МАН-ын Их хурал дээр ХЭН, ЮУ ХЭЛЭВ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 08

МАН-ын ХХХ Их хурал “Улаанбаатар палас”-т болж өндөрлөлөө. Тус хурлын эхний өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулсан бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Шинэ зуун дэвшилтэт бодлого” сэдвийн хүрээнд илтгэл тавьсан. Үүний дараа тооллогын комисс байгуулж МАН-ын даргын асуудлыг хэлэлцсэн ба хуралд оролцсон төлөөлөгчдийн дунд явуулсан нууц санал хураал­таар МАН-ын даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонгосон билээ. 

МАН-ын Их хурлын үеэр улс төрийн албан тушаалтнууд хийгээд тус намын гишүүд хэрхэн байр сууриа илэрхийлснийг тоймлон хүргэж байна.

У.Хүрэлсүх: Улс төрийн намын тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээний хэсгээс:

-Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, хуулийн дагуу намын гишүүнч­лэлээсээ түдгэлзсэн ч Монголын улс төрийн ууган хүчин, МАН улс орныхоо хөгжил дэвшлийг түүчээлэхийн зэрэгцээ ард түмний­хээ итгэл сэтгэлийг ямагт дааж байгаасай гэж чин зүрхнээсээ хүсдэг билээ.

Мөн түүнчлэн, МАН ард иргэдийнхээ санаа бодол, шүүмжлэл, зэмлэл, шаардлагыг байнга сонсож, сонор соргогоор хүлээн авдаг, үнэлэлт дүгнэлт хийж, алдаа дутагдлаа засаж, амжилт ололтоо бататга­даг, Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө, нийгэмд шударга ёсыг тогтоохын төлөө, Монгол хүн байгалийн баялагтаа эзэн байхын төлөө ард түмэнтэйгээ хамт тууштай тэмцэж чаддаг улс орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, ард иргэдийнхээ дунд амьдардаг ард түмнээрээ овоглосон ардын нам байж чадна гэдэгт Төрийн тэргүүний хувьд итгэл төгс байна.

Аливаа улс төрийн нам нь нийгмийг бүрдүүлэгч эд, эс болохынхоо хувьд нийгмийн хөгжилтэйгөө хөл нийлүүлэн төлөвшин хөгжиж байх учиртай. Улс төрийн намууд нам дотроо ч, намууд хоорондоо ч эв эетэй байж, шударга ёсыг дээдлэн улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө санаа бодлоо нэгтгэн, ард түмнээ улс төрөөр талцуулан хуваахгүй, нийгмийн тогтвортой байдлыг ханган эв нэгдэлтэйгээр хамтран ажиллах шаардлагатай цаг үе болоод байна. Цаашид Монголын улс төрийн намууд нь улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө санал санаачилга гарган хөгжлийн бодлогоороо өрсөлддөг бодлогын институт болон төлөвшиж, гишүүд дэмжигчид нь ёс суртахуунтай нийгмийг манлайлагч байж, дэвшилтэт ардчилсан үзэл санаа, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлдэг орчин цагийн улс төрийн хүчин болохын төлөө чармайн зүтгэх ёстой. Тиймээс миний бие Ерөнхийлөгчийн хувьд Улс төрийн намын тухай хуулийг санаачлан УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх болно гэдгээ энд тэмдэглэн хэлье.

Д.Амарбаясгалан: Авлигын хэрэгт холбогдсон хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхгүй

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:

-МАН цаашдаа илүү дэвшилтэт буюу намын дотоодод байгаа улс төрийн ажил албан тушаал эрхэлж байгаа албан тушаалтнуудын хариуцлага, ёс зүйн байдалд ихээхэн анхаарч ажиллана. МАН-ыг засгийн эрхийг барьж байх хугацаанд төрд болон улс төрийн албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчид авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой асуудал, хүний эрхийг хэрэгжүүлэх чиглэлээр санал санаачилгатай ажиллахыг шаардаж ажиллана.

Нийгэмд хандлагын томоохон өөрчлөлтийг авчрахыг бид зорьж байгаа. Улс төрийн нам дотоод дүрэм, журам, ёс суртахуун, ёс зүй, хариуцлага ярьдаг болж чадсанаараа нийгмийн хандлагыг өөрчлөх суурийг тавина гэж үзэж байгаа. Намынхаа дүрэм, хөтөлбөрт авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон этгээдүүдэд улс төрийн хариуцлага тооцох механизмыг бодитоор хийж өгнө. Уг дүрмийн өөрчлөлтийг маргаашийн (өнөөдөр) хурал­даанаар хэлэлцэнэ. Өөрөөр хэлбэл МАН-ын дүрэмд аливаа гэмт хэрэгт холбогдсон этгээд улс төрийн дэмжлэг авдаг байдлыг таслан зогсоох заалтуудыг оруулж байна. Авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүнийг шат шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй.

Гэмт хэрэгт холбогдоод яллагдагчаар татагдсан тохиолдолд шууд намын гишүүнээс түдгэлзүүлдэг, шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол гишүүнчлэлээс хасах заалтууд оруулна. Дараагийн сонгуульд зөвхөн ялалт байгуулахын төлөө бус нийгэмд тулгамдсан томоохон хүндрэл бэрхшээлийг сууриар нь өөрчлөхийн төлөөх санаачилга, эхлэлийг тавьж байгаа нь Их хурлын бас нэг зорилго.

Б.Жавхлан: Ирэх жил Гашуунсухайт боомтын төмөр замыг ашиглалтад оруулна

Сангийн сайд Б.Жавхлан:

-Манай улс далайд гарцгүй, хоёр том хөрштэй, хоёр том зах зээлтэй хиллэдэг улс. Өөрөөр хэлбэл экспортын хоёр том далайтай хиллэж байна гэсэн үг. Тэгэхээр бүтээмж агуулсан аж үйлдвэржилтийн сэргэлтийн эцэст экспортоо хүссэн хэмжээгээр дэлхийн зах зээлийн үнээр экспортлох нь хамгийн чухал. Үүний хамгийн гол гарц нь боомтууд бөгөөд боомтод хүргэх дэд бүтэц юм. Үүнийг шийдсэнээр экспортын бүх бүтээгдэхүүний өртөг хямдарна. Бараа эргэлт хурдасна. Бид хүссэн хэмжээгээрээ цаг алдалгүй бүтээгдэхүүн түүхий эд экспортлож чадах юм.

Одоо бид хоёр хөрштэйгөө 42 боомтоор харилцдаг. Үүний 26 нь хойд хөрштэй, 13 нь урд хөрштэй, дөрвөн агаарын боомттой. Боомтын сэргэлтийн хүрээнд хийж гүйцэтгэе гэж байгаа бүтээн байгуулалтууд, ажлын үр дүнд боомтын эргэлт 3-5 дахин нэмэгдэнэ гэж харж байгаа. Энэ нь бүх салбарууд руу үр дүнгээ өгнө. Тухайлбал, ирэх жил Гашуунсухайт боомтын төмөр замыг ашиглалтад оруулна. Хил давуулж хийх терминалуудаа барьж эхэлнэ. Урд хөрш боомтууд руу бүх бүтээн байгуулалт дэд бүтцээ тулгаад авчирчихсан. Гэвч манайх л хоцорчихоод байгаа. Иймээс дэд бүтцүүдээ залгах зорилготой байна.

Түүнчлэн сүүлийн үеийн терминалуудыг байгуулах, хилийн хяналтын байгууллагуудыг цахимжуулах, төвлөрүүлэх ажлуудыг хийнэ. Ирэх дөрвөн жилийн хугацаанд эхний үр дүнгүүд гарах болно. Ирэх онд 36.5 сая тонн нүүрс экспортолно гэж зорьсон. Боомтын шинэчлэлийн ажлууд үр дүнгээ өгөөд ирэхээр экспортын хэмжээ нэмэгдэх юм. Боомтууд гэдэг бол түүхий эд татах, экспортлохоос гадна аялал жуулчлалын маш том салбар. Бүс нутгийн зам, тээвэр болон төмөр замын сүлжээнд орох нь бидний том зорилт, бодлого байх болно. Тэгэхээр энэ маань эдийн засаг нийгмийн хөгжлийг ойрын хугацаанд боймлож байгаа хязгаарлагч хүчин зүйл болж байна гэж үзэж байгаа юм.

Н.Тавинбэх: Эрдэнэбүрэнгийн УЦС баруун таван аймгийг эрчим хүчээр хангана

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:

-Өнөөдрийн байдлаар цахил­гаан дулааны эрчим хүчний хэрэг­лээ үйлдвэрлэлээсээ давчихсан явж байна. Энэ нь цаашид өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах боломжгүй. Тийм учраас цаашид эдийн засгийг сэргээхийн тулд дулаан цахилгааны эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, шинэ эх үүсвэрийг яаралтай барьж байгуулах шаардлага бий. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан эдийн засгийг сэргээх төлөвлөгөөнд бид 16 эх үүсвэрийг барьж, ашиглалтад оруулахаар тусгасан.

Гурван чиглэлээр эдгээрийг барьж байгуулна. Эхнийх нь одоо байгаа дулаан цахилгааныхаа эх үүсвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөтгөх, хоёрт хатуу түлшээр ажилладаг эх үүсвэрүүдийг шинээр барих, гуравт дэлхий нийтийн жишигт нийцсэн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг барина. Ховд гол дээр баригдаж байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун таван аймгийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах боломжтой болно.

Мөн Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн 450МВт-ын хүчин чадалтай Тавантолгой дулааны цахилгаан станцыг барьж байгуулснаар Оюутолгойн ордыг энэ эх үүсвэрээс бүрэн хангах боломжтой болно. Ингэс­нээр Оюутолгой компанийн жилд дунджаар 110-120 сая ам.доллароор гаднаас эрчим хүч авч байгааг зогсооно. Түүнчлэн төвийн бүсийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах боломжтой болох юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top