Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
АМЬД ЭРЛЭГ ОНГОЦЫГ СОЛЬЖ ЭЗНИЙ ДАРСЫГ ХУЛУУСАН ХАР ХУЙ ЗАРЛИГИЙГ УРЖ ХААНЫ ЭЛЧИЙГ ХАРААСАН
Өгүүлэх нь Чэнь Зүн Шань бээр жуу бичгийг хүлээн авч, өөрийн ордноо эгж юм хүмээ багцалж мордсугай хэмээж атал олон хүмүүн үтэр ирж ийн өгүүлрүүн: - Эрхин Тайюй-н эчих нь тэргүүнд болбоос улс төрийн төлөө хэрэг бүтээж, жичид болбоос зуун овогтны зовлонг хөнгөлж, цэрэг иргэний түгшлийг арилгах буй за. Лян Шань уулын хүмүүн шударга журмаар эш болгож, хаан төрийн илбэн дагуулахыг эрмэлзэж байхуй тул сайд та айхан үгээр аргадан тохруулбаас зүй болой хэмээн хараахан өгүүлж атал тайшийн яамнаас хүмүүн ирж: - Дээд тайш бээр эрхин Тайюй-д хэлэх үг баймуй хэмээн өчүүхэн хүмүүнийг илгээж залуулав хэмээсэнд Чэнь Тайюй яаран сүйхнээ сууж Синь Сүн Мэнь зээл дэх тайшийн яамны үүднээ ирж сүйхнээс бууснаа албан зардас зам удирдан их танхимын бичгийн гэрт ирээд тайшид ёслон золгож хажуугийн суудалд суугаад цай уух зуур Цай тайш асууруун: - Тайюй чиний хааны зарлигаар илбэн дагуулахаар Лян Шань уулнаа эчмүй хэмээхийг сонсоод тухайлан залж нэгэн учрыг сануулсугай хэмээв. Эрхин Тайюй тэнд хүрэн хойно хааны ордны хэлхээг алдаж, улс төрийн цаазыг тэсрүүлж болохгүй. Шүүмжлэл өгүүлэл хэмээх бичигт “явдал үйлдээ ичгүүрийг мэдэж, дөрвөн зүгт зарахуйяа эзний зарлигийг эс гутааваас элч хүмүүн хэмээж болмуй” хэмээснийг санаваас сонссон буй за хэмээхэд Чэнь Тайюй өгүүлрүүн: - Дээд тайшийн мэргэн сургаалыг өчүүхэн хүмүүн ёсчлон гүйцээсүгэй хэмээвээс Цай жин бас өгүүлрүүн: - Миний энэ шадар зардас цааз хэлхээг сайн мэдэх тул чамд дагуулан илгээж санаж эс олох зүйлийг чиний санаанд оруулах болтугай хэмээхүйеэ Чэнь Тайюй өгүүлрүүн: - Дээд ноёны зузаан хишигт чин сэтгэлээс талархаж баймуй хэмээгээд тайшид салах ёсыг хийж, шадар зардсыг нь авч чэнсян-ы ордноос гарч сүйхнээ сууж гэртээ гээд сая амарсугай хэмээтэл хаалганы ард дотогш орж Гао Тайюй морилон ирэв хэмээн мэдүүлсэнд Чэнь Тайюй яаран гарч угтан аваад их танхимд залж суулцан амар асууж ёс хийлцсэн хойно Гао Тайюй өгүүлрүүн: - Энэ өдөр хааны ордоноо Сүн Жян-г илбэн дагуулах их үйлийг зөвлөгөө хэмээн сонсов. Хэрвээ Гао Чю миний бие эзний дэргэд асан бөгөөс эрхгүй ятган хоригломуй. Энэхүү хулгай эзэн төрийг олонтоо гутааж тэнгэр тулам ял нүглийг үйлдсэн тул өршөөл үзүүлэн ялыг нь уучлан жин хотноо удирдан ацарваас хожмын өдөр магад зовлон болох буй за, хариу айлтган ятгасугай хэмээвээс хааны зарлиг нэгэнт буусан тул арга буюу байдал төлөвийг ажиж жич мэдсүгэй. Самуун хулгай санаа хувьсаж богдын зарлигийг үтээрэн осолдвоос эрхин Тайюй эртхэн эгэгтүн. Олдой түшмэл миний бие тэнгэрийн хөвүүнд мөргөн айлтгаж, өөрийн биеэр цэрэг байгуулан мордож зовлонгийн үндсийг арилгасугай. Эрхэм Тайюй эчих тул доорд түшмэл миний бие үг хурц хэл уран, нэгийг асууваас арвыг өчих шадар Юй Хоу-г дагуулан илгээж умартсан хэргийг чинь сануулж явах болтугай хэмээснээ Чэнь Тайюй харамж өгч өгүүлрүүн: - Өчүүхэн түшмэлийн тул эрхин Тайюй ийн сэтгэл өлгөгдөн зовниход үнэн санаанаас талархах амуй хэмээсэнд Гао Чю салж эчихүйеэ Чэнь Тайюй хаалга гартал үдэж мордуулав.
Жич өдөр Цай тайшийн яамны Жан овогт Гань Бань, Гао Тайюй-н яамны Ли овогт Юй Хоу хүрч ирсэнд Чэнь Тайюй хүлэг унаа эмхлүүлж, дагах хүмүүнийг сонгон, эзний шагнасан арван малуу дарсыг луу гардийн дамжуурт ахуулж, өмнө нь шар далбаа хатгасан хойно, шадар дагалт тав зургаан хүмүүн жич Жан, Ли хоёр хүмүүнийг авч мориндоо мордоод хааны зарлигийг ардаа үүрэн, Синь Сүн Мэнь хаалгыг шурган гарснаа үдэж хүргэх олон түшмэд тус тусдаа хойш эгэв. Чэнь Тайюй урагш явсаар Жижоу фү-д ирснээ Тайшоу түшмэл Жан Шү Е ордондоо угтан оруулж ширээ засан хүндлэн дайлах зуур илбэн дагуулах үйлийг асуусанд Чэнь Тайюй нарийн учрыг зүй зүйгээр тоочин хэлэхүйеэ Жан Шү Е өгүүлрүүн: - Олдой миний мунхаг санаагаар болбоос илбэн дагуулах энэ үйл их л сайн болой. Ганц болгоомжлон хичээх зүйл хэмээвээс Тайюй-н бие тэнд хүрсэн хойно эе эвтэй хэлэлцэж сайхан үгээр тохруулж тэдний олныг аргадан тухайг үзэж аргацаад их үйлийг бүтээвээс барав. Тэдний дотор гал мэт гандуун зантай хүмүүн нэлээд хэд байх тул үгсээр дайруулж уурыг нь хүргэвээс их хэрэг даруй эвдэрмүй хэмээхэд Жан, Ли хоёр хүмүүн өгүүлрүүн: - Бид хоёул Тайюй-г дагаж эчих тул өчүүхэн төдий эндэш гарахгүй буй за, тайшоу чиний хэлсэн ёсоор хичээнгүй эевэргүүгээр үйлдвээс эзэн төрийн ёс хэлхээг эрхгүй эвдэхэд хүрмүй, энэ зэргийн өчүүхэн ардад огт нүүр өгөхгүй дарваас зохимуй. Аяыг нь дагаж аашлуулбаас омог нь мандан орвойн агсамнамуй хэмээвээс Жан Шү Е өгүүлрүүн: - Энэ хоёр юуны хүмүүн болов? хэмээхэд Чэнь Тайюй өгүүлрүүн: - Нэгэн нь Цай тайшийн яамны шадар ард, нэгэн нь Гао Тайюй-н ордоны Юй Хоу болой хэмээхүл Жан Шү Е өгүүлрүүн: - Энэ хоёр шадар хүмүүнийг аваачихгүй болбоос сайн! хэмээснээ Чэнь Тайюй өгүүлрүүн: - Энэ хэмээгч Цай тайш, Гао Тайюй-н сэтгэл зүрх мэт хүмүүн болох тул дагуулан аваачихгүй болбоос эрхгүй сэжиг авах буй за хэмээхүйеэ Жан Шү Е өгүүлрүүн: - Доорд түшмэлийн ийн өчсөн нь эрхин Тайюй-д тус хүргэсүгэй хэмээмүү. Дагуулан эчвээс гавъяа бүтээх үгүйгээс эмээмүй хэмээсэнд Жан овогт Гань Бань өгүүлрүүн: - Бид хоёул байсан цагт үсэн төдий эндэш гарахгүй хэмээхэд Жан Шү Е аймшиггүй дахиж дуугарсангүй. Хурим бэлтгэн дайлсан хойно гийчний өртөөнд хүргэж амруулаад, жич маргаадрын өдөр Лян Шань уулнаа хүмүүн илгээн мэдээ хүргүүлснийг түр өгүүлэхгүй.
Жич өгүүлэх нь Сүн Жян чив хэмээн шударга журмын танхимд олныг цуглуулан цэргийн үйлийг зөвлөж атал туршуулын ард довтлон ирж энэ хэргийг мэдүүлэхүйеэ хэдий үнэн ташааг мэдэхгүй боловч өрц зүрхэндээ цаглашгүй баярлав. Мөн өдөр лүлү цэрэг Жижоу-ын мэдээ хүргэгч хүмүүнийг удирдан их танхимд ороод: - Тайюй түшмэл Чэнь Зүн Шань хаан төрийн захиаг хүлээж эзний шагнасан арван малуу сайн архи жич ялыг хэлтрүүлж илбэн дагуулах жуу бичгийг авч Жижоу хотноо ирсэн тул тэнгэрийн элчийг угтахаар бэлтгэ хэмээсэнд Сүн Жян цээж дэлбэртэл баярлаж дарс гарган дайлж, энт торго хоёр хэсэг, хэсэгт мөнгө арван лан шагнаж албан элчийг урьд эгүүлээд олон хүмүүний зүг өгүүлрүүн: - Бид бүгдээр орж өгөөд эзэн төрийн түшмэл болбоос өдий удтал үйлээ барсан нь хоосон бус, энэ өдөр бид сая үнэн мөрийг олов! хэмээхэд Ү Юн инээн өгүүлрүүн: - Ү Юн миний санаагаар болбоос илбэн дагуулах энэ үйл эрхгүй үл бүтмүй. Хэдий илбэн дагуулав хэмээвч манай зэргийн олон хүмүүнийг өвс шороо мэт үзэх буй за. Ийнхүү түүнийг их цэрэг авч ирсэн үед баахан амт үзүүлж хүмүүн морийг нь хоосортол алаад шөнө зүүдлэвч эмээхэд хүрүүлсэн хойно жич орж өгвөөс сая нэр төртэй болж чадмуй хэмээвээс Сүн Жян өгүүлрүүн: - Та нар хэрвээ ийн өчвөөс эрхгүй “шударга журам”-ыг бусниулмуй хэмээхүйеэ Линь Чүн өгүүлрүүн: - Эзэн төрийн эрхэм түшмэл заларч ирвээс эрхгүй ларжаа гарган сүр мандуулах тул юуны сайн хэрэг байх аж хэмээвээс Гуань Шэн өгүүлрүүн: - Эзний зарлигт эрхгүй сүрдүүлэх үгсийг бичиж биднийг айлгах буй за хэмээхүйеэ, Сюй Нин бас өгүүлрүүн: - Ирэх хүмүүн нь магад ба Гао Тайюй-н шадар ард болох буй за хэмээснээ Сүн Жян өгүүлрүүн: - Таны олон элдэв хоёроор сэжиглэх хэрэггүй, эзний зарлигийг угтахаар бэлтгэвээс барав хэмээгээд Сүн Чин, Цао Жэн-ээр хуримын ширээ бэлтгүүлж, Чай Жинь-ийг ерөнхий даамал тавьж элдэв хэрэгслийг эмх журамтай засагтун хэмээсэн хойно Тайюй-н буух гэр тэргийг цэвэрлүүлж таван өнгийн хив торго зангидан суух өрөөний дотор гадна лавир хийсгэн цэцэг өлгөв. Бас Пэй Сюань, Сяо Ран, Люй Фан, Гуо Шэн нарыг дуудаж уулан цайзаас урьд буун хорин газрын алс замын хажууд сөгдөж угт хэмээн захиад, усан цэргийн дайван нарыг нуурын хөвөөнөө их онгоц бэлтгэж тавь хэмээн захисанд цэргийн багш Ү Юн цааз зарлан өгүүлрүүн: - Та бүгдээр миний захиагаар явагтун, бус бөгөөс болохгүй хэмээв.
Түүнээс Сяо Ран тэргүүлэн дөрвөн хүмүүн бээр тав зургаан лүлү дагуулан биедээ зэвсэг зүүсэнгүйгээр архи жимсний зүйлийг дамнаж хорин газрын үзүүр угтахаар эчсэнээ, барманусын тоос дэгдэх зүгээс Чэнь Тайюй нэгэн багийн хүмүүнийг дагуулан хүрч ирэв. Жан Гань Бань, Ли Юй Хоу хоёул морины өмнө явганаар алхах бөгөөд хоёр гурван зуун дагах ард хойноос нь явмуй. Жижоу фү-ийн арав хорин цэргийн түшмэл морь унан жагсаалыг удирдмуй. Луу гардийн дамжуурт хишгийн дарсыг дамнаж, морьт ард зарлигийн хайрцгийг ардаа үүрч явмуй. Жижоу фү-ийн жар далан гяндан хуяг Лян Шань уулнаа эчиж бага сага эд ашиг олсугай хэмээн горьдож Чэнь Тайюй-г багларан дагаж урагш ирэв. Төдийд Сяо Ран, Пэй Сюань, Люй Фан, Гуо Шэн замын хажууд сөгдөн угтахуйяа шадар дагалт Жан Гань Бан асууруун: - Таны тэр Сүн Жян хэмээгч ямар зэргийн хүмүүн хэмээн хааны зарлигийг өөрийн биеэр угтахаар ирэхгүй буй за? Үнэхээр эзэн хааныг доромжлохын туйлд хүрэв! Таны зэргийн өчүүхэн ардыг цаазаар аваачваас зохих тул ялыг хэлтрүүлэн илбэн дагуулж хэрхэн болмуй? Эрхин Тайюй хойш эгвээс ямар? хэмээсэнд Сяо Ран, Пэй Сюань, Люй Фан, Гуо Шэн газар тэврэн сөгдөж ял хүлээн өгүүлрүүн: - Урагш өдөр эзэн төрөөс жуу бичиг хэмээн нэг ч илгээсэнгүй тул үнэн ташааг үнэхээр мэдсэнгүй. Сүн Жян тэргүүлэн их бага дайван нар Жинь Ша Тань оломд хүлээж баймуй. Дээд Тайюй аянга мэт уураа дарж, ганц улс төрийн төлөө сайн үйлийг бүтээж, уучлан аваачваас түмэн завшаан болой хэмээхэд,
Ли Юй Хоу өгүүлрүүн:
- Хэдий сайн үйлийг эс бүтээв хэмээвч таны зэргийн самуун хулгай манай алганаас мултарч чадмуй уу? хэмээв. Шүлэгт өгүүлсэн нь:
Хэмэрлэг дээлтэн хов зөөх нь эртнээс үлэмж,
Хэрэг бүхэнд өчүүхэн хүмүүн өмнийг бодохгүй.
Есөн тэнгэрийн рашаан хурыг эдүгээ илэрхийлэн нийтлэснээ,
Илбэн дагуулах нь дурган болсонд элэг зүрх шимширмүй.
Төдийд Люй Фан, Гуо Шэн өгүүлрүүн: - Хүмүүнийг ийн доромжлох нь ямар ёс буй за? хэмээхэд Сяо Ран, Пэй Сюань арга буюу мөргөн гуйж архи жимсээ өргөн барьснаа угт хэмээн хэрэгсэхгүй. Олон хүмүүн баярлан дагалцаж усны хөвөөнөө ирвээс Лян Шань уулын гурван их байлдааны онгоц хүлээж асан тул нэгэн онгоцонд унаа хүлгийг тээж, нэгэн онгоцонд Пэй Сюань нарыг суулгаж, нэгэн онгоцонд Тайюй тэргүүлэн олон дагасан ардыг залж суулгаад, зарлигийн бичиг жич эзний хишгийн дарсыг онгоцны тэргүүнд гаргаж тавив, үзвээс амьд эрлэг Руань Сяочи энэ онгоцыг захирсан ажгуу. Мөн өдөр Руань Сяочи бээр онгоцны хитэгт сууж илд зүүсэн хорь гучин лүлү цэргээр онгоц сэлүүлэв. Анх Чэнь Тайюй онгоцноо гарч суухуйяа тэргүүнээ өргөн дээш хандаж хажуугийн хүмүүнийг огт өршөөхгүйгээр гол суудалд ларвайн суумуй. Руань Сяочи захиа буулган онгоцыг хөдөлгөсөнд хоёр этгээдийн усчин ард нэгэн зэргээр дуулж үүсгэсэнд Ли Юй Хоу хараан өгүүлрүүн: - Эрхэм түшмэл энд байх атал цээргүй бусармаглан аашлах нь үнэхээр ёс мэдэхгүй эргүү мал! хэмээхэд олон усчин ойшоохгүй дээр дуугаар эгшиглэн дуулахуйяа Ли Юй Хоу тэнзэн ташуур гозойлгон онгоц сэлэх усчныг занчихад олон хүмүүн огт эмээхгүй, толгой мэдэгч хэдэн хүмүүн хариу өчрүүн: - Бид өөсөө дуу гинших нь чамд ямар саваа баймуй хэмээхэд Ли Юй Хоу уурлаж: - Үхлээ эрсэн өшөөт хулгай ямар аймшиггүй гэдрэг хэлмүй? хэмээгээд тэнз далайн занчин үүсгэснээ хоёр ирмэгийн усчин нар нуурын усанд харайн оров, онгоц хитэгт ууж асан Руань Сяочи өгүүлрүүн: - Онгоц сэлэх усчин нарыг ийн гуядаж уснаа оруулсан тул их онгоц хэрхэн урагш явж чадмуй? хэмээн өгүүлтэл дээд урсгалаас хоёр хөнгөн онгоц угтахаар ирэв, үзвээс Руань Сяочи их онгоцны нэгэн өрөөнд хэдийн ус хадгалсан тул хойнох онгоц нэлээд ойр шахаж ирэхүйеэ хаяаны бөглөөсийг суга татан аваад: - Аяа онгоц цооров! хэмээн хашхиртал хүмүүн суусан өрөөнд ус орж удсангүй тохой илүү болсонд хойнох хоёр онгоц яаран ирээд, бүгдээр мэндэн сандан Чэнь Тайюй-г тэнхрүүлэн хөнгөн онгоцонд түшиж гаргасан хойно өөр өөрийн онгоц юугаа сэлж, хишгийн дарс зарлигийн бичиг зэргийг хэрэгсэх зав үгүй болов. Тэр хоёр хөнгөн онгоц урьд явсанд Руань Сяочи бээр усчин нарыг дуудаж өрөөний усыг гээлгэж, зүлгүүр ацруулан цэвэрлэн зүлгүүлсэн хойно нэгэн усчны зүг ийн захируун: - Эзний шагнасан дарснаас нэгэн малуу авч ир, би урьд амтлан үзсүгэй хэмээсэнд тэр хүмүүн за хэмээн луу гардийн дамжуураас нэгэн малуу дарсыг гаргаж бүрээсийг нээн авч ирсэнд Руань Сяочи тосож аваад үнэртвээс сайхан үнэр хамрын үзүүр сангинах тул ийн өгүүлрүүн: - Энэ дарсанд хор хольсон магадгүй, тийн хэмээвч харъяа үгүй, нэгэн ам ууж үзье хэмээгээд гар үзүүр аяга тул малуугаар нь хөнтөрч дуустал уугаад: - Давуу амттай дарс ажгуу хэмээгээд нэгэн малууд ханасангүй дахин дахин хөнтөрсөөр дөрвөн малууг тонгойлгосон хойно: - Одоо хэрхвээс сайн? хэмээхэд нэгэн усчин өгүүлрүүн: - Онгоцон хошуунд нэгэн суулга хар архи тавьж баймуй хэмээвээс Руань Сяочи өгүүлрүүн: - Усан хулыг авч ир, хишгийн архийг танай олонд амтлуулсугай хэмээгээд үлсэн зургаан малуу дарсыг олон хүмүүнд түгээн уулгаад гацааны нэрсэн хар архийг арван малуу дүүргэж хуучин бүрээсийг нь уяа луу гардийн дамжуурт хийсэн хойно их онгоцыг нисэх мэт сэлсээр Жинь Ша Тань оломд ирэхүйеэ Сүн Жин тэргүүлэн олон хүмүүн өнгөт дуаз цэцэгт дэнлүү өргөлцөн харанга хэнгэрэг дэлдэн хөгжим эгшиг үүсгэж их угтлагаар угтаж эзний дарсыг ширээнээ өрж дөрвөн хүмүүнээр дамнуулав. Зарлигийн бичгийг бас ширээнээ залж дамнуулан аваачив. Чэнь Тайюй онгоцноос бууж хөвөөнөө гарахад Сүн Жян нар угтан эчиж хөсөр сөгдөн мөргөн золгоод: - Үсэг шивүүлсэн өчүүхэн түшмэл тэнгэр тулам ял хийж, эрхэм түшмэлийн биеийг чилэн энд ирүүлсэн боловч хүндлэн угтаж завдсангүй, хүнд ялыг хөнгөлөн аваачму хэмээхэд Ли Юй Хоу өгүүлрүүн: - Тайюй болбоос хаан төрийн дээд хэргэмт эрхэм түшмэл болох бөгөөд тухайлан таны зэргийн олон хүмүүнийг илбэ дагуулахаар ирсэн нь хялбар бус атал юун хэмээн ёс мэдэхгүй тэнэг амьтнаар цоорхой онгоц сэлүүлэн илгээмүй, дээд ноёны алтан амийг авах шахав! хэмээвээс Сүн Жян өгүүлрүүн: - Миний энд сайн онгоц үлэмж арвин байх атал ямар аймшиггүй эрхэм түшмэлийг цоорхой онгоцонд суулгамуй? хэмээхэд Жан Гань Бань өгүүлрүүн: - Эрхин Тайюй-н дээлний хормой норсон атал юуны учир айварлан булхайлмуй! хэмээсэнд Сүн Жян-г багларан дагах таван барсын жанжин жич морь цэргийн найман бяо чи жанжин Ли овогт Юй Хоу, Жан овогт Гань Бань нар Сүн Жян-г ийн тийн хэмээн заан дохиж, элдэв хоёроор өчиж аашлахыг үзээд алах санаа арван давхар оровч ганц Сүн Жян-ээс болгоомжлон гар хөдөлж чадсангүй.
Мөн өдөр Сүн Жян бээр Чэнь Тайюй-г сүйхнээ заларч зарлигийн бичгийг айлдан уншму хэмээн хэдэн зэрэг гуйсан хойно сая алгуураар сүйхнээ гарч суув. Лүлү нараар морь ацруулан Жан, Ли хоёр хүмүүнд унуулсугай хэмээхэд тэр хоёр амьтан бие юүгээ мэдэхгүй нэгэн зэрэг бэрхшээн ларжаалахуйяа Сүн Жян гашуунаар гуйж мордуулсан хойно олон хүмүүн хөгжим үүсгэн хэнгэрэг дэлдэж гурван боомтыг өнгөрөн уулан цайзнаа хүргэж ирэв. Сүн Жян тэргүүлэн зуу илүү дайван нар хойноос дагалцан шударга журмын танхимд удирдан ирээд унасан мориноос буулцсан хойно Чэнь Тайюй-г танхимд залж, эзний хишгийн дарс жич зарлигийн бичгийг танхимын голд тахихуйяа Чэнь Тайюй, Жан, Ли хоёул зүүн этгээдэд зогсож, Сяо Ран, Пэй Сюань баруун этгээдэд зогсов, төдийд Сүн Жян олон дайванг бүртгэж үзвээс зуу найман хүмүүний дотроос ганц Ли Күй ирсэнгүй. Энэ үе чив хэмээн дөрвөн сар орсон тул олон хүмүүн нимгэн хуяг өмсөөд зарлигийн бичгийг сонсохоор танхимд цуглан хөсөр сөгдсөнд Чэнь Тайюй алтан хайрцгийг нээн зарлигийн бичгийг гаргаж Сяо Ран-д хичээнгүйлэн өгөхүйеэ Пэй Сюань бээр ёсыг зарласанд олон хүмүүн мөргөн ёсолсон хойно Сяо Ран зарлигийн бичгийг дэлгэж өндөр дуугаар уншив:
"Зарлигт өгүүлэх нь: Бичгийн ёсоор төрийг амуулж, цэргийн эрдмээр улсыг тогтоомуй, таван ди (эзэн) ёслол хөгжмөөр улс гүрнийг олж, гурван хуан (хаан) алах дайлахаар дэлхий дахиныг тогтоов. Хэрэгт болбоос өөд уруу хэмээн баймуй, хүмүүнд болбоос мэргэн мунхаг хэмээн баймуй. Мөхөс хүмүүн өвөг дээдсийн их үйлийг залгамжилж наран сарны гэгээнийг бадруулснаа дэлхий дахины түмэн иргэн эс дагасан нь нэг ч үгүй. Орчмын өдөр Сүн Жян нар аглаг шугуйд хуран цуглаж, хот балгасыг уулгалан булаахуйяа зүй нь ялыг тоочин тайлан хураамжилбаас зохих бөлгөө. Тийн хэмээвч зуун овогт иргэнийг зовоох болуузай хэмээн эдүгээ тухайлан илбэн дагуулахаар Тайюй түшмэл Чэнь Зүн Шань-ийг элчээр зарав. Жуу бичгийг олсон даруй амуу цалин, зэр зэвсэг, унаа морь, онгоц сал зэргийг бүртгэн авч албан яаманд өргөн тушааж, хулгайн үүрээ эвдэж, хоршооны олноо дагуулан Жин хотноо ирвээс анхны ялыг хэлтрүүлсүгэй. Хэрвээ өөр санааг өвөрлөж миний зарлигаас зөрчвөөс тэнгэрийн цэргийг илгээн өндөг зулзагагүй бусниулмуй, үүний тул зарлиг буулгасныг ёсчлон дагаваас зүй болой.
Сюань Хэ-ийн гуравдугаар оны зуны эхэн дөрвөн сарын .. өдөр илгээв хэмээжээ.
Сяо Ран бээр зарлигийн бичгийг дуудаж барсан хойно Сүн Жян-ын гарын доорх олон жанжин цөм тэсгэлгүй ундуу хүрэв. Төдийд хар хуй Ли Күй гэнэт танхимын нуруунаас үсрэн бууж Сяо Ран-ын гараас зарлигийн бичгийг булаан авч урж хаяад Чэнь Тайюй-г шүүрэн авч нударга зангидан занчсугай хэмээтэл Сүн Жян, Лү Жюнь И дундуур нь тэврэн аваад арай хэмээн хориглон салгаваас Ли Юй Хоу зандан өгүүлрүүн: - Муу боол чи ямар зэргийн хүмүүн хэмээн энэ мэт сүрхий аашилмуй! хэмээхэд Ли Күй чив хэмээн уураа гаргах газар олохгүй асан тул Ли Юй Хоу-г үснээс давхийтэл шүүрэн аваад их дуугаар зандан асууруун: - Жуу бичигт бичсэн нь ямар хүмүүний үг болов? хэмээсэнд Жан овогт шадар дагалт өгүүлрүүн: - Энэ нь хаан эзний зарлиг болой хэмээвээс Ли Күй өгүүлрүүн: - Чиний тэр хаан эзэн манай эндэх сайн эрсийн занг мэдэхгүй, өвөг нараа элсэн дагуулахаар ирээд ийн омог гаргах нь юун! Чиний хаан Сүн овогтой хэмээхэд миний ах ч бас Сүн овогтой, тэр чиний хаан сууж болох атал миний ах юун хэмээн хаан сууж болохгүй аж! Чиний мэтийн муу амьтан хэрвээ энэ хар аавынхаа уурыг хүргэвээс хэзээ нэгэн өдөр эчиж зарлиг бичсэн тэр муу түшмэдийг нэг ч үлдээхгүй дуусган алмуй! хэмээсэнд олон хүмүүн урагш давшин хориглож Ли Күй-г танхимаас түлхэн аваачсан хойно Сүн Жян өгүүлрүүн: - Өршөөлт Тайюй сэтгэлээ сул тавь, үсэн төдий осолдох газар үгүй. Эзний шагнасан дарсыг гаргаж олон хүмүүнд хишиг хүртээсүгэй хэмээгээд эрдэнийн шитгэрт алтан хуарт хундагыг гаргаж Пэй Сюань-аар нэгэн малуу хишгийн дарс ацруулан мөнгөн гадарт цутгуулбаас үзвээс өнгө муутай энгийн дарс байсан тул олон хүмүүн хиртхийн цочиж зэрэг зэргээр танхимаас гарч эчихүйеэ Лу Жи Шэнь төмөр шийдмээ гартаа барьж өндөр дуугаар хараан өгүүлрүүн: - Үхлээ эрсэн өлөгчний зулзага энгийн архийг эзний хишгийн дарс хэмээн биднийг хуурах нь хүмүүнийг үнэхээр дарлахын туйл! хэмээсэнд улаан үст Люй Тан баас илд бүжиглэн үүсгэсэнд, бадарчин тойн Ү Сүн, эсрэг баатар Мү Хүн, есөн луут Ши Жинь тус тус зэвсэг сунган алахаар ирэв. Усан цэргийн зургаан дайван хараал тавьсаар уулнаас бууж эчив. Сүн Жян байдал бусыг үзээд яаран давшиж биеэр халхлаад Тайюй-н биед гар хүрч болохгүй, хурдан сүйх ацран уулнаас хүргэж буугтун хэмээн цэргийн ардад захиа буулгахуйяа дөрвөн этгээдийн олон дайвангийн их хагас нь түрхрэн үймэлдэж гар хөдлөн үүсгэсэнээ Сүн Жян, Лү Жюнь И арга буюу өөрийн биеэр морь унаж Чэнь Тайюй жич нэгэн багийн дагасан ардыг гурван боомт гартал хамгаалан хүргэсэн хойно мориноос бууж хөсөр сөгдөн ял хүлээж өгүүлрүүн: - Сүн Жян нар дагах санаа үгүй бус, үнэнд зарлиг сийрүүлсэн албан түшмэл манай Лян Шань уулын нарийн учрыг мэдэхгүй болой. Хэрвээ эвтэй үгээр тохруулан хэлэлцсэн бөгөөс манай зэргийн олон хүмүүн шударга сэтгэлээр улсад хариулж, түмэнтээ үхэвч гомдохгүй болой. Эрхин Тайюй эзэн төрдөө эгсэн хойно манай төлөө үг засаж айлтгах болов уу хэмээгээд мэндэн сандан олмыг гэтлүүлсэнд, энэ нэгэн анги албан хүмүүн цөс хэмхрэн сүнс зайлаад нисэх мэт довтлон Жижоу Фү-ийн зүг эчив.
Түүнээс Сүн Жян шударга журмын танхимдаа эгсэн хойно дахин олон дайван нарыг цуглуулан хурим тавин уулцах зуур ийн өгүүлрүүн: - Хаан төрийн жуу бичиг хэдий тодорхойгүй хэмээвч танай зэргийн олон хүмүүний цээж бас асар цухал болов хэмээхэд Ү Юн өгүүлрүүн: - Эрхин ах ийн зөрүүлэх хэрэг үгүй! Илбэн дагуулахад эрхгүй өдөр цаг байх тул олон дүү нарыг унтууцан аашлав хэмээн буруушааж хэрхэн болмуй. Хаан төр хүмүүнийг хэцүү хартай хөнгөлөн аваачмуй. Эрхин ахад сануулах учир хэмээвээс эрт орой нэгэн цагт их цэрэг дайлахаар ирэх тул ийн тийн хэмээн өгүүлэхийг байж, морьт цэргийг морь унаагаа сайн тэжээж, явган цэргийг зэр зэвсгээ сайн бэлтгэж, усан цэргийг онгоц салаа сэлбэн зас хэмээн цааз зарлаваас зохимуй. Нэгэн зэрэг зууралдан барилдаж жанжин цэргийг бутартал алан хагас хуягийг ч эгүүлэхгүй, шөнийн зүүдэндээ бас сүрдэн эмээхэд хүрүүлсэн хойно жич дахин зөвлөн хэлэлцсүгэй хэмээвээс олон хүмүүн өгүүлрүүн: - Цэргийн багшийн үг маш зүй болой хэмээгээд хуримын ширээгээ хурааж хувь хувийн цацартай эгэв.
Өгүүлэх нь Чэнь Тайюй Жижоу фү-д эгээд Лян Шань уулнаа эчиж зарлигийн бичиг нээсэн учрыг зүй зүйгээр гаргаж хэлсэнд тайшоу түшмэл Жан Шу Е өгүүлрүүн: - Санаваас та хэдүүл илүү дутуу үг гаргасан буй за? хэмээхэд Чэнь Тайюй өгүүлрүүн: - Би огоот гэн хэмээн дуу гарсангүй болой! хэмээхүл Жан Шу Е өгүүлрүүн: - Нэгэнт зорьсон үйл эвдэрч сэтгэлээ талаар сүйтгэсэн тул эрхин Тайюй эзэн хотноо эртхэн эгж, богд эзэнд айлтгаваас зохимуй, хэргийг алгуурлаваас болохгүй хэмээв.
Түүнээс Чэнь Тайюй бээр Жан, Ли хоёр хүмүүн жич дагах ардыг авч шөнө дүлээр Жин хотноо эгж ирээд цай тайшид ёслон золгож, Лян Шань уулын самуун хулгайн жуу бичгийг урж гутаан хараасан учрыг зүй зүйгээр тоочиж мэдүүлсэнд Цай Жин их л уурлаж: - Ёсгүй самуун хулгай ямар аймшиггүй ийн бусармаглан аашилмуй! Алдар цуут их сүнгийн төр хэрхэн танай зэргийн самуун хулгайг дураар аашлуулж болмуй! хэмээхүйеэ Чэнь Тайюй уйлан өгүүлрүүн: - Тайш хишиг хүртээн ивээсэнгүй боловч доорд түшмэл эрхгүй Лян Шань ууланд бие сүйдэж амь юугаа алдсан бөлгөө! Энэ өдөр үхлийн тамаас амь мултарч өршөөлт ноёнд олж учрав! хэмээсэнд цай тайш яаран цэргийн яамны эрхин сайд Түн Гуань жич Гао Чю, Ян Жянь хоёртой Юй-г яамандаа дуудуулж дайн байлдааны чухал үйлийг зөвдсүгэй хэмээсэнд тэд хэдүүл удсангүй тайшийн яамны цагаан барсын танхим Бай Ху Тан-д ирээд ёслон золгож суулцсан хойно, цай тайш бээр Жан овогт шадар дагалт жич Ли овогт Юй Хоу-г дуудуулж, Лян Шань уулын хулгайн жуу бичгийг урж гутаан хараасан учрыг нарийвчлан асуусанд Ян Тайюй өгүүлрүүн: - Энэ зэргийн өшөөт хулгайг хэрхэн илбэн дагуулсугай хэмээж болмуй? Анх ямар хүмүүн дээш айлтгав? хэмээхэд Гао Тайюй өгүүлрүүн: - Тэр өдөр Гао Чю миний бие бараалхалд асан бөгөөс эрхгүй айлтган хоригломуй, ийн үйлийг хэрхэвч үйлдэхгүй болой! хэмээхүл Түн Гуань өгүүлрүүн: - Бөгөөс мээт дээрэм хуурс мэт хулгайгаас эргэлзэн эмээж юун хиймүй! Эрдэмгүй олдой хүмүүн өөрийн биеэр цэрэг дайчлан өдөр хугацан цаг болзож, усан цайзыг төвшитгөн эгсүгэй хэмээхүйеэ олон хүмүүн: - Эргэх өдөр эзэнд айлтгасугай хэмээгээд тус тус тархаж эчив.
Эргэх өдрийн эртийн бараалхалд олон түшмэл түмэн наст хэмээн гурван зэрэг хашхиран мөргөсөн хойно Цай тайш зэргээс гарч анхны үйлийг айлтган мэдүүлсэнд тэнгэрийн хөвүүн их л уурлаж асууруун: - Урагш өдөр илбэн дагуулсугай хэмээн ямар хүмүүн мөхөс надад айлтгав? хэмээхэд шадар түшмэл өгүүлэгч сайд давшиж айлтгаруун: - Анх өдөр Юй Ши дайфү Цүй Жин-ий бие ийн айлтгасан бөлгөө хэмээсэнд тэнгэрийн хөвүүн бээр Цүй Жин-г баривчлан зөвлөн шийтгэх яам Да Ли Сэ-д тушаан ял асуугтун хэмээгээд бас Цай Жин-ээс асууруун: - Эдгээр хулгай самууныг үйлдэж удсан тул ямар хүмүүнийг илгээвээс сая хураамжилж болмуй? хэмээхэд Цай тайш айлтгаруун:
- Их цэргээр дайлахгүй болбоос дарангуйлан хураамжилж чадахгүй, олдой түшмэлийн санаагаар болбоос цэргийн яамны эрхин сайд өөрийн биеэр цэрэг байгуулан дайлахаар эчвээс сая өдөр хугацан дийлж болмуй хэмээвээс тэнгэрийн хөвүүн цэргийн яамны эрхин сайд Түн Гуань- ийг дуудаж: - Сайд чи цэрэг байгуулан Лян Шань уулын самуун хулгайг дайлахаар эчмүй үү? хэмээсэнд Түн Гуань сөгдөн айлтгаруун: - Эртний хүмүүн “ачлалаар явбаас хүчээ дуусгамуй, шударгаар зүтгэвээс амь юугаа цөлмүй” хэмээсэн тул доорд түшмэл дуртайяа нохой морины хүчээ өргөж сэтгэл зүрхний зовлонг арилгасугай хэмээсэнд Гао Чю, Ян Жянь бас давшиж зэргээр баталсанд тэнгэрийн хөвүүн зарлиг буулгаж алтан тамга цэргийн бичиг хүртээж, зүүн яамны цэргийн эрхин сайд Түн Гуань-ийг их юаньшуай болгож эл газраас цэрэг морь татаж өлзийт өдрийг сонгож Лян Шань уулын самуун хулгайг дарахаар морд хэмээв. Энэ үнэхээр мандалд авиран туг сажихуйяа юаньшуай хэмээн огсойж, жагсаалд буруулан хөмсөг зангидахуйяа хүүхэд мэт авирламуй. Эгнэгт Түн Гуань хэрхэн цэрэг мордохыг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.
Сэтгэгдэл ( 0 )