Геологи хайгуул, олборлолт гэсэн үндсэн бүтэцтэй өнөөдрийг хүртэл явж ирсэн уул уурхайг нэмүү өртөг шингээдэг, боловсруулдаг салбар болгож, борлуулалттай холбоотой реформ хийж, Үндэсний баялгийн сан, Хуримтлалын нэгдсэн санг Норвеги, Чили, Казахстаны туршлага дээр тулгуурлан хэрэгжүүлнэ гэж Засгийн газрын тэргүүн удаа дараа хэлж ярьж байгаа. Түүнчлэн өнгөрсөн сарын 30-ны өдөр Үндэсний баялгийн сан байгуулах талаар хэлэлцүүлэг болсон.
Манай тухайд баялгийн сангийн хэлбэр бүхий сангууд байгаа ч, үйл ажиллагаа нь эдийн засгийн бус улс төрийн богино хугацааны тооцоолол бүхий, бэлэн мөнгө хавтгайруулан тараах суваг хэлбэрээр ашиглагдаж өнөөдрийг хүрсэн.
Тэгвэл УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал Баялгийн сангийн хэлэлцүүлгийн үеэр хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлэхдээ “Бэлэн мөнгө хавтгайруулж тарааснаас эдийн засагт ямар эрсдэл үүсдгийг бид бүгд ойлгосон. Энэ нь цаашлаад зөвхөн эдийн засаг гэлтгүй нийгмийн сэтгэл зүйд доройтол үүсгэх зэрэг олон асуудал дагуулдаг. Нөгөө талаас, уул уурхай түшиглэсэн улс орнуудад нийтлэг тохиолддог Голланд өвчин гэгддэг баялгийн хараалаас сэргийлэх талаар бид бодолцож үзсэн. Дотоодын эдийн засгийг хэт халахаас сэргийлэхийн зэрэгцээ аж үйлдвэрийн салбарт үе шаттайгаар хөрөнгө оруулалт хийнэ. Өөрөөр хэлбэл, Хөгжлийн сан маань төсвийн орлогоос булаацалдахгүй, одоо байгаа төрийн өмчит уул уурхайн компаниудыг зах зээлийн зарчмаар удирдаж ашигт ажиллагааг нэмэгдүүлж, улмаар бий болох ашгийг хуримтлуулж, түүгээрээ хөрөнгө оруулалт хийх юм. Хөгжлийн сан байгуулагдсанаар макро эдийн засагт дунд болон урт хугацаанд хэрхэн нөлөөлөхийг бид ерөнхий тэнцвэрийн динамик загвараар (CGE) бас тооцоолсон.
Өнөөдөр Хөгжлийн сангийн эрх зүйн зохицуулалт, нэгдсэн хөрөнгө оруулалтын бодлого байхгүйгээс стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдийг нэг удаагийн засгийн газрын тогтоол, шийдвэрээр санхүүжүүлж байгаа нь нэг талаас учир дутагдалтай. Тухайлбал, Тавантолгойн цахилгаан станц, төмөр зам зэрэг томоохон хөрөнгө оруулалтуудыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д даалган санхүүжүүлж буй нь мөнгөн урсгал сайтай хэдхэн компаниудадаа хэт их ачаалал өгч, тэдний санхүүгийн бие даасан байдал, компанийн цаашдын хөгжилд чөдөр тушаа болдог. Тиймээс эдгээр үйлдвэр, компанийг хөгжлийнхөө дараагийн шатанд гарах, санхүүгийн сахилга бат, бие даасан байдалтай байх, эрх хэмжээнийхээ хүрээнд төлөвлөсөн дэд төслүүдээ хэрэгжүүлэх боломж нөхцөлөөр хангах хэрэгтэй. Тэрхүү томоохон санхүүжилтийн механизм нь өөрөө Хөгжлийн сан байна” гэв.
Сэтгэгдэл ( 0 )