Дэлхийн улс орнууд Омикрон хувилбар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс хилээ хааж, хязгаарлалтын арга хэмжээнүүдээ дахин тогтоогоод байгаагийн сацуу нутаг дэвсгэртээ хэчнээн тохиолдол бүртгэгдсэнийг илрүүлэхээр яаравчлан ажиллаж байна. Энэ сарын эхээр Өмнөд Африкт анх илэрсэн КОВИД-19-ийн шинэ хувилбар нь халдварлах чадвар өндөр байж болзошгүй байгаа бөгөөд одоогийн байдлаар дэлхийн 25 улс, бүс нутагт бүртгэгдээд байгааг “CNN” телевизийн тоон мэдээлэл харуулж байна.
Тухайлбал, Австрали, Австри, Бельги, БНСУ, Ботсвана, Бразил, Герман, Дани,Израиль, Испани, Итали, Их Британи, Канад, Нигери,Нидерланд, Норвеги,Өмнөд Африк, Франц, Саудын Араб, Чех, Швед, Япон, АНУ-д бүртгэгдсэн байна.
АНУ-ын хамгийн хүчирхэг буюу жилд гурван их наяд ам.долларын эдийн засагтай Калифорни мужид, тэр дундаа технологийн төв болох Цахиурын хөндий орших Сан-Франциско хотод Омикрон хувилбар бүртгэгдсэн нь тус улсын хөрөнгийн зах зээлд томоохон савлагаа, уналтыг бий болгоод байна.
Тухайлбал, лхагва гарагийн арилжааны хаалтын байдлаар Нью-Йоркийн хөрөнгийн биржийн “S&P 500” индекс 1.2 хувь, “NASDAQ” индекс 1.8 хувь, “Dow Jones” 461.7 нэгжээр тус тус унасан байна. Үүний дотор аялал жуулчлалын салбарын хувьцаа хамгийн ихээр уналтад оржээ. Иргэний агаарын тээврийн “American Airlines”-ын хувьцаа ганцхан өдрийн дотор найм, “United Airlines” 7.5 хувь, “Delta Airlines” 7.3 хувиар тус тус буурчээ. Харин зочид буудлын томоохон сүлжээ брэндүүдийн хувьд “Hilton Worldwide” хувьцаа 3.8 , “Wynn Resorts”-ийнх 6.1 хувиар буурсан байна.
Сингапурын Элизабет Новена халдварт өвчний эмч Леон Хо Намын “КОВИД-19-ийн шинэ хувилбар буюу Омикрон хэдхэн сарын дотор дэлхий даяар тархаж магадгүй талаар анхааруулжээ. Тэрбээр "Судалгааны үр дүнгээс харахад Омикрон 3-6 сарын дотор дэлхий даяар тархах бүрэн боломжтой" хэмээн CNBC-ийн "Street Signs Asia"-д өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Одоогийн байдлаар КОВИД-19-ийн нийт халдварын тохиолдлын 99 хувийг Дельта хувилбар эзэлж байгаа юм.
Дельта хувилбар Энэтхэгийн Махараштра мужид өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн тархаж эхэлсэн бөгөөд долоодугаар сар гэхэд дэлхий даяар давамгайлсан билээ.
Модерна компанийн гүйцэтгэх захирал Стефан Бансел өнгөрсөн даваа гарагт Омикроны эсрэг тусгай вакциныг боловсруулж, тээвэрлэхэд хэдэн сар шаардлагатай болно хэмээсэн.
Харин “Pfizer”-ийн гүйцэтгэх захирал Альберт Бурла Омикроны эсрэг вакциныг 100 хоногоос бага хугацаанд буюу гурван сарын дотор бэлэн болгох боломжтой гэж мэдэгдсэн.
Үүнээс гадна ДЭМБ-ын байгууллагын тэргүүн Тедрос шинэ хувилбарын эсрэг ямар эмчилгээ хийвэл үр дүнтэй эсэх, вакцин хэрхэн нөлөөлөх зэрэг нь өнөөг хүртэл тодорхойгүй байгааг онцлоод тус байгууллагын холбогдох судлаачид эдгээр асуултад хариулахаар ажиллаж байна гэжээ.
Тэрбээр "Хэрэв улс орнууд болон хувь хүмүүс Дельтагийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдээ Омикроны эсрэг хэрэгжүүлэхгүй бол уг шинэ хувилбарыг зогсоохгүй" гэжээ.
ДЭМБ-ын тэргүүн мөн аялал жуулчлалыг бүхэлд нь хориглох нь Омикрон халдвараас сэргийлж чадахгүй бөгөөд эдийн засаг болон айл өрхүүдийн амьжиргаанд хүнд дарамт болно гэдгийг мөн тодотгожээ. Долоо хоногийн өмнө буюу уг хувилбар анх бүртгэгдсэнээс хойш олон орон Өмнөд Африкийн орнуудад зорчихыг хязгаарласан. Тухайлбал, АНУ өнгөрсөн даваа гарагт Өмнөд Африк болон бусад долоон орон руу зорчих хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон билээ. Тедрос Ботсвана болон Өмнөд Африкийн орнууд зөв зүйл хийснийхээ төлөө “шийтгүүлж” байгаад харамсаж буйгаа илэрхийлжээ.
Улмаар Даляны бирж дээрх тавдугаар сард нийлүүлэгдэх металлургийн нүүрсний фьючерс 5.3 хувиар нэмэгдэж, өчигдөр өглөөний арилжаагаар нэг тонн 1692 юаньд хүрчээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )