"Омикрон" хувилбар аюултай биш байх магадлалтай

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 02

КОВИД-19-ийн шинэ хувилбар болох Омикроныг анх олж тогтоосон Өмнөд Африкийн эмч Анжелике Коетзи уг хувилбараар халдварласан тохиолдолд ямар шинж тэмдэг илэрч буй талаар “BBC News"-т ярьжээ.

Тэрбээр сульдах, хоолой маажиж байгаа юм шиг загатнах, ханиалгах, амт, үнэр мэдрэхгүй байх шинж тэмдэг хамгийн түгээмэл илэрч байна гэжээ.

Түүнчлэн Омикрон штаммаар  халдварласан хүмүүсийн цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ буураагүй, тэднийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх шаардлага гараагүй гэнэ.

Оросын эрдэмтдийн өгүүлснээр энэ штамм нь S-уургийн гендээ ихээхэн мутацтай гэдгээрээ бусдаасаа ялгарч байгаа гэнэ. Ингэснээр энэ штамм илүү халдвартай, хүний биед үүссэн коронавирусийг эсэргүүцэх дархлааг даван туулах чадвартай байж болзошгүй аж.

 Гэхдээ Москвагийн их сургуулийн вирус судлалын профессор Алексей Аграновский “Дэлхий нийт шинэ өвчнөөс болгоомжлох хэрэгтэй ч тийм ч аюултай биш байх магадлалтай” хэмээжээ.

Түүний хэлснээр, Омикрон  бусад шинэ омгоос  илүү олон мутацтай ч  Дельтагаас хор хөнөөл багатай байж магадгүй гэнэ.

Дельта 2020 оны арванхоёрдугаар сард Энэтхэгт бүртгэгдсэн. ДЭМБ-ын мэдээлснээр Дельта хувилбар нь  КОВИД-19-ийн зонхилох омог болж, дэлхий даяар бүртгэгдсэн нийт  тохиолдлын 99 хувийг  эзэлж байгаа аж. Харин Оросын тэргүүлэх эрдэмтдийн нэг Аграновский “Бид Омикроны талаар сайн судлах шаардлагатай хэвээр байна.

Залуу, хөгшин хүмүүсийн хэн нь уг хувилбараар хамгийн их халдварлаж байна, өмнө нь өөр хувилбараар халдварласан  эсвэл вакцин хийлгэсэн хүмүүст уг хувилбар хэрхэн нөлөөлөхийг харах л үлдлээ” гэжээ. Шинэ штамм ӨАБНУ-д хурдацтай тархаж байгаа бол энэ улсын төв мужид Омикрон штамм Дельта хувилбарыг шахаж, илүү өргөн хүрээнд дэгдээд буй.

Омикрон КОВИД-19 -ийн хамгийн их мутацлагдсан хувилбар болох нь тогтоогдов

Италийн судлаачид КОВИД-19 Омикрон  коронавирусний анхны хувилбарын хамгийн их мутацлагдсан төрөл  гэдэг нь Италийн   Ром дахь Бамбино Гесу эмнэлэгт явуулсан судалгаагаар батлагджээ. Судалгааг профессор Карло Федерико Перно болон  Миланы их сургуулийн профессор Клаудиа Алтер нар  удирдан явуулсан байна.  Өнгөрсөн баасан гарагт Өмнөд Африкт бүртгэгдсэн шинэ хувилбарыг  Дэлхийн эрүүл  мэндийн байгууллага “санаа зовоосон” гэх ангилалд оруулсан бөгөөд дэлхийн улс орнуудын эрдэмтэд шинэ вариантын талаар эрчимтэй судалж байгаа юм.

Одоогоор Боствана, Израиль, Хонконг, Бельги, ХБНГУ, Итали, Их Британи зэрэг улсад Омикрон бүртгэгдээд байгаа юм. Италийн судлаачдын хийсэн судалгаагаар шинэ хувилбарт 43 уургийн мутац бүртгэгдсэн бол Дельтад 18 байгаа ажээ. Судалгаанаас харахад эдгээр мутац нь хүний эстэй харьцдаг хэсэгт төвлөрдөг. Судалгааг явуулсан эрдэмтэд үргэлжлүүлэн шинэ хувилбарын дасан зохицох чадвар,  халдварлах хурд зэргийг судалж байгаа аж.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.77.223) 2021 оны 12 сарын 02

Зул бөхөхийн өмнө бадамладаг лугаа адил корона эцсийн цэгтээ тулж иржээ.

1  |  0
Top