Өв соёл бүхнээ үйлдвэрлэл болгох нь зөв үү, буруу юу!

2021 оны 12 сарын 12

Өнгөрөгч сарын сүүлээр соёлын яамнаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Соёлын бүтээлч үйлдвэрлэл форум"-ыг амжилттай  зохион байгуулсан. Зорилго нь бол Монгол үндэстний оршин тогтнох үндэс болсон түүх, соёлоо хамгаалан хөгжүүлж, монголчуудынхаа оюун санааны дархлааг бэхжүүлэх, улмаар соёлын үйлдвэрлэл бий болгож, хөрөнгө санхүү босгох байсан юм. Гэхдээ соёлын өв бүхнийг үйлдвэрлэл болгох нь зөв үү, буруу гэдэг нь анхаарал дагуулсаар байна.

Юуны өмнө даяаршлын олон соёлын нөлөө дэлхий дахинаа хэрж байгаа энэ цаг үед монгол хүн бүр соёлын өвөрмөц байдлаа алдахгүй байх нь юу юунаас чухал гэдгийг онцлох хэрэгтэй. Тиймдээ ч Монгол Улсын Засгийн газар хэл, түүх, соёл зэрэг үндэсний үнэт зүйлсээ сурталчлан таниулах, хойч үеэ эх оронч үзлээр төлөвшүүлэн хүмүүжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэн хөгжүүлэх олон талын ач холбогдолтой “Төрөөс соёлын талаар баримтлах бодлого”-ыг шинэ шатанд гаргах зорилгоор Соёлын яамыг байгуулсан юм.

Соёлын үйлдвэрлэл эдийн засгийн өсөлт болон ажлын байр нэмэгдүүлж байгаа үзүүлэлтээрээ жил ирэх тутам тогтмол өсөж байгаа нь соёлын салбарын хөгжлийг дэмжих чухал хөшүүрэг болж байгааг ч дурдах болов. Дэлхийн улс орнууд орчин үеийн техник технологи, инновацад тулгуурлан үндэстнийхээ өв уламжлал, ёс заншил, соёлын онцлогийг агуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын зах зээлд нийлүүлэн соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засаг, нийгэмд оруулах бодит үр өгөөжийг нэмэгдүүлж байгаа нь сайн хэрэг. Гэвч өвөрмөц ёс заншилтай бидэнд тохирох уу гэдэг асуудал зүй ёсоор хөндөгдөж байна. Тохирох тохирохгүйдээ ч биш, бүгдийг нь экспортлоод байж болох уу гэдэгт л хамаг учир бий.

Гэтэл Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, үндэсний агуулгатай инновац шингэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэл-инновацын салбарыг хөгжүүлж, монгол брэндийг бий болгон, соёл, урлагийн эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ” гэж заасан байдаг.

Нөгөө талаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлогод “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин, Монгол туургатны өв соёлыг дэлхийг таниулах соёл, урлагийн Монгол брэндийг хөгжүүлэх”-ээр тусгасан нь бий. УИХ-ын зүгээс энэ тал дээр дэмжлэг үзүүлж ажиллана гэдгээ хэлээд байгаа. Бидний “Төрийн гурван өндөрлөг” хэмээн нэрийддэг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжиж байгаа нь сайн хэрэг.

Тэдний дэмжиж байгаа бодлогыг хураангуйлан хүргэвэл дэвшилтэт технологи, инновацад суурилсан үндэсний өв уламжлал, ёс заншил, соёлын онцлогийг агуулсан дэлхийд өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, экспортлох юм.

Эндээс харахад төрөөс бүх талаар соёлын үйлдвэрлэлийг дэмжих нь гарцаагүй харагдаж байна. Бүтээлч үйлдвэрлэл нь өөрөө үндэсний соёл, үндэсний үнэт зүйлд хэрхэн нөлөөлдөг тухай бодохгүй байж болохгүй. Бүх зүйлийг хөрөнгө санхүүгийн зүгээс харах аргагүй. Мөнгөөр арилжиж болдоггүй үнэт зүйл энэ улс оронд байж таарна.

Эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийн хүрээнд нүүдэлчдийн өв соёлд багтаж байгаа ухаан, өв болгоноор соёлын бүтээлч үйлдвэрлэл хийх нь эдийн засгийн ач холбогдолтой байж болох ч оюун санаа, соёлын дархлааны хувьд ямар байх вэ гэдгийг судалгааны ажлын хүрээнд асуудал дэвшүүлж, хэлэлцүүлэх нь зөв хэмээн эрдэмтэн мэргэд ч үзэж байна. Өөрөөр хэлбэл, өв болгоныг бүтээлч үйлдвэрлэл болгоод эдийн засгийн утгаар нь хөгжүүлэх нь өөрөө үнэт зүйлээ үгүй болгох аюултай учраас сэргийлэх чухал байж таарна.

С.БАЯР

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top