Өнгөрсөн мягмар гарагт Засгийн газрын хуралдаанаар нэг айхтар асуудлыг хөндсөн. Гэвч шинэ жилийн уур амьсгал орсонтой холбоотой юу мэдэхгүй, ямар ч байсан олон нийт төдийлөн анхааралгүй өнгөрлөө. Тэр бол энэ Засгийн газраас төрийн албаны данхар бүтцийг бууруулахаар тогтоол гаргаснаа зарласан юм. Төрийн байгууллагад цомхотгол хийнэ үгүй ядах нь орон тоог нь хязгаартай болгож өгнө гэдэг бол түүнийг сэдсэн улстөрчид өөрийн хувь тавилангаараа дэнчин тавьж байж эхлүүлдэг зүйл.
Энэ төр гээд байгаа нэг том юман дотор чинь танил талтай, ахтай дүүтэй хүмүүс байгаа шүү дээ. Улмаар ордны ч бай, гудамжны ч бай улстөрчдийн дургүйг хүргэнэ гэсэн үг. Гэтэл Засгийн газар ийм алхамыг хийнэ гээд зоригтой бариад авчээ. Түүгээр барахгүй орон тооны хязгаар зааж өгөх ажлаа төрийн захиргааны байгууллагуудаас эхлэхээр болсон юм байна.
Манай төр рахиттай хүүхэд шиг том толгойтой болсон гэдэг хоч зүүгээд удсан. Яагаад өвчин зовлонтой хүүхэдтэй зүйрлэсэн бэ гэхээр өнгөрсөн хугацаанд төрийн албыг улстөрчид ихээхэн “бүдүүрүүлсэн”-д байдаг. Улстөрчид наад талдаа л төрийн алба тогтвор суурьшилтай байх ёстой, мерит зарчмаар ажиллах учиртай гэж ярьдаг боловч яг үнэн хэрэгтээ хамаатан саднаа, сонгуулиар өөрт нь ажилласан хүнийг төрд шахдаг, шахах гэж дарамталдаг нь нууц биш.
Төрд шахахын тулд яам, агентлагт шинэ газар, хэлтэс ч үүсгэсэн тохиолдол олон шүү. Өнөө төрийн албан хаагчийн ур чадвар, ухаан бодол бол бараг далдугаар асуудал болон хоцордог болсон доо. Ялангуяа захиргааны байгууллагын орон тоо жилээс жилд өсөж байгаагийн ард улстөрчдийн оюутан ангийнхан, сонгуульд нь ажилладаг үнэнч хүмүүс, нутаг орных нь фэнүүд л байгаа гэсэн үг. Эдгээрээрээ дамжуулаад тэд хүрээлэл бий болгож, нийгэмд нөлөөгөө тогтоодог юм. “Манай хүн, танай хүн” гэдэг яриа улс төрөөс төрийн байгууллага руу халдварлаад удсаны учир ердөө л энэ. Тэгвэл Засгийн газрын зүгээс эхний ээлжинд ямар ч байсан захиргааны байгууллагын орон тоонд хязгаар тавьж өгөхөөр шийдсэн юм байна.
ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн мэдээлэл хийх үеэрээ “Засгийн газрын хуралдаанаар аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын Ажлын албаны бүтэц, орон тоо, аймаг, сумын ЗДТГ-ын бүтэц, орон тооны хязгаарыг тогтоох тухай тогтоол гаргасан. Ерөнхий сайд “Шинэ сэргэлтийн бодлого” дэвшүүлсэн. Энэ бодлогын нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол төрийн албаны бүтээмжийг нэмэгдүүлэх, сайжруулах асуудал байгаа.
Энэ ажлын хүрээнд төвлөрлийг сааруулах талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор баталсан чиг үүргийг дахин хувиарлах аргачлал гэж бий. Тус аргачлал болон чанарын менежментийн тогтолцооны ISO9001 стандартыг орон нутгийн захиргаанд хэрэглэх арга зүйн заавар гэсэн стандартуудыг баримтлан бүтэц, орон тооны асуудлыг Засгийн газарт оруулж батлууллаа. Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны орон тооны хязгаарыг 35-аас хэтрүүлэхгүй бол аймгийнх 8-12, сумынх гурваас дөрөв, дүүргийн ИТХ-ын Ажлын алба дүүргийнхээ хүн амаас хамаарч 8-21 байхаар тогтоосон.
Аймгийн ЗДТГ-ын бүтэц орон тооны хязгаарыг тогтоохдоо орон нутгийн онцлог, нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, эдийн засаг, үйлдвэрлэлийн цар хүрээнээс хамаарч 34-46 хүртэл байхаар тогтоож өглөө. Аймгуудын төрийн захиргааны байгууллагад чиг үүргийн шинэчлэл хийж, хэлтэс, тасаг хоорондын чиг үүргийн давхардал үүсгэхгүйгээр оновчтой зохицуулалт хийж ажиллахыг Засаг дарга нарт даалгалаа” гэжээ.
Ирэх 2022, 2023 он ямар нэгэн улс төрийн сонгуульгүй. Монгол оронд элдэв “поп”-рол, хайр халамжгүй ажил хийж болдог хоёр жилийн мөчлөг тохиолоо. Ерөнхийлөгч эрх баригч намын угшилтай бол Ерөнхий сайд саяхан намын дарга болсон. УИХ-ын гишүүдийн 62 нь нэг намынх байна. Саяхан болсон МАН-ын Их хурлаар 80-аад оны удирдлагуудаа дуу нэгтэй баталчихсан. Одоо энэ залуус боломжоо ашиглаад төрийн үр ашиггүй аварга биеийг хөнгөлөхөөр шийдсэн нь тодорхой боллоо.
Сангийн сайд Б.Жавхлан “Нийслэл, дүүргийн ИТХ-ын Ажлын албаны бүтэц, орон тоо, аймгийн ЗДТГ бүтэц, аймаг, сумын ИТХ-ын бүтэц, орон тооны хязгаарыг шинэчлэн тогтоолоо. Өнөөдөр ажил хийж байгаа дөрвөн хүн тутмын нэг нь төрөөс цалинжиж, төрийн данхар бүтцэд орж байна. Тийм учраас цаашдаа төр цомхон, ухаалаг, цахимжсан, ил тод бүтэц рүү чиглүүлж явна. Энэ бүтцийн өөрчлөлтийн ажлууд дундаас дээш түвшнээс эхэлнэ.
Төрийн өмчит байгууллагуудын үйлчилгээний албаны хүмүүсийг шууд цомхотгоно гэдэг буруу ойлголт явж байгаа. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс УИХ, Засгийн газрын харьяа байгууллагаас хувийн хэвшил, иргэд рүү чиглэсэн газар дээрх хяналт шалгалтыг 50 хувь цөөлөх шийдвэр гаргалаа. Харин төрөөс төрд чиглэсэн буюу төсвийн ерөнхийлөн захирагч нарт хийдэг хяналт шалгалт хэвийн үргэлжилнэ” гээд шууд хэлж байна лээ.
Энд бас өөр зүйлс ч байна. Төрийн албан хаагчдыг цөөлөхдөө үйлчилгээний байгууллагад ажилладаг хүмүүсийг бол оролдохгүй аж. Сургууль, цэцэрлэгийн багш ажилчдаас эхлээд эмч, сувилагч, асрагч нар бол айлтгүй гэсэн үг. Харин захиргааны ажилтнуудад бол жаахан тааруухан л мэдээ болох нь. Гэхдээ заавал төрд ажиллуулахаар шахалгүйгээр хувьд гаргаад, хяналт шалгалтыг нь багасгаад явбал бизнес эрхлэхээс эхлээд өөрийгөө аятайхан аваад явчих олон хүн өнөөдөр төрийн бөөрөнд наалдаж, түүндээ ханаад яваад байгаа юм.
Энэ ажлын ард гарахыг хүсвэл Засгийн газар олон бэрхшээл туулна. “Манай нутаг олон хүнтэй” эсвэл “Манай аймаг том газартай” гээд л гишүүд хаалгыг нь өшиглөөд л орох байх. “Би сайн санаж явсан, муу санаж бас чадах л хүн шүү” гэдэг үгийг бол олон сонсоно доо. Санаачилга ажлыг зориуд мартагнуулах, элдэв арга саам хэрэглэж барьцаалахыг оролдох гээд үй түмэн арга бий. Ямар ч байсан Засгийн газрын энэ санаачилгад нь амжилт хүсье.
Өнөөдөр төрийн байгууллага “Динозавр томоосоо болж мөхсөн” гэдэгтэй адилхан болчихоод байгаа шүү. Ажил захиргааны байгууллагын хэлтэс нэгж дээр, тэр олон чадваргүй орлогч дарга, газрын дарга нар дээр гацдаг болсон. Идэж уудаг төсөв мөнгө нь ч ахаллаа. Ерөнхий сайд, түүний танхимын гишүүдийн олонх нь залуу хүмүүс, дээр нь улстөрчид гэхээсээ мэргэжлийн хүмүүс байгаа болохоор ийнхүү зоригтой эхэлж байх шиг байна. Тийм болохоор зоригтой дуусгахыг л ерөөе дөө.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 7 )
Зөв эхлэл. Төр данхайсан толгойтой болсон нь үнэн. Яам агентлагууд данхайсан үнэн. Энх - Амгалан боловсролын яаманд энэ өөрчлөлтийг хийж манлайллаа. Бусад сайд нар яагаад дуугарч хийж чадахгүй баына. 30 орчим хувиар цөөлөх боломж бий. Тэтгэвэрт гарсан мэргэжилтний оронд хүн авалгүй ажлын ачааллыг нягтруулаад явах бүрэн боломжтой. Тэр хэмнэсэн зардлаараа цалин урамшууллаа нэмэх боломж гарч ирнэ.
зөв олон жил худал ярьж явлаа үйлчлэгч тогооч жолооч нар гэрээь байхад болохгүй юу байна даа
Хэ харин ч эсрэгээрээ байхыг илүү хүсээд байгаа байх шиг ухаан ухаалаг ёс зүй ёс суртахууныг цаашаа Данхар эрх ямба дархан эрх энэ тэр эрхэм чухал байдлаа илүүд үзээд байгаа юм биш үү
Ингэж хэл жил байдын 30 жил ард түмэнээ ингэж хуурж байгаа ард түмэн ингэж хэлсэндэн хууртаад байгаам биш биз дээ хэрвээ үнэхээр хэлсэнээр нь болж бүтээд байх юм бол тэр цагт нь итгэ яа
Чадваргүй цүнх баригчдаас салах цаг ирэхнээ. Одоо л төр зөв ажиллах нээ
Мундаг бна Баяр хүргэе. Ингэж л ажиллах ёстой шүү дээ\n
Чадалтай трактор хэрэгтэй хүмүүст зориулж тэгж өөрчлөх солих хэрэгтэй.Тэрнээс чадваргүй манаач ямарч хэрэггүй