COVID-19: Өвөр Монголд нэмж 91 тохиолдол бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 01

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 30-ны мягмар гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 91 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Бүх тохиолдол Өвөр Монголд илэрчээ. 

Мөн өдөр гадаадаас ирсэн 22 иргэний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Нас баралт бүртгэгдээгүй.

Хятадын хойд хэсгийн Өвөр Монголын Манжуур, Хэйлунцзян мужийн Суйфэньхэ хилийн боомтуудад коронавирусний халдварын тоо нэмэгдэж байгаа тул Хятад улс арваннэгдүгээр сарын 30, арванхоёрдугаар сарын 1-нд ОХУ-тай хилийн Гродеково -Суйфэньхэ, Забайкальск - Манжуур боомтуудад контейнероос бусад ачаа барааг хүлээн авахаа зогсоогоод байна. 

ОХУ-ын РЖД-гийн албан мэдээнд энэ талаар дурдсан ч ачаа хүлээн авч эхлэх цагийг мэдээлээгүй байна.

Мөн Замын Үүд, Эрээний чиглэлд ижил арга хэмжээг өнөөдрөөс эхлэн авч хэрэгжүүлж эхэллээ. 

Эрүүлийг хамгаалах улсын хорооны хэвлэлийн төлөөлөгч Ми Фэн “Өнгөрсөн 11 дүгээр сард Хятадад гарсан дотоодын халдварын ихэнх тохиолдол хилийн боомтуудад гарлаа. Бид гадаадаас орж ирж байгаа халдварыг таслан зогсоохын тулд бүх арга хэмжээг авна. Ахмад хүмүүс, 3-17 насны хүүхдүүдийг вакцинд эрчимтэй хамруулна” гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top