ОУВС: Ядуу буурай орнуудын 60 хувь ӨРИЙН ДАРАМТАД орсон

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 08

Олон улсын валютын сан (ОУВС) дэлхийн хамгийн ядуу орнуудын 60 хувь нь аль хэдийнээ өрийн дарамтад орсон байгааг анхааруулжээ. ОУВС-гаас "Их 20"-ийн гишүүн орнуудад хандаж, ядуу буурай болон хөгжиж буй орнуудын зэлийн эргэн төлөлт болоод хүүг нь царцаах  санаачилга хэрэгжүүлсэн нь энэ  оны эцэст дуусахаар байгаа юм. Ингэснээр бага орлоготой орнууд өр төлбөрөө барагдуулахад улам хэцүү болохоор байна.

ОУВС-гийн удирдлагууд өндөр хөгжилтэй, баян орнуудад хандаж ядуу буурай орнуудад туслахын тулд зээлийн эргэн төлөлтөө хойшлуулахыг дахин уриалжээ. “Өнгөрсөн жил эхлүүлсэн “Их 20”-ийн өрийн төлөвлөгөөний хүрээнд 10.3 тэрбум гаруй ам.долларын тусламжийг эрх бүхий 40 гаруй оронд олгосон байна.  Улс орнуудын нэг нэгэндээ итгэх итгэлийг бий болгож, өрийн эмзэг байдал нэмэгдэж буй бусад улс оронд туслах зураглалыг бий болгохын тулд хурдан арга хэмжээ авах шаардлагатай” гэдгийг  ОУВС-гийн тэргүүн Кристалина Георгиева онцолжээ.

Дэлхийн банкны мэдээллээр цар тахал нь ядуу буурай орнуудад хүндхэн цохилт болж, дэлхийн хэмжээнд 100 сая гаруй хүнийг нэн ядуусын эгнээнд шилжүүлэхээр байгаа юм. Түүнчлэн  Аргентин, Эквадор, Ливан, Белиз гэсэн дөрвөн улс өрөө төлөх санхүүгийн чадваргүй болсноо зарласан бол саяхан буюу өнгөрсөн арваннэгдүгээр сард Суринам, Замби зэрэг улс тэдний эгнээнд шилжсэн юм. Ирэх жил энэ жагсаалтад хэдэн улс багтахыг таашгүй.

Сүүлийн 10 жилийн хугацаанд буюу 2008-2009 оны дэлхийн санхүүгийн хямралаас хойш өрийн асуудал улам бүр хурцаар хөндөгдөх болсон. 2019 онд цар тахал  эхлэхээс өмнө өрийн тогтвортой байдлын шинжилгээг 69 улсад хийж үзэхэд тал хувь нь аль хэдийнээ өрийн хямралд орсон эсвэл эрсдэл өндөртэйд тооцогдож байв. Ийм байдалд хүрэхэд хөгжингүй орнуудын мөнгөний зөөлөн бодлого нөлөөлсөн гэж зарим шинжээч үздэг.

Энэ хугацаанд орлого багатай орнуудын төсвийн алдагдал их хэмжээгээр нэмэгдэж түүнийгээ ихэнхдээ гадаад зээлээр санхүүжүүлж ирсэн юм. Үр дүнд нь гадаад өр огцом нэмэгджээ

Цар тахалтай холбоотой баян ч бай, ядуу ч бай, улс орнуудын өр, зээлийн хэмжээ ийнхүү эрс нэмэгдсэн. Чинээлэг улс орнуудын хувьд өрийн дарамтаас гарах нь тийм ч хүндрэлтэй асуудал биш байж болох юм. Харин хөгжиж буй улсын хувьд өрийн дарамт туйлын хүндээр тусна.

2020 онд хөгжиж буй орнуудын төсвийн алдагдал нь хоёр дахин нэмэгдсэн бөгөөд үүний улмаас бий болсон өрийн хэмжээ тухайн улс орны хөгжлийг олон жилээр хойш чангаах нь тодорхой юм.

Өнгөрсөн оны аравдугаар сард Дэлхийн банкны ахлах эдийн засагч, хямралын онолын томоохон шинжээчдийн тоонд багтдаг Кармен Рейнхарт, “Хөгжиж буй орнууд дахин шинээр зээл авахгүйгээр хямралыг даван туулж чадахгүй. Тэдэнд урд өмнө хэзээ ч тулгарч байгаагүй өрийн шок заналхийлж байна” гэж анхааруулсан юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
n1(66.181.181.103) 2021 оны 12 сарын 08

mongolia

0  |  0
Top