Д.Дэмбэрэл: Албан тушаал дээр МАН, МАХН гэх яриа цухалзаж байгаа нь үнэн

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 12 сарын 08

МАН-ын 30 дахь Их хурал өнгөрсөн даваа, мягмар гарагт болж өнгөрлөө. Тэд Их хурлаараа намын даргаа батламжилж, намынхаа дүрэмд өөрчлөлт орууллаа. Түүнчлэн долоон тогтоолыг баталж, намын Бага хурлынхаа гишүүдийг шинэчиллээ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэлтэй цөөн хором ярилцлаа. 


-Төрийн эрхийг барьж байгаа танай нам 30 дахь Их хурлаа хийлээ. Энэхүү хурлаараа намын дотоод дүрмээ шинэчилж, өөрчлөлт оруулж баталлаа. Тухайлбал, авлига болон албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон, тэр нь шүүхээр тогтоогдсон бол намаасаа хөөх, намын дэмжлэг үзүүлэхгүй байх заалт орсон нь анхаарал татаж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Тухайн хүн авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн нь тодорхой болсон бол намаасаа түдгэлзүүлэх, намаасаа гарах, бүр намын дэмжлэг авахгүй байх зарчмыг л тусгасан. Авлига, албан тушаалтай тэмцэхийн тулд нам өөрсдөөсөө эхлэх ёстой. Дотооддоо цэвэрлэх ёстой, авлига болон албан тушаалын гэмт хэрэг үйлдэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж өгөх шаардлагатай. Энэ хүрээнд намын Их хурлаар зарчмын хэд, хэдэн чухал өөрчлөлтийг хийлээ. 

Жишээ нь, авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон, тэр нь шүүхээр тогтоогдсон бол нам намын сонгуульт ажил, шат шатны төрийн сонгууль, намын албан тушаалд төрд санал болгодог ажлуудад дэмжлэг үзүүлэхгүй. Үүнийгээ тодорхой хэлсэн. Хэрэв албан тушаалтын авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон бол өөрөө наад асуудлаа шийд. Намаасаа түдгэлз. Дараа нь хууль хяналтын байгууллага, холбогдох газраар нь шалгуул. Ямар шийдвэр гарав гэдгээ намдаа мэдэгдэж бай. Асуудалгүй гэж үзэх юм бол намдаа үлдэж болно. Эсрэгээрээ асуудалтай гэж үзэх юм бол намд зай байхгүй шүү л гэсэн санаа юм.

-Тэгэхээр өнгөрсөн хугацаанд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, тэр нь шүүхээс шийдэгдсэн нэр бүхий гишүүдэд хариуцлага тооцно гэсэн үг үү. Тухайлбал, хамгийн ойрын жишээ гэхэд УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваа авлигын хэрэгт холбогдож, хэрэг нь шүүхээр шийдэгдсэн. Одоо УИХ-ын гишүүн Д.Анандбазарт холбогдох хэрэг хууль, хяналтынханд шалгагдаж байна. Энэ мэтээр хэрэгт холбогдсон намын гишүүдээ яана гэсэн үг вэ. Тэднийг намаасаа хөөх үү? 

-Намын дүрэмд орсон өөчлөлт, шийдвэр бол гарсан өдрөөсөө эхэлж хэрэгждэг. Хойшоо л ярьдаг шүү дээ. Өмнөх зүйл бол яах вэ, хуучин дүрмээрээ л явна. Хуучин журмаараа хуулийн дагуу л явдаг.  Харин энэ цаг үеэс хойш намын гишүүддээ тавьж байгаа шаардлага, намын дүрэмд тусгагдсан дагуу явна. Хэдийгээр энэ нь хүний эрхтэй холбогдсон юм шиг боловч бид өнөө цагт намынхаа дүрмээр намын гишүүддээ ийм шаардлага тавихаас өөр замгүй болж байна. Энэ бол нам гишүүдтэйгээ, тэр дундаа авлига, албан тушаалын гэмт хэрэг, ёс зүйтэй холбоотой өөрчлөлт юм. 

-Ингэхэд энэ удаагийн намын Их хурлаасаа МАН-ынхан үзэл баримтлалаа Социал димакрот гэж тодорхойллоо шүү дээ?

-Цоо шинэ зүйл биш шүү дээ. Манай намын 23, 27 дахь Их хурлын дүрэмд орчихсон зүйл юм. Социал димократ үзлийг гэдгээр тодотгол хийж байгаа. Үүнд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Нийгмийн ардчилал гэсэн үг бий. Нийгмийн гэдэг нь социал, ардчилал гэдэг нь димократ л байхгүй юу даа. Тэгэхээр социал димократ гэдгийг бид аль эрт, Монголын дээд зэргийн орчуулагч хүмүүсийн орчуулгаар "Нийгмийн ардчилал" гээд хэлчихсэн шүү дээ. Тэр чинь социал димократ гэдэг үгний орчуулга юм. Манай намын дүрэмд хаалтанд "Нийгмийн ардчилал", социал димократ үзлийг баримталсан гээд өмнө нь байсан. Яах вэ, манай залуус орчин цагт гадны соёлыг дагна гэдэг талаас нь ойлгож байхыг үгүйсгэхгүй. Энэ бол орчуулгын зүйл гэж ойлгох хэрэгтэй. Нийгмийн ардчилсан үзэл санаа бүхий нам гэж тодотголоо. 

-МАН-ын 30 дахь Их хуралд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр үг хэлсэн. Тэрбээр хэлсэн үгэндээ МАХН гэх үгийг байнга хавчууллаа. Эндээс МАН, МАХН гэх хоёр намын нэгдлийн асуудлыг хөндөж асуухаар байна. Өнгөрсөн хугацаанд хоёр нам бүрэн нэгдэж чадсан уу? 

-Уг чанараараа бол нэг л нам. Манай нам анх Улсын Дээд шүүхэд 1990 онд МАХН бол Ардын нам ч мөн, МАН бол МАХН ч мөн гэсэн агуулгаар бүртгүүлсэн юм. Сүүлд МАХН анхныхаа нэр МАН-аар нэрлэхээр МАХН гэдэг нэрийг аваад гараад явчихсан. Улсын Дээд шүүх өөрийнхөө өмнө нь бүртгэсэн зүйлээ мартсан эсэхийг мэдэхгүй. Эсвэл ойлгоогүй юм уу, намынхаа нэрийг өөр намд өгсөн. Энэ яваандаа нийлэхээс өөр аргагүй болсон. Түүхээ яриад эхэлдэг, ойгоо тэмдэглэх болоод ирэхээр нэг л зүйлийг ярьдаг. Энэ ч утгаараа хоёр нам нэгдсэн. 

-Гэхдээ нэгдэл нэрийн доор хоёр намын залуусын дунд маргаан өрнөсөөр байгаа юм биш биз дээ?

-Өнөөдрийн хувьд квотын тухай, намын Бага хуралд орох хүмүүсийн тооны тухай, удирдах албан тушаалд нэрийг нь дэвшүүлэхэд манай, танай нам гэх зэрэг зүйл цухалзаж байгаа харагддаг. Яах вэ, Н.Энхбаяр даргын ярианд МАН, МАХН гэж аль алийг нь хэлсэн байна билээ. Гаднын хүмүүст бол энэ хоёр нам одоо хүртэл учраа сайн олоогүй байгаа мэтээр харагдаж болно. Гэхдээ энэ Их хурлаас цааш тэгж ярихгүй гэдэг утгаар хэлсэн байх гэж бодож байна. Нэгдмэл нэг байя, танай манайх гэж ярихаа больцгооё. Цаашид минийх, чинийх гээд байх юм бол явахгүй. Энэ тал дээр тохиролцсон гэж бодож байна. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(66.181.179.76) 2021 оны 12 сарын 10

Энэ өвгөн одоо бас юучив дээ.

0  |  0
Иргэн(192.82.78.18) 2021 оны 12 сарын 08

Хооронд нь яс хаясан зүйл санаатайгаар асууж бна. Энэ сэтгүүлч

0  |  0
Top