-Нүүрсний экспорт ойрын хагас жилдээ сэргэх магадлал харагдахгүй байна-
Ойрын хагас жилд уул уурхайн түүхий эд, түүн дотроо нүүрсний экспорт сэргэхгүй гэдгийг Монгол, Хятадын албаны эх сурвалжууд баталж эхлэв. Хамгийн сүүлд Өвөрмонголд олон тооны халдвар илэрсэнтэй холбогдуулан Хятад улс хойд хилээ хааснаар Монгол Улсын экспорт цаашид ч томоохон сорилттой нүүр тулсан хэвээр байх нь ойлгомжтой болсон.
Сангийн сайд Б.Жавхлан өчигдөр энэ талаар "Урд хөршид үүссэн шинэ нөхцөл байдлаас улбаалж түр арга хэмжээ авахаас өөр аргагүй гэж мэдэгдсэн. Түр арга хэмжээ нь түр байгаасай гэж хүсэж байна. Төмөр замаа хаахгүй гэж байсан ч төмөр замаа түр хугацаанд хаах шаардлагатай гэдгээ мэдэгдсэн.Сүүлийн арваад хоногийн хугацаанд Өвөрмонголын нутгаар халдвар их гарсан юм билээ. Манайхаас шалтгаалахгүй их зүйл байна. Бидний зүгээс урд хөршөөс тавьсан бүх шаардлагыг биелүүлж байна. Харин Гашуунсухайт дээр тээвэр бүр зогсчихоогүй байгаа. Өнгөрсөн долоо хоногийн даваа гарагт 700 машин нүүрс урагшаа гаргахаар тохиролцсон байсан. Гэтэл шинэ нөхцөл байдал үүсээд энэ тоог 350 болгосон бол маргааш (өнөөдөр) 200 болгоё гэж байна. Богино хугацаанд түр авч байгаа арга хэмжээ гэдгийг урдаас мэдэгдсэн. Нүүрс тээврийн 200 машин нь дан чингэлэг тээвэр байх юм. Ерөнхийдөө нүүрс тээврийн гуравны нэг нь чингэлэг тээврээр, үлдсэн нь задгай тээврээр явагддаг. Урдаас тавьж байгаа шаардлага нь чингэлэг тээвэрт шилжих юм. Бид зохицуулалт хийж, төлөвлөх шаардлагатай болж байна" гэж мэдэгдлээ.
Энэ бол цар тахлын нөлөөнд өртөн эдийн засгийн хүндрэлд ороод буй Монгол Улсын хувьд маш муу мэдээ. Одоогоос хэдэн сарын өмнө урд хөрш ирэх оны хоёрдугаар сард болох өвлийн олимп, тус улсын эрх баригч намын зүгээс томоохон тэмдэглэлт ойг угтан цар тахлын тархалтыг хатуу барих бодлого хэрэгжүүлж буйг олон улсын шинжээчид онцолж эхэлсэн юм.
Ерөнхийдөө Хятадын эрх баригчдын зүгээс цар тахлын эсрэг авч буй хатуу арга хэмжээ, хорио цээрийн дэглэм хамгийн наад зах нь ирэх оны I улирлыг дуустал үргэлжлэх магадлалтай байгааг шинжээчид онцлох болсон. Дээр нь коронавирусний шинэ мутацид орсон хувилбарууд дэлхийн улс орнуудын бодлогыг таамаглахад бүр бэрх болгож буй. Тиймээс дэлхийг хамарсан хил гаалийн гацаа, худалдааны хүндрэл магадгүй 2022, 2023 онуудыг дамнан үргэлжлэхийг ч үгүйсгэхгүй гэнэ.
Монгол Улсын эдийн засаг III улиралд уул уурхайн салбарын хүчээр 3.6 хувиар өссөн. Хэдийгээр Сангийн яамны санасан хэмжээнд хүрээгүй ч өнөөгийн хүнд нөхцөлд бол боломжийн өсөлт гэж эдийн засгийн салбарынхан дүгнэж байгаа. Гэхдээ цар тахал эхэлсэн цагаас хойш Монгол Улсын эдийн засаг олон тулгуурт болох бус харин ч уул уурхай гэдэг ганцхан салбараас улам бүр өндөр хамааралтай болж ирсэн.
Одоогоор Монгол Улсын ДНБ-ий 22, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 71, экспортын 94 хувийг уул уурхайн салбар бүрдүүлж байгаа.
Тэгвэл Хятад улс хойд хилийн боомтууддаа хэрэгжүүлж буй хязгаарлалтын бодлогоо цаашид удаан хугацаанд үргэлжлүүлбэл уул уурхайн салбараас хэд өндөр хамааралтай Монголын эдийн засагт сэргэлт ойрын хугацаанд ирнэ гэж найдалтгүй болох нь. Сангийн яам энэ оны төгсгөлд эдийн засгийн өсөлт 4.1 хувьтай гарна гэж тооцож байгаа. Цаашлаад ирэх оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг таван хувь гэж зарласан.
Харамсалтай нь, хамгийн сүүлд Өмнөд Африкт бүртгэгдсэн коронавирусний Омикрон хувилбар гэхэд л энэ бүх зорилтот цэг тавьж магадгүй байна. Хэрэв Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын анхааруулж буй шиг Омикрон хувилбарын тархалт Дельта хувилбараасаа илүү их хор хохирол учруулбал, манай эрх баригчдын өөдрөг төсөөлөл бүхэлдээ орвонгоороо эргэнэ гэсэн үг. Энэ бол Сангийн сайдын хувьд маш муу мэдээ.
Сангийн яам хэдхэн хоногийн өмнө УИХ-аар ирэх оны төсвийг батлуулахдаа, өвчний тархалтыг дархлаажуулалтын тусламжтайгаар бүрэн намжаана гэж тооцсон. Улмаар дэлхийн зах зээл дээрх уул уурхайн түүхий эдийн ханш ирэх онд ч өндөр хадгалагдана гэж төсөөлсөн юм.
Жишээ нь, Монгол Улс энэ онд 42 сая тонн нүүрс экпортлох зорилт тавьсан. Гэтэл цар тахлын нөлөөллөөс үүдэн өнөөдрийн байдлаар ердөө 15 сая тонныг гадагшаа худалдаж чадсан. Үүний адил ирэх 2022 онд уур уурхайн салбарын орлогыг мөн л өөдрөгөөр харж байгаа. Ирэх оны төсвийн тухай хуульд 36.7 сая тн нүүрс, 1.2 сая тн зэсийн баяжмал, 20 тн алт, 9.5 сая тн төмрийн хүдэр, баяжмал экспортолж, 6.3 сая баррель газрын тос олборлож, уул уурхай, олборлох салбарын орлого 4.2 их наяд төгрөг байхаар тусгаад байгаа.
Өөрөөр хэлбэл, Монгол Улс ирэх онд уул уурхай салбараас түүхэндээ байгаагүй өндөр орлого олохоор тооцсон гэсэн үг. Уг нь Сангийн сайд Б.Жавхланг ирэх оны төсөөллөө гаргаж, төсвөө батлуулж байх үед ч КОВИД-19 цар тахал хэзээ дуусгавар болж, эдийн засаг энгийн горимоороо ажиллаж эхлэх нь тодорхойгүй байсан шүү дээ.
Үүнээс гадна цар тахлын нөхцөл байдал улам бүр ээдрээтэй болж ирснээр алтнаас бусад түүхий эд ханшийн уналт үзүүлж эхэлсэн. Ханшийн уналт цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан ирэх оныг дуустал үргэлжлэх магадлалтай талаар олон банк санхүүгийн байгууллагууд онцолж эхлээд байна.
Тухайлбал, нүүрсний ханш ганцхан сарын дотор 142 гаруй хувиар буурсан талаар Mining.com мэдээлэв. Энэ долоо хоногийн эхэнд Хятадын эрчим хүчний нүүрсний фьючерс үнэ 5.6 хувиар унасан бөгөөд өнгөрсөн аравдугаар сарын дундуур тонн нь 1982 юань болж дээд цэгт хүрч байсан нүүрсний үнэ 142 гаруй хувиар буурсан байна. БНХАУ-ын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо улсынхаа томоохон нүүрс олборлогчидтой уулзахдаа "Сүүлийн үед нүүрсний үнэ огцом өссөн учир ханшийн механизмыг боловсронгуй болгох цаг нь болсон" гэж мэдэгдсэн байна.
Тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос өнгөрсөн аравдугаар сарын сүүлчээс эхлэн нүүрс олборлогчид, борлуулагчид, эрчим хүчний компаниуд, хуулийн мэргэжилтнүүдтэй хэд хэдэн удаа уулзаж, нүүрсний үнийг зорилтот түвшинд хэрхэн барих талаар хэлэлцсэн. Ингэхдээ Шаньси, Өвөрмонгол, Шэньси зэрэг нүүрс олборлогч томоохон уурхайнуудтай бүс нутгийн нүүрс олборлогчид зохицуулагчдын шахалтаар нүүрснийхээ үнийг тонн тутамд нь 900 юань болгож бууруулсан.
Үүний зэрэгцээ Хятадын хойд хэсэгт өвлийн халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан үйлдвэрлэлийн болон цахилгаан станцуудын нөөцийг нэмэгдүүлэхийг Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын нүүрсний нөөц 147 сая тоннд хүрч, арваннэгдүгээр сарын эцэс гэхэд түүхэн дээд хэмжээндээ хүрч магадгүй болоод байгаа юм.
Монголын нүүрсний хамгийн том худалдан авагч БНХАУ-ын гангийн үйлдвэрлэл буурах төлөвтэй байгаатай холбоотойгоор ирэх жил нүүрсний үнэ буурах хандлагатай байгааг судлаачид онцолж байгаа билээ.
Тус улсын гангийн үйлдвэрлэл дэлхийн нүүрсний эрэлтийг голлон тодорхойлдог. Монголын нүүрсний экспортын ханш ч үүнээс шууд хамаардаг гэж болно. Тэгвэл Монгол Улсын Сангийн яамнаас ирэх онд нүүрсний ханшийг тонн тутамдаа 132.1 ам.доллар байна гэж тооцсон. Хэрэв ирэх онд нүүрсний ханш үүнээс бага тогтож, худалдааны хүндрэлээс шалтгаалан экспортын хэмжээ буурвал, төсвийн орлого төдий чинээгээр дутах муу үр дагавартай. Төсвийн орлого талаасаа уур уурхайн экспорт тасалдсан тохиолдолд Засгийн газар зарлагаа ч танахад хүрнэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
НҮҮРСЭЭ ЗАРАХ ӨӨР УЛС ОРОНГ ХАЙЖ ОЛОХГҮЙ ЮУ...ДЭЛХИЙ ДЭЭР 200 ГАРУЙ УЛС БАЙНА. ХЯТАДЫН ХАРААТААС ГАРАХ ГАРЦЫГ ОЛ......
Төрийн албаа цомотгооч, УИХ-ны гишүүдийн тойргын мөнгийг хас. ХЭМНЭЛТ
76 тойрогт цацсан менгее эргэн дахин багасахгуй бол болохгуй нь дээ
Би 15 сая тонн нүүрс авнаа санаа зоволтгүй
Одоо зардлаа тана, жалгаар нэг тараасан хэрэгтэй хэрэггүй барилгуудаа царцааж, төсөв үүдийг хувьчилж, хувийг бизнес рүү бүү өнгий, орон тоогоо ч цомхтгох, ойрд сонгууль байхгүй, цавчааны юмнуудаа энэ жил л тэвчих, төсөв хүрэхгүйдээ биш хэрэгтэй зүйлдээ зарцуулдаггүйдээ л байдаг юмаа