Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ЛЯН ШАНЬ ФҮ АРВАН ЗҮГТ ЦЭРЭГ МОРИЙГ БҮГҮҮЛСЭН СҮН ГҮН МИН ХОЁР ЗЭРЭГ ТҮН ГУАНЬ-ИЙГ ДИЙЛСЭН
Өгүүлэх нь мөн өдөр Сүн Жян-ын жагсаал дахь өмнөд ангийн хошууч цэрэг гурван багийн цэрэг морь эсрэг этгээдийн жагсаалд ив даран ороод нэгэн зэрэг алсанд Түн Гуань-ий цэрэг морь их л дарагдаж од харваж үүл сарних мэт хохирон сүйдэж, цэргийн эрс хуягийн ард харангаа гээж хэнгэргээ орхиж, жадаа бялуудан сэлмээ хаяж хөвүүнээ дуудан эцгээ бархирч ахаа эрэн дүүгээ сураглаж, түм илүү хүмүүн морио автаад, гучин газрын үзүүр ухарч хүрээ байгуулан буусанд Ү Юн жагсаалын ардаар харанга цохиулан цэрэг хураагаад цааз зарларуун: - Баахан сүр үзүүлэн айлгаваас барав, тавихгүйгээр нэхэмжлэн алах хэрэггүй хэмээгээд цэрэг хураан цайзнаа эгсэн хойно тус тусын гавъяа юугаа мэдүүлэн шан хишиг хүртсэнийг өгүүлэхгүй.
Жич өгүүлэх нь Түн Гуань их л дийлэгдэж цэрэг морио автаж ухраад цацар босгон хүрээ буусан хойно дотор цухалдан сэтгэл бухимдах тул олон жанжныг хуруулж зөвлөхүйеэ Фэн Мэй, Би Шэн хоёр жанжин өгүүлрүүн: - Дээд түшмэл зовох хэрэггүй, уулан хулгай албан цэргийн дайлахаар ирэхийг туршиж мэдээд урьдаас ийм жагсаалыг засав. Албан цэрэг анх ирээд үнэн ташааг мэдсэнгүй тул зусар хулгайн зальхай арганд унав. Хулгана мэт өчүүхэн хулгай түгшүүрт бартаагаар түшиг болгож цэрэг морио үлэмж бүгүүлж, цуу гарган сүр мандуулсанд санамсаргүй нэгэн цаг газрын ашгийг алдсан болой. Бид эдүгээ явган морьт жанжин цэргээ тэгшлэн боловсруулж гурван өдөр бие амарч хурц сүрээ дахин мандуулсан хойно цэрэг морио урт могойн ёсоор жагсаагаад явган цэргээр даран орсугай. Энэхүү жагсаалыг урт могойн байдлаар засах тул тэргүүнийг нь дайрваас үүл нь өмөглөж, сүүл нь байлдваас тэргүүн нь тусалж, биеийг нь цохивоос тэргүүн сүүл зэргээр өмөглөн хэлхээ мэт харилцан нийлэлдэх тул нэгэн зэрэг таслан байлдваас их гавъяа магад бүтмүй хэмээхэд Түн Гуань өгүүлрүүн: - Энэ арга их л сайн, чив хэмээн миний санаанд нийлэв хэмээгээд цааз зарлиг захиа буулгаж олон цэргийг тэгшлэн засаж, энэ ёсоор боловсруулан сургав.
Гуравдугаар өдөр болсон хойно таван жинд цэргийг бутаалж жанжин цэргийг цадтал идүүлээд хүлэг моринд арьсан хуяг дарж, хуяг цэрэгт төмөр хуяг өмсгөж, хурц илд торгон сэлэм зүүж, хатуу нум хөнгөн сум агсаад харвах сум үлээх салхи мэт мордов. Их жанжин Фэн Мэй, Би Шэн өмнө гавшгайлан цэргийг удирдаж, үерийн ус түлхэх мэт Лян Шань уулын зүг чиглэн эчив. Найман замын цэрэг морь хоёр замаар мордон хөдөлж гурван зуун төмөр хуягт туршуулч цэргийг өмнө илгээж мэдээ авуулахуйяа хойш ирж Түн Гуань-ий дундад цэрэгт мэдүүлрүүн: - Өмнө этгээдийн байлдах талбарт цэрэг морь нэг ч харагдахгүй хэмээсэнд Түн Гуань ихэд гайхаж, өөрийн биеэр өмнөд цэрэгтэй одож Фэн Мэй, Би Шэн-ээс асууруун: - Цэрэг ухарваас ямар? хэмээхүйеэ Фэн Мэй өгүүлрүүн: - Ухрах сэтгэл төрөгдөж болохгүй, ганц дайран орвоос барав, урт могойн жагсаалыг нэгэнт зассан тул эмээх хэрэг юун? хэмээв. Түүнээс албан цэрэг зам эвхэн явсаар нуурын хөвөөнөө ирвээс цэрэг морь нэг ч үзэгдэхгүй, нүдний өмнө униар хүдэн татаж хулс зэгс цайрах бөгөөд алсын үзүүр нуурын дундах уулан цайзнаа гүйлсэн шар туг дарвалзан үзэгдэвч хүмүүний чимээ огт үгүй. Түн Гуань бээр Фэн Мэй, Би Шэн нарын хамт их цэргийн өмнө морин жолоо татаж, нүд өргөн үзвээс хөхөвтөр хулсан бүрх дарж, ногоовтор өвсөн нөмрөг хэдэрсэн нэгэн хүмүүн чанад эргийн зэгсэн ой дахь хөнгөн завьд сууж гөх хаян загас гохдох тул, Түн Гуань-ий шадар асан явган цэрэг наад хөвөөнөөс загасчны зүг: - Уулан хулгай хаана баймуй? хэмээхэд тэр загасчин огт хариу өчихгүйд Түн Гуань мэргэн харваач нарыг дуудан харва хэмээсэнд хоёр морьтон урагш давхин нуурын хөвөөнөө ойртож ирээд нум юугаа шүүрэн авч зэв онилон дүүртэл татаад зүрхэн эхийг нь чиглэн сүрхийтэл харваж илгээснээ нисэх зэв чив хэмээн хулсан бүрхийг онож дингар хэмээх дуу гармагц нуурын уснаа унав. Нөгөө морьтон нь зэв сугалан харвахуйяа түв хэмээн өвсөн нөмрөгнөө тусаж дингар хэмээх дуу гармагц харвасан зэв мөн даруй усанд унав. Энэ хоёр морьт цэрэг болбоос Түн Гуань-ий цэргийн доторх тэргүүн зэргийн мэргэн харваач болох тул тэр хоёул ихэд цочиж морь эгүүлэн хойш ирж Түн Гуань-ий зүг мэхийн ёслоод: - Тэр хүмүүн ямар хуяг өмссөнийг мэдэхгүй, харвасан зэв оносон боловч хараахан нэвтэлж чадсангүй хэмээсэнд Түн Гуань дахин харваж намнахад шалгаран цагаарсан гурван зуун туршуулч морьтныг нуурын хөвөөнөө илгээж унь холбон харвуулахуйд тэр загасчин самуун зэвээс самгардан эмээсэнгүй, олонх зэв нь усанд тусаж, зарим зэв нь завин хавтаст гадав, өвсөн нөмрөг хулсан бүрхийг оносон зэв нь цөм усанд унав. Түн Гуань бээр түүний сум орохгүйг үзээд уснаа умбаж чадах цэргийн ардыг дуудан хуяг дуулгаа тайлан ус огтлон загасчныг баригтун хэмээсэнд дөч тавин хүмүүн уснаа орж умбан эчив. Тэр загасчин завины хойно ус цалгилах дуун гарахыг сонсоод хүмүүн ирснийг олж мэдээд яарахгүйгээр загасан гөх юүгээ нэгэн тийш тавьж завины сэлүүрээ шүүрэн аваад умбаж ирэх хүмүүний орой руу нь оруулахуйд зарим нь магнай оногдож, зарим нь гавал оногдож, зарим нь нүүр оногдож, гүн цээлд живсэнд хойнох нь олж үзээд яаран бие эгж хөвөөнөө гараад хуяг дуулгаа эрэхүйеэ Түн Гуань их л хилигнэж, таван зуун цэргийн эрсийг салган ус огтлон эчээд тэр загасчныг заавал баригтун, хоосноор хойш эгвээс зогсоогоор нь цавчин алмуй хэмээн цааз зарласанд олон хүмүүн өмссөн хуягаа тайлж хаяад өндөр дуугаар хашхиран бархиралдсаар нэгэн зэргээр нуур уруу ороод ус огтлон умбаж эчихүйеэ загасчин ард завины толгойгоо эргүүлж, эрэг дээрх Түн Гуань-ийг хуруугаар зааж хараан өгүүлрүүн: - Улсыг самууруулах зальхай түшмэл, иргэнийг хөнөөх хорт адгуус чиний үхэх цаг нүдэн өмнө болсон атал ба юуг өгүүлмүй! хэмээсэнд Түн Гуань хилэн төрж морьт цэрэгт захиа буулган нум сумаар харвуулахуйяа тэр загасчин хадганатал инээсээр: - Тэр зүгээс цэрэг морь ирэв хэмээн нэгэнт заамагц нөмрөг бүрхээ орхиод гүн цээлд шумбан оров. Завины ойр умбан ирсэн таван зуун цэргийн ард гэнэт эрээн мяраанаар бархиралцсаар усанд живэн оров. Үзвээс тэр загасчин өөр хүмүүн бус, чив хэмээн жигүүрт загас Жан Шүнь байсан бөлгөө. Хулсан бүрхийг хөх навчаар гадарлаж хүрэл зэсээр доторложээ. Өвсөн нөмрөгийг мэлхийн хавтас мэт гуулиар үйлдсэн тул сум зэв нэвтрэхгүй болой. Төдийд Жан Шүнь уснаа шумбан ороод охор илдээ сугалан авч, ирсэн цэргийг зах дараалан хутгалахуйд улаан цус урван гарснаа зальтай нэг нь зайлан дутааж амь гарав. Түн Гуань нуурын эргээс үүнийг үзээд хараахан гөлөрч атал хажууд асан нэгэн жанжин хуруугаар зааж: - Уулан орой дээрх шар туг хоролзон хөдөлж баймуй хэмээв.
Түн Гуань нүд өргөн нягт шинжсэн боловч ямар санаа болохыг мэдсэнгүй олон жанжин ч хэрхэхээ мэдэхгүй мэлрэн зогсохуйяа Фэн Мэй өгүүлрүүн: - Гурван зуун хуягт морьтныг хоёр анги болгон салгаад хоёр этгээдийн уулан ард илгээж байдлыг нь туршуулсугай хэмээгээд цэрэг салган уулан энгэрт хүртэл гэнэт зэгсэн дотроос чих дүлийрэм буу дуурьсаж гал утаа мандан бургисанд хоёр анги туршуулын морьтон цугаар эгж дайсны бүгсэн цэрэг хүрч ирэв хэмээн мэдүүлсэнд Түн Гуань цөс цалгитал эмээв. Фэн Мэй, Би Шэн хоёр этгээдэд хүмүүн илгээж хуяг цэргийг зэвсгээ барьж зогсох орноос хөдөлж болохгүй, "урьдаар дутаагсдыг даруй цавчмуй! хэмээсэнд олон цэрэг эмээж хөдөлсөнгүй. Түн Гуань бээр олон жанжны хамт жолоо татан бараа харж атал уулан араас хэнгэргийн дуу хүнгэнэж, хашхирах дуу мандаж хоёр жанжин шар туг өргөсөн нэгэн багийн цэрэг морийг дагуулан гарч ирэв, жагсаалын байдлыг үзвээс:
Уулан хавцлын ар биеэс шар туг мандахуйяа,
Алтан гэрэл гялбан цацарч хөх тэнгэрийг гийгүүлмүй.
Агт хүлэг үүрсэн тоглож хавцал хадыг шувтлахуйяа,
Аруухан баатар түймэр мэт орчлон дэлхийг цочоов.
Түрчигнэн нижигнэх хэнгэргийн дуу эрлэгийн ордыг долгисуулж,
Дүнгэнэн дуурьсах буун дуу лусын харшийг үймүүлмүй.
Жигүүрт барс бие далдлан жагсаалын дунд хоргодохуйяа
Жадтаны сүргээс сайхан сахалт хүлэг хийсгэн гарав.
Баатар шаламгай хоёр дайван шарга морийг унан гарч ирэв, сайхан сахалт Жү Түн баруунаа орж, жигүүрт барс Лэй Хэн зүүнээ болж таван мянган цэрэг морийг дагуулан урагш алан ирсэнд Түн Гуань цааз зарлан их жанжин Фэн Мэй, Би Шэн-г гарч байлд хэмээсэнд хоёр жанжин захиаг хүлээн морь тавьж жад сунган жагсаалаас гараад өндөр дуугаар хараан өгүүлрүүн: - Сөргүү хулгай хурдан дагахгүй ямар цагийг хүлээмүй! хэмээсэнд Лэй Хэн морин дээрээс тачигнатал инээж зандан өгүүлрүүн: - Үхэхээ мэдэхгүй бэртэгчин эр ямар аймшиггүй над лугаа таслан байлдсугай хэмээмүй? хэмээсэнд Би Шэн өвчүү дүүрэн уур төрж, морь ташуурдан жад сунган байлдан орохуйд Лэй Хэн бас зэвсэг өргөн угтан ороод агт хүлэг зөрөлдүүлж атган зэвсэг хямралдуулж хориод удаа болтол дийлэн дийлэгдэх нь ялгарсангүй. Фэн Мэй бээр Би Шэн-ийн удтал байлдаад дийлж чадахгүйг үзээд хүлэг довтолгон илд далайж өмөглөн орохуйяа Жү Түн их дуугаар нэгэнт бархираад морьтавин илд бүжиглэж Фэн Мэй-ийн зүг байлдан оров. Дөрвөн жанжин хос хосоор байлдаж эрдэм мөчөөрхөн алалдахуйд Түн Гуань тэсгэлгүй дуу алдаж шагшин гайхмуй. Байлдсаар уулан жалгад хүрснээ Жү Түн, Лэй Хэн хоосныг цавчин морь эгүүлж жагсаалын зүг буруулан эчихүйеэ Фэн Мэй, Би Шэн морь ташуурдан нэхэж ирсэнд эсрэг жагсаалын хуяг цэрэг зэргээр хашхиралдан уулан ар зүг буруулан одохуйяа Түн Гуань цэргийг даллан хүчин чинээгээр нэхэмжилж уулан хярыг өнгөртөл гэнэт уулан орой дээрээс бүрээн дуу гарсанаа олон жанжин тэргүүн өргөж үзвээс өмнө хойно хоёр этгээдээс буу дуугарав. Түн Гуань бүгсэн цэрэг байхыг мэдээд олон цэрэгт цааз зарлаж нэхэж болохгүй хэмээв.
Удсангүй уулан дээрээс "Тэнгэрийн төлөөнөө ёсыг явуулмуй" хэмээх үсэгт гүйлсэн шар туг мандан гарсанд Түн Гуань уул даван үзвээс уулан оройн эрээн өнгөт торгон хиур дэлгэмэгц Юнь Чэн сянь-ий тасархай баатар Шаньдун газрын бат журамт Сүн Жян цэргийн багш Ү Юн тэргүүлэн Гүн Сүньшэн, Хуа Рүн, Сюй Нин жич алтан жадтан мөнгөн сэрээтэн зэрэг олон сайн эрийг дагуулан гарч ирэхүйеэ Түн Гуань ихэд хилэгнэж даруй цэрэг морийг илгээн Сүн Жян-г баривчлахаар хоёр багийн хүмүүн гаргаж сая уулан дээр гарсугай хэмээтэл гэнэт уулан орой дээр хэнгэрэг дуугаран хөгжим эгшиглээд олон сайн эр нэгэн зэргээр их л инээхүйеэ Түн Гуань нэнд уур төрж араа шүдээ тачигнатал зууж, зандан өгүүлрүүн: - Самуун хулгай ямар аймшиггүй намайг доромжилмуй! Би амалдаж энэ хулгайг өөрийн биеэр баримуй" хэмээхүйд Фэн Мэй ятган өгүүлрүүн: - Самуун хулгай аргаар өдөөх тул дээд сянгүн түгшүүрт газарт хэрхэвч орж болохгүй, эдүгээ түр цэрэг эгээд эргэх өдөр үнэн ташааг нягт лавлаж олсон хойно жич цэрэг орвоос сая болмуй! хэмээхүл Түн Гуань уур төрж: - Битгий чалч! Хэрэг нэгэнт ийм болсон тул цэрэг татаж хэрхэн болмуй! Шөнө дүлээр сөргүү хулгай лугаа таслан байлдсугай. эдүгээ нэгэнт хулгай лугаа таарсан тул хойш ухарч болохгүй..." хэмээх үг дуусахын урьд хойд цэрэг самууран үүсэхүйеэ туршуулч ард довтлон ирж: - Ас баруун дахь уулан араас нэгэн анги цэрэг морь дайран ирээд хайгуулын цэргийг тасалж хоёр анги болгов хэмээсэнд Түн Гуань ихэд цочиж Фэн Мэй, Би Шэн хоёулыг авч мэндэн сандан хойд цэргийг өмөглөхөөр ирэхүйеэ, зүүн этгээдийн уулан араас хэнгэргийн дуу мандмагц бас нэгэн анги цэрэг морь довтлон гарч ирэв. Хагас нь улаан туг өргөж, хагас нь хөх туг өргөжээ. Үзвээс хоёр их жанжин таван мянган цэрэг морийг авч шууд дайран ирэв. Улаан хөх хоёр зүйлийн туг хиур нүдний үзүүр өнгө ялгаран мяралзах нь үнэхээр нүд дүүрэн илтэй ажгуу. Үзвээс:
Мяралзан хийсэх улаан туг цэнхэр магнагийг илбэхүйеэ
Мянган газрын хурдан хүлэг уул тойрон нисмүй.
Гэрэлт нарнаа туг хиур гурвалзах луу мэт,
Хэмэрлэг далбаа үлээх салхинаа галт тогос адил.
Шилсэн цэрэг хоёр анги хүчин мохошгүй
Шилдэг жанжин нэгэн хос чадал хэмжээлшгүй.
Араат бялууг дээр өргөн Чинь Мин занчин орохуйяа
Аруухан эр Гуань Шэн бас дам илдийг далайжээ.
Цахилгаан тэнгэр Чинь Мин улаан тугийн ангийг дагуулж, дам илдэт Гуань Шэн хөх тугийн ангийг дагуулж хоёул морь тавин дайран ирээд: - Түн Гуань чиний бие тэргүүнээ өргөгтүн! хэмээсэнд Түн Гуань хилэн төрж Фэн Мэй-г гарган Гуань Шэн-г угтуулж, Би Шэн-г илгээн Чинь Мин-г байлдуулав. Гэнэт хойнох цэрэг самууран үймэлдсэнээ Түн Гуань байлдахыг зогсох хэнгэрэг дэлдүүлж цэрэг хураан алгуураар ухрахад Жү Түн, Лэй Хэн шар тугийн цэргээ авч хоёр хавирганаас хавчин байлдсанаа Түн Гуань-ий цэрэг морь зүг толгой үгүй самуурахуйяа Фэн Мэй, Би Шэн хоёул Түн Гуань- ийг хамгаалан амь зулбан буруулж атал хажуу талаас нэгэн багийн цэрэг морь довтлон ирж эчих замыг тосож авав. Энэ нэгэн багийн цэрэг морины хагас нь цагаан туг өргөж, хагас нь хар туг өргөсөн бөгөөд хар цагаан тугийн доорх барсын хүчит хоёр жанжин таван мянган цэрэг дагуулж, эчих замыг тосож хаав. Энэ нэгэн багийн цэрэг морийг үзвээс:
Аянга мэт үхэр буу уул хадыг хэмхчихүйеэ,
Аглаг хээрийн балар шугуйгаас сэлэм жад илрэв.
Цагаан хуягт бүгсэн цэрэг цалгилах их мөрөн,
Бараан дээлт нуусан хуяг тунарах хар нуур.
Занчин ирэх хос ташуур буух догшин мөндөр,
Жадлан орох үзүүрт сэрээ чөтгөр шимнусын дарлага.
Баатар Хү Яньжуо зүүн талаас занчин орохуйяа,
Баруун этгээдээс хүчит Линь Чүн хөндлөн хашжээ.
Хос ташуурт Хү Яньжуо хар тугийн ангийг дагуулж ирвэсийн тэргүүт Линь Чүн цагаан тугийн ангийг дагуулж хоёр жанжин морин дээрээс өндөр дуугаар зандан өгүүлрүүн: - Харгис түшмэл Түн Гуань эртхэн мориноос бууж үхлээ хүлээхгүй хааш одмуй? хэмээгээд хүлэг довтолгон жагсаалд дайран орохуйд Сүйжоу фү-ийн дүжянь түшмэл Дуань Пэн Жюй зэвсэг сунган Хү Яньжуо-г угтан авч, Рүжоу фү-ийн дүжянь түшмэл Ма Вань Ли зэвсэг далайн Линь Чүн-г тосон авч зөрөлдөн байлдав. Төдийд Ма Вань Ли хэдэн удаа зөрөлдөөд хүч буурч бие эргэн буруулсугай хэмээтэл Линь Чүн их дуугаар нэгэнт зандран цөс цалгитал хэлмэгдүүлээд мориноос жадлан унагав. Ма Вань Ли-ийн хохирсныг үзээд Дуань Пэн Жюй байлдах сэтгэлгүй болж Хү Яньжуо-ын хос ташуурыг зайлуулаад гэнэт жолоо эргүүлэн буруулсанд Хү Яньжуо хойноос нь шаламгайлан нэхэж зууралдан байлдахуйяа Түн Гуань цааз зарлан зам булаан хойш буруулбаас өмнөд цэрэгт хашхирах дуу мандаж, уулан араас нэгэн багийн явган цэрэг нисэх мэт гарч ирээд жагсаалын дунд дайран орж ирэв. Үзвээс нэгэн хуушаан нэгэн бадарчин цэрэг дагуулан хүрч ирээд: - Түн Гуань-ийг гаргаж болохгүй! хэмээв. Тэр хуушаан хэмээгч ном судрыг бясалгахгүй тухайлан хүмүүнийг алж амьтныг хороох дуртай, өргөсөн цол тарлан хуушаан, өөрийн нэр Лу Жи Шэнь хэмээмүй. Тэр бадарчин хэмээгч Жин Ян Ган даваанаа барс алсан сайн эр, усан цайз Шүй Ху-ын манлай баатар, алдар мандсан тойн бадарчин Ү Сүн мөн болой, Си Жян Юэ Хэ мээх нэгэн анги дуулалд тэд хоёулыг магтсан нь:
Занчин ирэх Лу Жи Шэнь-ий сахилтны шийдэм, цавчин орох баатар Ү Сүн-ий гангийн илд, болд илд нисэн бүжиглэхүйеэ галын оч бутраад, бомбын шийдэм хөнтрөн буухуйяа бороо мөндөр адил. Хурц шийдэм эсэрваагийн сүвийг заан ирэхүйеэ хувилгаан илд зүрхэн эхийг чиглэн тусмуй. Утсан амийг гаргахгүй хос зэвсэг, олон цэргийн дотор цугларсан хоёр жанжин.
Түүнээс Лу Жи Шэнь, Ү Сүн явган цэргээ дайчилж дайран орсонд албан цэрэг урагш орох замгүй, хойш ухрах газаргүй болсон тул Түн Гуань арга буюу Фэн Мэй, Би Шэн-г дагуулан хүнд хаасныг шувтлан, нэгэн зурвас цусан зам гаргаж уулан ар зүг буруулан ирээд түр зуур амьсгаа аван амарсугай хэмээтэл гэнэт буун дуу хүнгэнэж харанга хэнгэрэг дуугармагц эрс гавшгай хоёр жанжин нэгэн анги явган цэрэг дагуулан ирж эчих замыг тосов. Үзвээс:
Хоёр толгойт эрээн могой хүмүүн халихуйяа бэрх, хос сүүлт хилэнцэт хорхой уур нэнд хэцүү. Нэгэн хос ган сэрээ орчлонд хосгүй, анчин гөрөөчний сүрэгт алдар цуу манджээ. Зүүнээс тосох Се Жэнь бумны дотор цаархай, баруунаас ирэх Се Бао түмний дотор манлай. Тоолшгүй төмөр хуягт арслан барсын цэрэг, урт могойн нэрт жагсаалыг ив даран шувталжээ.
Явган цэргийн хоёр дайван Се Жэнь, Се Бао тус тусдаа таван салаат ган сэрээ барин нэгэн багийн явган цэрэг дагуулан жагсаалыг даран орсонд Түн Гуань-ий цэрэг морь халхалж чадахгүй болж хаасныг шувтлан буруулахад таван зүгийн морьт явган цэрэг нэгэн зэргээр нэхэн алахуйяа албан цэрэг сарнин бутарч шингэрэх од сарних үүл мэт болж Фэн Мэй, Би Шэн хоёул Түн Гуань-ийг үхэхвэр хамгаалан буруулав. Төдийд Се Жэнь, Се Бао ах дүү хоёул ган сэрээ сунган өөдөөс нь угтан ирснээ Түн Гуань яаран унасан хүлгээ ташуурдаж зам булаан дутаав. Фэн Мэй, Би Шэн хоёул давхин ирж өмөглөхүйеэ Танжоу фү-ийн дүжянь түшмэл хан Тянь Линь, Дэнжоу фү- ийн дүжянь түшмэл Ван И бас хүрч ирээд дөрвөн хүмүүн хүчээ хамтатгаж хаасан газраас шувтлан гараад амьсгаа сойлон алгуураар явж атал алсын үзүүр тоос мандаж алах дуу тэнгэр тулж балар шугуйгаас хоёр жанжин нэгэн багийн цэрэг морийг дагуулан гарч ирээд эчих замыг хашив. Тэр хоёр хүмүүн хэн болов хэмээвээс:
Нэг нь их сүх хэрэглэх эр, нөгөө нь мөнгөн жад зарах баатар. Жадлах жад аварга гүмбира сүүл гуядах мэт, занчих сүх уул цавчих эзэд сахиус адил. Нэгэн нь зүс царай гойд хээнцэр жанжин, нөгөө нь зан ааль хатан долгин баатар, сурвалжит жанжин Дүн Пин-ий эрдэм үнэхээр хосгүй, гавшгай эр Суо Чаонайр тавихыг эс мэдмүй.
Түүнээс хос жадат Дүн Пин гавшгай баатар Суо Чаохоёул огт дуу гарахгүйгээр хүлэг хийсгэн Түн Гуань-ий зүг байлдан ороход Ван И жад эргүүлэн угтан аваад Со Чао-д цавчигдан мориноос тонгорцоглон унав. Хан Тянь Линь өмөглөхөөр ирээд Дүн Пин-д жадлагдан үхэв. Фэн Мэй, Би Шэн хоёул Түн Гуань-ийг үхэн хамгаалж морь тавин буруулж эчив. Дөрвөн зүг найман зовхист харанга хэнгэргийн дуу мандаж чухам аль этгээдийн цэрэг морь болохыг ялгахуйяа бэрх тул Түн Гуань морь ташуурдан хөтөл дээр гарваас эргэн тойрон морьт цэрэг довтолж хоёр анги явган цэрэг хажуу этгээдээс гарч ирээд суулга мэт бүслэн аваад, Лян Шань уулын их цэрэг үер мэт түлхлэн ирсэнд Түн Гуань-ий цэрэг морь салхинд туугдах үүл мэт зүг зүгтээ бутрав. Түн Гуань хараахан ажиж байтал уулан хяраас нэгэн анги цэрэг гарч ирэв, өргөх тугийг нарийвчлан үзвээс Чэньжоу фү-ийн дүжянь түшмэл Ү Бин И, Сюйжоу фү-ийн дүжянь түшмэл Ли Мин хоёул мухар тахир зэвсэг барьсан торгон зэмдэг цэргээ авч Линь Лан Шань ууланд нуун далдлахаар иржээ. Төдийд хүмүүний дуудах чимээг сонсоод сая хөтөл дээр гарсугай хэмээн цэрэг морио тэгшилж атал уулан сүвээнээс хашхирах дуу гарч нэгэн анги цэрэг морь туг сажлан хоёр жанжныг дагалцан нисэх мэт дайран ирэв. Линь Жян Сянь хэмээх нэгэн анги дуулалд энэ хоёр жанжныг магтсан нь:
Дуулганы орой дээрх урт соновтроос оч бутарч, тулас тулас улалжин ноцох гал мэт, хүүдэг цээжний омог зориг солонго адил. Шу газрын нэрт хэмэрлэгээр магнаг эсгэж шүрэн өнгөт хүрэл зэсээр хуягаа өнгөлжээ. Цас мэт нэгэн хос эрдэнийн илд цаглашгүй хүч чадлыг бүртгэж цааш нааш довтолсон цуурхай баатрыг илрүүлэв. Хуягийн түрүү хар мэнгэт, хурц эр есөн луут буюу.
Энэ хоёр сайн эр болбоос чив хэмээн Ян Хи, Ши Жинь асан бөлгөө. Хоёр жанжин морь тавин илд эргүүлж албан цэргийг хашин байлдахуйяа Ли Мин жад өргөн Ян Хи-г угтан авч, Ү Бин И сэрээт жадыг сунган Ши Жинь-ийг тосон аваад уулан хормойд агт хийсгэж хойш урагш зөрөлдөн байлдаж хувь хувийн эрдмээ гаргахуйяа Түн Гуань хөтөл дээрээс жолоо татан гайхаш алдан үзэж атал дөрвөн жанжин дөчөөд удаа зөрөлдсөн хойно Ү Бин И жад өргөн Ши Жинь-ий аюулхайн сүвийг зааж жадалсанд Ши Жинь гэлбэсхийтэл зайлахуйяа жадалсан жад суганы доогуур хий тусаж, Ү Бин И хүмүүн морь хамтаар урагш шумбан ирэх чөлөөнөө Ши Жинь илд өргөн нэгэнт цавчваас тэргүүн нь оногдож мориноос тонгорцоглон унаж үхэв. Ли Мин бээр Ү Бин И-ийн хохирсныг үзээд жолоо эргүүлэн зугтсугай хэмээтэл Ян Жи аянга мэт их дуугаар нэгэнт зандарснаа биеийн сүнс биед үгүй болж үнхэлцгээ хагартал эмээгээд барьсан зэвсгээ алдах шахаад хараахан мэлэрч атал Ян Жи илд далайн орой уруу нь цавчин илгээснээ Ли Мин гэлбэсхийн зайлахуйяа хүлгийн ташаа илдэнд оногдож, морь натган хойш сууж дахин булгиад Ли Мин-г хөсөрт хаясанд, Ли Мин барьсан зэвсгээ бялуудаад сая буруулан эчсүгэй хэмээтэл Ян Жи завдаж дахин цавчсанд хагас насны цэргийн түшмэл хоромхон зуур хилс чөтгөр болов. Албан цэргийн хоёр жанжин агшин зуур уулан хормойд тонилов. Ян Жи, Ши Жинь дарагдсан цэргийг нэхэмжлэн дайрч гуа хагалан өвс хэрчих мэт алан үүсгэв.
Түн Гуань тэргүүлэн Фэн Мэй, Би Шэн нар хөтөл дээрээс үүнийг үзээд аймшиггүй дорогш буухгүй, хэрхэхээ мэдэхгүй цухалдаж ийн зөвлөрүүн: - Ийн бөгөөс хэрхэн шувтлан гарч чадмуй? хэмээхэд Фэн Мэй өгүүлрүүн: - Дээд сянгүн сэтгэлээ сул тавь, бага жанжин үзвээс ас өмнө зүгт албан цэрэг хүрээ бууж туг хиур нь хоролзож байх тул биднийг тэнхрүүлж болмуй. Би жанжин сянгүнийг хамгаалан энд хоцрогтун. Фэн Мэй миний бие шувтлан гарч тэндэх нэгэн салаа цэргийг авч ирээд дээд ноёныг хамгаалан гаргасугай хэмээсэнд Түн Гуань өгүүлрүүн: - Тэнгэр нэгэнт орой болсон тул жанжин чи тухайг үзэж эчээд хурдан эгж ир хэмээхэд Фэн Мэй дам илдээ хөндлөн барьж агт хийсгэн уулнаас бууж нэгэн зурвас цусан зам гаргаж өмнө биед ирвээс Цүнжоу фү-ийн дүжянь түшмэл Жоу Синь цэрэг морио дүгрэглэн засаад үхэхвэр байлдаж байсан аж. Жоу Синь дундад хүрээнээс Фэн Мэй- ийн ирснийг олж үзээд жагсаалдаа угтан оруулж асууруун: - Эзэн юаньшуай хаана баймуй? хэмээвээс Фэн Мэй өгүүлрүүн: - Өмнө зовхисын хөтөл дээр амуй. Тухайлан чиний нэгэн багийн цэрэг морины тэнхрүүлэхээр эчихийг хүлээж баймуй. Хэрэг нэгэнт шахам болсон тул даруй мордохгүй болбоос болохгүй хэмээсэнд Жоу Синь цааз зарлаж явган морьт цэргийг бие биеэ харгалзаж хоцрохгүйгээр сэтгэл нийлэн урагш орогтун хэмээсэн хойно хоёр жанжин өмнө орж олон цэрэг зэргээр хашхиралдан хөтлийг чиглэн мордон хөдлөөд дэмий нэгэн газар явсангүй хажуу талаас нэгэн анги цэрэг морь хүрч ирснээ Фэн Мэй дам илд хурайлан морь ташуурдан угтан эчвээс харин Сүйжоу Фү-ийн дүжянь түшмэл Дуань Пэн Жюй болох тул гурван жанжин ёслон золгож цэрэг морио нийлүүлээд урагш байлдан хөтлийн доор ирсэнд Би Шэн угтан авч Түн Гуань-д золгоод: - Энэ шөнө шувтлан гарваас сайн уу, маргаадар өглөө алан гарваас сайн уу? хэмээхэд Фэн Мэй өгүүлрүүн: - Бид дөрвүүл эзэн юаньшуай-г үхэн хамгаалж шөнө дүлээр хүнд хаасныг шувталбаас хулгайн гараас мултарч болмуй хэмээв.
Бүрий тасарч бүрхэг болсон хойно дөрвөн зүгээс хашхирах дуу мандаж харанга хэнгэрэг дуурьсаж зогсохгүй, мөн шөнийн хоёрдугаар жин болж од гийж саран туяалахад Фэн Мэй хошууч болж, олон жанжин юаньшуай Түн Гуань-ийг багларан дагалцаж хүч хамтатган хөтлөөс байлдан буухад дөрвөн зүг найман зовхисоос: - Түн Гуань-ийг гаргаж болохгүй хэмээн хашхирах тул албан цэрэг өмнө зүгийг чиглэн зууралдан байлдаж дөрөвдүгээр жингийн үед хаасан газраас мултран гарсанд Түн Гуань морин дээр алга хамтатган бурхан сахиуст залбиран даатгаж: - Эзэд сахиусны ивээлээр энэ удаагийн их зовлонгоос олж мултрав! хэмээгээд цэргийг шаардан хязгаараас гарч Жижоу Фү-ийн зүг эчтэл гэнэт бас гай дэгдэж өмнө этгээдийн уулан хярд тоолшгүй олон гал бамбар дуалж, хүмүүн хар үймэлдэн хашхиралдав. Нүд өргөн үзвээс бамбарын гэрэлд ган жадыг хөндлөн барьсан саарал морьт нэгэн их жанжин илд атгасан хоёр сайн эрийг дагуулан гарч ирэв, энэ хүмүүн хэн болов хэмээвээс Линь Жян Сянь хэмээх нэгэн анги дуулалд магтсан нь:
Морьт явган цэргийн манлай баатар, одон эзэн тянь ган-ы тэргүүн хувилгаан, тэнгэрээс буусан догшин гарагийн бүрэлбаа. Нүдэн цэцгий шир суулгасан мэт, царайн өнгө мөнгөөр цавчсан адил. Урт жад шилэмдэхүйеэ эсэргүүцэлгүй, унасан хүлэг үүл хөлөглөн, эрдэм чадал зэргээс хэтэрхий, Лян Шань уулын нэрт баатар Лү Жюнь И, Хэбэй газар алдар мандсан бодь цагаан гөрөөс.
Саарал морь унасан тэр баатар жанжин болбоос чив хэмээн бодь цагаан гөрөөс Лү Жюнь И мөн ажгуу. Морины өмнө орж илд эргүүлсэн хоёр сайн эр болбоос Гуань Со-ын хувилгаан Ян Сюн, чигч баатар Ши Сю болой. Тэр гурвуул бамбарын гэрэлд гурван мянга илүү хүмүүнийг дагуулан эрэлхэг шаламгайгаар байлдаж эчих замыг хөндөлсөв. Лү Жюнь И морин дээрээс зандан өгүүлрүүн: - Түн Гуань хурдан мориноос бууж хүлүүлэхгүй ямар цагийг хүлээмүй? хэмээхэд Түн Гуань олны зүг өгүүлрүүн: - Бүгсэн цэрэг замыг тасалсны дээр нэхэх цэрэг араас шахамдуулах тул хэрхвээс сайн? хэмээсэнд Фэн Мэй өгүүлрүүн: - Бага жанжин би өөрийн амийг цөлж эзэн юаньшуай-д хариулсугай. Олон жанжин хүч хамсаж сянгүн ноёныг хамгаалж зам булаан Жижоу фү-д эчигтүн. Би ганцаар самуун хулгайг хариуцан тулсугай хэмээгээд морь ташуурдан илд бүжиглэж Лү Жюнь И-г угтан аваад урван хөрвөн зөрөлдөж хэдэн удаа болсонгүй. Лү Жюнь И жад өргөн түүний дам илдийг зайлуулан ухасхийн довтолж ороод бэлхүүснээс шүүрэн аваад унасан хүлгийг нь нэгэнт өшиглөмөгц Фэн Мэй-г амьдаар баривчлан аваачив. Ян Сюн, Ши Сю цэрэг даллан өмөглөн авч, Фэн Мэй-г гахай мэт чирч аваачив. Би Шэн жич Жоу Синь, Дуань Пэн Жюй нар амь цөлөн Түн Гуань-ийг хамгаалж хаасан цэргийг шувтлах үхэхвэр байлдан буруулахуйяа Лү Жюнь И хойноос нэхэн ирсэнд Түн Гуань-ий дарагдсан цэрэг морь эзнээс салсан нохой мэт бальдаж, өөшнөөс мултарсан загас адил зугтсаар гэгээ орох үеэр нэхэмжлэх цэргээс сугаран холдож Жижоу Фү-г чиглэн явж атал өмнө этгээдийн уулан араас дөрвөн их явган жанжин төмөр хуяг өмсөж улаан торгон малгай дарсан нэгэн анги явган цэргийг дагуулан гарч ирэв. Тэр хүмүүн хэн болов хэмээвээс:
Хос сүх эргүүлсэн хар хуй, эрдэнийн сэлэм бүжиглэсэн түйтгэрийн эзэн, хоёр этгээдээс Сян Чүн, Ли Гүнь гавшгайлж, бие халхлах төмөр бамбайг өргөжээ, барсыг барьсугай хэмээвээс гүн элд шурган, лууг агнасугай хэмээвээс бэрх цонхиолд ормуй. Олон цэргийн омог сүр хөх тэнгэрт тулаад аюулт чөтгөр хөнөөлт шимнус бод биеэр илрэв.
Түүнээс Ли Күй хос сүхийг далайн, Бао Сюй эрдэнийн сэлмийг эргүүлж, Сян Чүн, Ли Гүнь төмөр бамбайг өргөлцөж дүрэлзэн ноцох гал бөмбөг мэт дайран ороод албан цэргийг улаа бутартал алан сарниулсанд Түн Гуань тэргүүлэн олон жанжин нар нэгэнтээгүүр байлдан нэгэнтээгүүр ухарч, ганц амь гарахыг хичээмүй. Хар хуй Ли Күй сүх барин морьт цэргийн дотор шурган ороод Дуань Пэн Жюй-н морин туурайг тас цавчиж түүнийг мориноос унагаагаад тэргүүнийг нь хэмх цавчиж багалзуурыг нь тас огтлоод сүнсийг нь эрлэгийн оронд залав. Жич өгүүлэх нь дарагдан сарнисан албан цэрэг дутаасаар дам дамаар Жижоу фү-д ойртохуйяа дуулга малгай хазайж, хуяг хувцас урагдан морьт явган олон цэрэг тамир алдан тэнхээ тасраад горооны хөвөөнөө ирж морийг усалсугай хэмээтэл тэртээ эргээс буу дуугарч нисэх зэв царцаахай мэт буусанд албан цэрэг мэндэн сандан хойш ухрахуйяа балар ойгоос нэгэн багийн цэрэг морь гарч ирэв. Өмнө явах гурван баатар хэн болов хэмээвээс:
Гурвалзан сумдах хас могой, голсон харвах түм мянган солир од. Дүн Чан Фү-ийн морьт нумч Жан Чин, өдгүй сумтад хэн аюулгүй халдмуй! Нисэх жад хоосон газар тусахгүй, занчих сэрээ утсан амийг үлдээхгүй. Нэгэн хос барсын жанжин хөндлөн голт довтлохуйяа, зүүн баруун хоёр этгээдээс хуяг цэрэг өмөглөжээ.
Үзвээс өдгүй сумт Жан Чин бээр гүн ван, Дин Дэсүнь лүгээ гуулин хонхт баг зүүж, гургуулын сүүлт улаан соновтор хатгаж, хөнгөн нум охор зэв агсаж хатгамалт туг сийлбэрт жад барьсан гурван зуун морьтныг авч нисэх мэт дайран ирсэнд Цүнжоу Фү-ийн дүжянь түшмэл Жоу Синь бээр Жан Чин-ий цэрэг морь цөөнийг үзээд угтан байлдахаар ирэхүйеэ Би Шэн нар Түн Гуань-ийг хамгаалан эчив. Жоу Синь морь тавин жад сунган ирэхэд Жан Чин жадаа зүүн гартаа атгаж баруун гараар мөхлөг чулууг авч: - Зэвсэг үз! хэмээн нэгэнт зандарсанд Жоу Синь-ий самс нисэх чулуунд оногдож мориноос тонгорцоглон унахуйяа гүн ван Дин Дэсүнь давхин ирээд ган сэрээгээр багалзуурыг нь нэгэнт жадалсанд хяруунд цохигдсон зүлэг, мөндөрт гуядуулсан цэцэг мэт араараа саван унав. Түн Гуань амь зулбан Би Шэн-ийн хамт буруулж эчээд Жижоу фү-д айж орсонгүй, дарагдсан цэргээ авч шөнө дүлээр Дунжин хотыг чиглэн, замын зуур сарнин бутарсан цэрэг морио хураан тэгшлэхийг түр өгүүлэхгүй.
Түүнээс Сүн Жян өршөөл журмыг хичээж уртад дагах сэтгэлийг өвөрлөх учир албан цэргийг нэхэмжлэн алуулж түвдэхгүй бөлгөө. Олон жанжныг Түн Гуань-ий хойноос нэхэмжлэх болуузай хэмээн яаран Дай Зүн-д цааз зарлан олон жанжин нарт зам замын цэрэг морио татаж уулан цайзнаа буцан шан хишиг хүрттүгэй хэмээн зарлуулсанд зүг бүр хэнгэрэг дэлдэн цэрэг морио тэгшлэн хураагаад дөрөө тогшин түрхэртэл дуулалцаж, уулан цайз Лян Шань Фү-доо эгж усан хот Вань Зи Чэн-дээ буцсан хойно Сүн Жян, Ү Юн, Гүн Сүньшэн Сүшй Ху-ын цайзнаа урьд ирж шударга журмын танхимд суулцсан хойно Пэй Сювань-ийг дуудан гавъяа шанг шалган байцаалгав. Лү Жюнь И бээр Фэн Мэй-г амьдаар барин цайзнаа түлхлэн аваачаад танхимын өмнө сөгтгөсөнд Сүн Жян яаран эчиж хүлснийг нь тайлж дотогш залан дээш суулгаад өөрийн гараар дарс барин буруу мэдэж цочсоныг нь тохруулав. Мөн өдөр олон дайван нар танхимд хурж үхэр хонь алан олон цэргийг шагнан хөхиүлж Фэн Мэй-г үлдээн хэдэн өдөр суулгасан хойно унасан хүлгийг нь эгүүлэн өгч уулнаас үдэж мордуулахуйяа Фэн Мэй ихэд баярлав. Сүн Жян ял хүлээн өгүүлрүүн: - Байлдах жагсаалын өмнө хойно баатар жанжны сүрд халдсан ялыг өршөөн аваачих болов уу. Сүн Жян нарт угаас өөр санаа үгүй, ганц эзэн төрийг дагаж улс төрийн төлөө хүчээ өргөсүгэй хэмээсэн боловч ёсгүй харгис хүмүүнд дарлагдаж ийм алхамд хүрэв. Хүсэх нь эрхин жанжин эгсэн хойно сайн үгсээр тайлбарлан тусалмуу. Хожмын өдөр эзний хишгийг олж хүртвээс хэдий үхэвч жанжин чиний их ачийг умартахгүй хэмээсэнд Фэн Мэй амь өршөөсөн хишигт мөргөн ёсолж уулнаас буухуйяа Сүн Жян хүмүүн зарж хязгаараас гартал үдүүлснийг түр өгүүлэхгүй.
Түүнээс Сүн Жян шударга журмын танхимдаа эгсэн хойно Ү Юн тэргүүлэн олон дайван нар лугаа хэрэг зөвлөв. Үзвээс цэргийн багш Ү Юн арван зүгт цэрэг бүгүүлэх аргыг хэрэглэж Түн Гуань-ийг цөс хэмхрэн сүнс завхарч зүүдлэвч зүрх долгисоход хүрүүлж их цэргийн гурван хувиас хоёр хувийг нь хохируулав. Ү Юн өгүүлрүүн: - Эдүгээ Түн Гуань эзэн хотноо эгсэн хойно эрхгүй хаан ордноо айлтгал өргөж дахин цэрэг байгуулан ирэх буй за! Ийнхүү Дунжин хотноо хүмүүн илгээж үнэн ташааг туршуулж хойш ирж мэдүүлсэн цагт урьд завдаж бэлтгэвээс зохимуй хэмээвээс Сүн Жян өгүүлрүүн: - Цэргийн багшийн ийн шүүмжилсэн нь чив хэмээн миний санаанд нийлсэн тул олон ах дүү нарын дотроос хэн аймшиггүй эчмүй?-хэмээсэнд нэгэн хүмүүн суудлаас босож: - Дүү би дуртайяа эчсүгэй! хэмээхүйеэ олон хүмүүн нүд өргөн үзээд: - Энэ хүмүүн эчвээс их үйл магад бүтмүй! хэмээв. Энэ хүмүүн эзэн хотноо эчсэнээр арга бодлогыг дахин улируулж албан цэргийг эгж дийлмүй. Энэ үнэхээр жагсаалыг дайрах хурдан хүлэг хөх хатнаа сөнөж, давалгааг зүсэх их онгоц ногоон зэгсэнд тунамуй. Эгнэгт Лян Шань уулын ямар хүмүүн мэдээ авахаар эчихийг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.
Сэтгэгдэл ( 1 )
ene 1 hachin baliar yumaa boliochee