Ч.Гал: Богд уулын тусгай хамгаалалттай газраас суурьшлын бүс нэрээр нэг ч га газрыг авах ёсгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 17

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Ч.Галтай төрийн тусгай хамгаалалттай газар болон газар олголтыг цахимжуулж буй талаар ярилцлаа.


-Монгол Улсын хэмжээнд тусгай хамгаалалттай газар нутаг хэчнээн байдаг вэ?

-Монгол Улсад 120 тусгай хамгаалалттай газар байна. Үүнийг 34 улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанд хариуцан ажилладаг. Албан хаагчдын тоог аваад үзвэл, 827 хүн ажиллаж байна. Тусгай хамгаалалттай газрыг нийт газар нутагтайгаа харьцуулаад үзэхээр 32.7 сая га талбай  буюу 21 хувийг эзэлж байгаа юм. Цэнгэг усны нөөц, гол мөрний урсац бүхий газар 49.9 хувь, ойн сангийн 39.2 хувийг улсын тусгай хамгаалалтад авсан. Ер нь Монгол Улс ардчилалд шилжсэний дараа Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат НҮБ-ын хуралд оролцохдоо “Монгол Улс нийт газар нутгийнхаа 30 хувийг улсын тусгай хамгаалалтад авна” гэдэг амлалт зорилтыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд 1994 онд “Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хууль батлагдсан. 1997 онд “Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн тухай” хууль гэж батлагдсан юм.

Улмаар 1998 онд УИХ-ын тогтоолоор “Тусгай хамгаалалттай газрын  үндэсний хөтөлбөр” гэж батлагдсан. Эрх зүйн хувьд  ийм байдалтай байна. Ер нь төрийн захиргааны төв байгууллагаас “Аялал жуучлалыг дэмжих зорилгоор Монгол Улсын иргэн, аж ахуй нэгжид аялал жуучлалын зорилгоор газар олгоно” гэж заасан байдаг. Үүнээс улбаалаад газар олгох эрхийг олгож, улмаар зориулалтыг нь зөрчсөний улмаас газар олголт замбараагаа алдсан. Хуулийг гууль болгоно ч гэж ярьдаг. Үүний тод жишээ бол Богд уулын орчимд суурьшлын бүс үүссэн явдал.

-Хамгийн том жишээ нь Богд уул гэж хэлж болох нь ээ?

-Гэхдээ их сонин. Хуулийг нь аваад үзэхээр өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн байгууламж барих болон мал бэлчээхийг дархан цаазат газарт хориглодог. Гэтэл  хуулийн 11.7 дээр “Оторлох зөвшөөрлөөр зохих журмын  дагуу барьсан орон байрыг ашиглана” гэсэн заалттай дэглэм горимтой. Эндээс үзвэл, түр зуурын майхан савыг зөвшөөрөх ч юм шиг. Гэтэл төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх дээр “Төлөвлөлтийн хүрээнд барилга байгууламж  барьж болно. Батлагдсан зураг төслийг холбогдох төрийн захиргааны байгууллага хянан батална” гэж заачихсан. Тэгсэн мөртлөө хамгаалалтын захиргааны бүрэн эрх дээр “Батлагдсан зураг төслийн дагуу барилга байгууламж барихад хяналт тавина” гэсэн байгаа.

Нэг ёсондоо өвөлжөө, хаваржаа барьж мал бэлчээж болохгүй мөртлөө барилга байгууламж барьж болох юм шиг  хуульчилсан байгаа нь анхаарал татаж байгаа юм. Үүн дээр үе, үеийн  сайд нар газар олгосоор байгаад  өдийг хүрсэн. Товчхондоо, манай улсад газрын нэгдсэн бодлого алдагдсан юм. Олголтыг нь манай БОАЖЯ мэддэг. Барилга байгууламж барих асуудлыг нь БХБЯ-ын харьяа Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газар мэддэг л дээ. Барилга байгууламж бариад явчихдаг. Улсын комисс хүлээн авахад манай яамнаас  оролцдоггүй. Өөр бусад мэргэжлийн хяналт зэрэг газраас бүрдчихдэг.

-Гэхдээ газар олголтыг нь танай яам мэдэж байна шүү дээ?

-Төрийн захиргааны төв байгууллага нь холбогдох төрийн байгууллагатайгаа төлөвлөлтөө хийнэ гэсэн байгаа юм. Гэтэл  энэ хуулийн хэрэгжилт ерөөсөө хангагдаагүй. Учир нь “Газрын тухай хуульд”-д зааснаар “Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газар улс тусгай хэрэгцээний газар зохион байгуулалтын асуудлыг эрхэлнэ” гэдэг  хуулийн заалттай. Өөрөөр хэлбэл, төлөвлөлт болон бодлого нь тус, тусдаа яваад байдаг. Монгол Улсад газрын харилцааны ашиглах, эзэмших, өмчлөх эрх  олгодог долоон байгууллага байдаг. Энэ долоон байгууллага нь тус, тусдаа хууль журам, дүрэм, заавар, өөр өөрсдийн мэдээллийн сантай. Ингэж явсаар байгаад  газрын асуудал ийм замбараагүй байдалд хүрсэн. Газар олголт замаа алдсан. Энэ байдал зөвхөн Богд уул дээр гардаг асуудал бус. Гэр хорооллоо л хар. Хотын төлөвлөлтийг үз.

-Богд ууланд газар ашиглаж байгаа хүмүүсийн газрыг гэрчилгээжүүлэх асуудал яригддаг. Энэ талаар хүмүүс их сонирхож байгаа. Та тайлбар хэлэх боломжтой юу?

-Үе, үеийн төр захиргааны удирдлагын үед энэ асуудлыг ярьдаг. Баахан тушаал шийдвэр ч гардаг. Хамгийн сүүлд 2013 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор  “Улаанбаатар хотыг 2030 он  хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө” гэдгийг  батлачихсан.

-Тэр бичиг баримт нь ямар учиртай вэ?

-Тус төлөвлөгөөгөөр Богд уулын ам, Арцатын ам зэрэг газарт тэр чигтээ суурьшлын бүс үүсгэх юм байна.  Үүнийг УИХ өөрөө баталсан юм. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас барилга байгууламжийнх нь зураг төслийг гаргаад явуулсан. Өнөөдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас манай яаманд бичиг ирж байна лээ. Хамтарч ажиллах тухай бичиг гэсэн үг. Ер нь бол ирээдүйд Богд уулын аманд 25 мянган хүн суурьших төлөвлөлт хийгдсэн гэж байгаа юм.

Энэ талаар холбогдох яам болон газруудын удирдлагаас маш их хөрөнгө оруулалт төлөвлөлтийн ажил хийгээд хөрөнгө оруулалт зарцуулсан гэдэг. Сүлжээ, зам харгуй, тог гээд  маш их хөрөнгө оруулалт хийчихсэн гээд яриад байх жишээтэй.

-Тэгэхээр тусгай хамгаалалтын газар суурьшлын бүс үүсчихээр тэр бүс орчмыг тусгай хамгаалалттай гэж хэлж болохгүй юм биш үү?

-Ер нь Богд уулын нийт газар нутгийн хэмжээ 41.7 мянган га байдаг. Үүнээс дөрвөн мянган  га дээр  суурьшлын бүс үүсчихээд байгаа юм. Одоо үүнийг  яаж шийдэх вэ гэдгийг та асууж байна. Одоо үүнийг яах вэ гэдэг асуудал зүй ёсоор гарах юм. ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандалын нөөц газрын сүлжээ”-нд Богд уул маань бүртгэгдсэн байдаг. Сая бид Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ажлын хэсэг  гаргаад  Богд уулын хилийн цэсийг нягтлан шалгасан.

Тэгтэл Яармагийн дэнж дээр өндрийн тоот алдаад тусгай хамгаалалттай газар биш байна гээд 210 га газар нийслэл рүү орох болчихоод байгаа юм. Тэгэхээр нөгөө ЮНЕСКО-д бүртгэгдсэн талбай маань хасагдчихаад байгаа хэрэг. Дэлхий нийтийн жишгээр аваад үзвэл ЮНЕСКО-д  бүртгэгдсэн 129 орны 714 газар сүлжээнд бүртгэгдсэнээс  газар нутгийн хэмжээгээр нэг ч га-гаар багасгасан улс өнөөдрийн байдлаар байхгүй байна. Тэгэхээр Монгол Улс ЮНЕСКО-д янз бүрийн хурал зөвлөгөөн болоход муу жишгээр яригдах болчихоод байгаа юм.

-Одоо тэгээд яах ёстой вэ. Гарц шийдэл нь юу байна?

-Одоо энэ суурьшлын бүсээр заагдсан хэсгийг тусгай хамгаалалттай газраас гаргах талаар яригдаж байна. Гэхдээ Н.Уртнасан сайд болон манай яамны зүгээс дээрх суурьшлын болгох гэж буй Богд уулын хязгаарлалтын бүсийг тусгай хамгаалалтын газраас гаргахгүй гэдэг байр суурин дээр хатуу зогсож байгаа. Дахиж олон давхар байшин бариулахгүй, шинээр газар олгохгүй гэдэг байр суурьтай байгаа юм. Мэдээж баригдсан барилга байгууламжийг бол нураах ямар ч боломжгүй.

Харин одоо хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулаад хязгаарлалтын тэр суурьшлын бүс дээрээ “Ашиглалтын бүс” гэдгийг гаргаад явъя. Харин нэмж олон давхар байшин бариулж, газар олгохгүй. Харин нэгэнт буй болсон тэр “Ашиглалтын бүс” дээрх барилга байгууламжийнх нь гэрчилгээг олгоё. Өндөр татвар төлбөрөө авъя. Зах  зээлийн аргаар шийдээд тэндээс төвлөрсөн мөнгөө улсын төсөвтөө оруулъя гэдэг байр суурьтай байгаа.

-Тусгай хамгаалалттай газрын стандарт гэж бий юу?

-Манайд тусгай хамгаалалттай газрын стандарт гэж бий. Тэр журам 2013 онд батлагдахад “Тусгай хамгаалалттай газар хоёр давхраас  илүү өндөр барилга байгууламж барих”-ыг хориглосон. Гэхдээ тэр нь бодит амьдрал дээр нийцэхгүй байна гэж  үзээд 2015 онд манай яамнаас хүсэлт тавиад “Богд уулын хязгаарлалтын бүс”-д өндрийн хязгаарлалт тавихгүй гээд оруулчихсан. Тэгээд  олон өндөр давхрууд нэмэгдсэн юм. Одоо энэ стандартдаа даруйхан өөрчлөлт оруулаад  тав, долоогоос хэтрүүлэхгүй барьчих гэж байгаа.

Өндөр барилга барих тусам хүмүүсийн хөл хөдөлгөөн төвлөрөл ихсээд байгаа юм. Дахин хэлэхэд, дээр дурдсан суурьшлын бүсийг тусгай хамгаалалттай газрын бүсчлэлээс гаргах асуудлыг манай яам хатуу эсэргүүцэж, холбогдох хууль журам дээр нь ажиллаад Засгийн газрын хэрэг эрхлэх газарт танилцуулсан байгаа. Ц.Нямдорж дарга бидэнтэй ижил саналтай байгаа юм билээ. Ер нь Богд уулын бүсчлэлийг бүтнээр нь тусгай хамгаалалттай газар байлгах ёстой.

-Богд уулыг тойрсон газар олголт авлига хээл хахууль, албан тушаалтнуудын бай болсон гэж яригддаг нь нууц биш шүү дээ. Та энэ талаар байр сууриа илэрхийлээч?

-Нуулгүй хэлэхэд энэ бүс нутгийн газар олголт томчуудын тохироо, авлигын асуудал ард нь байдаг гэдэг үнэн. Тиймээс ч сүүлийн үед АТГ-ынхан онцгой анхаарч, шалгалт хийгээд эхэлсэн. Мөн Эрүүгийн цагдаагийн газартай манай яам нягт хамтран ажиллаж байна. Хуулийн байгууллага анхаараад эхлэхээр нөхцөл байдал эрүүлжинэ гэж найдаж байгаа.

Энэ бүс нутгийн газрын асуудлыг тойрсон мөнгө угаалт, гэмт хэрэг  байна уу гэдгийг хуулийнхан шалгаж байна. Нэг ёсондоо манай яамны ажилд хуулийн байгууллагынхан дэм болж байна. Төрийн албан хаагч бид үнэндээ хүчин мөхөсдөж байсан. Нэг сайд томилогдоод ирнэ. Газрын асуудал дээр улс төрийн шийдвэр гаргана.

-Газрын наймаа газар авсан. Та хүлээн зөвшөөрч чадах уу?

-Ер нь бол цахим зараар “Үнэгүй.мн”, Ремакс зэрэг  газрын гаргаж байгаа мэдээллийг харахаар Дархан цаазат газрын бүс хэсэг дэх газрыг зарна, худалдана гэх зарлал их байдаг. Бид зар гаргаад байгаа тэрхүү газар руу бичиг явуулж “Хуулиараа ийм зар гаргаж болохгүй” гэдгийг  тайлбарласан. Улмаар найман иргэн аж ахуй нэгж байгууллагын газрын эрхийг цуцалж ч үзсэн. Тэгээд нэг хэсэг намжсан. Гэтэл хэсэг хугацааны дараа дахиад л “Борооны дараах мөөг” гэдэг шиг олшрох болсон.

Саяхан “Жаргалантын аманд тэдэн га, Нүхтийн аманд тэдэн га,  Зайсангийн аманд тэдэн га” гэх зэргээр зар тавьсан байсан юм. Бид энэ асуудлаар Богд уулын захиргаанд үүрэг өгөөд улмаар эрүүгийн цагдаагийн газрынхан  эзэн холбогдогчдыг тогтоохоор шалгалтын ажил хийж байна.

-Газар олголтын асуудал танил талаар шийдэгддэг гэх шүүмжлэл бий. Энэ талаар?

-Ийм хардлага байгаа нь үнэн. Учир нь манай газар олголтын асуудал ил тод бус. Ер нь манай байгаль орчны салбар гэлтгүй газрын харилцаан дээр дандаа улс төрч нар шийдвэр гаргадаг. Дүүрэг, нийслэлийн Засаг дарга нар улс төрийн томилгоогоор гардаг. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хүмүүс энэ асуудал дээр шийдвэр гаргаддаггүй. Үүний улмаас буруу зөрүү шийдвэр их гаргадаг. Дунд энгийн иргэд хохирдог. Тэгэхээр энэ асуудлыг цэгцлэхийн тулд цахимжуулах шаардлага гарч байгаа юм.

Бид бүхэн үүний төлөө л ажиллаж байна. Цахимжуулах шийдвэрийг манай яамны мэргэжилтнүүд Д.Сарангэрэл сайдыг ирэхэд танилцуулсан. Сараа сайд маань “Та нар цахимж. Нээлттэй бол” гэдэг дээр үүрэг чиглэл өгч байсан. Үүнийг Н.Уртнасан сайдын үед улам боловсронгуй болгож, техник болон программ хангамжийн хөгжүүлэлт дээр онцгой анхаарсан. “E-mongolia” дээр оруулах ажил хийгдэж дууссан. Энэ сарын 25-нд иргэддээ мэдээллээ өгнө.

-Цахимжиж байгаагийн ач холбогдол юу вэ?

-Ганцхан жишээн дээр тайлбарлая. Иргэн аж ахуй нэгж байгууллага хугацаагаа сунгуулахын тулд 13 дамжлага дамжина. Цахимжсанаар буюу одоо нэг л дамжлага дамжих юм. Ийм л амар хялбар болж, иргэдэд чирэгдэл бага үүснэ. Үр дүнд нь авлига хээл хахууль буурна. Ер нь 100 хувь шаардлагаа хангасан, материал нь бүрдсэн бол тухайн систем зөвшөөрлийг нь өгөөд явна. Товчхондоо, цахимын хамгийн эцсийн зогсоол бол “Хиймэл оюун ухаан” болж байгаа юм. Тэгэхээр Монгол Улсын нийт газрын харилцааны асуудлыг хиймэл оюун ухааны асуудлаар шийдэх боломжтой болж байгаа юм. Ингэснээр авлига, танил талын асуудал бүрэн шийдэгдэнэ.

-Цахимжилтыг бүрэн нэвтрүүлэхэд хэр хугацаа шаардах вэ?

-Ирэх 2022 ондоо амжуулаад бүрэн цахимжих боломжтой. Ялангуяа манай тусгай хамгаалалттай газар 3-6 сарын хугацаанд бүрэн хийх боломжтой юм. Мөн газар ашиглагч нарын бүх цаасан хувийн хэргийг цахим системд шилжүүлэх хэрэгтэй байна. Шүүх, хуулийн байгууллага тоон гарын үсгээр дамжуулаад л манайх руу ороод хэрэгтэй мэдээллээ авчих боломжийг бүрдүүлэх нь чухал байгаа юм.

-Одоогийн байдлаар тусгай хамгаалалттай газрын бүс орчимд газар олголт хийгдэж байгаа юу?

-Сайдын түвшинд газар олголтыг бүрэн зогсоосон. Одоо бид өдийг хүртэл олгогдсон байгаа бүх газрын зөвшөөрлүүдээ цэгцлэх, боловсронгуй болгох шаардлагатай байна. Тусгай хамгаалалттай газар дээр аялал жуучлал их явагддаг. Энэ нь маш их сөрөг үр дагавартай юм. Байгалийн үзэсгэлэнт газар дээр хүн их очдог. Түүнийг дагасан хог хаягдал их байна. Энэ асуудлыг бид бодлогын түвшинд шийдвэрлэхээр ажиллаж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
мр(64.119.21.60) 2022 оны 11 сарын 19

үхтэл нь газао олгочихсон биз дээ.

0  |  0
Top