Зам, тээврийн хөгжлийн яам, Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаа, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ, Монголын төмөр зам ТӨҮГ, Монголын тээвэр зуучийн нэгдсэн холбоо болон холбооны гишүүн тээвэр зуучийн байгууллагуудаас бүрдсэн Үндэсний тээврийн корпорац оролцсон ажлын хэсэг арваннэгдүгээр сарын 27-ноос Замын-Үүд боомтод ажиллаж, чингэлэг шилжүүлэх байдлаар импорт, экспортын ачааны тээвэрлэлтийг зохион байгуулах бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар чингэлэг шилжүүлэн ачих хилийн бүсийн талбай бэлэн болсон ба гэрэлтүүлэг, камержуулах ажлууд хийгдэж байгаа аж. Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан тэргүүтэй албаныхан Замын-Үүд боомтод ажиллаж байгаа юм.
Ажлын хэсгийнхэн өчигдөр (2021.11.30) тээвэр хийх жолооч нарын төлөөлөлтэй уулзсан юм. Уулзалт хэрхэн болж өнгөрсөн талаар түүнтэй холбогдож, тодрууллаа.
-Тээврийн жолооч нартай та бүхэн өчигдөр уулзжээ. Уулзалт хэрхэн болж өнгөрөв. Тэг цэгээс Замын-Үүд хүртэл хэдэн төгрөгөөр тээвэр хийхээр тохирсон бэ?
-Тээврийн зохион байгуулалт тал дээр ойлголцолд хүрсэн. Жолооч нар өндөр үнэ хэлж, шахалт үзүүлээгүй, тун ажил хэрэгч уулзалт болсон. Өмнө нь тээврийн хөлс хэт өсөх үед тээвэр хийх дээд үнийг нэг талдаа 10 сая төгрөгөөр тогтоож байсан бол энэ удаа ачаатай чингэлгийг хилийн “0” цэгээс Улаанбаатар хүргээд, хоосон чингэлгийг Замын-Үүд хүртэл буцаах нийт тээврийн үнийг 8.8 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тохиролцоонд хүрсэн. НӨАТ орсон үнэ гэсэн үг. Чингэлэгийн ачааг хүлээн авах, бүрдүүлэлт хийх, шилжүүлэн ачих ажиллагааг Замын-Үүд дэх гаалийн хяналтын талбайн эрхтэй Э-Транс, Дардан, МЧ-1, Бүс нутгийн логистикийн төвийн терминалд зохион байгуулахаар холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна.
-Тэг цэгээс ачсан тээврийн жолооч Замын-Үүдэд ачаагаа шилжүүлэхгүйгээр өөрөө Улаанбаатарт хүргэнэ гэсэн үг үү?
-Тийм. Ерөнхийдөө тээвэрчдийн холбоодтой энэ тухай ярилцсан. Тэг цэгээс авсан чингэлэгтэй ачаагаа Замын-Үүдэд авчраад, өөрийн машинд суллана. Ингэсний дараа Улаанбаатар хүртэл тээвэр хийнэ. Энэ бүхний нийт өртөг 8.8 сая төгрөгөөс хэтрэхгүй байхаар тохиролцоонд хүрсэн.
-Манайд чингэлгийн нөөц хэр байна вэ?
-Нийт 200 чингэлэг Хятадын талаас гаргах санал тавьсан юм билээ. Өдөрт 50 чингэлэг ачааг Эрээний хилээр гаргана. Тухайн чингэлгийг хоёр хоногийн дотор суллах ёстой гэдэг шаардлагыг Хятадын тал тавьж байгаа. Манай талд 800 орчим чингэлэг гаргах боломжтой гэсэн судалгаа гарсан.
-Манайд чингэлэг зөөж шилжүүлэх кальмар байхгүй гэх юм. Кальмарын асуудлыг хэрхэн шийдэхээр болов?
-Өнөөдөр буюу 12 дугаар сарын 1-ний өдөр 2 ширхэг чингэлэг шилжүүлэн ачигчийг хилээр оруулж ирж бэлэн болгоно. Бүрэн хүчин чадлаар ажиллах үед хоёр ширхэг чингэлэг шилжүүлэн ачигч арай хүрэлцэхгүй гэж тооцож байгаа тул нэмж хоёр чингэлэг шилжүүлэн ачигчийг авахаар болсон. Манай Хилийн бүс дэх Чингэлэг шилжүүлэн ачих ажиллагааны туршилтыг өнөөдөр хийнэ.
-Хэзээнээс тэг цэг албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхлэх вэ?
-Бэлтгэл ажил бүрэн хангагдсан үед цаад талаас ачаагаа оруулж ирнэ. Хил, гааль, мэргэжлийн хяналтаас шалгалт хийгээд, эхлүүлж болно гэсэн зөвшөөрөл өгсөн.
-Монголын талаас нийт хэдэн жолооч тээвэр хийх вэ?
-Замын-Үүд дэх жолооч тээвэрчдийг төлөөлж буй таван ТББ-аас өөрсдийн жолооч нарыг тээвэрт оролцуулах хүсэлт тавьсан.
Сэтгэгдэл ( 10 )
Хувь хүн Өөрсдийнхөө машинаар ачаагаа ачиж авч болохгүй юмуу. Чингэлэгээр аваад замын үүдэд өөрийнхөө машин дээр шилжүүлэн ачиж болох юм болов уу
Албан ёсны стандарт гэж байдаг байсан одоо байхгүй болсон юм уу? Жолооч нарын саналаар тогтоож болохгүй байх тэгээд хэдэн тонны ачааг 8.8 сая төгрөг гэж байгаа нь тодорхой бус байна. Тэгээд 5саяаар тээвэр хийе гэж байхад 8.8 саяыг сонгодог нь ямар учир байна. Тонн жин овор хэмжээ бас хамаарах байлгүй энэ бүхэнд тээврийн хөлс өөр өөр байх байлгүй. Албан ёсны хүснэгтээр танилцуулах хэрэгтэй байна.
Бизнес эрхлэгчдээсээ ачаа тээврийнхээ саналыг аваачээ.Жолооч нар яахаараа үнэ тогтоодог юм бэ
Замынүүдэд ачаагаа шилжүүлхэд гарах зардалыг жолооч хариуцна гэсэн үг бичсэн байх юм З-үүдээс гараад З-үүд хүртэл зардал 8.8сая
2 талдаа 20иод сая байсан үнийг 8сая болгоод байгаа юм биш үү.
Тээврийн өртөгийг жолооч нараас асууж байгаад тогтоодог болсон юм уу арай ч дээ тээврийн өртөгийг тооцож чаддаггүй энэ өртөг тооцох аргачлалаа нийтэд ил болгооч
Boli2, 5say bhd boldoggui yumuu,yamar ih shunal ve.
400 т арай үнэтэй,250т байхад л болно
60-70 тн ачааг 20саяаар зөөдөг байсан.одоо 20тн ачааг 8саяар зөөнө.\n\n
Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо 5саяд хийе гд бхад яагаад наад тээвэрчдийн холбоогоор 8саяар хийлгэхээр болчихов???