Ардын намынхан Л.Оюун-Эрдэнийг ажин түжин жинхлэх нь

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 01

МАН-ынхан XXX Их хурлаа ирэх сарын 6-нд хийхээр товлоод байгаа.

Энэ жил хэдэнтээ товлогдож, тухай бүрдээ хойшилсон уг Их хурлаар намын даргыг сонгох, хяналтын ерөнхий хороог байгуулах, хүний эрхийн асуудлыг голлон анхаарч хэлэлцэнэ гэсэн товч танилцуулгатай явж байна. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогыг Их хурлын төлөөлөгчид, олон нийтэд танилцуулах аж.

Нам дотроо хороо байгуулах, эрх баригч намаас томилогдсон Ерөнхий сайд цаг үеийн илтгэл тавих зэрэг бол аль ч хурал дээр болж л байдаг зүйл. Хамгийн гол нь энэ хурлаар МАН-ын даргыг тодруулах учиртай. УИХ, орон нутагт үнэмлэхүй ялалт байгуулчихсан намын дарга гэдэг бол хүчтэй, амбицтай лидер бүрийн харааг булаасан албан тушаал.Улмаар Ерөнхий сайдын албан тушаалд ч хүрэх боломжтой. Гэтэл ийм асуудлыг шийдэх хурал долоо хоногийн дараа болох гэж байхад ганц ч горилогч ил гарсангүй.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жинхлэнэ гэдэг таамаг хэвлэлээр хөвөрч байна. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийх үеэрээ бусад асуудлыг ёс төдий дурдаад хүний эрхийг хамгаалах, авлигатай тэмцэхтэй холбоотой асуудлыг нэлээд гүнзгийрүүлж ярьсан. Улс төрийн хүрээнд тийм өндөрт зогсож байгаа хүн намын дарга хэн байх вэ гэдгийг онцлохгүй байна гэдэг өөрөө хариулт юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тухайд У.Хүрэлсүхээс өнгөрсөн нэгдүгээр сард Ерөнхий сайдын албан тушаалыг өвлөж авсан. Улмаар Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа намын даргын түр орлон гүйцэтгэгчийн ажлыг авч байлаа. Энэ өнцгөөсөө “Утсан хүүхэлдэй”, “Удахгүй унана” гэх мэт явган ярианд өртөмтгий байв. Дээр нь цар тахлын хамгийн идэвх өндөртэй үед ажилласан болохоор иргэд, сөрөг хүчин, бүр өөрийнхөө намын улстөрчдийн зүгээс элдэв шүүмжлэлд өртсөн.

Ямар сайндаа л өнгөрсөн наймдугаар сард Засгийн газрынхаа 200 хоногийг тохиолдуулан мэдээллээ хийж байх үедээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар тогтвортой ажиллах ёстой” гэж гурван ч удаа яриан дундаа хэлж байх вэ дээ. Тэр үеэ бодоход одоо хүч орсон, өөртөө илтгэлтэй байгаа нь илэрхий байна. УИХ-ын гишүүдийн хувьд ч Засгийн газартай хариуцлага тооцно гэхээсээ илүүтэй ганц нэг сайдыг нэр цохож шүүмжлэх янзтай болоод ирлээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Манай бүлэг Засгийн газрыг тогтвортой ажиллуулах ёстой гэдэг дээр 100 хувь санал нэг байгаа. Гэхдээ мэдээж болохгүй, хурдгүй, цаг үеэ мэдэрч ажиллаж чадахгүй байгаа зарим хүнд хариуцлага ярихаас өөр аргагүй болох байх гэж бодож байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ Засгийн газарт чиглэл өгдөг, сайд нарыг нь ганц нэгээр огцруулдаг юм байхгүй болсон. Шууд Ерөнхий сайд өөрөө хариуцлага тооцоод явна. УИХ санал хэлэх л эрхтэй” гэж байв. УИХ дахь МАН-ын гишүүд ч иймэрхүү утгатай ярилцлага өгөөд эхэллээ. Бас АН-ынхан Засгийн газартай хариуцлага тооцно гэж гарын үсэг цуглуулж явснаа ор тас орхисон мэт нам жим болжээ.

МАН-ын Их хурал өнгөрсний дараа Засгийн газар дотор ч тодорхой өөрчлөлт орно гэдэг мэдээлэл цацагдаж эхэлсэн. Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам шинээр байгуулагдахаар ирэх оны төсөвт суусан. Дээр нь таван сайдыг огцруулна гэдэг барин тавим зүйл яригдаж эхэллээ. Нийтдээ таван сайд хөнгөлж, эргүүлээд долоон сайд томилох бол тэр дунд нэлээд юм болно доо. Энд л нөгөө М.Энхболдын, Сү.Батболдын, Н.Энхбаярын гэгдэх фракцуудын эрх ашиг шингэх болов уу. Улс төр бол тохиролцооны урлаг гэдэг талаасаа ч шүү дээ.

Дээр нь ирэх оны төсвийг батлахдаа УИХ-ын гишүүдэд тойрог руугаа хөрөнгө оруулалт татах дөрөв, дөрвөн тэрбум төгрөгийн эрх нээж өгсөн нь ч Их хурлын бэлтгэл байсан юм бил үү хэн мэдлээ. Хэдийгээр Ерөнхийлөгчөөр сонгогдож намаасаа татгалзсан боловч У.Хүрэлсүхийн МАН-ын Бага хуралд байдаг хүч одоо Л.Оюун-Эрдэнийн талд байгаа байх.

Ганц тохиролцоогоор болчих юм биш л дээ. Хийж байгаа ажлууд дунд нь түүнийг жинхлэх тодорхой үндэслэлүүд байна. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал ч манай улсад харьцангуй зөөлөрлөө. Оюутолгойн асуудлаар нааштай мэдээлэл дуулдаж эхэлсэн, авлигатай тэмцэх ажил өрнүүлсэн гээд яриад байвал юм юм л бий. Тухайлбал, Өмнөд Африкт анх бүртгэгдсэн “Омикрон” гэх ковидын шинэ хувилбар дэлхийн улс орнуудыг айдаст автуулж, дахиад л эм, вакцины аянд гаргаж байна.

Харин манай орон иргэдээ гуравдугаар тунд хамруулахаар сурталчилж, гуйж гувшиж байгаа. Тухайлбал, УОК-ийн дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга О.Батбаяр “Синофармын 600 мянган тун, файзерийн сая гаруй тун бий. Дэлхийн нийтэд III тун хийж эхэлсэнтэй холбоотойгоор вакцины хомсдол дахиад үүссэн. Засгийн газраас вирусний эсрэг эмчилгээг эрт эхэлж, цус шингэлэх, витаминуудыг гэрээр нь тарааж эхэлсэн нь маш зөв алхам болсон. Хүндэрсэн тохиолдолд орыг хангалттай бэлдэж чадсан нь ч томоохон давалгаануудыг хохирол багатай даван туулахад нөлөөлсөн. Манай улс нийт 23 мянган ор бэлдэж, хэвтүүлэн эмчилсэн. Гэтэл манайхаас 3-4 дахин их хүн амтай улсууд оргил үедээ 2-3 мянган ор л бэлдсэн байсан. Гуравдугаарт, манай улс вакцинжуулалтаа эрчимжүүлж, дельта вируснээс урьтаж хийсэн. БНХАУ гэхэд бараг манай улсаас суралцаж байх шиг байна. Одоо Хятад улс III тунгаа эрчимжүүлж, синофармын хоёр тунгийнхаа араас синофармд үйлдвэрлэсэн уураг дээр суурилсан арай өөр вакцин хийх гэж байна” гэж ярьсан байна лээ.

Ер нь тэгээд яг өнөөдөр намын даргад өрсөлдчих албан тушаалын эрэмбэтэй хэн байна вэ гээд төсөөлөөд үзвэл МАН-ын генсек Д.Амарбаясгалан, нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар, УИХ-ын дарга Г.Занданшатар нар л байгаа. Д.Амарбаясгалангийн хувьд өмнө нь сайд, даргын албан тушаалд очих боломж өчнөөн гарсан ч хөдлөөгүй. Намын “гал тогоо”-г барих чиглэлд л анхаарлаа хандуулж, улс төрийн намын төлөвшлөөр дамжих хөгжлийн талаар саналаа дэвшүүлж ирсэн байдаг.

Ер нь тэгээд эрх баригч намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг өөр тийш шунаад байх ч албан тушаал биш л дээ. Өнөөдөр улс төрийн ямар ч албан тушаалд томилогдох нэр дэвшигч эрх баригч намын Удирдах зөвлөлөөр дамжиж байж очиж байгаа. Түүний тэргүүн нь Д.Амарбаясгалан. Сүүлийн үед эрх баригчид хүний эрхийн мэдрэмжгүй болж байна гэсэн шүүмжлэл нэлээд өрнөсөн.

Тэгвэл Д.Амарбаясгалан “Хүний эрхийг хамгаалж дээдэлдэг, хуулийн дор эрх тэгш амьдардаг нийгмийн төлөө эрх баригч намын хувьд илүү санаачилгатай ажиллана. Ижил тэнцүү гараанаас гарсан бусад улсуудтай харьцуулахад бид харьцангүй илүү амжилттай яваа мэт боловч яг хүний эрхийг дээдэлсэн, хамгаалсан хөгжсөн нийгэм болсон уу гэвэл бас хангалтгүй байна. Ялангуяа хууль эрх зүйн орчинд хүний эрхийг хамгаалах чиглэлээр тусгагдаагүй зүйлс олон байна”, “МАН хүний эрхийн төлөв байдалд иж бүрэн дүн шинжилгээ хийх ажлыг эхлүүлсэн.

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй 800 орчим хууль бий. Үүнээс тухайлан зохицуулдаг, өргөн хэрэглэдэг 318 хууль үйлчилж байна. Эдгээр хуулийн нийт 11900 орчим заалт нэг бүрт дүгнэлт хийж,  хүний эрхэд нийцэж байгаа эсэхийг судалж, дүгнэлт хийх ажлуудыг Монголын хүний эрхийн шилдэг хуульчид, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийлээ. Хүний эрхийг зөрчсөн хуулийн 800 заалт бүрийг бид өөрчилнө.

Эрх баригч нам хүний эрхийн зөрчлөөс тойрч гардаг байсныг МАН болиулна” гэдэг зүйлийг ярьж эхлэв. Намын Их хурал дээрээ ч энэ асуудлаа лавшруулж танилцуулах бололтой. Харин хотын дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулна, үүний тулд жил бүр 420 тэрбум төгрөг ингэж зарцуулна, дээр нь гадны зээл тусламжаар ийм юм хийнэ л гэж яриад байгаа. Хотын түгжрэл гэдэг өөрөө маш том хүлээлттэй ажил. Энэ утгаараа нэг л зууралдсан бол амжилт олоод салахгүй бол улс төрөөс арчигдаж ч мэднэ.

УИХ-ын дарга Г.Занданшатарын тухайд ч Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж гарах хуулиудыг нэг мөр гүйцээх хүсэлтэй байгаа нь анзаарагддаг. Тэгэхээр МАН дотор байгаа дөрвөн өндөр албан тушаалтан өөр өөр чиглэлд л анхаарал хандуулаад байна гэсэн үг. Бас эдгээр хүмүүс нэг талдаа байгааг ч бодолцох хэрэгтэй. Тиймээс л Ардын намынхан Л.Оюун-Эрдэнийг ажин түжин жинхлэх нь дээ гээд байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 
 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.16.105) 2021 оны 12 сарын 03

Оюун-Эрдэнэ бол енеедертее найраа, тохироо хийж амиа аргацааж байгаа л хун, лидер болж МАН-ыг ч, улс орныг ч авч явах чадвар, зангарага аль аль нь байхгуй, тиймээс унах нь цаг хугацааны л асуудал, удаан тэсэхгуй

0  |  0
(64.119.17.198) 2021 оны 12 сарын 01

За ингээд энэ нам, улс сүйрлийнхээ зам руу шуударлаа гэж харж байна. Ядаж байхад аймаар худалч, дээр нь нэмээд ард түмнийг тэнэг, хөлдүү гэж бодож, дэндүү басамжилсан өнгө аясаар, уянгын халилтай худлаа попрохыг яана!?!?

0  |  0
зочин(202.179.26.137) 2021 оны 12 сарын 01

байгаль орчныг цэвэрлээсэй салбараар тоглож дууслаа

0  |  0
65(64.119.24.239) 2021 оны 12 сарын 01

2024 онд тэнэг Данхтай СОНГУУЛЬД орж навс нүдүүлэх нь ээ.Ядахдаа энэ тэнэг нь байнга худлаа ярихын.

0  |  0
ЗӨВ ЗӨВ(103.212.116.14) 2021 оны 12 сарын 01

Зөв шүү Энэ хэцүү цаг үед. Намын даргаа солих нөхцөл байхгүй

1  |  0
Top