫН ХЭСЭГТ ИЛҮҮ ХҮЧТЭЙ ЦОХИЛТ БОЛДОГ
-Сүүлийн байдлаар манай улсын инфляц ямар байгаа вэ?
-Монгол Улсын хувьд хэрэглээний үнийн индексээр инфляцыг хэмжиж байна. Энэ үзүүлэлт долоодугаар сард 7.4 хувь, наймдугаар сард 8.9 хувь, есдүгээр сард 9.6, аравдугаар сарын байдлаар 9.7 хувьтай байсан. Үнийн өсөлтийн гол хэсэг тээвэр, хүнсний бүтээгдэхүүний өсөлтөөс шалтгаалсан. Өсөлтийг ийнхүү олон сараар хэлж байгаагийн гол шалтгаан нь хэзээ үнэ дарамт болж эхэлснийг бид харах, цаашид ямар хугацаанд үргэлжлэхийг сайн тооцох шаардлагатай. Миний зүгээс энэхүү өсөлтийг түр зуурын шинжтэй, 2022 оны сүүлийн хагас гэхэд хэвийн түвшинд очно гэсэн байдлаар харж зөнд нь орхих буруу гэж харж байгаа. Хэдийгээр дэлхийн томоохон санхүүгийн байгууллагууд ингэж хэлээд байгаа боловч түр зуурын инфляц гэдгийг би үнэндээ гайхаж байна.
Учир нь энэ инфляц гэдэг зүйл долоодугаар сараас эхлээд Монгол Улсын иргэдийн амьжиргаа, худалдан авах чадварт нөлөөлчихөөд байна. Цаашдаа ч нөлөөлөхөөр байна. Бүр даамжирвал энэ нь эдийн засгийн бус нийгмийн шинжтэй асуудлыг ч дагуулах магадлалтай. Учир нь инфляц өрхийн бүтцийн хувьд бага орлоготой, эмзэг давхаргын хэсэгт хүчтэй цохилт болдог. Өнөөдөр 10 хувь байгаа инфляц бага орлоготой хэсэгт 20-30 хувийн дарамт бий болгож, харин өндөр орлоготой хэсэгт бага нөлөөлнө. Мөн нийгмийн баялгийн хуваарилалтад ч урт хугацаандаа сөрөг нөлөөлдөг хүчин зүйл. Тиймээс инфляцыг хязгаарлахыг хичээх хэрэгтэй. Харамсалтай нь нөгөө л цар тахал, түүний эсрэг хийж буй тэмцэл, шинжлэх ухаанч удирдахуйгаас шалтгаална.
-Үнийн өсөлтийг яаж зохицуулах шаардлагатай вэ. Зохицуулалт сул байвал эдийн засагт хэрхэн нөлөөлөх бол?
-Дээр би инфляцыг хязгаарлахыг хичээх хэрэгтэй гэж хэлсэн. Энэ нь үнийн өсөлтийг зохицуулах хэрэгтэй гэсэн үг огт биш. Бид цар тахлын эсрэг оновчтой тэмцэл, эдийн засаг, гадаад харилцааны зөв бодлогоор үнийн өсөлтийг бууруулах нөхцөлийг бий болгох хэрэгтэй гэсэн санаа. Би хувьдаа үнийг зохицуулах, төрөөс хүчээр тогтоохын эсрэг байдаг. Харин үнэ нь зах зээлийн жамаараа өсөж буурдаг, тэр өсөлт бууралтад дасан зохицох, давах чадвартай ажилтай, орлоготой иргэн болон өрхүүдийг бий болгох хэрэгтэй. Төр энэ бодлогын түвшний ажлаа муу хийсэн учраас, тодруулбал сүүлийн 25 жил эдийн засгаа зөв хөгжүүлж чадаагүй учраас өнөөдөр бид үнийн өсөлт бол аймшиг, энэ нь хувийн хэвшлийн хэдэн эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа байгууллагуудаас хамааралтай мэт буруу ойлголттой явж ирсэн. Үнэндээ юмны үнийн өсөлт бага байх, түүнийг дааж чадах өрх, иргэдтэй байх нь төрийн бодлогын үндсэн зорилго, үр дүн юм шүү дээ.
Харин үнийн өсөлтийн хувьд төрийн зөв оролцоо байх боломжтой. Харамсалтай нь манай төр засгийн зүгээс олон жилийн турш төрийн оролцоотой эдийн засаг гэдгийг шууд оролцоо мэтээр ойлгож ирсэн тул оролцоо гэдэг үгийг ч хэлэхдээ айдаг болоод байна шүү дээ. Угтаа бол зөв хууль эрх зүй, бодлого дээр нь төр зохицуулалт хийвэл зохих эдийн засгийн суурь дэд бүтцийг бэлдэж өгөөд, бусдыг нь хувийн хэвшилдээ орхих нь зүйтэй юм. Ухаалаг, шинжлэх ухаанч төрийн бодлогыг хэрэгжүүлж аж ахуйн нэгж, өрхийн бизнес, аж амьдралд хамгийн бага оролцсон улс орнууд хөгжөөд байна гэж би хувьдаа ойлгодог. Ингэсэн цагт бидний хувьд үнийн өсөлт айдас байхаа болино. Өнөөдөр үүнийг л дунд болон урт хугацаандаа хийхийг зорих нь чухал. Гэтэл манайд бүхнийг нэг дор, нэгэн зэрэг хийх гээд баллаад байх нь элбэг юм даа.
МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН 30-ААС ДЭЭШ ХУВЬ ЯДУУ БАЙНА
-Өрхийн амьжиргааны түвшин ямар байгаа бол?
-2019 оны ядуурлын судалгаагаар 2018 оны Монгол Улсын хүн амын 28.3 хувь нь ядуу гэсэн харамсалтай үр дүн гарч байсан. Энэ тоо буурах нөхцөл сүүлийн хоёр жил гарсангүй. Олон үзүүлэлт энэхүү үзүүлэлт өссөн байх магадлалыг нэмэгдүүлж байна. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотой өрхийн бодит орлого буурсан, өрхийн орлогын бүтэц алдагдаж халамжийн орлогын эзлэх хувийн жин нэмэгдсэн. Үүн дээр өрхийн хэрэглээ сүүлийн хоёр жил буурсан үзүүлэлттэй гарлаа. Мөн хөдөлмөрийн зах зээлийн ажилгүйдэл, ажиллах хүчний оролцоо, хөдөлмөр эрхлэлтийн түвшний үзүүлэлтүүд сөрөг чиглэлд хүчтэй өөрчлөгдсөн байна.
Эдгээрээс дүгнэхэд өнөөдөр Монгол Улсын хүн амын 30-аас дээш хувь ядуу байгаа гэж болохоор байна. Учир нь өмнөх тооцооллын хүрээнд ядуурлын эмзэг байдал, гүнзгийрэл зэрэг үзүүлэлт өндөр байсан. Энэ нь тодорхой сөрөг шалтгаанаар ядууралд нэрвэгдэх магадлалтай өрхүүд өндөр гэсэн үг юм. Одоогоор нийгмийн халамжийн бодлогоор ядуурлыг барьж байна. Үүнийг хөдөлмөр эрхлэлтэд шилжүүлэх, цар тахлын дараах бодлого бидний хувьд томоохон сорилт байх болно.
-Манай улсын уул уурхайн экспортын гол түүхий эдүүдийн үнийн өнөөгийн байдал болон цаашдын төлвийг та хэрхэн төсөөлж, дүгнэж байгаа вэ. Нүүрс, зэс, төмрийн хүдэр, газрын тос, цайр, жоншны борлуулалт, үнийн өсөлтийн тухайд тодруулбал?
-Цар тахлын шалтгаантай энэхүү хямралын үед ажиглагдаж буй нэг онцлог нь санхүү хөрөнгийн зах зээлийн хувьд эерэг нөлөөтэй, эрдсийн бүтээгдэхүүний үнийн хувьд сөрөг нөлөөлөл багатай байна. Энэ нь эдийн засагт нийлүүлсэн мөнгөний нийлүүлэлт, сэргэх хүлээлтээс шалтгаалж байгаа бололтой. 2022 оны хувьд цар тахал, вирусний мутацилагдсан шинэ хувилбар нь эрсдэл хэвээр байх болно. Гэвч миний дүгнэлтээр 2022 оны хувьд цар тахлын эрүүл мэндийн шалтгаантай дарамтыг бүрэн арилгаж чадахгүй ч хүн төрөлхтөн тэдгээр дарамтыг бууруулах, дасан зохицож нийгмийн амьдралаа үргэлжлүүлэх нөхцөл байдал энэ жилээс дээрдэх нь тодорхой юм. Энэ нь эдийн засгийн хувьд эерэг нөлөөллийг бий болгох тул эрдсийн бүтээгдэхүүний үнэд томоохон эрсдэл ирэх нь бага гэж үзэж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )