-АН-ын тамганы маргаан Дээд шүүх рүү шилжив-
Монголчууд сөрөг хүчин хаана байгааг сүүлийн хоёр жил хайлаа. Гэсэн ч тамгаа дагаад тасарч алга болсон тэднийг олж чадсангүй. Уг нь УИХ-ын танхимд арав гаруй нөхөр сууж байгаа харагддаг. Яг намын лидер, бодлого тодорхойлох бүтэц гэхээр хүн олддоггүй. Ямартай ч С.Эрдэнэ сүүлийн хоёр жил өөрийгөө намын тамга атгаж буйгаа зарлаж явлаа.
Тэрбээр УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн дундуур М.Тулгатыг намын даргаар тодруулаад амжсан. Тэгвэл саяхнаас С.Эрдэнэ мөн л өөрийгөө намын даргын тамгыг албан ёсоор эзэмшигч хэмээн хэлэв. Энэ хугацаанд УИХ-ын гишүүн Ц.Туваан, О.Цогтгэрэл тэргүүтэй нөхөд өөрсдийгөө жинхэн АН гэж тодорхойлсон юм. Сүүлдээ улс төр сонирхогчид битгий хэл тус намын жинхэнэ гишүүд хүртэл өөрсдийгөө яг аль намд харьяалалтай гэдгээ ойлгохоо байсан. Сөрөг хүчний даргын төлөөх эрх мэдэл, тамганы маргаан ингэтлээ утгаа алдсан гэж болно.
АН-ынхан ардчиллын төлөөх таван нам нэгдсэн 21 дэх жилийн ойн энэ өдрүүдээ хоёр талцан тэмдэглэж байгаа нь ийм шалтгаантай. Тэднийг энэ өдрүүдийг далимдуулан эв эеэ олох нь уу гэтэл, өнгөрсөн амралтын өдрүүдийг нэг талд бөх барилдуулж, нөгөө талд билльярд тоглуулж өнгөрөөсөн. С.Эрдэнийн АН-аас Анхдугаар Үндэсний чуулган зарлаж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааны мөсөн өргөөнд 1206 төлөөлөгч цуглуулсан бол О.Цогтгэрэлийн намынхан “Иргэний ардчилал” үндэсний хөдөлгөөний хүрээнд гэр хорооллын иргэдтэй уулзалт хийж байх жишээтэй. Үүний өмнө О.Цогтгэрэлийн АН-ынхан хуралдаж, нөгөө л тамганы асуудлаараа Дээд шүүхэд хандсан. Хоёр тусдаа болсон хурлын оролцогчдын хувьд О.Цогтгэрэлийн тал намын гишүүдийг хамруулсан байдал, нийт гишүүдийн дэмжлэгийн хувьд арай илүү байгаа нь харагдсан.
Энэ мэтээр АН-ынхан өнөөдөр ч хоёр талцсан байдалтай байна. Үүний хажуугаар АН-ын тамганы маргаан өнгөрсөн баасан гарагт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон. Уг хуралдаанаас О.Цогтгэрэлийн АН-ын өмгөөлөгч А.Базарын гомдлын дагуу Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна. Анхан шатны шүүхээс өнгөрсөн сард С.Эрдэнэд тамга олгосон шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхгүй гэж шийдээд байсан билээ. Энэ маргаан өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулийн дүнгээс эхтэй бөгөөд тухайн үед С.Эрдэнэ намын даргаа АН-ын даргын түр үүрэг гүйцэтгэгч Ц.Туваанд шилжүүлсэн байдаг. Удалгүй тэдний хооронд маргаан үүсэж, С.Эрдэнэ намын даргаа үргэлжлүүлэн хийхээр болсноо зарлаж, АН-ын тамгыг буцааж авах шаардлагыг тавьсан. Гэвч Ц.Туваан түүний шаардлагыг биелүүлээгүй учир эрх бүхий төрийн байгууллагад хандсан юм. Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас холбогдох шалгалтуудыг хийгээд дүгнэлтээ “АН-ын тамгыг хууль ёсны дарга С.Эрдэнэд шилжүүлэх нь зүйтэй” гэдэг шийдвэр гаргаж байлаа. Тэгвэл Давж заалдах шатны шүүхээс Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байна.
Ийнхүү АН-ын тамганы маргаан Дээд шүүх рүү шилжив. Өөрөөр хэлбэл, АН-ын удирдлагыг өөр өөрсдийнхөө үзэмжээр өмчлөн хэдэн мянгуулаа цуглаад ч хууль ёсоор нэгдэж чадахгүй нь ойлгомжтой боллоо.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Маш харамсалтай...2 нам хоёулаа түүхийн өмнө хариуцлага хүлээх л болно... Туваан гэдэг дүнхүүд тамга. өгсөн нь буруу болж.. Мухар үхэрт худаг бүү үзүүл гэдэг.. Мулгуу царайт!!
Гайтай МАНЖАНХУУД ЗАЙЛААД ӨГӨӨЧ НОВШНУУД
Бөхийн холбооны маргаан шиг олон жил үргэлжлэнэ шүү.Одоо зүгээр эртхэн Баттулга шинэ нам байгуулаад яавсан нь дээр
Yaamaar ch ym bde