Хэсэг бүлэг этгээдэд боломж олгосон Цар тахлын эсрэг хуулийг дахин сунгах ШААРДЛАГАГҮЙ

2021 оны 12 сарын 13

Цар тахлын эсрэг буюу албан ёсны нэршил нь Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хэрэгжилт энэ арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болж байгаа билээ.

 

Тэгвэл өнөөдөр /2021.12.13/ УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар уг хуулийн хэрэгжилтийг дахин сунгах талаар  яригдаж, гишүүд ч талцсан байр суурийг илэрхийлжээ.

Хэрэв бодит нөхцөл байдалд хаа хаанаа ул суурьтай үнэлэлт, дүгнэлт өгч чаддаг бол энэ хуулийн хэрэгжилтийг сунгах  шаардлагагүй гэдгийг энд тодотгоё.

Учир нь ковидын халдварыг дотооддоо алдаагүй байхад  буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр УИХ-аас анх баталсан уг хууль нь Монгол Улсын Үндсэн хууль болон Олон улсын гэрээ, конвенцуудаар бүрэн дүүрэн баталгаажсан Хүний суурь олон  эрхийг хязгаарласан зүйл, заалтуудтай хууль болсон юм. 

Хэдий тийм ч дэлхий нийтээрээ ковид-19 гэсэн шинэ цар тахалтай дөнгөж нүүр тулан, барьц алдсан нэг ёсондоо онцгой нөхцөл байдал үүссэн байсан учраас, нийгмээрээ, нийтээрээ төрийн “зохицуулалт”-ыг хүлээн зөвшөөрч,  хүний суурь эрхээ зарим талаар зөрчүүлэхийг төрд “зөвшөөрч” байв.

Гэвч иргэдийн төлөө гэх хууль санаачилсан, баталсан төрийн институциуд нь бодит байдал дээр ямар хэмжээнд ажилласныг нийгэм нэгэнтээ ойлгож байгаа. Цар тахлын эсрэг тэмцэж байна гэх нэрийдлээр олон нийтийн татвараас бүрддэг төсвийн мөнгийг тендерээр халхавчлан хяналтгүйгээр зарцуулсан. Хоёр жилийн хугацаанд төсвийн алдагдлыг 7 их наядад хүргэсний цаана хэд хэчнээн нь тэдний луйврын замаар урссаныг шууд тооцоолоход бэрх ч, луйвар бүрийн  цаана ул мөр үлддэг жишиг ковидын үед ч батлагдсаар байгаа.

Ямартаа л төрийн яамд, газрууд хоорондоо төсвөөс мөнгө луйвардах боломжуудаа гулгуулж, нэг амны хаалтыг 20 мянган төгрөгөөр үнэлэн, 400 сая төгрөгөөр 20 мянган амны хаалт худалдан авах тендерийг НЭМГ-аас зарласан нь илэрч, баригдаж, улмаар цуцалж байсныг иргэд тодхон санаж байгаа. Гол нь үүнээс хойш ч ковидоор далимдуулсан олон тендерийн мэдээллийг хэвлэлийнхэн уудлан гаргаж ирсэн. Мөн түүнлчэн ковидын үеийн онцгой хууль үйлчилж байна гэх шалтаг барин төрийн албыг төрлийнх болгон өргөжүүлэх алхмууд ч олноор хийгдсэн талаар гомдол, саналууд цөөнгүй гарсаар өнөөдрийг хүрчээ.

Ерөнхийдөө энэ хууль ковидын эсрэг  гэхээсээ цар тахлаар далимдуулан ашиг хонжоо хайсан хэсэг бүлэг этгээдүүдэд үр ашгаа өгч байгаа нь 2020 оны 12 сарын 31-ний өдөр гэхэд тодорхой болсон байсан.

Энэ өдрийг тодотгохын учир нь уг хуулийг анх батлахдаа үйлчлэх хугацааг нь 2020 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл гэж тогтсон бөгөөд хуулийн үйлчлэх хугацааг сунгахад хязгаарлалт тавьсан байсан юм. Тус хуулийн 18 дугаар зүйлийн  2-т УИХ зөвхөн нэг  удаа зургаа хүртэл сараар сунгах боломжтой байхаар хуульчлан тусгаж өгсөн байдаг.  УИХ-аас уг зохицуулалтын дагуу  тус хуулийг  2021 оны 6 сарын 30-ны өдөр хүртэл сунгасан. Ингэх үедээ нөгөөх нэг удаа, зургаан сар хүртэлх хугацаагаар сунгана гэсэн хамгийн эхний заалтаа хуулиас хассан байдаг.

Мөн нэг зүйлийг тодотгоход, уг хуулийн хэрэгжилтийн хугацааг 2021 оны 6 сарын 30-наас 2021 оны 12 сарын 31-ний өдөр болтол дахин сунгах болсон үндэслэлүүд гэж бий. Тэдгээрээс  дурдвал:

 

  • Цар тахлын нөхцөл байдал Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж,  эдийн засгийн хямралт нөхцөлийн түвшинд хүргэхэд ойрхон байна.

 

  • 2021 оны төсвийн тухай хуулиар Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг 40 тэрбум байхаар баталсан боловч 2021 оны зургаадугаар сарын 15-ны өдрийн байдлаар зарцуулах дүн 52.4 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ нь цаашид цар тахлын халдварыг урьдчилан тооцох боломжгүй байдал үүссэн тохиолдолд үүнтэй холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээнд санхүүгийн хүндрэл үүсгэхээр байгаа нь хуулийн төслийг боловсруулах үндэслэл болж байна гэсэн байдаг.

 

Тэгвэл  Монгол Улс дахь ковидын нөхцөл байдлыг өнөөдрийн байдлаар авч үзэхэд, халдварын тархалт эрчимтэй буурсан байна. Сүүлийн 9 сарын хугацаанд,  24 цагт илэрсэн халдварын тоо анх удаа 100-аас доош буусан статистикийг өнөөдөр ЭМЯ-наас танилцуулсныг тодотгоё. 

Түүнчлэн дархлаа сэргээх бүүстер тунд нийт хүн амын 25 хувь хамрагдаад байна. Хэдийгээр омикрон зэрэг ковидын мутаци хэлбэрүүд олон улсын түвшинд илэрч байгаа ч, эрсдэл нь дельта хувилбараас давахгүй талаар мөн л дэлхийн улс орнуудын эрдэмтэд хэлж ярьж байна.

Ерөнхийдөө ковидын нөхцөл байдал зөөлөрч, эрсдэлийн түвшин буурч байгаа ийм үед хүний үндсэн суурь эрхүүдийг хязгаарласан, хумьсан, хэсэг бүлэг этгээдүүдэд давуу эрх олгосон “Цар тахлын эсрэг” гэх том нэртэй хуулийн хэрэгжилтийг үргэлжлүүлэн сунгах шаардлагагүй юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.25.78) 2021 оны 12 сарын 13

халамжаа болид ажиллах боломж нөхцлөөр ханга татварын дарамтаа багасга

0  |  0
зочин(202.179.25.78) 2021 оны 12 сарын 13

Үнэхээр хүнд байна даа орон сууцны зээл аваад 6 жил төлж байтал короно гээд зүв зүгээр байхад хөл хориод бараг 2 жил ажиллуулаагүй огт ажил хийхгүй байсан юм чинь зээлээ төлж чадаагүй сая 9 сараас эхлэн ажиллаж байна зээлээ бага сагаар нь төлж л байна гэвч өмнөх шигээ байж чадахгүй ийм байхад ажиллуулахгүй орлоггүй байгааг мэдсээр байж төрийн банк муу зээлд шилжүүлсэн өмнө 2 0 иод жил зээл аваад ажиллаж ирсэн хугацаа хэтрэлт ганц гарч байгаагүй одоо бага ч гэсэн зээл авах боломжгүй болчихлоо бид өөрсдөө залхуурч залилан хийгээгүй ажиллах боломжгүй байлаа шүү дээ энийг анхаарч үзээсэй

0  |  0
zaluu(124.158.67.185) 2021 оны 12 сарын 13

Хэрвээ коронагийг хуулийн хугацааг сунгавал зөвхөн айл өрхийн дулаан. Цахилгааны төлбөрийг улсаас төл. Харин аж ахуйн нэгжүүдийн хөнгөлөдтийг зогсоо

0  |  0
З(202.126.88.47) 2021 оны 12 сарын 13

Хуулиа сунгавал халамжуудаа бас сунга

0  |  0
Top