Засаг зоримог бас зорилготой ч байна

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 03

Монгол Улс амаргүй цаг хугацааг туулж явна. Цар тахал, үүнээс үүдсэн эдийн засгийн таагүй байдал, нийгэмд үүссэн бухимдал гээд олон зүйл байна.

Цахим орчинд мэдээлэл дамжуулах арга хэрэгсэл хөгжих хэрээр хандалт цуглуулахын тулд уралдах явдал хаа сайгүй бий боллоо. Хэн хурц шүүмжилж байна, хэн өө дутагдал олж байна, түүнийг аливаа мэдээллийн хэрэгсэл, цахим хаягаар дамжуулбал олон нийтэд илүү танигддаг болсон гэсэн үг. Товчхондоо, бид сайнаасаа мууг нь илүүтэй шүүн ярилцдаг болжээ.

Тийм болохоор Монгол Улсын төр чухамдаа өнөөдөр ямар ажил хийж байна вэ гэдгийг эрүүл өнцгөөр харах гээд үзье. Алдаатай оноотой энэ цагийн дэнсэн дээр зөв буруу ойлголт хаа сайгүй бий. Байсхийгээд л нэг хулгайч даргын албан өрөө, гэр орноос нь боодолтой мөнгө, алтан гулдмай гарч ирээд байхад өнөөдөр маргаашийн амьдрал нь даржин байгаа иргэд төрдөө дуртай байх уу даа. Гэхдээ бас нөгөө талаас нь ч харж болно.

Тухайлбал, өмнө нь авлигачингүй байсан гэж үү. Өнөө улс даяараа цоллон дууддаг хүмүүс чинь өнөөдөр бидний дунд зүв зүгээр л явж байгаа шүү дээ.

Тэрнийг “Шударга бусын хонгил” байгуулсан, нөгөөг нь ч шүүх эрх мэдлийг Төрийн ордны гурван давхарт шийдэж байсан гээд ярьдаг биз дээ.

Хотын газрыг хуугаар нь зарсан, төрийн сангуудыг төрлөөрөө хамсан гээд ярихаар л бид бүгдийн дотор ямар нэгэн хүний царай тодроод л ирнэ. Авлигачид ил байсан юм. Тэд хариуцлага хүлээдэггүй байлаа. Авлигачин гэдгийг нь архины ширээний ард шивнэж л ярьдаг байсан хэрэг. Харин одоо бол авлигачид сандардаг болсон, нуугдаж байгаа. Бас нуусан мөнгөтэйгөө энд тэнд баригдаж л байна. Авлигачид олон баригдаад байхаар олон улсын судалгаагаар Монголын авлигын байр байдал авах юмгүй харагддаг юм шиг байна лээ.

Манай улс авлигалын индексээрээ 2016 оноос хойш бараг 30 байраар ухраад 111-д орсон юмдаг уу даа. Авлигадаа идэгдсэний шинж л юм. Бас идээ бээрээ шахаж байгаа л хэлбэр. Удахгүй энэ их шарх аниад эхлэхээр авлига гэдэг асуудал цэгцэндээ орох байх.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нам, тал татахгүй авлигатай тэмцэхээ зарласан. Энэ хүрээндээ АТГ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх Засгийн газрын ажлын хэсэг байгуулсан. Түүнийг Ерөнхий сайд өөрөө толгойлж байгаа. Энэ үйл ажиллагааны хүрээнд суурь үзүүлэлт болох авлигын индексийг бууруулна гэж байгаа юм билээ. Авлигатай тэмцэхийн зэрэгцээ Засгийн газраас Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг боловсруулж УИХ-д өргөн барьсан.

Ямартаа ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар авлигатай бол хатуу тэмцэнэ гэдгээ хэнд ч харагдахаар анхааруулж байна.

Авлигатай тэмцэнэ, энэ замдаа нам, тал харгалзахгүй гэдэг үгс бол зүгээр сонсоход байх л учиртай, хэлэх л ёстой үг. Гэхдээ хэлж байгаа шигээ тэмцэх бол ондоо. Ямар нэгэн төрлийн авлига гэдэг ардаа ач, нэхүүлтэй байдаг юм. Холбоо сүлбээтэй, итгэж найддаг байж өрнөдөг үйл явц шүү дээ. Тэмүүжин хар булган дахаа Тоорил ванд барьсантай л адил. Нэг тийм өгөө авааны сүлжээг дүрмийн бус тоглогчид л эвдэнэ. 2018 онд одоо энэ Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан нар УИХ-ын даргыг огцруулахын тулд акц хийж байлаа.

Өнөөгийн өнцгөөс олон хүн “Тэр шударга нөхдүүд чинь албан тушаалд очсон байна лээ” гэж зүхдэг болж.

Харин тухайн үед бол тэднийг ард нийтээрээ уухайлан дэмжсэн шүү дээ. Үнэн юм чинь. Учир нь авлигын хэлхээг задлахсан гэж олон нийт хүсэж байсан хэрэг. Үргэлжлээд энэ хүмүүс албан тушаалтай болсонд ч буруутгаад байх юм байхгүй. Ийм замын зурагт байгаагүй, дүрмийн бус тоглогчид гарч ирснээр урьд нь өрөөд тавьчихсан байсан аалзны тор задарсан. Одоо доторх муу муухай нь гоожиж байгаа л гэж ойлгох хэрэгтэй. Цаашдаа ч олон юм ил болно.

Авлигаас гадна энэ Засгийн газрын түүхэнд үлдэх гавьяа бол Оюутолгойн гэрээний асуудлаар Рио Тинтотой хэлэлцээрийн ширээний ард суусан нь юм. Цаад талаасаа ч олон буулт хийж байна. Үүнийг бас л өнгөрсөн 30 шахам жилийн турш бөгс, бөөрөөрөө наалдсан бүлэглэлүүд биш, гаднаас нь дайраад ороод ирсэн залуус л шинэчилж чадах байлаа. Ийм том төслийг мэдсээр атлаа Монгол Улсад алдагдалтай хэвээр нь явуулдаг төр засаг, түүнийг нь хэлж гудамжнаас орилдог улс төр хоёр л сүүлийн арван жил үргэлжилсэн.

Одоо бол жинхэнэ утгаараа Оюутолгойн орд манай ард түмэнд ашигтай болох нөхцлүүд үүсэж байна. Энэ оны нэгдүгээр сарын 27-ны өдөр Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдож, Засгийн газраа байгуулж байв. Тэр үед тэрбээр “Оюутолгойн гэрээг сайжруулна. Дубайн гэрээг цуцална” гэж байлаа.

Тухайн цагтаа бол албан тушаал авсан нэг залуу л амандаа орсноо ярьж байна даа гэж бодогдохоор харагдсан. Одоо ямар байдалд хүрснийг хар. Ашиггүй гэрээ 2009 онд байгуулсныг нь дээр, дооргүй мэддэг атлаа, түүнийг өөрчилж болно гэж хэлсэн хүнд итгэж чадахгүй болчихсон байсан гээд бод доо.

Дээр нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Америк зугтах гол нөхцөлөө бүрдүүлсэн Дубайн гэрээ буюу далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө байна. Энгийндээ бол урдах зовлон дуусаагүй байхад нэмээд өрөнд оруулчихсан л асуудал. Нөгөө Оюутолгойгоос ард нийтээрээ ашиг хүртэнэ гэсэн горьдлого хэдэн арван жилээр хойшилсон гэсэн үг.

Одоо Засгийн газраас хэлэлцээрийн явцад далд уурхайн зардал хэтэрсэн буюу Дубайн гэрээг цуцлах, өнөөг хүртэл Монголын 34 хувьд оногдох өрийг тэглүүлэх саналыг тавиад байгаа юм билээ. Харин Рио Тинтогийн зүгээс 2009 оноос хойш үүссэн 2.3 тэрбум ам.долларын өрийн 70 хувийг тэглэж, ашгийн урьдчилгаа нэг их наяд төгрөг санал болгожээ. Манай талын хувьд эдгээрийг хүлээж авах эсэхээ шийдээгүй байгаа. Харин Дубайн гэрээг цуцлах шахалтыг үзүүлсээр байгаа тухай мэдээлэл хэвлэлүүдээр гарч байна.

Энэ сарын 22-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхольмтой уулзахдаа “Гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудалд Рио Тинто компани хариуцлага хүлээж, шаардлагатай нэмэлт зардлыг санхүүжүүлэх ёстой. Монголын төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг тэглэж, ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлж ажиллах хэрэгтэй.Дубайн гэрээг ойрын үед цуцлахад Рио Тинто компани анхаарах хэрэгтэй” гэдэг байр сууриа давтан илэрхийлсэн байна лээ.

Якоб Стаусхольм “Монгол Улс дахь үйл ажиллагаандаа анхаарч, аль болох ил тод, нээлттэй хамтарч ажиллахад бэлэн” гэдэг хариулт өгсөн тухай хэвлэлийн мэдээ нь гараад өнгөрсөн. Татварын өр ширнээсээ ч Оюутолгойн талынхан төлж эхэлсэн. Тэр мөнгийг нь карантинд сууж байхдаа нийтээрээ хувааж авсан гэхээр илүү ойлгомжтой болох байх. Одоо улам илүү томоохон өөрчлөлт хийгдэх хүлээлт байгаа гээд сайн мэдээ удахгүй л дуулдах байх. Ер нь тэгээд Оюутолгойн төслийг зогсоох, үзэн ядах агуулга бол байж болохгүй. Эдийн засгийн ач холбогдлоосоо гадна тусгаар улсын хувьд гуравдагч хөрш талаас ирсэн хөрөнгө оруулалт шүү дээ.

Засгийн газар ч үүнийг сайн ойлгож, хэлэлцээрийнхээ багт төрөл бүрийн төлөөллийг оруулсан байна лээ. “Босоо” хэмээх С.Ганбаатар хүртэл “Би Рио Тинтог Монголоос гар гэж хөөж, тууж байгаагүй, харин ашигтай байх хэрэгтэй. Тэр 34 хувийг АМНАТ-өөр солих учиртай гэж хэлж ирсэн” гэж ярьдаг болчихсон байх вэ дээ. Тэр 34 хувийг АМНАТ-өөр солих асуудал ч ажлын хэсэг дээрээ бол нэлээд нааштай яригдаж байгаа тал бий тухай сураг дуулдаж л байна. Ямар ч байсан янз бүрийн явдал суудлын шалтгаанаар Засгийн газар холбирчихгүй бол монголчууд Оюутолгойгоос хүсэж байсан ашгаа гаргаж авах нь цаг хугацааны л асуудал болж байгааг хэлэх хэрэгтэй.

Энэ Засгийн газрын барьж авсан ганц том ажил энэ биш. Олон жил монголчуудын дунд хэрүүл үүсгэж одоо сонсох төдийд бараг уур хүргэдэг болсон Тавантолгойн цахилгаан станцыг 2024 онд ашиглалтад оруулахаар болж, ажлыг нь өнгөрсөн хаврын төгсгөлд эхлүүлсэн.  Энэ цахилгаан станц нь өмнийн говь дахь уул уурхайн эрчим хүчийг найдвартай эх үүсвэрээр хангах, нүүрс тээвэрлэлтийн зардлыг хэмнэх, цахилгаан дамжуулах агаарын шугамын алдагдлыг бууруулах, төслийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх гэх мэтээр ач холбогдол өндөртэй. Мөн л ОХУ-аас БНХАУ-руу Монгол Улсаар дамжин өнгөрөх хийн хоолой барих ажилд тодорхой ахиц гарч байна. Одоогоор энэ төслийн ТЭЗҮ-ийг боловсруулж буй аж.  Өмнө нь зөвхөн мөрөөдлийн яриа л байлаа шүү дээ.

Хотын зовлон олон. Сайжруулсан түлш хэрэглээнд нэвтэрснээс хойш утааны асуудал жаахан буурлаа. Үлдсэн хамгийн том асуудал бол авто замын түгжрэл юм. Өнөөдөр Яармагт амьдардаг хүн байлаа гэхэд өглөө, орой тус бүр хоёр цагийг замын түгжрэлд өнгөрүүлж байгаа. Жилийн 50 хоногт зам дээр зогссоноос ямар ялгаатай юм бэ.

Харин хотын дарга Д.Сумъяабазарын хэлснээр “Ерөнхий сайдын шууд дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах төсөл хэрэгжиж эхлэх гэж байна”. Жил бүр 420 тэрбум төгрөгийг энэ ажилд зарцуулахаар болсон. Энэ хүрээнд хот дундуур таван чиглэлд гүүрэн тулгуурт нийтийн тээвэр хөгжүүлэх, замаа давхарлах, гарц тунелийг олшруулах, хороолол дундах авто замыг нэмэгдүүлэх гээд маш олон ажил бий. Эхний санхүүжилтийг 2022 оны төсөвт суулгачихаад байна.

Жил бүр зам засварт гуч, дөчин тэрбум төгрөг шиддэг байсан бол одоо 420 тэрбум төгрөг. Тэгээд төсөл хөтөлбөр нь бэлэн байна. Хэдэн жил хэрэгжүүлэхэд л хот танигдахын аргагүй болно биз дээ. Мөн хотын түгжрэл, төвлөрлийг сааруулах, Монгол Улсын дэд бүтцийн болон тээвэр ложистикийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, Төв аймгийн нутаг дэвсгэрт шинэ дагуул хот бий болгох зорилгоор “Богдхан төмөр зам”-ыг бариад эхэлчихсэн байна. Ажлын байр хангалтгүй, авто зам түгжрэлтэй, аюулт өвчин дэргэд байгаа нь үнэн. Гэхдээ өвчний эсрэг хийх вакцин нь байна, вакциндаа хамрагдвал ажлын байраа сэргээх нөөц боломж ч бий.

Авто замыг сайжруулж нийслэл хотоо иргэддээ ээлтэй болгох бололцоо ч харагдаад эхэллээ. Цаашлаад Оюутолгойг одоо жинхэнэ монголчуудад үнэ цэнтэйгээр хөдөлгөх нөхцөл бүрдсэн, цахилгаан станц, нефтийн үйлдвэр зэрэг том төслүүд хөдөлсөн, энэ бүхний хажуугаар авлигатай тууштай тэмцэж байна гэх зэргээр яриад байвал бодлогын, тогтолцооны хэмжээний суурь өөрчлөлт хөдөлгөөн тодорхой төлөвлөгөөний дагуу явж байгаа юм байна. Үүнийг л хэлэх гэсэн юм. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.72) 2021 оны 12 сарын 05

Оюун - Эрдэнийн Засгийн газар үнэхээр сайн ажиллаж баыгаа. Үнэхээр хүлээх юмтай болсон шүү. Амжилт хүсье МАНАН болон АН- ын зарим овлигогүй нөхдөөс бусад ард ирргэд дэмжиж байгаа шүү.

0  |  0
Top