МАН-ын 30 дахь Их хурлын эхэнд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн дор илтгэл тавьсан.
Ерөнхий сайдын олонд хүргэсэн илтгэл нь ерөнхийдөө эдийн засгийн тусгаар тогтнолын төлөөх бодлого байв. Тиймдээ ч илтгэлээ “Зууныг эхлүүлэх Зургаан сэргэлт буюу Шинэ сэргэлтийн бодлого” хэмээн нэрлэжээ. Тухайлбал, “Боомтын сэргэлт”, “Эрчим хүчний сэргэлт”, “Аж үйлдвэржилтийн сэргэлт”, “Хот хөдөөгийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт” гэсэн зургаан үндсэн сэдвийн дор илтгэл тавьсан. Боомтын хувьд бол яах аргагүй шинэчлэх сэргээх ёстой зүйлийн нэг учраас төрийн эрх барьж байгаа намын дарга, Ерөнхий сайдын хувиар бодлогодоо тусгасан байх.
Тиймээс боомтуудын тухайд онцлон дурдъя.
Илтгэлд дурдсанаар боомтуудын нэвтрэх чадварыг олон улсын түвшинд хүргэх цогц шинэчлэл хийж, боомт түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс болон шинэ хотуудыг байгуулах ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ хэмээсэн нь өдгөө бидэнд нэн хэрэгтэй зүйл юм.
Тус зорилтын хүрээнд үндэсний 5600 орчим километр үндэсний төмөр замын сүлжээ байгуулж, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох аж. Мөн “Улаанбаатар” төмөр замын Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хос төмөр зам барьж хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх, Ханги, Цагаандэл, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт боомтуудыг автозамаар холбох, Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 километр хурдны зам барих, агаарын тээврийн либералчлалыг эхлүүлж, Шинэ нисэх онгоцны буудлыг Ази-Европыг холбосон агаарын тээврийн дамжин өнгөрөх төв болгон өргөжүүлэх зэрэг ажлыг тус тус хийх юм байна.
Хил хязгаар, боомтын үйл ажиллагаа шинэлэг, идэвхтэй байж сая эдийн засагт шинэ сэргэлт бий болох учраас Их хурлын төлөөлөгчид ч таатай хүлээн авна билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ичгэвтэр юм даа...