АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден болон тус улсын бусад өндөр албан тушаалтан Бээжингийн өвлийн олимпод оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ. АНУ-аас гадна Шинэ Зеланд дипломат ажилтнуудаа БНХАУ руу мөн илгээхгүй гэдгээ мэдэгдсэн. Харин өчигдөр Австралийн Засгийн газар дипломатуудаа явуулахгүй байхаар шийдсэнээ мэдэгдээд байна. Өөр улс орнууд ч гэсэн төлөөлөгчдөө илгээхгүй байх магадлалтай гэдгийг ажиглагчид онцолж байна.
Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа Бээжингийн өвлийн олимп эхлэх бөгөөд зохион байгуулагч орны дарангуйлагч бодлогыг эсэргүүцэх зорилгоор улс орнууд дипломат бойкот зарласаар байгаа юм. Цагаан ордноос өнгөрсөн даваа гарагт албан ёсны төлөөлөгчдөө илгээхгүй гэж мэдэгдсэн нь Бээжингийн уурыг хүргэсэн бөгөөд мягмар гарагт Хятадын албаны хүмүүс хариу арга хэмжээ авна гэдгээ тодотгосон.
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лицян Байден 2028 онд Лос Анжелес хотноо болох зуны олимпыг БНХАУ бойкотлохыг үзэх хэмжээний урт наслана гэж найдаж байна гэжээ. БНХАУ-ын Хонконг, Шинжаанд баримталж буй хүний эрх, ардчиллыг зөрчиж байгааг улс орнууд шүүмжилж байгаа юм. Европын холбоо нэг жилийн өмнө Шинжаан дахь Уйгур болон бусад ислам шашинтнуудын эсрэг тэмцэлд оролцсон албан тушаалтнуудын бизнес, аялал жуулчлалын хязгаарлалтыг дахин нэг жилээр сунгасан.
Мөн долоодугаар сард Европын холбооны парламентаас “Хятадын Засгийн газар Хонконг, Шинжаан Уйгур дахь хүний эрхийн байдал сайжирч байгааг нотлохгүй бол өвлийн олимпыг бойкотлохыг дипломат албан тушаалтнуудад уриалсан шийдвэр гаргасан.
Гэхдээ Европын олон орон Бээжинтэй өргөн хүрээтэй худалдааны харилцаатай байдаг бөгөөд үүнийгээ эрсдэлд оруулахыг хүсэхгүй нь тодорхой.
Европын холбооны гүйцэтгэх байгууллага болох Европын Комиссоос бойкот зарласан тухай асуудлаар “Бид энэ зорилгод хувь нэмрээ оруулахад бэлэн байна. Гэхдээ ийм платформыг улс төрийн суртал ухуулгад ашиглаж болохгүй” гэжээ.
Итали АНУ-ын бойкотод нэгдэхгүй гэж мэдэгдсэн. Гэхдээ Италийн байр суурь өөрчлөгдвөл Бээжинд хүндхэн цохилт болно. Учир нь, тус улс 2026 оны өвлийн олимпыг зохион байгуулах бөгөөд уламжлал ёсоор албан ёсны элчээ илгээж, бамбараа шилжүүлж авах ёстой. Цар тахлын улмаас нэг жил хойшилсон Токиогийн зуны олимпод хамгийн цөөхөн удирдагч, дипломат оролцсон.
Одоогоор Германы шинэ Засгийн газар хараахан бүрэлдээгүй байгаа учраас Канцлер Олаф Шольц олимпыг бойкотлох талаар ямар нэгэн байр суурь илэрхийлэгүй байна. Их Британи ч мөн адил дипломат бойкот хийх шийдвэр гаргаагүй байгаа ч эрх баригч Консерватив намаас бойкот хийхийг уриалж байна. Намын удирдагч асан, Бээжингийн бодлогыг эрс шүүмжлэгч Иайн Дункан Смит АНУ-ын мэдэгдлийг сайшааж, Их Британийг дагахыг уриалав.
Хуучин колони нь байсан Хонконгийн эсрэг Хятадын бодлоготой холбоотой хурцадмал байдал үүсэж байгаа энэ үед Их Британийн Засгийн газрын Хятадад хандах хандлага хүйтэрсээр буй. Их Британийн Шадар сайд, Гадаад хэргийн сайд асан Доминик Рааб АНУ-ын мэдэгдлийн дараа "Би Бээжингийн өвлийн олимпод оролцохгүй гэдгээ шууд хэлж чадна" хэмээсэн байна. Харин Азийн орнууд ямар шийдвэр гаргах нь тодорхогүй байна. Японы Ерөнхий сайд Фумио Кишида мягмар гарагт хүний эрхийг зөрчсөн үйлдэл, Өмнөд Хятадын тэнгис дэх түрэмгийллийн улмаас зарим хууль тогтоогчид бойкот зарлахыг уриалсан ч манай улс Бээжингийн олимпод төлөөлөгчөө илгээх эсэхээ шийдээгүй байна гэжээ. Бээжингийн олимпод оролцоход учирч буй саад бэрхшээл нь зөвхөн дипломат харилцаа биш юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Олимп бол улс төрийн тэмцлийн талбар байж болохгүй.Ийм зорилгоор энэ арга хэмжээг зохион байгуулдаггүй.Хэрэв бойкодыг дэмжвэл зөв гэж үзвэл, зөвхөн биен тамир соёл урлаг бус олон улсын бүхий л арга хэмжээяг ийм байдалд шийлжэнэ. Улс төрийн тэмцлийн талбар болж хувирна.Утгаа алдана. Цаашид ийм олон улсын арга хэмжээ хэрэгжих боломжгүй болно.