Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ЛЮ ТАН ГАЛ ТАВИН БАЙЛДААНЫ ОНГОЦЫГ ШАТААСАН СҮН ЖЯН ХОЁР ЗЭРЭГ ГАО ТАЙЮЙ-Г ДИЙЛСЭН
Өгүүлэх нь тэр үед Гао Тайюй усан замын цэрэг жанжныг үзвээс байдал муу болсон тул, цэргийг хураан эгсүгэй хэмээж атал, дөрвөн этгээдэд үхэр буун дуу гарснаа, яаран олон жанжныг цуглуулж, зам тэмцэн буруулан эчив. Үзвээс, угт Лян Шань уулын цэрэг морь ганц тэмдэг бууг дөрвөн этгээдэд тавьснаас бус бүгсэн цэрэггүй байсан ажгуу. Төдийд, Гао Тайюй их л эмээн зүрх түгшин цөс цалгиж, хулгана мэт амь тэмцэн буруулж, шөнө дүлээр цэрэг морийг хураан Жижоу фү-д дутааж ирээд бүртгэн үзвээс, явган цэрэг дэмий их хохирсонгүй боловч усан цэргийн их хагас нь хохирч, байлдааны онгоц нэг ч харьж ирж чадсангүй. Лю Мэн Лүн буруулан дутааж иржээ.Цэргийн ардын дотор, ус чадах хүмүүн нь арай хэмээн амь мултарч, ус чадахгүй хүмүүн цөм живж үхсэн тул Гао Тайюй-н цэрэг их л дарагдаж, хурц сүр нь мохоод цэрэг морийг түр хот дотор тэгшлэн буулгаж, Ню Бан Си-ийн онгоц сал үйлдэж ирэхийг хүлээн, элч зарж түүнд албан бичиг илгээгээд, хэрэглэж болох онгоц малыг цөмөөр хураамжлан Жижоу фү-д авч ирээд цэрэг морийг тэгшлэн дахин дайлахаар эчмүй хэмээн шаардуулсныг түр өгүүлэхгүй.
Өгүүлэх нь Сүн Жян бээр Дүн Пин-г авч урьдаар Лян Шань ууландаа харьж ирээд, зэвийг сугалан авч, хувилгаан оточ Ань Даочуань-ийг дуудан эм түрхэж эмнэн застугай хэмээсэнд Ань Даочуань сайн эм Жинчян гоёог гарган шарханд нь нааж өгөөд цайздаа сувилан засав. Дэмий удсангүй цэргийн багш Ү Юн бас олон дайван нарыг дагуулан уулан цайздаа харьж ирсэнд усан цэргийн түрүү Жан Хэн бээр Дан Ши Сюн-г түлхлэн шударга журмын танхимд ирээд цэргийн гавъяа мэдүүлэв. Сүн Жян захиа буулган Дан Ши Сюн-ыг хойд цайзнаа аваачиж хориод, байлдаанд олсон онгоц салыг цөмөөр усан цайздаа хураамжлан үлдээгтүн хэмээн олон дайван нарыг тус тус илгээв.
Тэндээс Гао Тайюй-н бие Жижоу фү-ийн хотод сууж, олон жанжин нарыг цуглуулан Лян Шань уулыг шүүрдэн хураамжлах аргыг зөвлөсөнд олны сүргээс Шандан-ын жедү түшмэл Сюй Жин айлтан өгүүлрүүн: - Миний бие бага насанд мөрөн тэнгисээр хэсэн бялуу бүжиглэн гоёог худалдаж асан цагт нэгэн хүмүүн лүгээ зузаан нөхөрлөсөн бөлгөө.Тэр хүмүүн арга бодлогод нэвтэрч, цэргийн ёсонд мэргэшин, цээжинд нь Сүн Ү-ийн эрдэм, Ю Гэ Лян-ийн ухаан байх бөлгөө.Энэ хүмүүн овог Вэн нэр Хуан Жан, эдүгээ Дунжин хотын гаднах Ань Рэнь Цүнь тосгонд бичиг зааж баймуй. Хэрвээ энэ хүмүүнийг олж зөвлөлийн түшмэл болговоос эрхгүй Ү Юн-ийн зальт аргыг эвдэж болмуй хэмээсэнд Гао Тайюй айлтгалыг зөвшөөж, нэгэн жанжныг дуудан эмээлт морь, өнгөт торго тушааж шөнө дүлээр эзэн хотноо хүрч, гацааны бичгийн гэрийн оюутан Вэн Хуан Жан-г цэргийн явдлын зөвлөлийн түшмэлийн ёсоор хүндлэн үйлдэж, даруй түргэн Жижоу фү-д залж авчраад хамтаар цэргийн үйлийг зөвлөмүй хэмээн илгээв. Түүнээс эзэн хотод зарсан элч мордоод дэмий таван өдөр болсонгүй. Гэнэт харуулын ард дотогш ирж, Сүн Жян-ын цэрэг морь хотын хаалган доор ирж өдөөн байлдмуй хэмээн мэдүүлсэнд Гао Тайюй их л хилэгнэн харъяат цэрэг морийг тэгшлэн, хот гарч дайсныг угтуулаад, зам замын жедү түшмэл нарт захиа буулган, хүч нэгдэн хулгайг тулагтун хэмээв.
Төдийд Сүн Жян бээр Гао Тайюй өөрийн биеэр цэрэг авч ойр хүрч ирснийг үзээд яаран өөрийн цэрэг морийг таван газар ухруулж, уудам талд буудаллуулав. Гао Тайюй цэргийг тохиж нэхэн ирээд үзвээс Сүн Жян-ын цэрэг морь нэгэнтээ уулан энгэрт жагсаал жагсан, улаан тугийн цэргийн дотроос нэгэн их жанжин хээхэлзэн гарч ирэв.Тэмдэг тугийн дээр хос ташуурт Хү Яньжуо хэмээн тов тодорхой бичиж асан ажгуу. Тэр их эр хурдан хүлгийн жолоог тавин, хүнд ташуурыг хөндлөн өргөж, жагсаалын өмнө зогссонд Гао Тайюй хуруугаар зааж: - Энэ хулгай болбоос чив хэмээн холбоот морин жагсаалыг захирах цагт хаан төрөөс урвасан хүмүүн болой хэмээгээд Юнжүн-ийн жедү түшмэл Хань Цүнь Бао-г дуудан хулгайг угтан байлд хэмээв. Энэ Хань Цүнь Бао болбоос угт Фан Тянь Жи жадыг хэрэглэхэд мэргэшсэн ажгуу. Төдийд хоёр жанжин хүлэг хийсгэн жагсаалын өмнө гараад үг дуугарсангүй. Нэгэн нь жад бүжиглэн жадлан орсонд нөгөө нь ташуур эргүүлэн тосон авч, дэмий дөч тавин удаа зөрөлдсөнгүй Хү Яньжуо гэнэт тохиолыг үзэж, хоосныг занчин хүлэг ташуурдаж, уулан хормой уруу буруулсанд Хань Цүнь Бао хүлэг хийсгэн хойноос нь нэхэмжлэн ирэв. Хоёр жанжны унасан хурдан хүлгийн ган туурай газрыг цавчлан гал бадармуй. Зургаа долоон газрын хол гарч, хүн амьтангүй болсонд Хү Яньжуоморин жолоог эргүүлж хойш хандан үзвээс Хань Цүнь Бао нэхэмжилж ойр болсонд хос ташуурыг өргөн угтан ороод бас арван хэдэн удаа зөрөлдсөнөө Хү Яньжуохос ташуураар хурц жадыг зайлуулж, морь ташуурдан буруулав. Хань Цүнь Бао дотроо: - энэ хулгай миний зэвсэгт халиран чадахгүй болсон бөгөөд түүний хос ташуур бас самуурчээ. Түүнийг даруй түргэн нэхэмжилж амьдаар барихгүй бас ямар цагийг хүлээмүй хэмээн бодоод морь ташуурдан нэхэмжилж нэгэн уулын хавцалд хүрч ирснээ, өмнө биед хоёр салбар зам болж Хү Яньжуочухам хааш буруулсныг мэдэхгүй болов. Хань Цүнь Бао хүлгийн жолоог татаж уулан хөтөлд гарч үзвээс, Хү Яньжуо нэгэн бага горхийг тойрон буруулан эчих тул их дуугаар: - Сөргүү хулгай хааш буруулсугай хэмээмүй. Хурдан мориноос бууж дагаваас амийг чинь хэлтрүүлмүй хэмээн бархирсанд Хү Яньжуо морь татан зогсож, Хань Цүнь Бао-г гутаан хараамуй. Хань Цүнь Бао замыг тойрон эчиж Хү Яньжуо-ын эчих замыг тоссонд хоёул чив хэмээн горхины хөвөөнд дайралджээ. Тэд хоёулын өмнө биед бяцхан горхи хөндөлсөж, ард их уул сүндэрлэж, түүний дундуур ганц нэгэн зурвас нарийн зам асан тул хоёр морь эргэн зөрөлдөж болохгүй болжээ. Хү Яньжуо хүлгийн дээрээс: - Хулгай чи хурдан дагахгүй бас ямар цагийг хүлээмүй хэмээн хашхирсанд Хань Цүнь Бао их л хилэгнэн: - Чиний зэргийн дийлэгдсэн жанжин гэдрэг намайг бууж өгтүгэй хэмээн шаардмуй хэмээсэнд Хү Яньжуо өндөр дуугаар: - Чамайг хууран энд авчирсан нь чив хэмээн амьдаар барьсугай хэмээсэн нь болой! Чиний утсан амь удахгүй төгсөх болов хэмээснээ Хань Цүнь Бао бас: - Эцэг чинь чив хэмээн чамайг амьдаар барьсугай хэмээмү хэмээв.
Хоёр жанжны хуучин хилэн дахин мандаж, Хань Цүнь Бао урт жадыг эргүүлэн Хү Яньжуо-ын зүрхэн эх, аюулхайн сүв өөд мөндөр буух мэт жадлан орсонд Хү Яньжуо ташуур далайн зүүнийг цохин барууныг зайлуулан хуй салхи мэт түргэнээр занчин үүсгэж, хоёул бас хойш урагш хорь гучин удаа болж, хараахан зууралдан байлдаж асанд Хань Цүнь Бао гэнэт нэгэн жадаар Хү Яньжуо-ийн сүвээ рүү жадалсанд Хү Яньжуо яаран ташуур эргүүлж Хань Цүнь Бао-ын өвчүү өөд занчин оров. Тэд хоёул нэгэн нэгнийхээ зэвсгээс бие хэлбийн зайлснаа, хоёр зүйлийн цэргийн зэвсэг хоосон газар дам туссанд Хү Яньжуо шаламгайлж, Хань Цүнь Бао-ын жадны ишийг сугандаа хавчсанаа, Хань Цүнь Бао бас бие эргэн Хү Яньжуо-ийн ташуурын ишийг атган авав. Хоёул морин дээрээс хүчлэн таталцаж, бие биеэ тэврэн, зууралдан ноцолдохуйяа Хань Цүнь Бао-ын унасан морины гуя урьдаар горхинд орсонд Хү Яньжуо бас хүмүүн морийн хамт усанд унаж хоёул усан дунд зууралдан ноцолдов. Хоёр морины үсэргэсэн ус тэд хоёулын дээл хувцсыг шал норгожээ. Хү Яньжуо гарт атгасан зэвсгийг гээж Хань Цүнь Бао-ын жадны ишийг сугандаа хавчаад яаран ташуураа эргүүлж занчсугай хэмээтэл, Хань Цүнь Бао бас түүний ташуурын ишнээс атган авч, Хү Яньжуо-ын хоёр мөрнөөс татсанд хоёул харилцан зууралдсаар усанд өнхрөн унав. Хоёр морь од харвах мэт түргэн давхисаар усан хөвөөнд гараад уулан хормой өөд довтлон эчив. Тэд хоёул усан дунд ноцолдон занчилдсаар цөм хувь хувийн зэвсгээ алдаж, дуулгаа гээгээд, хуяг дээл цугаар хэсэг хэсэг хагарсанд хоёул мөн нударга эргүүлэн занчилдаж, гүн устай газраас гүехэн устай газар өөд ноцолдон ирээд хараахан зууралдан бүхийд гэнэт нэгэн багийн цэрэг морь голын хөвөө уруу нисэх мэт довтлон ирэв.Үзвээс тэргүүлсэн жанжин болбоос чив хэмээн өдгүй сумт Жан Чин асан ажгуу. Төдийд олон хүмүүн цугаар гар хөдөлж, Хань Цүнь Бао-г амьдаар бариад дутаан эчсэн хоёр морийг нь барьж аваад усанд унасан цэргийн зэвсгийг шүүн гаргаж Хү Яньжуо-д өгөөд, нойтон хувцсаар нь моринд унуулж, Хань Цүнь Бао-ын гарыг хойш барьж хүлээд моринд унуулж уулан хавцлыг чиглэж эчив.
Дэмий хол явсангүй, өмнө биеэс нэгэн багийн цэрэг морь Хань Цүнь Бао-г эрэхээр ирсэнд хоёр этгээдийн цэрэг чив хэмээн хавцлын аманд золгожээ. Өмнөөс ирсэн цэргийн тэргүүлсэн хоёр жедү түшмэл, нэгний нэр Мэй Жань, нөгөөгийн нэр Жан Кай хэмээмүй. Мэй Жань нүд өргөн үзвээс, Хань Цүнь Бао-г морин дээр атиртал хүлж байхуй бөгөөд дээл хувцаснаас чив чив хэмээн ус дусалж асан тул хилэнгийн гал хүүдэгт мандаж, гурван үзүүр хоёр ирт илдийг бүжиглэн Жан Чин-г угтан ороод хоёр гурван удаа болсонгүй Жан Чин морин жолоо дарж буруулан эчсэнд Мэй Жань морь ташуурдан хойноос нэхэмжлэн ирэв. Жан Чин бичний мөрийг сунган, чонын бэлхүүсийг сунгаж, чулуун мөхлөгийг шүүрэн аваад "Зэвсэг үз! хэмээн зандарч цохин илгээсэнд, чулуун мөхлөг чив хэмээн Мэй Жань-ий гал магнайг онож, улаан цус оргилон урсаж, гарт атгасан илдээ алдаад, нүүрээ бүтээн буруулав. Жан Чин морин жолоо эргүүлэн нэхэмжлэн эчтэл Жан Кай зэв онилон, нуман хөвчийг дүв дүгрэг болтол татаад харван илгээсэнд, Жан Чин яаран морин жолоог таттал тэр зэв түв хэмээн морины нүдийг онож, унасан хүлэг газар өнхрөн унасанд Жан Чин яаран гүйн босож, жадыг шүүрэн аваад явганаар байлдан оров. Энэ Жан Чин хэмээгч ганц чулуун мөхлөгөөр хүмүүнийг занчих эрдэмд шалгарснаас бус жадны эрдэмд тийм хэцүү бус ажгуу. Төдийд Жан Кай урьдаар Мэй Жань-ийг тэнхрүүлсэн хойно Жан Чин-д байлдан ороод морин дээр жад хэрэглэх нь хувилгаан сахиус ч ойртож чадахгүй тул Жан Чин дэмий л биеийг халхлахаас бус тулан чадахгүй болж, жадаа чирэн морьт цэргийн дунд орж халхлав. Жан Кай морь ташуурдан бүжиглэж, тавь жаран цэргийн ардыг жадлан унагасанд олон цэрэг зүг зүгтээ сарнин бутарч зугтав. Жан Кай морь тавин Хань Цүнь Бао-г булаан авч явсугай хэмээтэл гэнэт хашхирах дуу мандаж, уулан амнаас хоёр багийн цэрэг морь нисэх мэт довтлон ирэв. Үзвээс нэгэн багийн цэрэг морийг цахилгаан тэнгэр Чинь Мин дагуулан, нөгөө багийн цэргийг дам илдэт Гуань Шэн дагуулж, хоёр жанжин морь хийсгэн алан ирмүй. Жан Кай их л гэлмэж, Мэй Жань-ийг хамгаалан эчтэл хоёр замын цэрэг хавчин алж, Хань Цүнь Бао-г дахин булаан аваачив. Жан Чин нэгэн морийг булаан авч унав. Хү Яньжуо байхуй бүх хүчин чадлаа гаргаж арга буюу олон цэргийн хойноос дагаж алалдан хамтаар албан цэргийн жагсаалын өмнө алан гарснаа сүр хүч нэнд бадарсанд албан цэрэг тулан чадахгүй болж Жижоу фү-ийн хотон доор хүртэл цэрэг ухрав. Лян Шань уулын цэрэг морь бас нэхэмжилсэнгүй ганц Хань Цүнь Бао-г хүлж, шөнө дүлэн уулан цайздаа эгэв.
Түүнээс Сүнь Жян шударга журмын танхимд сууж атал цэргийн ард Хань Цүнь Бао-г хүлж түлхлэн авчирсанд, Сүн Жян яаран хуягийн ардыг зандан эгүүлж, өөрийн биеэр хүлээсийг нь тайлан, суудалд суулган хүндлэн зочилсонд Хань Цүнь Бао индлэн биширч зогсохгүй байсанаа Дан Ши Сюн-г бас залан авчруулж уулзуулан нэгэн хамтаар хүндлэн дайлах зуур Сүн Жян өгүүлрүүн: - Хоёр жанжин сэжиглэх хэрэггүй.Сүн Жян надад өөр сэтгэл үгүй бөлгөө.Ганц ховдог ноёд авлигч түшмэл маныг шахамдуулан энэ алхам дээр хүргэсэн болой.Хэрвээ эзэн төр ялыг уучлан илбэн дагуулбаас дуртайяа улс гүрний төлөө өөрийн хүчийг өргөсүгэй хэмээмү хэмээхүйеэ Хань Цүнь Бао өгүүлрүүн: - Урагш өдөр Чэнь Тайюй өөрийн биеэр бодрол бичгийг авч илбэн дагуулахаар уулан цайзнаа ирсэнд юун хэмээн энэхүү сайн тохиолд нийлүүлэн гажууг гээж төвийг дагасангүй аж? хэмээснээ Сүн Жян өчрүүн: - Хэдий эзэн төрийн жуу бичгийг авчирсан боловч бичсэн нь тодорхойгүйн дээр тосгоны дарсаар хааны шагнасан сайн дарсыг сольсон тул олон ах дүү нар үнэн сэтгэлээсээ бишрэн дагасангүй.Зарсан хоёр элч Жан овогт шадар түшмэл Ли овогт Юй Хоу түшмэл эрх сүрт эрэмшин олон жанжин нарыг гутаан доромжлов... хэмээвээс Хань Цүнь Бао өгүүлрүүн: - Ганц дунд нь сайн хүмүүн эелэн нийлүүлсэнгүй тул улс гүрний их үйлийг саатгав хэмээв. Сүн Жян хуримын ширээ засаж хүндлэн дайлсан хойно жич маргаадрын өдөр эмээлт морь авчруулж тэд хоёулыг унуулаад уулан хавцал гартал үдсэнд хоёул замын гудас Сүн Жян-ын сайныг өгүүлэн хэлэлцэж явсаар Жижоу хотын доор хүрч иртэл түв хэмээн наран унаж бүрий тасарчээ. Дэд өдрийн өглөө яаманд орж Гао Тайюй-д мөргөн золгоод Сүн Жян-ын тавин явуулсан үйлийг нэгэн зэрэг тоочин хэлсэнд, Гао Тайюй нүд дүгрэглэн ширээ дэлдэж: - Энэ болбоос манай цэргийн сэтгэлийг самууруулах зальхай хулгайн зусар арга болой.Та хоёул ямар нүүрээр надад ирж учирмуй! Зүүн баруун жигүүрийн ард хурдан ирж энэ хоёулыг түлхэн гарч тэргүүнийг нь цавчиж хойш мэдүүл! хэмээн зандарсанд Ван Хуань зэргийн олон түшмэд өвдөг нугалан сөгдөж гуйн өгүүлрүүн: - Энэ болбоос Сүн Жян, Ү Юн-ийн сэдсэн зальт арга тул эд хоёулд харъяа үгүй болой.Хэрвээ эд хоёулын тэргүүнийг цавчваас гэдрэг уулан хулгайд элэглэгдэх болуузай хэмээн хүчлэн гуйсанд Гао Тайюй сая Хань Цүнь Бао, Дан Ши Сюн хоёулын амийг нь хэлтрүүлж, аливаа тушаалыг нь хасаад, эзэн нийслэл Дунжин хотын Тай И Гүн ордонд илгээж ял асуухыг хүлээ хэмээгээд хоёулыг Жин балгасанд хүргэв.
Үзвээс, энэ Хань Цүнь Бао болбоос Хань Жүн Янь-ий ач хөвүүн бөлгөө. Хань Жүн Янь хэмээгч улсын нагац тайш түшмэл болох бөгөөд эзэн төрийн хэргэмтэн сайдын олонх нь түүний үүднээс бие гарсан болой. Түүний үүдэн гэрийн сургуульд нэгэн бичгийн багш асан бөлгөө.Овог Жэн нэр Жюй Жүн, энэ хүмүүнийг угт Хань Жүн Янь өргөн баталсан бөгөөд эдүгээ Юй Ши дайфү түшмэлийн тушаалд амуй. Төдийд Хань Цүнь Бао өөрийн үйлийг түүнд зүй зүйгээр тоочин хэлсэнд, Жэн Жюй Жүн сүйхэнд сууж Хань Цүнь Бао-г дагуулан урагш ирж шаншү түшмэл Юй Шэн-д золгоод энэхүү үйлийг зөвлөсөнд Юй Шэн өгүүлрүүн: - Энэ үйлийг урьдаар Цай тайшид айлтгасан хойно жич алгуураар эзэн хаанд бараадаж айлтгаваас болмуй хэмээгээд Жэн Жюй Жүн-ийн хамт Цай тайшийн ордонд ирж золгоод: - Сүн Жян угаас өөр санаагүй, ганц эзэн төрийн илбэн дагуулахыг хүлээж амуй хэмээсэнд Цай Жин өгүүлрүүн: - Тэргүүн удаа жуу бичгийг урж ёс бусаар аашилсан тул илбэн дагуулбаас болохгүй, ганц барьж сөнөөвөөс зохимуй хэмээхүйеэ хоёул зэргээр айлтган өгүүлрүүн: - Урагш өдрийн илбэн дагуулах үйл эс бүтсэн нь, зарсан элч бээр эзэн төрийн эрдмийг дэлгэрүүлэн өршөөлийг түгээж, үнэн сэтгэлээр илбэн тохинуулж, сайн үгсээр ятган ухуулсангүй. Тухайлан гажуу үгсээр айлган сүрдүүлсэн тул хэрэг бүтсэнгүй дурган болжээ хэмээсэнд Цай Жин сая үгийг зөвшөөв. Жич өдрийн өглөөний бараалхалд тэнгэрийн хөвүүн Дао Жюнь хаан харшид заларсанд, Цай Жин өвдөг даран сөгдөж, Лян Шань уулнаа дахин элч илгээж жуу бичиг бариулан илбэн дагуулах үйлийг айлтгасанд, тэнгэрийн хөвүүн өгүүлрүүн: - Эдүгээ Гао Тайюй хүмүүн илгээж энэ Рэнь Цүнь тосгоны Вэнь Хуань Жан-г залуулан зөвлөлийн түшмэл болгож цацрын өмнө хэрэглэсүгэй хэмээж байхуй тул элчийг энэ хүмүүн лүгээ хамт илгээвээс зохимуй. Хэрвээ дуртайяа дагаваас ялыг нь хэлтрүүлсүгэй, бас дагахгүй болбоос Гао Цю-д өдөр хугацан, уг үндсээр нь арилгаж бараад, хурдан Жин хотноо эгтүгэй хэмээн захигтун хэмээв. Цай тайш захиаг хүлээн жуу бичгийг сийрүүлэн бичээд хурим бэлдэж Вэнь Хуань Жан-г залуулав. Угт энэ Вэнь Хуань Жан болбоос нэрт бичгийн эрдэмтэн бөгөөд эзэн төрийн их сайд нар олонх нь түүнийг таних тул үдэж мордуулах хуримд ирэв. Хуримын ширээ тархсан хойно Вэнь Хуань Жан юм хүмээ багцлан мордохоор бэлтгэв. Шүлэгт өгүүлсэн нь:
Эрдэмтэн багш он удтал энэ Рэнь тосгонд нуугдаад,
Өнөөдөр цэргийн цацарт гэнэт хар малгай зүүжээ.
Урагш өдөр эзэн төрд нөхөр олон боловч,
Огоот бас нэгэн хүмүүн ч эрдэмтнийг эс баталжээ.
Түүнээс Вэнь Хуань Жан эзэн хааны элч лүгээ Жин хотоос гарсныг түр өгүүлэхгүй. Өгүүлэх нь Гао Тайюй Жижоу фү-д сууж хараан сэтгэл зовж атал хаалгач ард дотогш ирж: - Ню Бан Си хүрч ирэв хэмээн мэдүүлсэнд, Гао Тайюй дотогш оруулж ёслон золгосон хойно ийн асууруун: - Онгоц сал үйлдэх үйл ямар болов? хэмээсэнд, Ню Бан Си айлтган өгүүлрүүн: - Замын гудаст зохиож бэлтгүүлсэн их бага онгоц салыг бүртгэвээс мянга таван зуу илүү болж, бүгдийг авчраад оломд талбиж баймуй хэмээсэнд, Гао Тайюй их л баярлаж, хүндэд шагнаад, захиа буулган авчирсан онгоц салыг их оломд оруулан, гурван онгоцыг нэгэн анги болгон хадаж тавиад, модон хавтсаар онгоцыг дарж, төмөр гархит оньсоор аргамжуулан, явган хуягийг цөм онгоцонд гарган, үлдсэн цэрэг морийг олмын хөвөөнд илгээн онгоц салыг сахин хамгаалуулав. Энэ мэтээр цэрэг морийг ангилан тэгшилж, онгоцонд гарган боловсрол хийлгээд хагас сар болсонд Лян Шань-ы газар бас энэхүү чимээг олж мэдэв. Төдийд цэргийн багш Ү Юн бээр Лю Тан-г дуудан ийм тийм арга сургаж, усан цэргийг захиран гавъяа байгуултугай хэмээн илгээгээд, усан цэргийн олон дайван нарт захиа буулган тус тус бага салыг бэлтгүүлж, онгоцны тэргүүнд төмөр зангууг зэрэглүүлэн хадуулж, онгоцны өрөөнд хуурай түлээ хулс зэгс ба хүхэр дарь зэрэг гал золгох эдийг нуулгаж бага оломд суулгав. Бас мэргэн Паочи Лин Вэнь-ийг дуудан, уулан оройд гарч тэмдэг буу тавь хэмээн захиад, усны хөвөөн дэх мод шугай нягт ургасан газар туг далбаа өлгөн, харанга хэнгэрэг дэлдэн, үнст буу зохиож, хуурмагаар цэрэг морь цацар сайхан байх мэт зохиож, Гүн Сүньшэн-г увдис улируулж салхин уригтун хэмээн захиж, хуурайд байх цэрэг морийг гурван анги хувааж өмөглөн байлд хэмээн тус тус цааз зарлав.
Түүнээс Гао Тайюй Жижоу фү-д байх цэрэг морийг тэгшлэн, усан цэргийг Ню Бан Си-ээр ерөнхийлөн захируулж, Лю Мэн Лүн, Дан Ши Ин хоёроор туслуулж, бие хуяглан, гурван зэрэг хэнгэрэг дэлдүүлсэн хойно, оломд асан онгоц салыг хөдөлгөж, хуурай замын цэрэг морий дагуулан нисэх мэт түргэнээр Лян Шань уулын зүг алан ирэв. Тэр үед, усан замын цэрэг онгоц салыг хөдөлгөн, сэлүүр сажлан, харанга хэнгэрэг дэлдэж, Лян Шань уулын зүг алан ирсэнд оломд нэхэж онгоц сал харагдахгүй. Жинь Ша танд ойр хүрч ирээд үзвээс, лянхуа цэцэгт нуурын дунд загас агнах хоёр завь урагшлах бөгөөд завь бүрт хоёр хүмүүн зогсож алга ташиж хадганан инээмүй. Лю Мэн Лүн үүнийг үзээд их л хилэгнэж цэргийн ардыг зандан зэв харвуулсанд, тэр загасчид усанд харайн оров. Лю Мэн Лүн онгоцыг шаардан Жинь Ша таны ойр хүрч ирвээс хөх уд хөхрөн харагдах бөгөөд нэгэн их уд модноос хоёр үхэр уяж, модон доорх ногоо зүлгэн дээр гурав дөрвөн үхэрчин хөвүүн унтаж байх бөгөөд холоос бас нэгэн үхэрчин хөвүүн бүдүүн шарын нуруунд буруу хандан сууж, хулсан бишгүүрийг хангинатал үлээж ирмүй. Лю Мэн Лүн чийрэг шаламгай цэргийн эрсийг дуудан усны хөвөөнд гаргаснаа тэр үхэрчин хөвүүд гүйлцэн босож хадганатал инээсээр хөх удын далд оров. Төдийд өмнөх жагсаалын зургаа долоон зуун цэргийн эрс усны хөвөөнд авиран гарснаа, удан шугуй дундаас буун дуу гарсанд, хоёр хажуугаас бас харанга хэнгэргийн дуу мандахын сацуу зүүн этгээдээс улаан хуяг дуулга өмссөн нэгэн багийн цэрэг нисэх мэт алан ирэв. Тэргүүлсэн жанжин нь цахилгаан тэнгэр Чинь Мин ажгуу. Баруун этгээдээс бараан хуяг дуулга өмссөн нэгэн багийн цэрэг морь жад эргүүлэн алан ирэв. Тэргүүлсэн их эр чив хэмээн хос ташуурт Хү Яньжуо ажгуу. Төдийд хоёр багийн тав таван зуун цэрэг морь, усны хөвөөн зүг алан ирсэнд, Лю Мэн Лүн яаран цэргийн ардыг зандан онгоцноос буулгасанд хэдийн их хагас нь хохирчээ. Ню Бан Си өмнө цэргийн хашхиралцах дууг сонсоод хойнох онгоцыг зандан ухруулсугай хэмээж атал гэнэт уулан дээрээс үхэр буун дуу мандаж, хулс зэгс шорчигнон хөдлөв. Үзвээс, цэргийн багш Гүн Сүньшэн хэдийн үс тавин сэлэм даллаж, Ган одыг гишгэн Доу одыг зааж, тарни уншин салхи урьсан ажгуу. Анхандаа өвс мод сажлан шуугьж асан боловч, удсангүй хумхи шороо будран, хоромхон зуур мөрний давалгаа тэнгэр тулж, хар үүл газрыг бүрхээд өдрийн наран будангуйран, их салхи дэгдсэнд Лю Мэн Лүн их л гэлмэж онгоцыг залж эгүүлсүгэй хэмээтэл гэнэт бага олмын хулс зэгсэн дотроос бяцхан завь сумдан гарч ирээд их онгоцны дунд хутгалдан оров. Хэнгэргийн дуу аянга түржигнэн тэнгэр дуугарах мэт мандсанд суман онгоцонд суусан ард цугаар гал тавьсанд агшин зуур галын сор тэнгэр тултал мандаж, дөрвөн зүг найман зовхист дүрэлзэн, байлдааны онгоцонд авалцан золгов. Ар өвөрт байсан албаны онгоц бас цөм шатжээ. Их галын байдлыг үзвээс:
Хар утаа ногоон усыг бүрхэж, улаан дөл цэнхэр давалгааг бүтээжээ. Үлээх салхинд лянхуан хэлтэс огторгуй дүүрэн бутран, өрвөлзөх галд хулсан шугуй үндэснээсээ булгарав. Чөтгөр сахиус уйлан орилж, өдрийн нарны гэрэл будангуйраад, уул нурж хад юүрэн, эзэд сахиус уурсан хилэгнэжээ. Онгоц сал урван хөрвөж, усан завь хэмхрэн балбарав. Салд хатгасан хэмэрлэг тугийн өнгө өнгө балраад, завинд босгосон жад цалмын ир мяларчээ. Үхдэл хүүр загас жараахай лугаа уснаа дэгдэн, улаан цусан давалгаа дээгүүр нэлийн урсжээ. Галын сор түмэн могойн хэл мэт гулбалзан тэнгэр тулаад, нишүүн утаа мянган хэлхээ сэлэм адил ороолдож мөрнийг бүрхэв.
Тэр үед, Лю Мэн Лүн их гал тэнгэр тултал мандаж, байлдааны онгоц цөм шатсаныг үзээд, хуяг дуулгыг гээж, усанд харайн ороод, аймшиггүй хөвөөнд гарахгүй, усны гүн олмын уудмыг эрэн хөвж амь буруулан дутааж атал өмнөх хулсан шугуйнаас нэгэн хүмүүн ганцаараа суман онгоцыг сэлж түүнийг шууд чиглэн ирсэнд Лю Мэн Лүн их л сандран усан доогуур живэн орсонд чив хэмээн нэгэн их эр түүний дундуур давиран авч онгоцон дээр өргөж гаргав. Үзвээс, онгоц сэлэгч эр болбоос гүмбира матар Тун Вэй, дундуур нь тэвэрч барьсан хүмүүн бөгөөс лусын эзэн Ли Жюнь асан ажгуу. Түүнээс Ню Бан Си нүд өргөн үзвээс албан онгоцонд их гал мандсан тул, хуяг дуулгыг гээж, усанд харайсугай хэмээж атал, нэгэн хүмүүн онгоцны доороос бултайн гарч ирээд, гох дэгээ эргүүлэн Ню Бан Си-г нүүр нүдгүй гохдон аваад, усанд харайж оров. Тэр хүмүүн болбоос усан хувилгаан Жан Хэн асан ажгуу. Тэр үед, Лян Шань-ын газар алалдан байлдсаар, албан цэргийн үхдэл хүүр уст нуурт дүүрэн, улаан цус усан дээгүүр нэлийн урсаж, толгой хагаран тархи гарсан хүмүүнийг тоолбоос барахгүй болжээ. Төдийд, Дан Ши Ин суман онгоцноо сууж хараахан дутаасугай хэмээж атал хулсан шугуй дотроос мөндөр орох мэт зэв харван илгээсэнд, зэвд оногдож уснаа унаж үхэв. Олон цэргийн ард, ус чадах нь арай хэмээн ам мултран, ус чадахгүй нь цугаар живж үхээд, амьдаар баригдсаныг нь бүгдийг хүлж уулан цайзнаа аваачив. Ли Жюнь бээр Лю Мэн Лүн-г барьж, Ян Хэн бас Ню Бан Си-г бариад уулан цайзнаа түлхлэн аваачсугай хэмээсэн боловч Сүн Жян-г бас тавин явуулах болуузай хэмээн хоёулаа зөвдөж, замын хажууд тэд хоёулын тэргүүнийг цавчаад уулан цайзнаа авч эчсэнийг түр өгүүлэхгүй.
Жич өгүүлэх нь Гао Тайюй цэрэг морийг авч усны хөвөөнд өмөглөн байлдахаар ирсэнд гэнэт үхэр буун дуу мандаж, харанга хэнгэргийн дуу гарсанд, усан замын цэрэг эрхгүй алахаар ирэв хэмээн бодоод морь ташуурдан, өмнөх уулыг түшин усыг өшиглөсөн газар ирж үзвээс, цэргийн ард бүлэг бөлгөөр хөвөөнд авиран амь зугтах тул, Гао Тайюй харъяа цэргийн ардыг таньж учрыг асууваас, онгоц сал их галд шатагдаж, барьдал зэвсгээ хаана гээснийг мэдэхгүй хэмээн зэрэг зэргээр мэдүүлсэнд Гао Тайюй их л гэлмэж, өмнөш бараалан үзвээс хашхирах дуу зогсохгүй бөгөөд хар утаа тэнгэр тултал мандах тул яаран цэргийн ардыг зандан ирсэн замаар буцагтун хэмээн хэлж барахын урьд, уулан доороос бас нэгэн зэрэг хэнгэрэг харангын дуу гарч нэгэн багийн цэрэг морь эчих замыг хөндөлсөн алан ирэв. Тэргүүлсэн сайн эр гавшгай баатар Суо Чаосаран сүх бүжиглэн морь ташуурдан ирснээ Гао Тайюй яаран биеийн шадар явах жедү түшмэл Ван Хуань-ийг дуудан угтан байлд хэмээсэнд Ван Хуань жад сунган Со Чао-г тосож ороод дэмий таван удаа болсонгүй Суо Чаоморин жолоо эргүүлэн буруулж эчив. Гао Тайюй цэргийг дохиж нэхэн ороод уулан ам хүрсэнд Суо Чаохэдийн үзэгдэхгүй болов. Хараахан түдгэлзэж атал, ирвэсийн тэргүүт Линь Чүн цэрэг дагуулан нисэх мэт довтлон ирж албан цэргийн хойноос нэгэн зэрэг сундлан алав. Дэмий зургаан долоон газар явсангүй, хар мэнгэт Ян Жибас цэрэг авч нэхэмжлэн ирээд араас нь нэгэн зэрэг сундлан алав. Гао Тайюй цэргийг шаардан сая найм есөн газар явтал сайхан сахалт ЖуТүн бас хойноос нэхэж ирээд нэгэн зэрэг алав. Үзвээс, энэ болбоос цэргийн багш Ү Юн-ийн сэдсэн, дийлэгдсэн цэргийн эчих замыг хашихгүй, ганц хойноос сундлан алж, байлдах сэтгэлгүй болгож, амь тавин өмнөш буруулахаас бус хойнох цэргийг тэнхрүүлэн өмөглөж чадахгүй болгох нэхэмжлэн сундлах арга болой. Түүнээс Гао Тайюй амь тавин буруулж Жижоу фү-ийн гаднах хүрээнд галын гэрэл гарч, хашхирах дуу гарсанд Гао Тайюй-н биеийн сүнс биед үгүй болж, хүмүүн зарж үзүүлбээс, үзвээс Ши Сю, Ян Сюн таван зуун цэрэг дагуулан ирж, хэд хэдэн газар гал талбиад хэдийн бараагүй болжээ. Гао Тайюй үүнийг сонсоод сая сэтгэл амарч цэрэг морийг бүртгэн үзвээс ихэнх хагас нь хохирчээ.
Тэр үед, Гао Чю хараахан бухимдан сууж атал, хязгаарын харуулын ард урагш ирж: - Хааны зарсан элч хүрч ирэв хэмээн мэдүүлсэнд Гао Тайюй яаран олон жедү түшмэлийг дагуулан, цэрэг морийг авч хотын хаалга гараад, тэнгэрийн элчийг угтан, зөвлөлийн түшмэл Вэнь Хуань Жан-д золгож, хотод ороод юаньшуай-н яаманд гарч суусан хойно, элч бээр эзэн хааны жуу бичиг буулгаж Лян Шань уулыг илбэн дагуулсугай хэмээж байх үйлийг хэлэв. Гао Тайюй жуу бичгийн хуулбарыг авч үзээд, дотроо санаруун: - Хэрвээ илбэн дагуулахгүй хэмээвэл, Лян Шань уулын цэрэгт хоёр зэрэг дарагдаж, өдий төдий онгоц салыг цөм шатааж дуусгав. Илбэн дагуулсугай хэмээхүл эзэн хотноо нэхвээс ичгүүр болмуй хэмээн бодож сэтгэл шуудан чадахгүй хараахан түдгэлзэж суумуй. Тэр үед, энэ Жижоу фү-д нэгэн хөгшин түшмэл баймуй. Овог Ван, нэр Жинь, энэ хүмүүн угаас хар хортой тул хүмүүн "хар хорт" Ван Жинь хэмээн дуудах бөлгөө. Фү-ийн яамнаас юаньшуай-н ордонд үйлчлүүлэхээр өгсөн түшмэл ажгуу. Төдийд Ван Жинь эзэн хааны жуу бичгийн хуулбарыг үзэж, Гао Тайюй-н сэтгэл тогтож чадахгүй түдгэлзэж ахуг сурвалжлан мэдээд, юаньшуай-н яамнаа ирж, арга өргөн айлтган өгүүлрүүн: - Өршөөлт Тайюй ингэж зовох хэрэггүй, өчүүхэн миний санахад энэхүү жуу бичиг дээр нэгэнтээ арга завшааны зам буй. Жуу бичгийг бичсэн Хань Линь Юань-ий түшмэл эрхгүй өршөөлт Тайюй лүгээ зузаан найртай тул хожмын замыг чинь бодож өгсөн бөлгөө хэмээсэнд Гао Тайюй их л цочиж: - Хожмын замыг бодож өгснийг чи хэрхэж мэдэв? хэмээн асуусанд Ван Жинь айлтгаруун: - Жуу бичигт бичсэнийг “Сүн Жян-аас тэргүүлэн бус Лү Жюнь И зэрэг их бага олон хүмүүний үйлдсэн ялыг цөмөөр уучлан хэлтрүүлсүгэй” хэмээх нэгэн бадаг үг болбоос уг санаа бүдэг тул, жуу бичгийг уншихдаа “Сүн Жян-аас бус Лү Жюнь И зэрэг их бага олон хүмүүний үйлдсэн ялыг цөмөөр уучлан хэлтрүүлсүгэй” хэмээн нэгэн үсэг орхин уншиж, тэднийг мэхлэн хотод авч ирээд, ганц Сүн Жян-г барьж алаад, гар доорх олон хүмүүнийг тус тус салгаж сарниулагдан, эртний үгэнд “толгойгүй могой явж чадахгүй, далавчгүй шувуу нисэж чадахгүй” хэмээдэг бус уу. Сүн Жян үгүй болбоос, үлдсэн олон хүмүүн ямар хэрэг баймуй. Өчүүхэн хүмүүний айлтгасан үг өршөөлт Тайюй-н санаанд ямар? хэмээхүйеэ Гао Тайюй зүүднээс сэрсэн мэт болж, их л баярлан Ван Жинь-ийг дэвшүүлэн юаньшуай-н яамны цанши түшмэл болгоод, энэ үйлийг түшмэл Вэнь Хуань Жан-д гарган хэлсэнд Вэнь Хуань Жан айлдан өгүүлрүүн: - Төр гүрний төв ихэмсэг элч хэмээгч голч ёсоор үйлдэхээс бус, гажуу солгойгоор үл явах хүмүүн бөлгөө. Хэрвээ Сүн Жян-ын доорх эрдэм бодлоготой хүмүүнд сэрэгдэж, гэдрэг хувьсал гарваас, энэ зовлон гүехэн бус хэмээвээс Гао Тайюй өгүүлрүүн: - Тийн бус, эртний цэргийн бичигт өгүүлсэн нь “Цэрэг хэрэглэхэд мэх зарахгүй болбоос болохгүй” хэмээжээ. Юунд ганц шударга голчоор үйлдмүй? хэмээснээ Вэнь Хуань Жан өгүүлрүүн: - Хэдий тийн хэмээвч, энэ болбоос тэнгэрийн хөвүүний зарлиг болох тул дэлхий дахины итгэлийг олох хэрэгтэй, эртнээс хааны зарлиг харилтгүй, эзний зарлиг эгэлтгүй хэмээжээ. Эдүгээ ингэж үйлдвээс хожмын хүмүүнд элэг болж итгэлээ алдах бус уу хэмээхүйеэ Гао Тайюй өгүүлрүүн: - Урьдаар нүдэн өмнөхийг өнгөрсөн хойно жич арга бодсугай хэмээгээд Вэнь Хуань Жан- ын үгийг авсангүй, Сүн Жян зэргийн олон хүмүүнийг үтэр түргэн Жижоу фү-ийн хотон доор ирж, эзэн хааны жуу бичгийг хичээнгүйлэн сонсоод, үйлдсэн ял нүглээс өршөөн хэлтрүүлэхийг хүлээ хэмээн нэгэн элчийг зарж Лян Шань уулнаа илгээв.
Түүнээс Сүн Жян бээр Гао Тайюй-г бас нэгэн зэрэг дийлж, бага лүлү-г илгээн, шатагдсан онгоцыг уулан цайзнаа авчруулан түлш болгож, шатагдсан үгүй онгоцыг хураамжлан усан цайзнаа авчруулсан хойно, амьд барьсан албан цэргийн ноёдыг залгаа залгаагаар Жижоу фү-д тавин илгээв. Нэгэн өдөр Сүн Жяних бага дайван нарын хамт шударга журмын танхимд суун цэргийн үйлийг зөвлөж атал, харуулын ард дотогш орж: - Жижоу фү-ээс уулан цайзнаа элч зарж хэлүүлсэн минь “эзэн төрөөс элч илгээн, тэнгэрийн хөвүүний тухайлан уулан цайзыг илбэн дагуулж, үйлдсэн ялыг уучлан хэлтрүүлээд, хишиг пүнлүү шагнах жуу бичгийг авч баяр сонсгохоор ирэв” хэмээсэнд, Сүн Жян-ын аюулхай цээж аласхийн баярлаж, царайд баярын өнгө илэрч элчийг дуудан танхимд оруулж учрыг лавлан асууваас тэр хүмүүн өчрүүн: - Эзэн төрөөс жуу бичиг буулган тухайлан илбэн дагуулсугай хэмээмүү. Уулан цайзын их бага дайван нарыг Жижоу фү-ийн хотын доор эчиж, эзэн хааны жуу бичгийг ухуулан сонсохыг хүлээ хэмээн Гао Тайюй өчүүхэн хүмүүнийг тухайлан зарсан болой. Эргэлзэн сэжиглэх хэрэггүй, эртхэн эчвээс зохимуй хэмээсэнд, Сүн Жян цэргийн багшийг дуудан зөвлөж, алт мөнгө магнаг торго гарган ирсэн элчид хүндэд шагнаад Жижоу фү-д илгээсэн хойно, уулан цайзын их бага дайван нарыг дуудан, юм хүмээ хурдан багцалж, эзэн хааны жуу бичгийг хичээнгүйлэн сонсохоор Жижоу фү-д үтэр түргэн мордмуй хэмээн цааз зарласанд Лү Жюнь И өгүүлрүүн: - Эрхин ах ийн яарах хэрэггүй, үүнд эрхгүй Гао Тайюй-н сэдсэн заль мэх байх мэт тул эрхин ах эчихгүй болбоос зохимуй хэмээснээ Сүн Жян өгүүлрүүн: - Таны зэргийн олуул энэ мэт сэжиг их тул чухам ямар цагт гажууг гээн төвийг дагамуй. Сайн муу ёрыг хамаарахгүй, энэ удаа эрх биш эчсүгэй хэмээсэнд Ү Юн инээн өгүүлрүүн: - Гао Чю хулгай манд дийлэгдээд хэдийн цөс хэмхэрч сүнс сарнисан тул, хэдий их заль мэх байвч хэрэглэж чадахгүй болсон дээр уулан цайзын олон ах дүү нарын хүч баатарт эсэргүүцэлгүй тул сэжиглэх хэрэггүй. Ганц ах Сүн Гүн Мин-г дагаж уулнаас бууваас зохимуй. Ү Юн би хар хуй Ли Күй жич Фань Руй, Бао Сюй, Сян Цүн, Ли Гүнь-ийг томилж нэг мянган явган цэрэг өгч Жижоу фү-ийн зүүн замд бүгүүлсүгэй. Бас хас хатгарт Ху Саньнян жич Гу Да Сао, Сүнь Эл Нян, Ван Ин, Сүнь Синь, Жан Чин-д нэг мянган морьт цэрэг өгч Жижоу фү-ийн баруун замд бүгүүлсүгэй. Таны олуул хэрвээ тэмдэг буун дууг сонсвоос цугаар гар хөдөлж хотын хойд хаалга зүг алан орж нийлэгтүн хэмээн цааз зарласанд олон дайван захиаг хүлээн уулнаас бууж, ганц усан цэргийн дайван нарыг үлдээн уулан цайзыг сахиулав. Гао Тайюй зальт аргыг сэдэж, олон баатрыг уулнаас мэхлэн буулгаж, зөвлөлийн түшмэл Вэнь Хуань Жан-ын шударга ятгалыг авсангүй учраас Жижоу фү-ийн хотын доор жад сэлэм хямралдмуй. Ингэснээр нэгэн хуудас эзэн хааны жуу бичиг, уулан цайзын эрэмгий баатруудын уур хилэнг бадруулжээ. Эгнэгт олон баатар Жижоу фү-г хэрхэн түйвээснийг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.
Сэтгэгдэл ( 0 )