Оростой харилцаагаа сайжруулснаар хамгийн их хохирох нь Энэтхэг

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 15

Украин, Тайванийн асуудал дэлхийн геополитикийн хурцадмал сэдэв болоод байгаа билээ. Түүнчлэн  Энэтхэг, Хятадын харилцаа нэлээд хүйтэрч байгаа энэ үед Дели Тайванийн талд бат зогсохоор байгаа юм. Нөгөө талаас Москва Энэтхэгт “С-400” пуужин нийлүүлж эхэлснээс гадна  Украинтай хиллэдэг хилийнхээ ойролцоо байрлуулсан цэргийнхээ тоог нэмсээр байгаа юм. 

Хэрэв Украины асуудал хурцадвал Энэтхэг  эртний бөгөөд уламжлалт түнш Оростойгоо холбоотой байх уу эсвэл чимээгүй байдлыг ажиглах уу гэсэн хоёр сонголттой тулгарахаар байна. Энэтхэг-Оросын харилцаа олон арван жилийн турш ялангуяа батлан хамгаалах салбарт бат бөх хэвээр байсан.

Орост үйлдвэрлэсэн зенитийн пуужингийн “С-400” “Триумф” системийн таван цогцолборыг Энэтхэг таван тэрбум 430 сая ам.доллароор худалдан авахаар  2018 онд тохиролцсон бөгөөд ингэснээр тус улс "С-400"-г худалдан авсан гадаадын гурав дахь орон болсон юм.

Өмнө нь уг зэвсгийг Хятад, Турк хоёр худалдан авсан.  “С-400” бол алсын тусгалтай шинэ үеийн зенитийн пуужингийн цогцолбор бөгөөд нисэх онгоц, дунд тусгалын далавчит болон баллистик пуужинг устгах зориулалттай юм. Уг цогцолборын пуужингууд 400 км зайд тусдаг бөгөөд 30 км өндөрт байгаа байг устгах чадвартай. Энэтхэгийн зэвсэгт хүчний байлдааны техникүүдийн 70 гаруй хувь нь ОХУ болон ЗХУ-ын үед үйлдвэрлэсэн зэвсгүүд байдаг. ОХУ жил бүр олон тэрбум ам.долларын техник, зэвсгийг Энэтхэгт нийлүүлсээр ирсэн.

Гэхдээ энэ нь олон орны тэр тусмаа АНУ болон БНХАУ-ын дургүйцэл, эсэргүүцэлтэй тулгарсаар буй. Учир нь, Энэтхэг бол Оросын хамгийн сайн түнш БНХАУ-ын томоохон “дайсан”. 2017 оны зун Бутантай залгаа хил дээр Энэтхэг, Хятад хоёр 73 хоногийн турш дайны байдалтай байсан бөгөөд  хоёр тал хэл амаа ололцохоор тохиролцсон боловч сөргөлдөөнд дахин хүргэж мэдэхээр асуудлууд байсаар байна. Түүнчлэн Кашмирын бүс нутагт Энэтхэг болон Пакистаны цэргүүдийн хооронд үе үе буудалцаан болсоор байгаа билээ.

Түүнээс гадна, Энэтхэгт амьдарч буй Далай лам, Хятад-Пакистаны харилцаа гүнзгийрч байгаа, Гималайн уулс дахь газар нутгийн маргаан, Мьянмар болон Шри-Ланкад Хятадын нөлөө бэхжиж байгаад энэтхэгчүүд түгшиж байгаа, Энэтхэгийг гурван талаас нь ороож буй Хятадын “Нэг бүс, Нэг зам” төсөл зэрэг олон ээдрээтэй асуудал Энэтхэг-Хятадын харилцаанд хуримтлагдаад байгаа билээ. Вашингтоны Стратеги, олон улсын судалгааны төвийн шинжээч Ричард Россов “Хэдийгээр Орос, Хятад хоёр гүрэн  маш бат бэх харилцаа тогтоосноо олон улсад гайхуулан сайрхаж байгаа ч тэдний нэгдмэл байдлыг хөргөх хэд хэдэн сиймхий бий” хэмээжээ.

Тэрбээр хэд хэдэн жишээ дурдсан байна. Тухайлбал, хоёр орны худалдааны түншлэл нэн тэнцвэргүй байна. Хятад бол Оросын хамгийн гол том худалдааны түнш. Харин Орос орон Хятадын худалдааны хувьд харьцангуй ач холбогдол багатай түнш билээ. Оросоос Хятадад гаргаж буй экспортын дийлэнх хувийг байгалийн баялаг, түүхий эд бүрдүүлдэг бол Хятадаас Орост ихэвчлэн бэлэн бүтээгдэхүүн нийлүүлдэг аж.

Түүнчлэн геополитикийн хувьд Хятад орон зам тээврийн хөгжлөөрөө удаан хугацаанд Оросоос хараат байсан төв Азийн орнуудад ноёрхлоо тогтоосон юм. Мөн албан ёсны харилцаанаас гадуур Сибирь, Алс Дорнод дахь Хятадын хөрөнгө оруулалтууд эрчимтэй нэмэгдэж буйд нутгийн иргэд дургүйцэж, болгоомжлол, эсэргүүцэл газар авчээ.

Түүнчлэн  ажиглагчдын үзэж байгаагаар, хоёр орны эл дотно харилцаа удаан хугацаанд үргэлжилсэн дайсагналын эцэст үүссэн геополитик, эдийн засгийн ашиг сонирхолд тулгуурласан түншлэл аж. Тухайлбал, 1950-аад оны сүүлээр хоёр орны харилцаа хурцдаж, үл итгэлцэл, үзэл суртлын маргаан, хилийн мөргөлдөөн нэмэгдэж байсан билээ. Өдгөө бол хоёр орны нийтлэг үнэт зүйл, ижил үзэл суртал, цэргийн албан ёсны холбоо байхгүйг үл харгалзан зөвхөн геополитик, эдийн засгийн ашиг сонирхолд тулгуурласан найрсаг харилцаа хэр гүн, хэчнээн удаан үргэлжлэхийг харах л үлдсэн хэмээн ажиглагчид дүгнэж байгаа юм.

Гэхдээ Энэтхэг Оростой илүү дотно харилцаа тогтоосноор хамгийн хохирох нь БНХАУ биш Дели гэдгийг судлаачид тодотгож байна. Хамгийн энгийн жишээ л гэхэд  Америкийн технологийг Оросын системүүдтэй хослуулан хэрэглэх явдлыг АНУ-ын эрх баригчид хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд дахин Делид батлан хамгаалах хэрэгсэл нийлүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top