Захирлуудын 2021 оны тайланг хэлэлцлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 08

Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн хурал 2021 оны 12-р сарын 07-ны өдөр  хуралдаж дараах хоёр асуудлыг хэлэлцлээ.

Нэгдүгээрт, ШУА-ийн дээд шагнал “Хубилай хаан”  медалиар шагнуулахаар нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцэж дотоодын 4, гадаадын 1 эрдэмтэнд тус шагналыг олгохоор боллоо. Тодруулбал, академич Ц.Оюунсүрэн,  МУБИС-ийн математик, байгалийн ухааны сургуулийн багш, доктор Х.Мөнхбаяр, Хот, суурины ус хангамж, ариутгах  татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь, ШУА-ийн ахмадын холбооны тэргүүн Ш.Чунаг, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын дарга, академич В.Н.Пармон нарыг шагнахаар шийдвэрлэлээ.

Хоёрдугаарт, ШУА-ийн 14 хүрээлэнгийн захирлуудын 2021 оны  ажлын үр дүнгийн гэрээний тайланг сонсч хэлэлцлээ.

Тэргүүлэгч гишүүдийн олонх нь захирлуудын  ШУА-ийн Ерөнхийлөгчтэй хийсэн үр дүнгийн гэрээний биелэлт биелэсэн хэмээн үнэлж, цаашдаа  судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх тал дээр илүү хичээж ажиллахыг хүслээ.  

Мөн хүрээлэн хоорондын хамтын ажиллагаа, салбар дундын судалгааг илүү өргөжүүлж, нэг том ажлыг тал талаас нь хамтран судалдаг  чиглэл рүү илүү анхаарч ажиллах хэрэгтэй  хэмээн зөвлөсөн юм.

Өнөө жил тусгай захиалгат бүтээгдэхүүнийг ШУА-ийн хүрээлэнгүүд төлөвлөснөөсөө илүү хийснийг тэргүүлэгч гийшүүд сайшаалаа.

Энэ үеэр ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл “2022 оноос төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар явуулах бодлого нэлээд шинэ түвшинд  очно гэж бодож байна. Би юуг үндэслэн энэ үгийг  хэлж байна гэхээр саяхан  болж өнгөрсөн “Шинжлэх ухаан-100” арга хэмжээний үеэр манай  салбарын сайд хэлсэн үгэндээ хэд хэдэн чухал санаанууд хэлсэн. Тэрхүү үзэл санааг сүүлд эмхлээд “Бодлогын 5 чиглэл” болгосон байна лээ. Та бүхэн олж хараарай. Тухайлбал, Үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо руу орно гэсэн. Үүнийг яаж хийх ёстой вэ гэдгийг бид л хэлж өгөх ёстой. Бид хэлж өгөхгүй бол улс төрийн хүчтэй хүрээнд ийм тогтолцоогоор санхүүжүүлнэ гэчихвэл алдаж мэднэ. Тиймээс та бүхэн үр дүнд суурилсан санхүүжилтийг яаж олговол өнөөгийн нөхцөлд боломжтой вэ гэдгийг хэлж өгөх ёстой.

Монгол улс даяараа цахим шилжилт гэж яриад байгаа. Энэ үед шинжлэх ухаан технологийн мэдээлэлд суурилсан шинжлэх ухааны үйлчилгээ нэвтрүүлэх замаар нээлттэй шинжлэх ухааны хөгжүүлнэ гэж мөн дээрх 5 бодлогод тусгагдсан байгаа. Монгол улсад цахим шилжилтийн процесс эхэлсэн гэж үзвэл бид цахим мэдээллийн системээ хөгжүүлэх, өгөгдлүүдийн сангаа баяжуулах асуудал хүрээлэн тус бүр дээр хийгдэх ёстой. Ингэж нэг системд зангидаж байж  шинжлэх ухааны салбарын цахим мэдээллийн том сан бий болох юм. Энэ мэдээллүүдээ яаж бий болгох вэ, ямар мэдээлэл орох ёстой вэ гэдгийг манай хүрээлэнгийн захирлууд бодож ажиллах хэрэгтэй байна. Шинжлэх ухааны цогцолбор барина, шинжлэх ухааны парк ажиллуулна гэх мэтчилэн сүүлийн үед байнга яригддаг сэдэв болсон. Энэ бас Л.Энх-Амгалан сайдын бодлогын 5 чиглэлийн нэг нь. Инновацийн кластер бий болгох замаар эрдэм шинжилгээний ажилтнуудын ажиллах орчныг сайжруулна гэж орсон байна лээ. Бид цогцолбор гэхээр ойлгож байгаа. 2019 оноос яригдаж эхэлсэн цогцолборын барилга одоо баригдаж байна.  Энэ цогцолборын хажуугаар одоо салбар дундын нээлттэй лаборатори, инновацийн кластр, шинжлэх ухааны парк бий болгох асуудал яригдаж байгаа. Энэ асуудал шийдэгдснээр ажиллах орчин сайжирна гэж үзэж байгаа. Энэ бүхэн одоо баригдаж буй  цогцолборыг түшиглэж бүгд хийгдэнэ. Цогцолбортой болж орчин  нөхцөл сайжирна гэж байгаа бол захирлууд одооноос хамтарч ажиллах ёстой. ШУА-ийн харьяа  16 хүрээлэн энэ цогцолборын ямар талбай дээр ажиллах ёстой юм. Ажилласны хүчинд гарах үр дүн яаж сайжрах вэ гэдгээ хүрээлэн тус бүр танилцуулах шаардлагатай. Гэх мэт шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх бодлогын 5 төлөвлөгөөнд тусгагдсан ажил та бүхнийг 2022 оны ажлын чиглэл зохицож байвал сайн байна.

Хүрээлэн бүр гадаад хамтын ажиллагааны бэлэн төсөлтэй байя гэдэг бидний зорилго хэвээр байна. Манай хүрээлэнгүүд Эрдэнэт үйлдвэр, МАК зэрэг монголын томоохон үйлдвэр,  аж, ахуйн нэгжтэй хамтарч ажилладаг боллоо. Энэ жишгээрээ хүрээлнгүүд бүгд том үйлдвэр, компаниудтай  ойртон ажиллаж Төр-Шинжлэх ухаан-Бизнес 3-ын түншлэлийг хөгжүүлэхэд санаачилгатай ажиллах хэрэгтэй.

Шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд бид  санаачилгатай байж, тэрхүү  өөрчлөлтийг манай захирлууд манлайлж явахаас өөр аргагүй. Яагаад гэвэл, төрөлжсөн судалгааны эрдэм шинжилгээний байгууллагуудын үндсэн гол хүч нь манай  хүрээлэнгүүд.

Өнөө жил тусгай захиалгат бүтээгдэхүүнийг манай хүрээлэнгүүд  маш сайн хийсэн байна. Гэвч үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд одоо ч хүндрэлтэй хэвээр байна. Одоогийн манай нөхцөлд инновацийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн хэмжээнд үйлдвэрлэх ямар ч боломж байхгүй байгаа нь үнэн. Шалтгаан нь судлаач хүн  өөрийн санаачилсан төслөө зүтгүүлсээр байгаад нэг патент гаргаад ирдэг. Тэр нь бизнесийн захиалгатай биш, төр засгаас захиалагдаагүй. Тэгэхээр үр дүнгээ  хаана нэвтрүүлэхээ мэддэггүй учраас хүрээлэн дээр гарааны комдани байгуулдаг. Дөнгөж эхэлж байгаа болохоор масс үйлдвэрлэл байтугай 2 хүн цалинжуулж амжаагүй байтал төсөл нь дуучихдаг. Тиймээс Шинжлэх ухаан-Бизнесийн хамтын ажиллагааны  хамгийн гол мөн чанар нь зорилго бодлогоо гаргаж тавихад оршиж байгаа юм. Эхнээсээ ингэж хамтарч ажиллахгүй, үр дүн гарчихсан хойно хамтрья гэхээр аль нэг нь нөгөө талаасаа гуйх юм болоод уялдаж холбогдохгүй хаягдчихдаг. Тэгэхээр юу хийж байгаа,  яах гэж хийж байгаа гэдэг бодлогоо анхнаас нь  гаргадаг болох хэрэгтэй байна” гэсэн юм.    

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(124.158.68.77) 2022 оны 02 сарын 08

Гончигоо эмээ ШУА-н хуралд сууж буй нь харагдав.УИХ-д суужбайхдаа хэрүүлээс өөр ямар юм хийсэн бэ.Эсгий хийхэд нохой хэрэггүй-Гончигоо эмээ академид тоо бодож өгнө гэвүү Эрхүү,Новосибирск хоёрт 6 сарын хугацаагаар төрийн мөнгөөр яваад энэ хоёр хотын их сургуульд ”цагирагийн онол” мэддэг матеиакч байсангүй гээд хамгаалж чадалгүй ирсэн билээ.Дараа нь УБХ-н дарга болж Унгарт очиж үнэмлэх олж ирсэн гэдэг.

0  |  0
Top