Коронавирус илрэхэд гэрэлтдэг амны хаалт бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 10

Японы Киотогийн их сургуулийн эрдэмтэд коронавирусний ул мөр илрэхэд хэт ягаан туяанд гэрэлтдэг амны хаалт бүтээжээ.

Киодо агентлагийн мэдээлснээр, амны хаалтын шүүлтүүрт орсон флюресценц будагч бодис коронавирусний илрэхэд гэрэлтдэг байна. Будагч бодисын орцод  тэмээн хяруулын өндөгнөөс гаргаж авсан коронавируст үйлчилдэг эсрэг биет ордог байна.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард эрдэмтэд идэвхжүүлээгүй коронавирусийг эм тэмээн хяруулд суулгаж, өндөгнөөс нь их хэмжээний эсрэг биет гаргаж авчээ. Судлаачдын багийн ахлагч Ясүхиро Цүкамотогийн хэлснээр, тэмээн хяруулын өндөгнөөс гаргаж авсан эсрэг биетийг их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой гэнэ. Цаашид үүнийг ашиглан хэрэглэхэд хялбар оношлуур бүтээхээр ажиллаж байна.

Гэрэлтдэг амны хаалтын туршилтад коронавирусний халдвар авсан 32 өвчтөн оролцжээ. Тэдний зүүсэн амны хаалт хэт ягаан туяанд гэрэлтсэн байна. Хожим нь вирусний ачаалал буурсны дараа амны хаалт гэрэлтэхээ больжээ. Цүкамото тэргүүтэй судлаачид дараагийн шатны судалгаанд 150 оролцогчийг хамруулахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top