Хөгжлөө 2040 он хүртэл цэгцтэй зурж буй нийслэл хот 2024 онд гэхэд ямар түвшинд хүрч хөгжих бэлтгэлээ хэдийн базаачихсан аж.
Хэрэв хотын даргын хэлсэн бүхэн биеллээ олбол, нийслэлчүүд авто замын түгжрэлээс ангижирч, орлогод нийцсэн орон сууцанд орж, сургууль, цэцэрлэг, эмнэлгээр гачигдалгүй амьдарч эхлэх нь.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хөгжлийн түншүүдээ хүлээн авч уулзаж, Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлагыг хэлэлцүүлэхдээ ийм зүйл ярив.
Тэрбээр “Улаанбаатар хот: Хөгжлийн чиг хандлага” форумыг нээж хэлсэн үгэндээ
“Өнгөрсөн нэг жилийн хугацаанд бид Улаанбаатар хотын хөгжил, цэцэглэлтийн төлөө УИХ, Засгийн газар, нийслэлийн ИТХ-тай хамтран олон жилийн турш хуримтлагдсан асуудлуудыг нэгдмэл бодлогоор шийдвэрлэхийг зорин ажилласан” гэв.
Энэ хүрээнд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон 27 жил шинэчлэгдээгүй байсан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлуулсан гэдгээ онцлов. Ийнхүү хотын удирдлага эрх зүйн орчноо шинэчилснээр нийслэлд 30 жилийн хугацаанд хуримтлагдсан олон асуудлаа шийдвэрлэх боломж бүрдсэн байна. Улмаар Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийг олон нийтээр хэлэлцүүлж эхэлсэн.
Уг төсөлд тусгасан тооцооллоор Монгол Улсын нийслэл 2040 онд хоёр сая гаруй хүн амтай, 667 мянган өрх болж өргөжих төлөв гарчээ. Тиймээс хотын төвлөрлийг бууруулахын тулд хоёр шинэ төв, таван дэд төв байгуулан, нэг төвтөөс олон төвт хот болж хөгжих гэнэ.
Улаанбаатар хотод 2040 он гэхэд 1,738 км зам шинээр тавьж, есөн нүхэн гарц шинээр байгуулсан байхаар ерөнхий төлөвлөгөөнд тусгажээ. Тухайлбал, гэр хорооллын дундуур Туул голын хурдны замтай холбосон зам тавьснаар Улаанбаатар хот олон төвт хот болох боломж бүрдэнэ.
Мөн Улаанбаатар хотын тойрог хурдны замтай болно. Гурван эгнээтэй 71.5 км замын техник эдийн засгийн урьдчилсан тооцооллууд хийгдэж байгаа. Улаанбаатар хот осол, аваар гарах хамгийн их эрсдэл өндөртэй хот гэсэн дүгнэлт гарсан гэдгийг Засаг дарга Д. Д.Сумъяабазар танилцуулсан. Үүний эхлэл болгож, 2024 он гэхэд гүүрэн байгууламжийн хурдан галт тэрэгний ТЭЗҮ-ийг хийж эхэлсэн байна. LRT буюу хөнгөн галт тэрэгний төслийн хүрээнд 5-10 жилийн настай биш 70-100 жил настай байгууламжаар нийслэлийн нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэх гэнэ.
Эхний ээлжид Сонгинохайрхан-Баянзүрх чиглэлийн хэвтээ тэнхлэгт 10 орчим км-ийн байгууламж барих хэвтээ чиглэлийн, Буянт Ухаа-Долоон буудал босоо чиглэлд явуулахаар тооцоо гаргажээ. Хөнгөн галт тэрэг нэг талдаа цагт дунджаар 20-30 мянган хүн тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд хөнгөн галт хэргийг нэвтрүүлснээр түгжрэлийг 17-22 хувиар бууруулах боломжтой гэдгийг өмнө нь танилцуулж байсан юм. Авто замын түгжрэлийг бууруулах энэхүү цогц төлөвлөгөөг улсын төсвөөс ирэх гурван жилд олгох 1.2 их наяд төгрөг болон бусад санхүүгийн шийдлүүдээр хэрэгжүүлнэ. Ямартай ч нийслэл хотын хамгийн том хүндрэл болоод буй авто замын түгжрэлийг ингэж шийдэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Түүнчлэн Улаанбаатар хотод 35 мянган орлогод нийцсэн орон сууц бий болгож, II цахилгаан станцыг өргөтгөн, сургууль, цэцэрлэгийн
хүрэлцээг бүрэн шийдвэрлэх төлөвлөгөө гаргасан байна. Үр дүнд нь Улаанбаатар хот хүн төвтэй, амьдрахад таатай, иргэндээ ээлтэй хот болж хөгжинө. Гэхдээ эдгээрийг хийхэд хөрөнгө мөнгө хэрэгтэй.
Тэгвэл нийслэлийн Засаг даргын төсөв, санхүү хариуцсан зөвлөх Д.Батмөнх “Хуулиар нээгдсэн эдийн засгийн шинэ боломжууд” сэдвээр илтгэлдээ Улаанбаатар хотыг хөгжүүлэх эдийн засгийн гарц гаргалгаа танилцуулсан.
Тэрбээр Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиар бий болсон эдийн засгийн боломжууд болон олон улсын санхүүгийн төв, ногоон бондын талаар мэдээлэл өгсөн юм.
Тухайлбал, “Ковид-19”-ийн дараах нийслэлийн эдийн засгийг төсвийн бус хөрөнгө оруулалтаар сэргээх чиглэлээр орон сууцны дэд бүтцийн хөрөнгө оруулалт, цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэл, хөнгөн галт тэрэг, шинэ тойрог зам, дагуул хотууд зэрэг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр төсвийн бус санхүүгийн эх үүсвэр буюу хөгжлийн албан ёсны тусламж, төр-хувийн хэвшлийн түншлэл болон арилжааны замаар шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.
Энэ талаар Д.Батмөнх “Нийслэл хотод оршин сууж буй 1.6 сая иргэний дийлэнх нь худалдаа, үйлчилгээний салбараас орлого олдог. Энэ салбар цар тахлаас шалтгаалан үүд хаалгаа барьсан нь эдийн засгийг нэн хүндрүүлсэн. Цар тахлын дараах эдийн засгийг сэргээх нь бидний гол зорилго юм. Улсын төсвийн 70 орчим хувийг албан татвар бүрдүүлдэг. Тиймээс ажлын байрыг нэмэгдүүлэх нь хот өөрөө санхүүжилтээ шийдвэрлэх суурь болно” гэв. Ерөнхийдөө дээр дурдсан хөгжлийн дэд бүтцийг хөгжүүлэхэд хамгийн багадаа 2.7 тэрбум ам.доллар шаардлагатай. Үүний дам нөлөөгөөр нийслэл хотод дөрвөн тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж, 10 тэрбум ам.долларын шууд бус өгөөж ирнэ гэсэн тооцоо гарчээ.
Энэ мэтээр нийслэл хот хөгжлийн зургаа эдийн засгийн агуулгаар нь хэлэлцсэн тус форумд УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны гишүүд, Монгол Улсад суугаа элчин сайдууд, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцсон. Энэ үеэр Улаанбаатар хотын удирдлагууд ирэх жилүүдэд гаднын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хотын эдийн засгийн чадавхыг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийн боломжийг хангах, одоо хэрэгжиж байгаа олон улсын томоохон төсөл хөтөлбөрүүдийг нэмэгдүүлэх зэрэг сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, санал солилцсон юм.
Д.ДУЛМАА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Тэгэж үз хороо бүрт нэг ажил хийгдэх байлгүйдээ ярих ихэдсэншүү бага ярьж их хий гэдэгшүүдээ
Бти шаагаад байх чи чамайг мэдэхгүй биш. Ичнэ ч гэж жамаараа мартчихсан амьтан