Ерөнхийлөгчийн айлчлал ба хийн хоолойн ӨНӨӨДӨР, МАРГААШ

2021 оны 12 сарын 16

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын төрийн тэргүүн В.В.Путины урилгаар тус улсад айлчилж буй энэ үед хоёр улсын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаанд анхаарал хандуулсан мэдээллийг цувралаар хүргэж байна. 

В.В.Путины урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийж буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр жилийн өмнө Ерөнхий сайдын хувиар тус улсад айлчилж байсан билээ. Түүний айлчлал Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар ОХУ-д есөн жилийн дараа хийсэн айлчлал болсон юм. Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  айлчлалын хүрээнд өмнө нь олон жил яригдсан зарим  асуудлууд ажил хэрэгч түвшинд тавигдаж, улс төрийн түвшинд тохиролцсоны  нэг нь Хийн хоолойн төсөл юм.

Ер нь бол манай улсын нутгаар хий дамжуулах хоолой  тавих тухай сэдэв гурав дахь арваныг дамнан  яригдаж буй бөгөөд 20 гаруй жилийн өмнө В.В.Путины ширээн дээр ТЭЗҮ очиж байсан түүхтэй. Түүнчлэн Х.Баттулга Ерөнхийлөгч Дорнын эдийн засгийн форумд очих тоолондоо уг асуудлыг хөндөж ярьдаг байсан.

Гэхдээ үйл явц, он дарааллыг харахад, У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдын хувиар ОХУ-д хийсэн айлчлалын хүрээнд уг асуудал улс төрийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн гэж харагддаг. У.Хүрэлсүх  Монгол Улсын Засгийн газрын тэргүүний хувиар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхахдаа “Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжих Хийн хоолойн төсөл Монгол, ОХУ, БНХАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна” гэдгийг хэлсэн бол В.В.Путин төслийг хэрэгжүүлэхэд улс төрийн зүгээс саад тээг байхгүй гэдгийг онцолж байв. Улмаар уг айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын “Газпром” компанитай Санамж бичиг байгуулсан.

Тэгвэл  Хийн хоолойн төслийн явцыг өнөөдрийн байдлаар харахад ТЭЗҮ бэлэн болоход ойртсоныг эх сурвалжууд хэлж байна.

Монгол Улсын газар нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолойн төсөл Шадар сайдын  эрхлэх ажлын хүрээнд хамаарагдаж буй.  Байгалийн хийн хоолойн төслийн удирдагч Л.Амарсанаа энэ оны тавдугаар сараас аравдугаар сарыг хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн ажлын явцын талаар Шадар сайд С.Амарсайханд аравдугаар сарын 6-ны өдөр мэдээлэл өгсөн юм.

Бодитой хэрэгжсэнээр  Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах урьдчилсан тооцоололтой уг төслийн хууль эрх зүйн орчин, геодезийн болон хөрсний бусад нарийвчилсан судалгааны ажлууд хийгдэж дууссан гэх мэдээллийг төслийн багаас өгч байгаа.

Сануулахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорнын Эдийн засгийн чуулганд цахимаар оролцохдоо хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажил эрчимтэй явагдаж байгаа талаар мэдэгдсэнийг ТАСС эш татан мэдээлж байсан.

Энэ төслийн тухайд ТЭЗҮ боловсруулна гэдэг бол энгийнээр хэлэхэд газар орныхоо хэмжилтийг хийгээд, хэд хэчнээн гол ус, даваа гүвээг сэтлэх шаардлага үүсэх вэ гэдгийг тооцоолох, маркшейдерийн зургийг гаргах, тооцоон дээр суух ажил. Үүнийг улс төрчид биш инженер техникчид, эдийн засагчид хийж буй.

Үнэндээ хийн хоолойн ТЭЗҮ-ийг ОХУ бидэнтэй бидэнгүй хийчихнэ гэдэг нь ойлгогдож байгаа. Тэгэхээр эрх баригчид юу хийх вэ гэхээр энэ төслөөс Монгол Улсын хүртэх урт хугацааны үр ашгийг бодлогын түвшинд томъёолж, тодорхойлохын тулд мэргэжилтнүүдийнхээ үгийг анхааралтай сонсох шаардлагатай. Төслийн бусад оролцогч талууд болох хоёр хөрштэйгөө хэлэлцээ хийхдээ ямар бодлого барих вэ? Яаж харилцан үр ашигтай байх вэ гэдэг талаар тооцоо, судалгаа бүхий байр сууриа тодорхой илэрхийлэх ёстой.

Тухайлбал, хоёр том гүрний харилцаанд чухал нөлөөтэй хийн хоолойг газар нутгаараа дамжуулж, гүүр болж өгснийхөө хариуд  бид хийн хоолойг салаалж, хүн ам илүү төвлөрсөн хотуудынхаа ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэгцээнд, халаалт, дулааныг шийдвэрлэх хэмжээнд хий татаж авч болно. Өөр бусад хувилбарууд ч байж болно.

Хамгийн гол нь Монгол Улс хийн хоолойн төсөл дээр тодорхой байр суурьтай, бодлоготой, тактиктай байх нь чухал. Эдийн засагт томоохон хувь нэмэр оруулах төсөл гэдэг яриа бол олон жил яригдсан.  Төслийг үр өгөөжтэй байлгахын тулд бид өөрсдийн бодлогоо даацтайгаар гарган ирж, талуудтай хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрэх ёстой юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.177.82) 2021 оны 12 сарын 17

Shiidegdeh bolson gol shaltgaan EX ulsuud hii avahaa bagasgasantai holbootoigoos Aziin zah zeel ruu gargahaar bolson

0  |  0
эгэл(103.57.92.28) 2021 оны 12 сарын 17

орос алс дорнодоор хятад руу хийн хоолой тавихдаа 10жил болсон

0  |  0
Занграг(98.185.22.172) 2021 оны 12 сарын 17

2024 оноос наашгүй юм биш үү? Үхэр монголчууд аа?

0  |  0
Top