Хятадын эрчим хүчний нүүрсний фьючерс үнэ 5.6 хувиар буурчээ.
Өнгөрсөн аравдугаар сарын дундуур тонн нь 1982 юань болж дээд цэгт хүрч байсан нүүрсний үнэ 142 гаруй хувиар буураад байгаа юм. БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо улсынхаа томоохон нүүрс олборлогчидтой өчигдөр уулзсан бөгөөд энэ үеэрээ "Сүүлийн үед нүүрсний үнэ огцом өссөн учир уг түүхий эдийн ханшийн механизмыг боловсронгуй болгох цаг нь болсон" гэж мэдэгдсэн байна.
Тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээс эхлэн нүүрс олборлогчид, борлуулагчид, эрчим хүчний компаниуд, хуулийн мэргэжилтнүүдтэй хэд хэдэн удаа уулзаж, нүүрсний үнийг зорилтот түвшинд хэрхэн барих талаар хэлэлцсэн. Шаньси, Өвөрмонгол, Шэньси зэрэг нүүрс олборлогч томоохон уурхайнуудтай бүс нутгийн нүүрс олборлогчид зохицуулагчдын шахалтаар нүүрснийхээ үнийг тонн тутамд нь 900 юань болгож бууруулсан. Үүний зэрэгцээ, Хятадын хойд хэсэгт өвлийн халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан үйлдвэрлэлийн болон цахилгаан станцуудын нөөцийг нэмэгдүүлэхийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна.
Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын нүүрсний нөөц 147 сая тоннд хүрч, арваннэгдүгээр сарын эцэс гэхэд түүхэн дээд хэмжээндээ хүрч магадгүй болоод байгаа юм. БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл буурах төлөвтэй байгаатай холбоотойгоор ирэх жил нүүрсний үнэ буурах хандлагатай байгааг судлаачид онцолсон билээ. Өнгөрсөн наймдугаар сараас эхэлсэн Хятад дахь эрчим хүчний тасалдал нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг бууруулахад хүргэсэн бол ирэх онд нүүрсний зах зээл харьцангуй тэнцвэртэй байхаар байгаа ажээ.
Нөгөө талаас дэлхий нийтээрээ хүлэмжийн хийн эсрэг анхаарал хандуулснаар нүүрсний хэрэглээг үнэмлэхүй хэмжээгээр багасгах шийдэлд хүрээд байгаа билээ. Учир нь дэлхийн дулаарлыг үүсгэж байгаа гол хүчин зүйл болох хүлэмжийн хийн ялгаралтын хамгийн том бүрэлдэхүүн хэсэг нь нүүрс хүчлийн хий юм.
Мөн 2050 он гэхэд БНХАУ нүүрсний станцаас ангид улс болохоор зорьж байгаа. Магадгүй энэ хугацаа бүр наашилж ч мэдэх гэнэ. Судлаачдын үзэж байгаагаар тус улсын эрчим хүчний хэрэглээ 2035 онд оргилдоо хүрэх төлөвтэй байгаа ч харин хүлэмжийн хийн ялгаруулалтын хэмжээ нь 2035 онд есөн тэрбум тоннд хүрч буурах тооцоолол байна. Энэ нь сэргээгдэх эрчим хүч болон атомын цахилгаан станцыг барьж байгуулахтай холбоотойгоор хэрэгжих шийдэл бололтой.
Хятадууд атомын цахилгаан станцад ихээхэн ач холбогдол өгч буй. Тус улс цөмийн эрчим хүчний салбартаа 440 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа аж. Ирэх 15 жилийн хугацаанд нийт 147 ГВт хүчин чадалтай 150 атомын цахилгаан станц шинээр барихаар төлөвлөж байгаа юм байна. Энэхүү бүтээн байгуулалт нь сүүлийн 35 жилд дэлхий даяар баригдсан нийт атомын цахилгаан станцын тоотой тэнцэх юм. Уг ажилд 370-440 тэрбум ам.доллар зарцуулах гэнэ. Төсөл хэрэгжсэнээр хүлэмжийн хийн ялгаруулалт жилийн 1.5 тэрбум тонноор буурна гэжээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )